Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2023/0285

 

   “М т з” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Хариуцагч Ц.Б, С.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г, Ц.Б, Б.Э нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, хавсралтын 2, тэмдэглэх хэсгийн 2, хавсралтын 1, 5, 6, 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, М.Б

Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0779/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М т з” ТӨХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г, Ц.Б, Б.Э нарт холбогдуулан “татварын улсын байцаагч нарын нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, хавсралтын 2, тэмдэглэх хэсгийн 2, хавсралтын 1, 5, 6, 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2019 оны өөрчлөлт/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.5, 14.1.5.а, 14.1.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсэг болон актын хавсралт ХШ-12 маягтад эхний үлдэгдлийг 441 684 966 94 гэж, төсөвт төлөх дүнг 4 934 638 848 төгрөг гэсэн өөрчлөлтийг оруулж, актын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д заасан үндэслэлийн тухайд: Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.31 “Албан татвар суутгагч өөртөө үндсэн хөрөнгө бий болгох замаар барьж буй барилгын өртөг (дуусаагүй барилга)-т төлсөн дотоодын зах зээлээс болон импортоор худалдан авахад төлсөн албан татварыг хасалт хийхгүй хуримтлуулан бүртгэж, үндсэн хөрөнгө ашиглалтад оруулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сарын тайлангаас эхлэн энэ журмын 2.2.4-т заасны дагуу хасалтыг хийнэ” гэж заасан.

Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын арван нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “обьектын гэрчилгээжүүлэлтийг дараах байдлаар ангилна”, 2.1.1-д “суурь бүтэц ашиглах чиглэлээр: Нийтийн хэрэглээний зам, талбай ...” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын дээд, доод бүтцэд обьектын гэрчилгээ авахаар журамласан байна.

Энэ нь дээрх Сангийн сайдын баталсан журмын холбогдох заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, 60.1.6-д заасан шаардлагыг хангахгүй байхад шүүхээс хууль дээдлэх зарчимд нийцсэн байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх хэсгийн тухайд: “...Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсэг болон актын хавсралт ХШ-12 маягтад ... өөрчлөлт оруулж, актын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тогтоох хэсэгт 45 675 825 726 43 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон хэсгийг хэвээр үлдээсэн байна” гэжээ.

            4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч татварын улсын байцаагч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            4.1. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “16.Харин нөхөн ногдуулалтын актын хавсралт ХШ-12 маягтад төсөвт төлөх дүнг 7 059 804 410 09 төгрөг гэж, эхний үлдэгдлийг 2 566 850 528 40 төгрөг гэж тооцсон хариуцагчийн тооцоолол алдаатай байна гэж шүүх үзлээ” гээд Тогтоох хэсэгт “1. ... “М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсэг болон актын хавсралт ХШ-12 маягтад эхний үлдэгдлийг 441 684 966 94 гэж, төсөвт төлөх дүнг 4 934 638 848 төгрөг гэсэн өөрчлөлтийг оруулж, ...” гэж актаар тогтоосон дүнг 2 185 316 608 70 төгрөгөөр бууруулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

            Дээрх зөрүү нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн илүү төлөлтийг баталгаажуулан үйлдсэн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-тай холбоотой болно.

            Уг хяналт шалгалтын үед татварын улсын байцаагч нар “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар тогтоосон төсөвт төлөх татвар төлөгчийн тайлагнасан дүн болон татварын хяналт шалгалтаар тогтоосон дүнгийн зөрүүг 18 480 216 102 40 төгрөг гэж тооцсон. Гэтэл тус актын хавсралт “Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо” буюу Маягт ХШ-06(2)-т төлүүлэхээр шийдвэрлэсэн дүн дээрх дүнгээс зөрүүтэй 16 294 899 493 70 төгрөгөөр тооцсон байна. Энэ 2 дүн нь хяналт шалгалтаар татвар төлөгчөөр төсөвт төлүүлэхээр тогтоож буй төлбөр бөгөөд адил дүнтэй байх ёстой.

