Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0161

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “А”  танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Б.Болортунгалаг,

Шүүгдэгч                                                       С.П нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэчинтэн овогт Сэдэдийн Пд холбогдох 2139000840113 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  С.П нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сард Хэнтий аймаг, Биндэр сум, Хурх багийн нутаг “Цагаан ус” гэх газарт хохирогч Л.Шын бэлчээрт байсан адуун сүргээс олон тооны мал буюу Л.Шын өмчлөлийн хас тамгатай хар азарга, хар хул гүү, ухаа халзан гүү, “д” үсгэн тамгатай хээр гүү, чандмань тамгатай хээр гүү, хүрэн цавьдар морь, цавьдар даага, саарал даага нийт 8 тооны адуу, хохирогч Л.Тын  өмчлөлийн хас тамгатай сартай хар үрээ, хар морь, хул морь, хээр үрээ, алаг үрээ нийт 5 тооны адуу, хохирогч Л.Төмөр-Очирын өмчлөлийн хар морь, цагаан хул морь, “д” үсгэн тамгатай саарал морь нийт 3 тооны адууг машин механизм буюу өөрийн эзэмшлийн 56-78 ХЭА улсын дугаартай “Hyundai Galloper” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Л.Шад 5.600.000 төгрөг, хохирогч Л.Тод  3.550.000 төгрөг, хохирогч Л.Түмэр-Очирт 2.400.000 төгрөг, нийт 11.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Хохирогч Л.Шын өгсөн: “... Би 2019 онд Хэнтий аймгийн Батширээт сумын төвд эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. Миний нэртэй хэдэн адууг манай ах, эгч, дүү нар Батширээт сумын Онон багт малладаг. 2019 оны 01 дүгээр сард  өөрийн хар азаргатай /хас/ тамгатай 16  тооны адууг алдсан. Алдсан адуунууд миний 8 тооны мөн ах дүү нарын нийлсэн мөн 8 тооны адуу нийт 16 тооны адуу байсан. Манай адуу Батширээт сумын Онон багийн нутаг Арангатай гэх газарт бэлчдэг. Адуугаа 2019 оны 1 дүгээр сараас хойш алдаад олохгүй, нутгаар болон ойр хавийн уул, усаар эрж хайгаад олдоогүй. Манай нутгийн онцлог нь адуунууд Онон голын бургас мөн мод ихтэй уулаар хэдэн сараар явж байгаад өөрсдөө гарч ирдэг болохоор тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй олдох байх гэж бодоод байсан олдохгүй болохоор нь өөрөө жил хайж байгаад 2021 он гарангуут сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгч шалгуулахаар болсон. Алдсан адуунууд маань 9 настай Хас тамгатай хар азарга, 8 настай Хас тамгатай хар хул гүү, ухаа халзан гүү /тамгыг нь санахгүй байна хүнээс аваад удаагүй байсан/, 5 настай Хас тамгатай сартай хар үрээ, 10 настай хар морь, 10 настай цагаан хул морь, 10 настай Хас тамгатай хар морь, 10 настай Хас тамгатай хул морь, 10 настай “Д” үсгэн тамгатай саарал морь, 4 настай “Д” үсгэн тамгатай хээр гүү, 4 настай Чандмань тамгатай хээр гүү, 5 настай Хас тамгатай алаг үрээ, 10 настай хүрэн цавьдар морь /тамгыг нь мэдэхгүй байна/, 2 настай тамгагүй цавьдар даага, 2 настай тамгагүй саарал даага, 5 натсай “Л” үсгэн тамгатай хээр үрээ зүстэй адуунууд байсан. ... Би төвд байдаг болохоор төрсөн эгч Ламжавын Эрдэнэчимэг гэх хүний нэр дээр малаа тоолуулдаг,  миний малын А дансанд алдсан адуунууд тоологдоогүй байгаа. ...Манай төрсөн ах Л.Төмөр-Очирын 3, төрсөн дүү Л.Тын 5 тооны адуу нь миний алдсан хар азаргатай адуунд хамт явсан. ...Би алдсан 16 тооны адуугаа авсан хүн нь олдвол тоо толгойгоор нь бүрэн бүтэн авах хүсэлтэй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/,

