Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0157/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                            Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч                                                    Д.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Нарангэрэл  нарыг оролцуулж шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Гд холбогдох 2139000000159 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар  сарын 14-ний  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Г нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Энгэр булаг гэх газарт 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр бариул хэсэг 12 см, ажлын хэсэг 20 см урттай хүрэн өнгийн модон бариултай хутгаар Н.Гийг хутгалж цээжний зүүн талд нь хөнгөн хохирол санаатай, мөн өдөр Д.Бг хутгалж цээжний зүүн хэсэгт нь шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэргийг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр түүнээс дээш хүнийг” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн  үед:

Хохирогч Н.Гийн өгсөн:... 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нутгийн дүү Бгийн хамтаар самарт явах санаатай мотоциклтой явж байтал замд цас шуураад найз Гантулгын гэрээр орсон. Тэнд эх******* хүүхэд хоёр нь байсан бөгөөд Д.Г, Б бид 3 архи ууцгаасан. Тэгээд би тасарсан байсан бөгөөд нэг мэдэхэд Б намайг дуудаад би сэрсэн. Сэртэл зүүн суганы доогуур өвдөөд байгаагаа хэлтэл Б хараад хутгалуулчихсан байна гэдгийг хэлсэн тэгээд Б гараад явсан араас нь Д.Г гарсан тэгээд миний ухаан балартаад би ямар ч байсан хүргэн Болдбаатар руу утсаар яриад хутгалуулчихлаа ирж ав гэж ярьсан тэгээд эмнэлэгт сэрсэн...Би Д.Г л хутгалсан гэж бодож байна. Эмнэлэгт ирээд Бгээс сонсоход би хутгалуулсан байдалтай Д.Г бид 2 гэрт байсан гэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/, ...миний биед учирсан гэмтэл шархыг Д.Г учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй. ...Тухайн үед Д.Г миний биед хутгаар гэмтэл шарх учруулсан, би уг хутгыг нь сайн анзаарч хараагүй учир ямар өнгийн бариултай, ямархуу хутга байсан болохыг нь хэлж мэдэхгүй байна. ...Би Гантулгыг яагаад намайг хутгалсан болохыг нь санахгүй байгаа юм. Одоо зүгээр ингээд бодоход Д.Г нь архиа хэтрүүлэн хэрэглээд л ийм асуудал гаргачихлаа л гэж бодоод байна. Өөрөөр надад мэдэх зүйл алга байна. ...Тухайн үед Д.Г нилээн л согтолттой байсан байх гэж бодож байна. Би өөрөө тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байсан. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Хохирогч Д.Бгийн өгсөн:... 2021 оны 05 сарын 06-ны өдөр сумын төвөөс гараад Батширээт сум руу самарт явж байтал замд цасаар шуураад Д.Г ахын гэрт түр саатсан. Гэхдээ Г, Д.Г бид гурав архи ууцгаасан бөгөөд Д.Г ах намайг хонь хариулж байгаарай гэхээр нь орж гараад хонио эргүүлээд байсан. Тэгээд 16 цагийн орчимд гарж хонио эргүүлчихээд ойролцоогоор 10 минут болоод ороод иртэл. Г ах зүүн орон дээр атиралдаад сууж байсан, Д.Г ах хойд талд нь сууж байсан... би Г ахаас яасан юу болсон талаар асуухад хутгалуулчихлаа гэж хэлээд гараа автал зүүн хавирга орчимд нь цус болсон байсан. Би Д.Г ахад хандан та яагаад найзыгаа хутгалж байгаа юм бэ гэж хэлтэл гартаа хутга барьчихсан босоод ирсэн тэгээд би зуухыг нь тойрч зугтаж байгаад гэрээс гарсан дөнгөж гартал цасан дээр халтираад унатал Д.Г дагаад дээрээс ойчсон тэгээд би босоод цаашаа зугтаагаад Д.Г ах гэр рүүгээ орсон тэгтэл миний зүүн хавирга орчимд халуун оргиод байхаар нь хартал хутгалчихсан байсан тэгээд араас нь гэр рүү ортол Д.Г ах Г ахын хажууд сууж байсан гарт нь хутга байхгүй болохоор нь би гэр рүү орсон. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Болдоо эх*******ийн хамтаар өөр хэдэн хүмүүс ирээд бид хоёрыг сумын эмнэлэг дээр авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/, миний биед учирсан гэмтэл шархыг Д.Г ах учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй. ...Тухайн үед Д.Г ах миний биед хутгаар гэмтэл шарх учруулсан. Би уг хутгыг нь тухайн үедээ анзаарч хараагүй учир ямар өнгийн бариултай, ямархуу хутга байсан болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна. ...Тухайн үед Д.Г ах архиндаа согтчихоод намайг ямар нэгэн шалтгаангүй л хутгалчихсан. Уг нь тухайн үед Д.Г ах бид хоёр хоорондоо маргалдаж муудалцаагүй. ...Тухайн үед Д.Г ахыг гаднаас нь харахад нилээн согтолттой байсан. Яг дотроо хэр согтолттой байсан болохыг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Гэрч Н.Ганхуягийн өгсөн:... Би 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Биндэр сумын төвд байх өөрийн гэртээ байж байхад ойролцоогоор 17-18 цагийн үед миний төрсөн ах Г нь над руу утсаар яриад ах нь хутгалуулчихлаа, чи Гантулгын гэрт хүрээд ир гэж хэлсэн, тэгэхээр нь би машинтай Гантулгын гэрт явж очиход, Д.Г, манай ах Г, танил болох Б нар нь гурвуулаа согтуу байдалтай унтацгааж байсан, тэгэхээр нь би тэр хэдийг сэрээгээд Гантулгыг гэрт нь үлдээгээд Г ах, Б хоёрыг машиндаа суулгаад тэндээсээ шууд Биндэр сумын төвд орж ирээд эмнэлэг дээр очиж Г ах, Б хоёрыг үзүүлсэн...тухайн үед миний харснаар Г ах, Б хоёр хоёулаа цээж, суганы орчимдоо хутгалуулчихсан байх шиг байсан. ..Г ах, Б хоёрын биед манай найз Д.Г нь хутгаар гэмтэл шарх учруулсан байсан. Тухайн үед Г, Д.Г, Б нар нь гурвуулаа л согтолттой байсан. Би яг хэр согтолттой байсан болохыг нь сайн мэдэхгүй байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

