Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2021/0159/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                      Б.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Б.Төгсбаяр

Шүүгдэгч                                                       С.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийн нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Малчин овгийн Сэнгэдоржийн Дд холбогдох 2139000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  С.Д нь 2021 оны 02 дугаар сард өөрийнх нь адуун сүрэгт ирж нийлсэн Э.Агийн эзэмшлийн “сартай чандмань” тамгатай, ухаа хонгор байдас буюу алдуул малыг 2021 оны 6 сард Г.Мөнхзоригт бэлэглэж, завшсаны улмаас Э.Ад бага хэмжээнээс дээш 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын үед: Хохирогч Э.Агийн өгсөн:....Би 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн нутаг дэвсгэр болох Өргөмжит гэх газар оршин суудаг Батзул ахын адуунд манай халтар гүү, сартай хүрэн гүү, цавдир халзан байдас, хонгор байдас, хүрэн даага, хул даага нийт 6 тооны адуу байсан юм аа. Тэгээд би өөрийн 6 тооны адуунаас хоёр байдсаа авах гээд очиход ухаа хонгор байдас маань адуундаа байгаагүй. Харин бусад адуунууд маань бүрэн байсан. Тэгээд би Батзул ахаас миний ухаа хонгор байдас маань алга байна гэж асуухад саяхан байсан юм даа чоно нохой идсэн юм мэдэгдээгүй дээ гэж хэлсэн. Тэгээд би ухаа хонгор байдсаа ойр орчмын айлуудаас асуугаад явахад Барх багийн Өргөмжит нутагладаг Батчулуун ах надад саяхан Дагваа ухаа халзан азарга хүнд зарсан тэгэхдээ хамт ухаа хонгор байдас ачуулсан гэж надад хэлсэн. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн... Миний ухаа хонгор байдас сартай чандман тамгатай байсан. ...Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Гэрч Г.Мөнхбаатарын өгсөн: ... 2021 оны 02 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумаас төрсөн ах Мөнхзориг дүү Ононгийн хамт цагаан өнгийн портер маркийн 70-92 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Батширээт сумын Хаан банкны тавилгыг ачаад ирсэн юм аа. Тэгээд маргааш өглөө нь ах надад манай сумын Барх багт нутагладаг Д гэх залуугаас бэлгэнд өгсөн адуугаа авна гэж хэлсэн. Тэгээд Мөнхзориг ах Онон бид гурав Дн хөдөө гэрт нь очиход манайх даллага авахуулчихаад байна өнөө өгөх боломжгүй байна маргааш ирээ гэж хэлсэн. Тэгээд бид гурав сумын төв рүү буцсан юм. Тэгээд маргааш өглөө нь намайг унтаж байхад Мөнхзориг ах Онон хоёр Днхаас хонгор халзан азарга, ухаа хонгор зүсмийн байдас ачаад манай хашаан дотор Дн хамт манайд ирсэн. Тэгээд Мөнхзориг ахад Д хонгор халзан азаргыг маань Баянгол дээр хүн тосож авна гэж хоорондоо ярьж байсан. Тэгээд хоол унд идчихээд удалгүй Мөнхзориг ах Онон хоёр явсан. ...Би хонгор халзан зүсмийн азаргыг нь Дн адуунд нь байхыг харж байсан. Харин ухаа хонгор зүсмийн байдсыг огт харж байгаагүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

Гэрч Ю.Сэнгэдоржийн өгсөн:... Манайх Батширээт сумын Барх багийн нутаг дэвсгэр болох “Өргөмжит” гэх газар оршин суудаг юм. 2021 оны 03 дугаар сарын эхээр манай хөдөө гэрт цагаан өнгийн портер маркийн машинтай 2 эрэгтэй хүн ирсэн. Жолооч нь хөл муутай 40 гаруй насны суга таягтай хүн байсан. Нөгөөх нь 20 гаруй насны  хүүхэд байсан. Тэгээд манай хүү Д ухаа халзан азарга Баярсайхан ахад зарахаар боллоо одоо энэ хүмүүсээр ачуулаад явууллаа урдаас Баярсайхан ах өөрөө тосож авах байх гэж надад ярьж байсан. Тэгээд Д ухаа халзан азаргаа аваад явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/

Гэрч Р.Батчулууны өгсөн:... 2021 оны 03 дугаар сарын дундуур гэж бодож байна. Өглөө 10 цагийн үед би саахалт айл болох Сэнгэдорж ахынд очиход гадаа нь цагаан өнгийн портер машин байсан. Улсыг дугаарыг нь сайн санахгүй байна. Тэгээд би Сэнгээ ахын гэр рүү ороход Хэнтий аймгийн Мөрөн сумаас адуу авна гээд хоёр эрэгтэй хүн ирчихсэн байсан. Тэгээд би Сэнгээ ахынхаас төд удалгүй гараад явсан. Тэгээд 17 цагийн үед гэртээ ирэхэд манай хүү Эрхэмбаяр надад Д ахтай хамт ухаа азарга, хонгор зүсмийн байдас ачилцаж өгөөд ирлээ гэж надад ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/