 

            Хохирогч Л.Тын өгсөн: “... Манай ах болох Шын адуунд миний хар морь, мөлүү чихтэй хул морь, сартай зээрд морь, хээр алаг хязаалан үрээ, хээр үрээ гэсэн 5 тооны адуу байсан юм. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр очиж адуугаа харахад адуунууд маань бүрэн байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу 13 хоног яваад ирэхэд миний хар морь, мөлүү чихтэй хул морь, сартай зээрд морь, хээр алаг хязаалан үрээ, хээр үрээ гэсэн 5 тооны адуунууд маань алга болсон байсан. ...надад гомдол санал гээд байх зүйл алга байна, нэхэмжлэх зүйл гэвэл алдсан адуунуудынхаа хохирол төлбөрийг л нэхэмжилж байна... “ гэсэн  мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/

 

            Хохирогч Л.Төмөр-Очирын өгсөн “...Миний төрсөн дүү болох Л.Шын адуунд миний хар морь, мөлүү чихтэй хул морь хас тамгатай, саарал морь гэсэн 3 тооны адуу адуунд нь байсан юм. Тэгээд 2019 оны 2 сарын эхээр Ш надад миний өөрийн адуунаас болон таны 3 тооны адуу олдохоо болиод байна гэж надад хэлж байсан. Тэгээд Ш 2-3 хоногийн турш хайгаад олохгүй байна гэж хэлсэн. ...надад гомдол санал гээд байх зүйл алга байна, нэхэмжлэх зүйл гэвэл алдсан адуунуудынхаа хохирол төлбөрийг нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 90 тал/

           

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарын өгсөн “...Миний нэр дээр хөх саарал өнгийн 92-64 ХЭА улсын дугаартай Хюндай галлопер маркийн автомашин байдаг юм. Гэхдээ уг автомашинаа 2018 онд шиг санагдаж байна, яг тодорхой бол санахгүй байна, өөрийн найз П гэх хүнд миний санаж байгаагаар чиргүүлтэй нь 6.000.000 төгрөгт зарсан. Одоо уг автомашин надад хамаагүй. Тухайн үед П бид хоёрын ажил төрөл, цаг зав таарч өгөхгүй байсан учир би уг автомашинаа Пгийн нэр дээр шилжүүлж өгч чадаагүй юм. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Аззаяагийн өгсөн “... Би 2017 онд Прадо 95 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинтай байж байгаад уг машинаа 2017 оны 10 дугаар сарын сүүлээр өөрийн найз Гантөмөрт 5 сая төгрөгөөр зараад Гантөмөрийн нэр дээр машины гэрчилгээг шилжүүлэлгүйгээр итгэмжлэл хийж өгсөн. Тэгээд уг машин маань 2017 оны 01 дүгээр сарын сүүл үеэс эхлэн миний эзэмшилд байхаа больсон. Үүнээс хойш уг машиныг манай найз Гантөмөр эзэмшихээр болсон. Гэтэл манай найз Гантөмөр итгэмжлэлээ шилжүүлэлгүйгээр уг машин нь одоог хүртэл миний нэр дээр байгаа юм байна. Миний мэдэж байгаагаар Гантөмөр надаас авсан машинаа ойролцоогоор 1 жилийн дараа өөр хүнд зарсан гэж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна. ...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар тал/,

 