Гэрч С.Иштөмөрийн өгсөн:.... Би Д.Г ахыг багаасаа мэднэ. Д.Г ах зан байдлын хувьд даруу төлөв, ажилсаг, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй. Би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл урьд нь хэрэглэдэг байж байгаад уг нь архинаас гарчихсан байсан юм. Гэтэл харин саяхан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд бусдын биед гэмтэл шарх учруулчихсан байна. Тамхи татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан. Миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй. Одоо л бусдын биед гэмтэл шарх учруулсан гэх хэргээр цагдаа дээр шалгагдаж байна. Мал маллах, морь уях сонирхолтой, сумын алдарт уяач цолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй. Гэр бүлийн хувьд эх*******, 3 хүүхэдтэй. Одоо эх*******, 3 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Энгэр булаг гэх газарт оршин сууж амьдарч байна. Ер нь Д.Г ах даруу төлөв ажилсаг, хүнд их тусархаг л хүн байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

Гэрч Д.Тулгаа өгсөн:...Миний төрсөн дүү Д.Г нь зан байдлын хувьд даруу төлөв, томоотой, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй. Би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл урьд нь хэрэглэдэг байж байгаад архинаас гараад нилээн олон жил болоод байсан юм аа. Тэгтэл харин саяхан архи уугаад хутгаар бусдын биед гэмтэл шарх учруулчихсан байна. Тамхи татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан. Миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна. Морь уях сонирхолтой, сумын алдарт уяач цолтой, гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувь эх*******, 3 хүүхэдтэй. Одоо эх*******, 3 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Энгэр булаг гэх газар мал маллан амьдарч байна. Ер нь миний дүү Д.Г нь даруу төлөв, томоотой, ажилсаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар    сарын 18-ны өдрийн 224 дугаартай дүгнэлт: 1. Н.Гийн биед цээжний зүүн талд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2021.05.06-ны өдөр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...  гэх /хх-ийн 63-64 хуу/ дүгнэлт,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт: 1. Д.Бгийн биед цээжний хөндий нэвтрээгүй, цээжний зүүн хэсгийн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2021.05.06-ны өдөр үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...  гэх /хх-ийн 79-80 хуу/ дүгнэлт,

Яллагдагч Д.Гантулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:... би хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2139000000159 дугаартай тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 91 хуу/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15 хуу/,

 

Д.Гантулгын  иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 98 хуу/,

Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 хуу/,

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 103,104,105 хуу/,

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Г нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг “Энгэр булаг” гэх газарт 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр бариул хэсэг 12 см, ажлын хэсэг 20 см урттай хүрэн өнгийн модон бариултай хутгаар Н.Гийг хутгалж цээжний зүүн талд нь хөнгөн хохирол санаатай, мөн өдөр Д.Бг хутгалж цээжний зүүн хэсэгт нь шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дэх заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

               

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн энэ нь  хэрэгт авагдсан хохирогч Д.Б, Н.Г, гэрч Н.Ганхуяг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна иймээс  шүүгдэгчийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Г, Д.Б нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Иймд шүүгдэгч Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр түүнээс дээш хүнийг” гэх хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн хүрэн өнгийн модорн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй болно.

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Буриад овогт Даваанямын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр түүнээс дээш хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг 12 см, ажлын хэсэгт 20 см урттай хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.УЯНГА