            Татварын улсын байцаагч нарын шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан ба татвар төлөгчийн зүгээс гомдолдоо нэмж ирүүлсэн тайлбартаа “...энэ хугацаанд татварын улсын байцаагч Ч.С, татвар төлөгчийн ажилтан Г.Н нар татвар төлөгчийн борлуулалтын орлого, худалдан авалтыг дахин нягталж, дүнг тохирон баримтжуулсан юм. Иймд гомдлыг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 01/855 дугаар гомдол дурдсан, татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтын дүнг хууль зүйн үндэслэлгүйгээр хасч тооцсоноос бусад маргааны үндэслэлээс татгалзаж байгааг мэдэгдье” гэжээ. Өөрөөр хэлбэл тооцоолол дээр маргаагүй гэсэн тайлбар ирүүлж байсан байна.

            Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор 18 480 216 102 40 төгрөгийг төсөвт төлөхөөр тогтоосон татварын улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр баталсан байна.

            Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрч шүүхэд хандсан ба шүүхээр хэлэлцэх явцад аль дүн зөв болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1082 дугаар захирамжийг биелүүлж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан.

            Ийнхүү татвар төлөгч болох татварын улсын байцаагч нар төлүүлэхээр тооцсон дүн дээр маргаангүй болсон тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 435 дугаар шийдвэрийн 4 дэх хуудсанд “Татварын улсын байцаагч анхан шатны шүүх хуралдааны үеэр үндсэн акт, хавсралтын дүнд гарсан тоон зөрүүг техник алдаа болохыг, татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасагдах худалдан авалтыг бууруулан тооцсон дүн нь үндсэн акт дахь 18 484 761 556 90 төгрөг мөн болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн. Татвар төлөгчийн эс зөвшөөрч байгаа худалдан авалтын дүн 18 484 761 556 90 төгрөг дээр талууд ижил ойлголттой байгаа болно” гэж дурдсан болно.

            Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 531 дүгээр магадлалаар татвар төлөгчийн гаргасан актын “В.Тухайн хугацаанд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсгийн 6 дугаар мөрнөөс 2 696 170 35 төгрөг, 8 дугаар мөрний 18 467 788 783 40, нийт 18 470 484 953 75 төгрөгийн хэмжээгээр хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна. Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагчийн актаар 18 480 216 102 40 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна гэж үзсэн байна.

            “М т з” ТӨХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтэст хийж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гарсан байна.

            Тус хяналт шалгалт эхлэхэд болон эцсийн шийдвэр гарах үед өмнөх хяналт шалгалтад татвар төлөгчийн гаргасан гомдол шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул татварын улсын байцаагч нар эхний үлдэгдлийг бага дүнгээр буюу Маягт ХШ-06(2)-д тодорхойлсон зөрүүг 16 294 899 370 30 төгрөгөөр тооцсон ба үүнээс үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр төсөвт төлөх эцсийн үлдэгдлийг 441 684 966 84 төгрөг гэж тооцсон байна.

            Татвар төлөгч мөн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаар магадлалаар татварын улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр баталсан байна.

            Ийнхүү эхний үлдэгдлийг 2 185 316 608 70 төгрөгийн зөрүүтэй бага дүнгээр тооцсоноос тухайн хяналт шалгалтын шийдвэрт төсөвт төлөх эцсийн үлдэгдэл мөн дүнгээр багаар батлагдсан байна.

            Тус компани нь 2011 оны 02 дугаар сараас эхлэн НӨАТ ногдох тайлан ирүүлсэн ба тухайн сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нийт 27 557 355 423 92 төгрөгийн буцаан авалттай тайлан ирүүлсэн ба 2 207 961 758 00 төгрөгийг төсөвт төлсөн, 73 320 700 00 төгрөгийн бусад татварын илүүгээр төсөвт төлөх НӨАТ-ыг суутган тооцсон ба хяналт шалгалтаар баталгаажуулсан 866 053 650 70 төгрөгийг буцаан авсан байна.