Гэрч Э.Эрхэмбаярын өгсөн:... 2021 оны 03 дугаар сарын эхээр гэж санаж байна. Манай адууны хашаан дээр өдөр 13 цагийн орчимд бугуйлаа чирсэн хонгор ухаа байдас ирсэн. Тэгээд нэг их удалгүй Дагваа ах ирж улсыг дугаарыг нь санахгүй байна цагаан өнгийн портер маркийн машинтай 50 орчим насны 2 суга таягтай эрэгтэй хүн нөгөөх нь  20 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд Дагваа ах надад ахдаа барилцаад өгөөч гэхээр нь би адууныхаа хашаандаа хашиж байгаад барилцаж өгсөн. Тэгээд цагаан өнгийн портер маркийн ачааны машинд хонгор зүсмийн байдас, Дагваа ах өөрийн унаж ирсэн хонгор халзан азаргын хамт ачсан. Тэгээд Дагваа ах надад хонгор халзан азаргаа аймаг руу зарж байгаа юм аа харин тэр хонгор байдсыг замаас эзэн нь тосож авна гэж хэлсэн. Тэгээд ирсэн 2 хүний хамт цагаан портер маркийн авто машинд суугаад сумын төв рүү явлаа гэж хэлээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

Гэрч М.Ононгийн өгсөн:...2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Мөнхзориг ах бид хоёр цагаан өнгийн портер маркийн 70-92 ХЭА улсын дугаартай машинаар Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Батширээт сумын Хаан банкны тавилгыг ачаад шууд Мөнхбаатар ахынд ирэхэд шөнийн 02 цаг өнгөрч байсан. Тэгээд маргааш нь Мөнхзориг ах надад нэг ирсэн дээрээ хүнээс авах ёстой нэг бага насны адуугаа аваад эртхэн хоёулаа буцна гэж надад ярьж байсан. Тэгээд Мөнхзориг ах Мөнхбаатар ах бид гурав Батширээт сумаас баруун хойшоо гараад явсан. Тэгээд Д гэх айлынд очиход манайх даллага авахуулчихаад байна. Өнөө өгөх боломжгүй байна маргааш ирээ гэж хэлсэн. Тэгээд бид гурав сумын төв рүү буцсан юм аа. Тэгээд маргааш өглөө нь Мөнхбаатар ахыг унтаж байхад Мөнхзориг ах бид хоёр өглөө 07 цагийн үед Д ахын хөдөө гэрт нь очиход Д ах адуугаа татаж ирээд хашаандаа хашиж байгаад ухаа хонгор зүсмийн байдсыг бугуйлдахад бугуйл нь алдуураад хашаан дээгүүр харайгаад зүүн хойшоо зүгт давхисан. Тэгээд араас нь Д ах хонгор халзан азаргаа барьж мордоод бид хоёр араас нь портер машинтайгаа очиход ухаа хонгор зүсмийн байдас айлын гадаа байж байсан. Тэгээд тэр айлаас миний үеийн залуу гарч ирэхэд Дагваа ах ахдаа энэ байдсыг барилцаад өгчих гээд бид дөрөв нийлж байгаад адууных нь хашаанд хашиж байгаад барьж авсан. Тэгээд Дагваа ахын унаж явсан хонгор халзан зүсмийн азаргыг эхэлж ачаад дараа нь ухаа хонгор зүсмийн байдсыг ачсан. Тэгээд Дагваа ах бид гурав шууд сумын төвд Мөнхбаатар ахынд ирэхэд Мөнхзориг ахад Д ах хонгор халзан азаргыг маань Баянгол дээр хүн тосож авна шүү гэж хоорондоо ярьж байсан. Тэгээд хоол унд идчихээд удалгүй Мөнхзориг ах бид хоёр явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/

 Гэрч Ж.Батзулын өгсөн:... хамгийн анх 2018 оны хавар 04 дүгээр сард манай адуунд А хүрэн халтар гэсэн 2 тооны гүүгээ хураалгахаар авчирч тавьсан юм. Тэгээд 2019 оны хавар Агийн авчирч тавьсан 2 гүүнээс нь гарсан цавьдар, ухаа хонгор зүсмийн 2 унага гарсан юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын дундуур А манайд ирээд Батзул ахаа би цавьдар, ухаа хонгор зүсмийн 2 байдсаа авах гээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд Аг би  манай адуунуудыг туугаад ирээ гэж хэлээд гэрийн гаднаас Амгалдан цавьдар зүсмийн байдас маань байна. Ухаа хонгор зүсмийн байдас нь байхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд А та ойр орчмын айлаас асууж байгаарай гээд цавьдар зүсмийн байдсаа аваад явсан юм. Тэгээд би ойр орчмын айлаас асуухад ямар нэгэн сураг ажиг гараагүй. А өөрөө бас 2-3 хоногийн турш хайгаад сураг гарахгүй байна цагдаад бүртгүүлэхээс гэж надад хэлж байсан. ...Надад Дн аав Сэнгэдорж манай хүү халзан азарга зарсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

