| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2021/0160/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/132 |
| Огноо | 2021-06-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0160/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Нарангэрэл
Хохирогч Д.Ц
Шүүгдэгч П.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулж шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Уугантуяагаар хөтлүүлэн
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Год холбогдох 2139000000162 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 5-08 тоотод байрлах өөрийн гэртээ хутгыг зэвсэг болгон хэрэглэн Д.Цг 2 удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний зүүн талд хутгалагдсан шарх, цээжний хөндийн баруун талын хутгалагдаж нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед:
Хохирогч Д.Цгийн өгсөн:... Одоо миний биеийн байдал хараахан дээрдээгүй, хэлж ярихад их хүндрэлтэй байгаа учир хэргийн талаар дэлгэрэнгүй өгөх боломжгүй байна. Иймд товчхон байдлаар мэдүүлэг өгье. Хэрэг болдог өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз Гын гэрт хамт архи ууж байгаад Год цээжин тус газраа 2 удаа хутгалуулсан. Би тэр өдөр нэлээн согтсон байсан учир яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан Гыг хутгалахыг мэдэж байна. Г нь намайг хутгалчхаад яасан эсэхийг мэдэхгүй. Би ухаан алдаад унасан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Ингээд эмнэлэгт ирээд хагалгаанд хоёр удаа ороод 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр сэхээн амьдруулах тасгаас гэмтлийн тасагт ирээд байна... Ямар шалтгаанаар намайг хутгалах болсон эсэхийг мэдэхгүй. Бид хоёр муудалцаж байсан удаа байхгүй. Тэр өдөр ч муудалцаагүй. Тухайн үед Идэрмөнх, Идэрчулуун, Г бид нар байсан...Надад эмчилгээ хийлгэсэн мөнгийг гаргаад өгчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/, ... Би Хэнтий аймгийн Хэрэн суманд хувиараа хөдөлмөр эрхэлж найз нөхдийнхөөрөө болон Есүсийн сүмээр амьдардаг байсан. Би Пүрэвээгийн Г гэдэг хүнтэй 2021 оны 01 дүгээр сард анх танилцаж 2021 оны 03 дугаар сараас Гын гэрт хамт амьдардаг болсон юм. Г бид хуурай ах дүүгийн харилцаатай болсон. Бид 2 хоол олдвол хуваагаад идчихдэг, архи олдвол мөн хуваагаад уучихдаг хуурай ах дүү нар байсан юм. Цар тахалтай холбоотойгоор гадуур дэлгүүрээр архи зарахгүй байсан тул бид хоёр дэлгүүрээс эсгэгч, үзэм, сахар авч байгаад брашик нэрсэн юм. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр уг нэрсэн брашикаа ууж эхэлсэн. Бид хоёрыг уугаад сууж байхад гаднаас Гын төрсөн дүү н.Идэрмөнх, н.Идэрчулуун, н.Ганбаа нар орж ирсэн. Ингээд бид хэд хамт уусан. Тухайн үед н.Идэрмөнх нь хаанаас авсан нь мэдэгдэхгүй 0,75 литрийн савалгаатай архи гаргаж ирээд н.Ц, н.Г ах хоёртой хувааж ууна гээд н.Идэрчулуун, н.Ганбаа хоёрыг хөөж гаргасан. Ингээд уг архийг бид гурав хувааж уусан. Тухайн үед архи, брашик хольсон болохоор би нэлээн согтсон. ... Би тухайн өдрийн зүйлийг зарим хэсгийг нь санаад, зарим хэсгийг нь санахгүй байгаа юм. Нэг сэрэхэд н.Г миний цээжин тус газар руу хутгаар хатгаж байсан. Би ямар хутга байсан эсэхийг нь анзаараагүй, би хутгалуулж байгаагаа мэдсэн. Тэгээд н.Г намайг хутгалчихлаадаа гэж бодоод, одоо цагдаа сэргийлэх болох байх гэж бодоод н.Год гай болоод яахав гээд гэрээс нь гараад явсан. Ингээд гэрээс гарч явж байгаад ухаан алдсан байсан. ... Миний санаж байгаагаар н.Г бид хоёр болон н.Гын гэрт архи уусан хүмүүсийн дунд ямар нэгэн хэрүүл, маргаан болсон зүйл байхгүй, ямар учраас хутгалсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Тухайн үед намайг хутгалж байхад хэн хэн байсан эсэхийг анзаараагүй, гэрт олон хүн харагдаагүй, одоо санахад н.Г, н.Идэрмөнх харагдаж байсан. н.Идэрчулуун, н.Ганбаа нар харагдаагүй...Одоо миний биеийн эрүүл мэнд сайн байгаа. Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 22 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би хагалгаанд 2 удаа орсон. Эмч нарын буянаар миний бие эрүүл мэнд одоо сайн байгаа. Миний эмчилгээнд нийт 2 сая орчим төгрөг болсон. миний хувьд Год гомдол санал байхгүй, Г нь согтуудаа л ийм үйлдэл гаргачихлаа, уг нь эрүүлдээ надад тэгж хандах хүн биш. Надад сайн ханддаг байсан. би эмчилгээнд зарцуулагдсан 2 сая орчим төгрөгийг Гтой хувааж төлөхөөр тохиролцсон байгаа. Иймд би Гоос эмчилгээний зардал мөнгөний тал мөнгийг л нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Гэрч О.Оюунчимэгийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 5-08 тоотод нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Уг хашаанд нөхөр Мөнхбатын төрсөн ах Г нь манай байшингийн хажууд байх байшинд, Идэрмөнх, Идэрчулуун нар нь гэрт амьдарцгаадаг юм. Г ахын амьдардаг байшинд манай гэрийн зурагтын тавиур буюу стейнк байдаг юм. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед байх Идэрчулуун ахын 13 настай хүү Мөнхтөр нь гаднаас орж ирэхдээ “Г ах хүн хутгалчихсан юм шиг байна” гэхээр нь “юу гэсэн үг юм, ямар хүмүүс байгаа юм, гарт нь хутга, шөвөг байна уу” гэхэд “үгүй” гэхээр нь би нэгдүгээрт Г ахынд орж, гараад байхаар нь ямар хүмүүс байгаа эсэхийг мэдэхээр, хоёрдугаарт зурагтын тавиураас юм авахаар Г ахын гэр рүү ороход том өрөөний гэрэл нь асаалттай, өрөөний баруун урд талд байх газарт тавьсан орны зузаан матраас дээр дээгүүрээ хар өнгийн куртиктай нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай, өмсөж явсан хувцасных нь зүүн хажуу бөөр нь тус хэсгээр нэлэнхийдээ цус болсон байдалтай, хойд хэсэгт байх орон дээр Г ах нэг танихгүй ахын хамтаар сууж байсан. Тэгэхээр нь би газраас хэвтэж байсан хүнийг цус болчихсон байхаар нь нээрээ хутгалчихсан юм байх даа гэж бодоод би Г ахын гэрээс нь гараад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг гадаа утсаар дуудлага өгөөд гадаа байшингийнхаа баруун талд нь гараад утсаар яриад зогсож байхад халамцуухан хоёр танихгүй эмэгтэй хашаанд орж ирээд Г ахын гэр рүү орсон. Тэгээд удалгүй гарч ирэхдээ “Г хүн хутгалчихсан байна” гэсээр гарч ирсэн... Тэр хоёрыг ороход нь Г ах зөрөөд гараад явчихсан юм шиг байсан. Би Г ахыг хэзээ гараад явсныг хараагүй. Ингээд удалгүй цагдаа болон эмнэлгийн байгууллагаас хүмүүс ирсэн. Тухайн үед ийм л асуудал болсон. Би сүүлд цагдаа эмнэлгийн ажилчдыг ирэхэд нь Гын гэрт ороход уг газраар хэвтэж байсан залуугийн тэнд нилээн цус гарч тунарч тогтсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/
Насанд хүрээгүй гэрч И.Мөнхтөрийн өгсөн:.... Аав Идэрчулуун бид хоёр Хэрлэн сум 2 дугаар баг Булагийн 5-08 тоотод аавын төрсөн ах Г, Идэрмөнх болон эмээгийн хамтаар тус тусдаа гэр болон байшинд амьдардаг юм. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хашаандаа тоглоод байж байхад Г ахын гэрт хүмүүс архи уугаад л байсан. Тэгсэн орой 20 цаг өнгөрч байх үед гадаа нэлээн харанхуй болсон байсан. Г ахын гэрт хүмүүс хоорондоо муудалцаж, хэрэлдэж, маргалдаад байхаар нь би юу болоод байгаа юм бол гээд Г ахын гэрт ороход Г гэрийнхээ хойд орон дээр гартаа хар иштэй хутга барьчихсан, Г ахтай хамт амьдардаг байсан Ц гэдэг ах газарт хана налж дээшээ харсан, өмсөж явсан хувцас нь нэлээн цус болчихсон байдалтай, ойр орчимд нь мөн цус тогтсон байсан. Би хаанаас цус гарч байгааг анзаараагүй. Ингээд би буцаж гарч эгч Оюунчимэгт мэдэгдсэн. ... Намайг Г ахын гэрт ороход өөр хүмүүс муудалцсан шинж байгаагүй, Г ах л нэлээн ууртай, гартаа хутга барьчихсан сууж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Гэрч П.Идэрбаатарын өгсөн:... Г ах гэртээ н.Ц, н.Идэрмөнх хоёртой хамт 0,75 литрийн савалгаатай архийг талд ортол уучихсан сууж байсан. Тэгэхээр нь би н.Г хоёр хүүхдээ үлдээгээд маханд явсан. Миний мах авах айл нь н.Г ахын гэрээс баруун зүгт дөрвөн айлын цаана байдаг юм. Ингээд би махаа авчхаад буцаж н.Г ахын гэрт ирэхэд манай хоёр хүүхэд н.Г ахын гэрийн гадаа гараад ирчихсэн, н.Г ахын дүү нь мөн эхнэрийнхээ хамтаар гадаа гарч ирээд зогсчихсон байсан. Тэгэхээр нь юу болоод бүгдээрээ гараад ирчихсэн юм бол гэж асуухад нэгийгээ хутгалчихжээ гэж байсан. ... Ингээд эмч нар ирээд н.Г ахын гэр рүү орчихоод тэгнүүр дээр өргөж тавилцаад өг гэхээр нь н.Г ахын гэрт ороход н.Ц нь н.