Гэрч Н.Жаргалмаагийн өгсөн “... 2019 оны 01 дүгээр сард манай хүргэн ах С.П нь зарсан машины өртгөө авсан гээд хөдөөнөөс Биндэр сумын төвд 10 тооны адуу Баянаа гэх залуугийн ачааны Рино маркийн машинаар авчирсан. Тэр үед манай эгч болох Бурмаа, хүргэн ах С.П нар сумын төвд хүүхдээ сургуульд сургахаар манай ах Жаргал гэх айлын хашаанд өвөлжиж байсан. Тэр хашаандаа хөдөөнөөс ачиж авчирсан адуугаа буулгаж махалсан. Адууг махлахад Ц.Мөнхбат, Я.Баянаа, Н.Мөнхбаяр, Д.Зулаа гэх мэт хүмүүс махалсан. Харин махалсан адууны гэдэс арилгахаар Баянаагийн эхнэр /нэрийг нь сайн мэдэхгүй байна/, Дулмаа эгч, Бурмаа гэх хүмүүс байсан. П ах адуугаа махалж дуусаад махаа сэврээгээд хот хооронд хүн болон ачаа тээвэрт явдаг Мандах жолоочоор микронд ачиж Улаанбаатар хот явсан. ... "Galloper" маркийн 2 хүний хаалгатай машин байсан Биндэрийн овоогоор нутагладаг Эрдэнээ гэх хүнд зарсан гэж хэлж байсан. ... Хөдөөнөөс 10 тооны адуу амьдаар нь ачиж ирэхээс өмнө Жаргал ахын амбаарт хөлдүү 3 тооны адууны мах ажиллаад авчирч хийсэн байсан. Тэгээд адуу махалсан өдрөө амбаарт байсан 3 адууны махаа мөн Улаанбаатар хот руу жолооч Эрдэнэбаяраар ачуулж явуулсан байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар тал/,

 

Гэрч Д.Мандахын өгсөн “... Би Биндэр сумаас Улаанбаатар хотын чиглэлд хүн тээвэр мөн ачаа тээш зөөдөг байсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн микро маркийн, саарал өнгийн 43-72 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явдаг байсан. 2019 оны 01 дүгээр сарын дундуур байх яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. Манай Биндэр сумын хүргэн С.П гэх хүн уулзаж танаар Улаанбаатар хот руу адуу ачуулж борлуулмаар байна гэж хэлсэн. Би Биндэр сумын төвд Хонгор гэх газраас Жаргал гэх айлын хашаан дотроос миний машинд 10 тооны адууны мах ачсан. Намайг мах ачихаар очиход хашаан дотор махалж дуусаад  сэврээсэн байсан. Адууг махалсан хүмүүс нь миний санаж байгаагаар Мөнхбат, Баянаа, Пгийн эхнэр болох Бурмаа, Соёлмаа, Жаргалмаа гэх хүмүүс байсан. Адууны махаа ачаад сумын мал эмнэлэгт бүртгүүлж бичиг аваад Улаанбаатар хот явсан. Биндэр сумаас оройн 19 цагийн орчим Улаанбаатар хот руу Пгийн эхнэр болох Болормаа нар нь миний машинд сууж хамт явсан. Улаанбаатар хотод очоод Дэнжийн 1000 зах дээр очиж адууны махаа борлуулсан. Би тээврийн хөлсөнд  1 адууны 45.000 төгрөг мөн 2 хүний зардал авсан. Нийт 510.000 төгрөг хийж Пгийн эхнэр болох Болормаа нь машин авч буцна гээд надаас салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 115 тал/ ...Би тухайн үед буюу 2019 оны 01 дүгээр сард яг хэдний өдрийг нь одоо сайн санахгүй байна, П гэх хүний миний санаж байгаагаар 10 тооны адууны махыг нь өөрийнхөө тухайн үед унаж хэрэглэж байсан саарал өнгийн 43-72 ХЭА улсын дугаартай микробус маркийн автомашиндаа ачиж П, түүний эхнэр Бурмаа нарын хамт Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед миний санаж байгаагаар малын гарал үүслийн бичиг өгөхөө больчхоод мал эмнэлгийн бичгээр л хот хооронд явж байсан учир П гэх хүн сумын мал эмнэлэг дээр очиж уг адуунууддаа мал эмнэлгийн бичиг авсан байсан бөгөөд би П гэх хүнийг яг хэн гэдэг хүнээс мал эмнэлгийн бичгээ авсан болохыг хэлж мэдэхгүй байна. ... Тухайн үед П нь надад хэлэхдээ уг адууны махнуудыг өөрийнхөө л гэж байсан шиг санагдаж байна, бас яг сайн санахгүй байна. Тэгээд адууны махнуудаа Улаанбаатар хотод аваачиж зарж, борлуулаад машин худалдаж авна гэж ярьж л байсан. Өөрөөр ямар нэгэн зүйл надад хэлж яриагүй. Би тухайн үед уг адууны махнуудыг хулгайнх гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 119 тал/