            Энэхүү тооцооллоор буюу тайлангаар “М т з” ТӨХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 28 972 584 228 20 төгрөгийн илүү төлөлттэй тайлагнасан байна. Татварын албанаас хийсэн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны хяналт шалгалтаар 18 480 216 102 40 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хяналт шалгалтаар 13 119 639 823 70 төгрөг, нийт 31 599 585 926 10 төгрөгийг төсөвт төлөхөөр шийдвэрлэсэн. Энэ дүнгээс 60 151 169 45 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сард тайлагнасан илүү төлөлтөөс суутган тооцсон ба бусад төсөвт төлөхөөр хяналт шалгалтаар тогтоосон дүнг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх хугацаанд суутган тооцсон байна. Иймээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн төсөвт төлөх үлдэгдэл 2 566 850 528 40 төгрөг байна.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            2.1. Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г, Ц.Б, Б.Э нар “М т з” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг явуулж маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар Нөхөн ногдуулалтын актаар 444 708 950 602,5 төгрөгийн зөрчилд 44 470 895 060,25 төгрөгийн нөхөн татвар, 1 013 615 915,61 төгрөгийн торгууль, 191 314 750,57 төгрөгийн алданги, нийт 45 675 825 726,43 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            2.2. Нэхэмжлэгч “М т з” ТӨХК-иас дээрх актаар ногдуулсан нийт 45 675 825 726,43 төгрөгийн төлбөрөөс 99 884 916,30 төгрөгийн зөрчилд ногдох 9 988 491 63 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 444 609 065 686,20 төгрөгийн зөрчилд ногдох нийт 45 665 837 234,80 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчээс “татварын улсын байцаагч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, хавсралтын 2, тэмдэглэх хэсгийн 2, хавсралтын 1, 5, 6, 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

            2.3. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй тэмдэглэх хэсгийн 1, хавсралтын 2 дахь заалтаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2017 оны 11 дүгээр сард 1 756 426 808,40 төгрөгийн Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замд ашиглах тулгуур төмөр БНХАУ-аас импортоор оруулж ирэхэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Импортын бараа, ажил үйлчилгээний дүн” хэсэгт тусган, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг буруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэн 263 464 021,26 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            2.4. БНСУ-ын “С” компани Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байхдаа бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор БНХАУ-ын компанид тулгуур төмөр захиалан төлбөрийг шилжүүлсэн байх бөгөөд тулгуур төмөр орж ирэхээс өмнө тус компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж, улмаар нэхэмжлэгч “М т з” ТӨХК 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уг төмрийг хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийн, санхүүгийн тайландаа бараа материалаар бүртгэжээ.

            2.5. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий “Т төмөр з” ХХК-ийг байгуулж, “М т з” ТӨХК-иас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр “Т т з” ХХК-д шилжүүлж, “М т з” ТӨХК-д хувь эзэмшүүлэх, төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг санхүүжүүлж, хувьцаа шилжүүлэхийг “Э Т” ХК-д даалгасан байна.

            2.6. Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “М т з” ТӨХК-ийн эргэлтийн хөрөнгөд /дуусаагүй үйлдвэрлэл, бараа материал, урьдчилж төлсөн зардал/ бүртгэлтэй нийт 457 253 730 625,48 төгрөгийн хөрөнгийг “Т т з” ХХК-д баласнаас балансад шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч компанийн хувьд арматур төмөр “М т з” ХХК-д үндсэн хөрөнгө болж үлдээгүй буюу бусдад шилжүүлсэн учир Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно гэж тайлбарлан маргажээ.

            2.7. Анхан шатны шүүхээс “М т з” ТӨХК-ийн эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй нийт 457 253 730 625,48 төгрөгийн хөрөнгийг “Т т з” ХХК-д баласнаас балансад шилжүүлсэн нь борлуулалт биш, мөн тус импортоор оруулж ирсэн арматур төмрүүд нь төмөр зам барихад ашиглагдсан учир үндсэн хөрөнгөд хамаарна гэж үндэслэлтэй зөв тайлбарыг хийж холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:”, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах төлсөн албан татварыг хасахгүй” гэж тус тус заасантай нийцжээ.

            2.8. Харин маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 2, хавсралтын 1, 5, 6, 7 дахь хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2020 онд 286 728 219 717,0  төгрөгийн, 2021 оны 156 505 077 763,80 төгрөгийн, нийт 443 233 297 480,80 төгрөгийн төмөр замын далангийн ажил, бетон дэр, төмөр замын хоолойн ажил зэрэг үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулагдсан бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулж ирэхэд болон худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлангийн “Дотоод зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүн”, “Импортын бараа, ажил үйлчилгээний дүн” хэсгүүдэд тусган, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь гэх зөрчилд 45 402 373 213,54 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            2.9. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:”, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна:”, 14.1.5.а-д “барилга, байгууламж 10 жилээр;”, 14.1.5.б-д “тоног төхөөрөмж 5 жилээр; /Үүнд хайгуулын үйл ажиллагааны зардал хамаарна”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-д “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус зохицуулжээ.