Г ахын гэрийн зүүн урд хэсэгт дээшээ харсан байдалтай, цээжин хэсэг нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. Ингээд өргөлцөж машинд хийгээд явуулсан. Намайг махаа аваад ирэхэд Г ах, Идэрмөнх хоёр гэрээсээ гараад явчихсан, гэрт нь н.Ц ганцаараа үлдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239 дугаартай: 1. Д.Цгийн биед цээжний зүүн талд хутгалагдсан шарх, цээжний хөндийн баруун талын хутгалагдаж нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий шингэн хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шарх гэмтлүүдийн үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. 3.4. Дээрх амь насанд аюултай цээжний хөндийн баруун талын хутгалагдаж нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, цээжний зүүн хэсгийн хутгалагдсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 55 хуу/
Яллагдагч П.Гын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:... би уг тогтоолтой танилцлаа, надад асууж тодруулах зүйл байхгүй, Би хүлээн зөвшөөрч байна. ...Би өмнө нь гэрчийн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар ярьсан. Надад нэмж хасаж ярих зүйл байхгүй. Би Цг хутгалснаа хүлээн зөвшөөрч байна. эмчилгээнд зарцуулсан мөнгө төгрөгийг нь төлж барагдуулна. ...надад ямар нэгэн зорилго байхгүй ээ. Би согтуудаа л ийм үйлдэл хийчихлээ, уг нь Ц бид хоёр гэмгүй хуурай ах дүү нар, Ц манайд амьдарч байсан юм. Өмнө нь бид 2 муудалцаж байгаагүй. Би согтуудаа буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Цгоос уучлалт гуйсан. Ц намайг уучилсан байгаа. Бид хоёрын найз нөхдийн харилцаа одоо хэвийн үргэлжилж найзалж нөхөрлөж байгаа. Ц надаас эмчилгээнд зарцуулсан мөнгөнийхөө талыг нь гаргуулна гэсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуу/,
Хохирогч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Одоо миний биеийн байдал сайжирч өвдөх зовиургүй болсон. Тухайн үед хэн хэн нь согтуу байсан ба намайг Г ах хутгалчихлаа гэдгийг би хэсэг хугацаанд ухаан орж гарахдаа мэдээд, хутгалуулаад ухаан алдсан. Ийм харамсалтай хэрэг болж Г ах маань олон жилийн хорих ял авах гэж байгаад маш их харамсаж хууль дүрэм нь болдог бол битгий хорих ял өгөөч гэж хүсмээр байна. Надад эмчилгээний зардал 1,000,000 төгрөг өгсөн, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 хуу/,
П.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 хуу/,
П.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 88, 89 хуу/,
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Год холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 5-08 тоотод байрлах өөрийн гэртээ хутгыг зэвсэг болгон хэрэглэн Д.Цг 2 удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний зүүн талд хутгалагдсан шарх, цээжний хөндийн баруун талын хутгалагдаж нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн энэ нь хэрэгт авагдсан хохирогч Д.Ц, гэрч О.Оюунчимэг, П.Идэрбаатар, насанд хүрээгүй гэрч И.Мөнхтөмөр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна, иймээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Год гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн, мөн шүүгдэгч нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бичгээр өгсөн тодорхойлолтоор нотлогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 27 см урт, ажлын хэсэг нь 15 см 2 мм-ийн урттай, хар хуванцар иштэй, зарим хэсэг нь хагарч нарийн төмөр утсаар ороосон хутга 1 ширхэг хураагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа болох эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял шийтгэлийг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэг нэг хоног цагдан хоригдсныг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П Гыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Гыг 3 (гурав) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Год оногдуулсан 3 (гурав) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урт, ажлын хэсэг нь 15 см 2 мм-ийн урттай, хар хуванцар иштэй, зарим хэсэг нь хагарч нарийн төмөр утсаар ороосон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гын цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УЯНГА