 

Гэрч Ц.Мөнхбатын өгсөн “... 2019 оны өвөл танил Сэдэдийн П гэх хүн манайд ирж хэдэн адуу махлаад өгөөч гэж хэлсэн. Би махлахаар болж С.Пгийн эхнэрийн ах болох Бурмаагийн ах Жаргал гэх айлын хашаанд очиж 5-6 тооны адуу махлалцсан. Яг хэдэн адуу байсан талаар одоо санахгүй байна. Тэнд адуу махалж байхад П түүний эхнэр Бурмаа гэх мэд 4-5 хүн байсан. Надад нэг адуу унагааж өгсөн тэрийг нь би ганцаараа өвчиж янзалсан. Тэгээд адууны махаа аваад Улаанбаатар хот явсан байх. ...Адууг тус бүр нь махалсан хүнд 20.000 төгрөгөөр ажиллуулдаг байсан. Би танил болохоор мөн тэр айлд манай хэдэн үхэр байдаг болохоор адууг нь үнэгүй махалж өгсөн. Адуу махлах үед Баянаа, С.П, Дэлгэрийн Зулаа гэх залуу байсан. Харин адууны гэдэс цэвэрлэхээр Бурмаа, Жаргалмаа нар байсан өөр хэдэн хүн байсан байх би сайн санахгүй байна. ... Миний махалсан адуу хар саарал зүстэй байсан байх адууны зүсийг нь сайн мэдэхгүй байна. Махалсан адууны махаа гадаа өлгөж сэврээгээд тэр өдрөө ачиж авч явсан байх. ... Миний махалсан адуу бүдүүрсэн байсан байх, эр, эмийг нь сайн санахгүй байна. ...Батширээт сумын Биндэрийн овоо гэх газарт 2 хаалгатай Галлапор маркийн машин зарсан тэрний  өлтөг гэж хэлж байсан. Хөдөөнөөс адууг хэнээр авчирсан талаар мэдэхгүй байна машинаар ачиж ирснийг нь мэдэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 тал/

 

Гэрч Б.Лхагвадоржийн өгсөн  “... Манай баз хүргэн П нь 2019 онд 01 дүгээр сард хөдөөнөөс машины өлтгөндөө авсан гээд 10 тооны адуу Биндэр сумын Баянаа гэх залуугийн Рино маркийн машинаар ачиж Биндэр сумын төвд өвөлжиж байсан Жаргал гэх хадам ахынхаа хашаанд буулгаад тэндээ авчирсан адуугаа махалсан. Авчирсан 10 тооны адууг Мөнхбат, Баянаа, П, Зулаа нарын хамт бид нар махалж өгсөн. Мөн адууны гэдэс арилгахад манай эхнэр Жаргалмаа, Бурмаа, Соёлмаа нар байсан санагдаж байна. ... Зарсан машинаа өлтгөнд авсан адуунууд гэж хэлж байсан өөр юм хэлээгүй. Адуугаа махалж дуусаад махыг нь сэврээж байгаад тэр өдрөө Улаанбаатар хот микротой Мандах гэх хүнээр ачиж машин авахаар Улаанбаатар хот П эхнэр Бурмаатай явсан. ... хөдөөнөөс 10 тооны адуу авчирч махлахаас 2-3 хоногийн өмнө Жаргал ахын амбаарт 3 тооны ажилласан адууны махыг П авчирч хийсэн байсан. Адуу махлаад Улаанбаатар хот явсан өдрөө тэр 3 адууны махыг бас ачуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 128 тал/

 