Гэрч Б.Баярсайханы өгсөн:...Манайх Батширээт сумын Хурх багийн нутаг дэвсгэр болох Асгатын өвөр гэх газарт нутагладаг юм. Би 2021 оны 03 дугаар сарын эхээр Батширээт сумын Барх баг Өргөмжит гэх газарт нутагладаг нутгийн дүү болох Дас 1 тооны хул халзан зүсмийн азаргыг өөрийн адуундаа адуу хураалгах гэж 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би худалдаж авсан хул халзан зүсмийн азаргаа 2021 оны 03 дугаар сарын эхээр гэж санаж байна Д над руу өдөр 16 цагийн үед залгаад хул халзан зүсмийн азаргыг чинь хүнээр өгөөд явуулчихлаа шүү замаас нь та тосоод авчхаарай гэж хэлсэн юм. Тэгээд би орой 19 цагийн үед Баянголын гарман дээр хүлээж байгаад тосож авахад 2 тооны адуу ачсан цагаан өнгийн портер маркийн машин ирсэн. Тэгээд портер дотроос хөл муутай 30 гаруй настай, нөгөөх нь 20 орчим насны 2 эрэгтэй хүн бууж ирээд Дагваагийн нөгөө азаргыг авах хүн мөн үү гэж хэлсэн. Тэгээд би хул азаргаа тэвшин дээрээс буулгаад авахад хажууд нь хүрэн зүсмийн бага насны адуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуу/

Гэрч А.Батжаргалын  өгсөн:... бид хоёр 2014 онд Улаанбаатар хотын цэргийн 013 дугаар ангид цуг цэргийн алба хаасан юм. Тэгээд бид хоёр одоог хүртэл нөхөрлөж байгаа. ...С.Д Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт сумын төвд амьдардаг юм. С.Д нь даруу төлөв хүнд тусархуу зантай амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй залуу гэж боддог. ...Манай сумын Мөнхбаатар гэх залуугийн ахад нэг тооны адуу өгсөн гэж Мөнхбаатар өөрөө надад хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 72 хуу/

Гэрч А.Азбилэгийн өгсөн:...С.Д Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт сумын төв дээр амьдардаг. Бид  хоёр 5 дугаар анги төгсөөд аав ээждээ туслахаар мал дээр нь гарсан юм. Д зан байдлын хувьд их даруухан дуу муутай бүрэг, заримдаа худал хэлдэг зантай. ...Урьд нь 2019 онд малын хулгайн асуудлаар гэх гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 76 хуу/

Гэрч Ж.Энхбаатарын өгсөн:...Д нь зан байдлын хувьд даруу төлөв, томоотой, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, би лав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байхыг нь харж байгаагүй. Тамхи татдаггүй, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л нэг хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байх шиг байна. Би яг ям ар хэрэг болохыг нь сайн хэлж мэдэхгүй л байна. Морь уях сонирхолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд даруу төлөв, томоотой, ажилсаг л залуу байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 80 хуу/

Хохирогч Э.Агийн алдсан 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний  “Фэйр Валуэшн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82 хуу/

Яллагдагч С.Дн өгсөн:...  Би хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2139000000147 дугаартай тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 93 хуу/

С.Дн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 103 хуу/

            С.Дн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 111, 112 хуу/

Хохирогч Э.Агийн гаргасан “С.Д нь миний хохиролыг барагдуулсан тул гомдол санал байхгүй” тухай  нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Д нь хохирогч 2021 оны 02 дугаар сард өөрийнх нь адуун сүрэгт ирж нийлсэн Э.Агийн эзэмшлийн “сартай чандмань” тамгатай, ухаа хонгор байдас буюу алдуул малыг 2021 оны 6 сард Г.Мөнхзоригт бэлэглэж, завшсаны улмаас Э.Ад бага хэмжээнээс дээш 700000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч С.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Э.А, гэрч Г.Мөнхбаатар, Ю.Сэнгэдорж, Р.Батчулуун, Г.Эрхэмбаяр, М.Онон, Ж.Батзул, Б.Баярсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.   

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ад 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний /300.000 төгрөг/ хохирлоос дээш байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч С.Д алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

            Хохирогч Э.А нь “хохирол төлөгдсөн, гомдолгүй” тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас С.Дн  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй болно.

Шүүгдэгч С.Д Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байсан боловч шүүгдэгч нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг шинээр үйлдсэн тул уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй“ гэсэн хэсгийг хүчингүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих  ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна. Ялыг нэмж нэгтгэхдээ нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож биечлэн эдлэх хорих ялын хугацааг хуульд зааснаар оногдуулах нь зүйтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11 метр, 20 см урттай цагаан өнгийн мяндсан бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Малчин овогт С Д алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д 400  /дөрвөн зуу/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь  хэсэгт заасныг журамлан Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасныг  баримтлан шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь  хэсэгт заасныг журамлан  энэ тогтоолоор оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр /жил, 1 /сар/, 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан 2 /хоёр / жил, 1 /сар/ 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 11 метр, 20 см урттай цагаан өнгийн мяндсан бугуйлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.УЯНГА