| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2021/0158/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0158/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгч Э.Л нарыг оролцуулж шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Болортуяагаар хөтлүүлэн
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Лид холбогдох 2139000000158 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Л нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоны Багш нарын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Нийг “гэрээс гарч явах гэлээ” гэх шалтгаанаар уурлаж толгой болон цээж хэсэгт нь гараараа тус бүр нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Р.Нийн өгсөн:... Би одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2021 оны 04 сарын сүүлээр 21-ний өдөр шиг санаж байна манай найз залуу Э.Л гэртээ байсан бөгөөд намайг орох үед архи уучихсан байсан. Тэгэхээр нь би буцаад гарах гэтэл гарах гэлээ гээд уурласан. Түүнээс болоод бид хоёр маргалдсан. Тэгтэл атгасан гараараа цээж рүү 1 удаа, толгой руу 1 удаа цохисон. Тэгээд би ээж рүүгээ залгаад дуудсан. Ээж шөнө 2 цагт ирээд бид хоёр хөдөө явсан. Маргааш нь эмнэлэгт ирж үзүүлээд эмчилгээ хийлгэсэн. Одоо Э.Л бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа. Ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Э.Л бид хоёр 2020 оны 09 сараас хойш хамтран амьдарч байна. Урьд намайг зодож цохиж байсан удаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуу/
Гэрч Б.Тэмүүжингийн өгсөн:...2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тосгоны сургуулийн багш Номингэрэл нь ээжийн хамтаар эмчид үзүүлнэ гээд ирсэн. Ээж Наранцэцэг нь манай охин найз залуу Э.Лид зодуулсан байна гэж хэлсэн. Биеийн байдлыг нь үзүүлэхэд өвчүүний зүүн талын ирмэг орчимд ойролцоогоор 5 см газар хөхөрч няцарсан, толгой их өвдөж дотор муухай оргино гэсэн шинж тэмдэгтэй байсан. Цээж орчимд цохиулсны улмаас хөхөрсөн гэж байсан. Тэгээд ээж Наранцэцэг нь би айхтар цагдаа сэргийлэх гэж явахгүй. Тэгэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд үзлэгийн тодорхойлолтыг бичүүлээд явсан. Хэд хоногийн дараа хэвтүүлж болох уу гэхээр нь болно гэж хэлээд маргааш нь эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэсэн. Ээж нь цагдаад мэдэгдээгүй байна гэхээр нь би мэдэгдсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуу/
Гэрч Р.Наранцэцэгийн өгсөн:... Миний хүргэн Э.Л нь зан байдлын хувьд даруу төлөв, олон таван үггүй, үг дуу цөөнтэй, хүнлэг, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, би лав хүргэнээ архи уучихсан, согтуу явж байхыг нь бол харж байгаагүй, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Би энэ талаар нь хүргэнээсээ асууж байгаагүй юм байна. Миний мэдэхийн урьд өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй. Одоо л миний охинтой бага зэрэг маргалдаж муудалцсан гээд л цагдаа дээр шалгагдаж байна. Бөх барилдах, морь уях сонирхолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй. Хүргэн маань манай охинтой хамтран амьдраад 1 жил гаруй болж байна. Одоогоор дундаасаа бол хүүхэдгүй, охин маань амьдралаасаа нэг дагавар хүүхэдтэй, одоо охин, хүргэн нар маань хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Хурх тосгоны төв дээр оршин сууж амьдарч байна. Ер нь миний хүргэн Э.Л нь даруу төлөв, олон таван үггүй, үг дуу цөөнтэй, ажилсаг, хүнлэг, хичээнгүй хүн байгаа юм ...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/
Гэрч Б.Пагамдуламын өгсөн:.... Би Э.Лийг багаасаа мэднэ. Бид хоёр багаасаа найзалж нөхөрлөсөн хүмүүс байгаа юм. Миний найз Э.Л нь зан байдлын хувьд даруу төлөв, тайван, шударга, юманд их тууштай алсын хараатай, хүнд их тусархаг, хүнтэй нэг их маргалдаж муудалцаад байдаггүй. Яах вэ хүн л юм чинь өөрийг нь уурлуулах юм хийвэл уурлах л байх гэж бодож байна. Архи согтууруулах ундааны зүйлийг байнгын бол хэрэглээд байдаггүй. Яах вэ хааяа нэг баяр ёслол, найз нөхөдтэйгээ уулзсан үедээ бага зэрэг хэрэглэх нь хэрэглэчихдэг. Тамхи бол татдаг. Ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан. Миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, бөх барилдах сонирхолтой, гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй. Найз охинтой, найз охиных нь нэрийг Номингэрэл гэдэг. Одоо найз маань найз охиныхоо хамтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгонд оршин сууж амьдарч байгаа. Ер нь миний найз Э.Л нь даруу төлөв,тайван, шударга, алсын хараатай, хүнд их тусархаг л хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 244 дугаартай дүгнэлт: 1. Р.Нийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгү гэх /хх-ийн 30-31 хуу/ дүгнэлт,
Яллагдагч Э.Лийн өгсөн:... Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2139000000158 дугаартай тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуу/,
Э.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 хуу/
Э.Л нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79, 81 хуу/
Яллагдагч Э.Лийн гаргасан “...эхнэр Р.Нийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Бид 2 эвлэрсэн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 86 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Лид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Л нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоны Багш нарын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Нийг “гэрээс гарч явах гэлээ” гэх шалтгаанаар уурлаж толгой болон цээж хэсэгт нь гараараа тус бүр нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Р.Н, гэрч Р.Тэмүүжин, Б.Наранцэцэг, Б.Пагамдулам нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба шүүгдэгч хохирогч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруу, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 86 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 87 хуу/ үйлдэн, яллагдагчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал танилцуулсныг яллагдагч Э.Л хүлээн зөвшөөрч, уг ялыг 3 сарын хугацаанд биелүүлэхээ илэрхийлэн /хх-ийн 92-93 хуу/ гарын үсэг зуржээ.
Аймгийн Прокурорын газраас Э.Лийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд харшлаагүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон” зэрэг заалтуудыг хангасан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
Иймд шүүгдэгч Э.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.
Хохирогч Р.Н нь “Э.Лид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, битүүжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хавсаргагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Э.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Л нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл болон эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УЯНГА