 Гэрч Н.Бурмаагийн өгсөн  “... 2019 оны 01 сарын сүүл, 2 сарын эхээр цагаан сарын өмнө машинтай болох гээд Хэнтий аймгийн Биндэр сумын төвд Онон хороо гэх газрын Энхжаргал гэх айлын хашаанд мал нядалсан. Тэгэхэд тэр айлын эздүүд байгаагүй. Манайх тэр хашаанд байдаг байсан юм. Манай нөхөр өөрийнхөө адуунаас 2 тооны шүдлэн адуу авч ирсэн. Бусад арваад тооны адууг манай нөхөр С.П найз Эрдэнээ, Буянаа гурав Батширээт сумаас авч ирсэн. Ингээд бид нар 10 гаран тооны адууг 1 өдөр нядалсан. Тэгээд маргааш нь Биндэр сумын хот хооронд явдаг микро автобусаар Улаанбаатар хот руу одоо санахгүй байна. Нөхөр бид хоёр хот орсон. Яг хэдэн төгрөг болсныг би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр мөнгөө авсан. Ингээд Улаанбаатар хотод хэд хоносны дараа нөхөр бид хоёр “Land Gruiser Prado” гэдэг авто машиныг 13 сая төгрөгөөр худалдан авч 56-78 УНА гэсэн улсын дугаар авсан. Одоо энэ машин маань хөдөө улиастай манай гэрийн гадаа байна ... Надад бол нарийн ширийн зүйл хэдээгүй Буянаагийн адуу гэж манай нөхөр хэлсэн. Насаар хязаалан, шүдлэн, соёолон насны морьд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 тал/ ...Манай нөхрийн энэ авчирсан 2 тооны шүдлэн адуу бол ийм учиртай байгаа юм. Энэ ямар учиртай бэ гэхээр 2019 оны 01 дүгээр сард л гэж бодоод байгаа. Тухайн үед би сумын төв дээр байдаг байсан юм. Тэгээд манай нөхөр С.П нь уг үеэр сумын төв дээр арваад тооны адуу машинаар ачиж авчирсан. Тэгэхээр нь би С.Пд хандан энэ юун адуунууд юм бэ гэхэд манай нөхөр С.П нь надад хэлэхдээ би өөрийнхөө машин зарсан өртгөндөө авсан юм гэж хэлсэн. Би тухайн үед нь уг адуунуудыг хулгайнх гэдгийг мэдээгүй. Тэгээд нөхөр бид хоёр хэдэн хүмүүс гуйгаад уг арваад тооны адуунуудыг ажиллаад адууны махнуудаа Улаанбаатар хот, сум хооронд явдаг микро автобусанд ачуулсан. Тэгээд нөхөр бид хоёр уг микро автобусандаа бас суугаад Улаанбаатар хот руу хамт явж Улаанбаатар хотод очоод адууны махнуудаа зарж борлуулсан. Тэгээд адууны махнуудаа зарж борлуулсан мөнгөөрөө автомашин худалдаж авах гэсэн боловч мөнгө дутаад байсан. Тэгэхээр нь манай нөхөр дам дамандаа хүмүүстэй утсаар ярьж холбогдоод хүнээс мөнгө зээлээд Ланд крузер праддо маркийн 56-78 УНА улсын дугаартай автомашиныг 13.000.000 төгрөгөөр худалдаж аваад Биндэр сумандаа буцаж ирсэн. Би нөхрийгөө яг хэн гэдэг хүнээс, яг хэдэн төгрөг зээлж авсан болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд машин авахдаа хүнээс зээлсэн мөнгөө буцааж төлөхийн тулд Биндэр суманд ирээд бараг арваад хоногийн дараа шиг санагдаж байна, манай нөхөр С.П нь өөрийнхөө адуунаас 2 тооны шүдлэн адуугаа хөдөө гэртээ ажиллаад Биндэр сумын төв дээр авч ирээд Улаанбаатар хот руу ачуулж, зарж борлуулаад зарж борлуулсан мөнгөө автомашин авахдаа мөнгө зээлсэн хүндээ буцааж төлсөн. Энэ 2 тооны шүдлэн адуу бол ийм учиртай байгаа юм, уг 2 тооны шүдлэн адуу манай өөрийн адуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 тал/