            2.10. Нэхэмжлэгч компанийн зүгээс нэхэмжлэлийн энэ шаардлагын тухайд “Худалдан авалтын Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 жилд багтаан хасалт хийх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалт нь сар бүр тухайн сард барилга байгууламжид зориулан авсан худалдан авалт буюу бусдад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын 1/120 хувь, жил бүр тухайн жилийн худалдан авалтын 1/10 хувийг, тоног төхөөрөмжийн хувьд сар бүр 1/60, жилд 1/5 хувийг тус тус хасалт хийх боломжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нээж өгсөн. Гэвч Сангийн сангийн сайдын тушаалаар энэ эрхийг хязгаарлаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гартал хасахгүй байхаар хориглож журамласан нь илт хууль бус зохицуулалт” гэж тайлбарлах боловч энэ нь татварын улсын байцаагч нарыг хуулийг буруу хэрэглэж, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

            2.11. Учир нь Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.31-д “Албан татвар суутгагч өөртөө үндсэн хөрөнгө бий болгох замаар барьж буй барилгын өртөг (дуусаагүй барилга)-т төлсөн дотоодын зах зээлээс болон импортоор худалдан авахад төлсөн албан татварыг хасалт хийхгүй хуримтлуулан бүртгэж, үндсэн хөрөнгө ашиглалтад оруулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сарын тайлангаас эхлэн энэ журмын 2.2.4-т заасны дагуу хасалтыг хийнэ” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч компанийн төмөр замын бүтээн байгуулалтын барилга байгууламжид зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд уг төмөр зам ашиглалтад орж, гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сараас 10 жилд, тоног төхөөрөмжийн хувьд 5 жилд тус тус хуваан хасалт хийх боломжтой.

            2.12. Гэтэл нэхэмжлэгчээс төмөр замыг ашиглалтад оруулж, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахгүйгээр худалдан авалт хийсэн сар бүр тухайн худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр үйлчилж буй Сангийн сайдын тушаал болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэн төлбөр ногдуулсан татварыг улсын байцаагч нарыг буруутгах үндэслэлгүй юм.

            2.13. Түүнчлэн анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актын хавсралт ХШ-12 маягтад төсөвт төлөх дүнг 7 059 804 410,09 гэж, эхний үлдэгдлийг 2 566 850 528,40 төгрөг гэж тооцсон хариуцагчийн тооцооллыг алдаатай гэж үзэж нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэг болох актын хавсралт ХШ-12 маягтад эхний үлдэгдлийг 441 684 966,94 гэж, төсөвт төлөх дүнг 4 934 638 848 төгрөг гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            2.14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “М т з” ТӨХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаар актаар 18 480 216 102,40 төгрөгийн албан татвар ногдуулсан бол Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/102 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн үндсэн дээр Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, улсын байцаагч П.Э нар “М т з” ТӨХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дүгээр шийтгэлийн хуудсаар 14 906 345 150,20 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулжээ.

            2.15. Хэдийгээр улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаар актын хавсралт маягтад 16 294 899 370,3 төгрөг гэж буруу бичсэн гэж тайлбарлах боловч үндсэн актад 18 480 216 102,40 төгрөг гэж зөв тусгагдсан, үлдэгдэл нь 866 053 650,73 төгрөг гэж тусгагджээ. Мөн нэхэмжлэгч “М т з” ТӨХК-иас дээрх татварын улсын байцаагчийн акт болон шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргасан бөгөөд тус акт болон шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд хариуцагчийн “2015 оны 210201507 тоот актад төсөвт төлөх татвар төлөгчийн тайлагнасан дүн болон татварын хяналт шалгалтаар тогтоосон дүнгийн зөрүүг 18 480 216 102,40 төгрөг гэж тооцсон атлаа 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210201507 тоот актад 16 294 899 370,3 төгрөг гэж 2 185 316 608,70 төгрөгийн зөрүү гарсан байсныг программ дээр залруулж, үлдэгдэл 2 566 850 525,43 төгрөг гарсан” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй.

2.16. Учир нь Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ...” гэж тус тус заасны дагуу татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсэгт болон актын хавсралт ХШ-12 маягтад эхний үлдэгдлийг 441 684 966,94 гэж, төсөвт төлөх дүнг 4 934 638 848 төгрөг гэж өөрчилсөн анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч татварын улсын байцаагч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                              Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН