Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 605

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Т.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор Т.Э-т холбогдох 1709000000298 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.Э, 19хх оны хх дүгээр сарын хх-ний өдөр төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хх тоотод оршин суух,

 

Т.Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18-432 тоот хашаанд байрлах модон амбаар дотор иргэн Ц.Б-тэй “савны гадуур шээж, шээсээ шалан дээр асгалаа” гэж маргалдаж түүнийг биеэ хамгаалж чадахгүй согтуу болохыг мэдсээр байж зуух руу түлхэж унаган, унасан байхад нь зуухан дотроос халуун цог хоолны халбагаар хутгаж гэдэс орчимд нь асгасан, босоод ирэхэд нь өмсөж байсан цамцаар нь хоолойг нь боож онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Т.Э-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Э-ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Э-ын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгийн энгэртээ “Bulls” гэсэн бичиг бүхий урдаа товчтой ноосон цамц 1 ширхэг, саарал алаг өнгийн  задгай захтай энгэртээ товчтой нимгэн ноосон цамц 1 ширхэг, хажуугаараа 3 ширхэг цагаан өнгийн кант бүхий зүүн халаасны доор “Adidas” гэсэн бичигтэй хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хүрэн өнгийн урдаа цахилгаантай брюкен өмд 1 ширхэг, хоолны ган халбага 1 ширхэг, цагаан өнгийн орны бүтээлэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Т.Э- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд мөрдөн шалгах үйл ажиллагаа хангалтгүй, нэг талыг барьсан, хохирогч, гэрч нарыг оролцуулаагүй зэрэг үндэслэлээр гомдол гаргаж байна. 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой 22 цаг 40 минутын үед талийгаач Ц.Б- усанд орчихоод үсээ засуулаагүй архи уусан согтуу ирэхээр нь дотор ороод байж бай, гадаа хүйтэн байна, гал түлсэн дотор дулаахан байгаа гэж хэлээд оруулсан. Намайг хашааныхаа гадна, дотор талыг шүүрдэж цэвэрлэж байтал Отгон эгч ирээд Эрхэмээ хаах гэж байна уу гэж асуугаад гэртээ орсон. Дараа нь Отгон эгчийн бэр Г.С-, гэрч болох М.Ө- нар банкнаас ирээд цэгээ хаасан. Талийгаач Ц.Б-, гэрч М.Ө- бид гурав хоол хийж идэж, зурагт үзэж байхдаа нэг шил архи уусан. Биднийг хаасны дараа гэрч болох Т.А- ирж архи уусан. Гэрч Т.А- явахаар болсон. Тэрнээс хойш би юу болсныг сайн санахгүй байна. Өглөө нь гэрч М.Ө- надад ярьж өгөхөөр нь ойлгож мэдсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст авчирч орой болтол гавтай байлгаж байгаад мэдүүлэг авах гээд зодож айлган сүрдүүлэн дарамтлахаар нь М.Ө-ын ярьсныг эрүүгийн төлөөлөгч нарт мэдүүлсэн. Энэ мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Гэрч М.Ө- хоёр янзаар мэдүүлэг өгсөн. М.Ө- бид хоёрыг хооронд нь гавлачихсан байхад яаж утсаар мессеж бичих юм. Тухайн үед миний гар утас М.Ө-д байсан. Ойр ойрхон гаднаас дуудлага ирээд байсан. Бид хоёрыг хооронд нь гавлачихсан байхад утсаар юм бичиж байгаа нь харагдах ёстой юм. Цагдаагийн хэлтэс рүү явж байхад, хэлтэс дээр ирсэн байхад ч гэрч М.Ө- айж балмагдан одоо бид хоёрыг яах бол миний бие муу, шоронгийн аяыг даах болов уу гэх зүйл ярьж байсан. Өглөө надад би Агий ахтай хамт явж байтал алга болчихлоо. Арай гэж нэг хайлш авчирлаа. Доод хашаанд тавьчихсан. Тэгээд бие засчихаад гал түлээд Б-ийг босгох гэсэн чинь хөдлөхгүй байхаар нь таныг дуудсан юм. Та үзээдэх гэж хэлсэн. Би босоод үзтэл Б- нас барсан байсан. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудсан. М.Ө- “намайг заамдаж түлхээд унахаар нь биеийн дээр нь хоолны халбагаар цог асгасан. Би түүнийг бээлий өмсөж байгаад цэвэрлэсэн. Дараа нь надтай хамт өргөж байгаад орон дээр хэвтүүлсэн” гэж мэдүүлсэн. “Б-ийг савны гадуур шээгээд, шээсээ асгачихлаа гэж намайг талийгаачтай хэрэлдэн маргалдаж байгаад түлхсэн. Босоод ирэхээр нь ноцолдож боосон. Надтай хамт өргөж орон дээр хэвтүүлчихээд талийгаач бөгс хорсоод байна гэсэн. Тэгэхээр нь өмдийг нь таталгүй хөнжил нөмөргөөд одоо хэдүүлээ унтаж амаръя гээд зурагт, гэрлээ унтраагаад Ц.Б-ийн хажуугаар орж унтсан. Өглөө босоод бие засчихаад галаа түлсэн. Ц.Б-ийг дуудсан чинь босохгүй болохоор нь Эрхэмээ ахыг дуудсан” гэж мэдүүлсэн. Би мөрдөн байцаагчид удаа дараа М.Ө-ыг дахин байцаах, бид хоёрыг нүүрэлдүүлэн байцаалт авах талаар хэлэхээр М.Ө-, Алтангэрэл нар олдохгүй байна. Архиа уугаад танайхаар ч очихгүй байна гэсэн. Хэрүүл маргаан болоод намайг заамдаж түлхсэний дараа бөгс нь түлэгдчихсэн байхад талийгаач Ц.Б- нас бараагүй, бөгс хорсоод байна гэж ярьж байсан. Гэрч М.Ө- тухайн үед түргэн тусламж, цагдаа дуудаагүй талийгаач Ц.Б-ийн хажуугаар орж унтсан. Өглөө 06 цаг 40 минутын үед байшингийн дотор талыг цэвэрлэж, гал түлсний дараа намайг дуудсан юм бол талийгаачийн бие дээр асгасан гэх цогийг бээлий өмсөж байгаад цэвэрлэсэн гэж мэдүүлсэн байгаа. Гэрч М.Ө- анхнаасаа үйл явдлын талаар намайг уг хэргийг үйлдсэн болгож мэдүүлсэн байна. Тухайн үед гэрч М.Ө- бид хоёрыг тусгаарлан цагдан хорих ёстой байсан боловч М.Ө-ыг цагдан хорьж шалгаагүй. Мөн эрүүгийн төлөөлөгч нарыг шалгаагүй...” гэв.

Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Э-ын анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хохирогчид хохирол гомдлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэв. 

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Э- анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээж мэдүүлсэн. М.Ө-, Т.А- нар уг хэрэгт холбогдолгүй болох нь мөрдөн байцаалтад хөтөлбөргүй тогтоогдсон. Гэрч М.Ө- тогтвортой мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Т.Э-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Т.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18-432 тоот хашаанд байрлах модон амбаар дотор иргэн Ц.Б-тэй “савны гадуур шээж, шээсээ шалан дээр асгалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Ц.Б-ийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хянах, удирдан жолоодох чадваргүй согтуурсан байхад нь буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж Ц.Б-ийн хоолойг цамцных нь захаар боож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Т.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн “...би талийгаач руу “шээсээ асгачихлаа шүү дээ” гэж уурласан юм. ...намайг овог нэрээр дуудаж хэлж маргалдсан. Намайг заамдах үед өөдөөс эсэргүүцэж заамдаагүй. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би талийгаачийг баруун гараараа заамдаж мушгиж хоолойг нь боож байгаад түлхчихсэн юм. ... Би үйлдсэн хэргээ хүлээж байна...” /хх-ийн 184-186/,

гэрч С.Ө-ын “...Эрхэмээ ах Б-ийг “хөөш чи энэ гэрт юу хийдэг юм бэ, хоол унд ч хийхгүй нус цэрээ энд тэнд хаяад, орондоо шээгээд, савны гадуур шээдэг” гэх мэтээр загнаж байсан... Эрхэмээ ах “хохь чинь” гээд дахиж барьж аваад цамцных нь захыг хоёр гараараа мушгиж боосон. Би “Эрхэмээ ахаа та тавь л даа” гэтэл нилээд байж байгаад тавьсан. 2 минут гаруй болсон байх. Тэгтэл Б- ор, зурагт хоёрын завсараар шалан дээр унасан...” /хх-ийн 34, 39, 44-45/,

гэрч Г.О-ын “...М.Ө- товчлууртай гар утсаар тоглож байгаа юм шиг дэлгэцэн дээр нь юм бичээд энэ яаж байна гэж надад гар утсаа өгсөн. Би гар утсыг нь аваад хартал “Эрхэмээ ах талийгаачийг хөнөөсөн намайг битгий хэл гээд байна” гэж бичсэн байсан...” /хх-ийн 46-47/,

гэрч Г.С-ийн “...М.Ө- гар утасныхаа дэлгэцэн дээр бичээд манай нөхөрт “энэ тоглоом ямар байна” гэж хэлээд харуулсан байсан. Би тухайн үед нь хараагүй манай нөхөр намайг “хоёулаа энэ хоёрт ус авч өгье, гарья” гэж надад хэлж намайг дагуулж гараад манай нөхөр надад “Эрхэмбаяр ах талийгаачийг боосон. Тэгээд намайг битгий хэл гээд байна яах вэ гэж бичсэн байна хоёулаа цагдаад нь хэлсэн нь дээр байх” гэж хэлээд би өглөө дуудлаганд очсон цагдаад утсаар нь хэлсэн юм...” /хх-ийн 48-52/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний арьсанд үүссэн цус хуралт, зулгаралт, боолтын ором, ховч яс, төвөнх орчмын зөөлөн эд булчинд цус хуралт, хүзүүний баруун, зүүн талын жолоо булчинд цус хуралт, зүүн суга, зүүн өгзөг, баруун тохой, баруун чихний дэлбэнд түлэгдлийн шарх, зүүн бугалга, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь боолтын улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 4.2 промилли, ходоодны шингэнд 5.2 промилли, шээсэнд 4.5 промилли спиртийн агууламж илэрч байх бөгөөд цусанд 4.2 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-20/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхийн Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Т.Э-т оногдуулсан “13 жилийн хугацаагаар хорих ял” нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

 

Амь хохирогч Ц.Б-ийн бие махбодид “...зүүн суга, зүүн өгзөг, баруун тохой, баруун чихний дэлбэнд түлэгдлийн шарх...” гэмтэл учирсан байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдож байх ба энэ түлэгдлийн улмаас нас бараагүй, дан ганц боолтын улмаас нас барсан болох нь тогтоогдсон тул прокуророос Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Онц харгис хэрцгийгээр“ гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэв.

  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