 

Гэрч Л.Эрдэнэбаяр өгсөн “... Би 2016 оноос стана маркийн 64-83 ХЭҮ улсын дугаартай машинаар Биндэр сумаас Улаанбаатар хот хүн тээвэр болон ачаа зөөж эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сард байх би сайн санахгүй байна. Биндэр сумын хамт тээвэр хийдэг жолооч Мандах гэх хүн гар утсаар залгаж чиний ачаа нь дүүрсэн үү гэж асуусан. Би арай дүүрээгүй байна гэж хэлэхэд адуу ачих уу гэж асуусан. Би ачна гэж хэлэхэд Биндэр сумын зүүн эгнээнд байх Жаргал гэх айлын хашааг зааж өгсөн. Хаягаар очиход хэдэн хүн адуу махалж байсан. Би яарч явсан болохоор сэвэрсэн 3 адууны мах ачаад хашаанаас нь гарсан. Хамт явах жолооч Мандах ах хамт замд гарна гэхээр нь гэрээр орж хоол идчихээд хүлээж байгаад цуг Улаанбаатар хот хамт гарсан. Махны эзэн нь гэх П нь Мандах ахын машинд сууж явсан. Улаанбаатар хотод очоод өглөө эрт байсан байх Дэнжийн 1000-н зах дээр очиж махаа буулгаж эзэнд өгөөд Нарантуул зах явсан. Мах ачсан ачааны тооцоог Мандах ах Нарантуул зах очсон хойно дансаар 3 адууны 135.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Би С.П гэх хүнийг танихгүй 3 адууны мах миний машинаар ачиж Улаанбаатар хот ороход л П гэж мэддэг болсон. ... Улаанбаатар хот ачаа тээвэрлэж байгаа жолооч бүр мал, махны гарал үүсэл авч явдаг. Тэр үед авсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 тал/

 

Гэрч Я.Баянжаргалын өгсөн  “... Миний ойр дотно байдаг Сэдэдийн П гэх ах 2019 оны 01 дүгээр сард гар утсаар над руу залгаж Биндэрийн овооны урд байх манай зуслангаас 10 тооны адууг чиний Рино маркийн машинаар ачиж Биндэр сумын төвд авчирмаар байна гэж хэлсэн. Тэр адуу ачих гэж байгаа газарт С.П ахын аав, дүү нар нь нутагладаг газар байсан тул ямар, юун адуу ачих гэж байгаа талаар асуугаагүй. Намайг өөрөө түлшээ аргалаад хүрээд ир удахгүй түлшний чинь мөнгийг өгнө гэж хэлсэн. Би сайн таньдаг, ойр дотно байдаг хүн болохоор С.П ахаас өөр мөнгө нэхэж чадаагүй. Миний машинд тээвэрт яваад ирэхэд үлдсэн түлш байсан болохоор тэр түлшээрээ 45 км орчим газар Биндэрийн овоо гэх газар очиж 10 тооны адуу ачиж Биндэр суманд ирсэн. Биндэрийн овоо гэх газар руу явахдаа би өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөөд 9 цаг гээд Рино маркийн ачааны машинаа жолоодож ганцаараа явсан. ... Намайг очиход Биндэрийн овооны урд талаар урсах Хурахын голын гүүрний баруун талаар очиход С.Пүрэвхүү ах хойд талаасаа морьтой давхиж ирээд хойд зүгт ойрхон харагдах хашаа руу дөхөж оч гэж хэлсэн. Би заасан хашаа руу нь очиход хашааны баруун хойд талд хэсэг адуу харагдаж байсан. С.П ах намайг хашааны баруун урд ойрхон харагдах 1 метр өндөртэй эрэгт ухраад адуу ачихад бэлэн болоод зогсчих гэж хэлэхээр нь би тэр эрэгт машинаа ухрааж тулгаж зогссон. Тэгээд би машины ачааны ар талын хаалгыг буулгаж адуу ачихад бэлэн болгосон. Тэр үед С.П ах адуу тууж ирсэн. Адуугаа хажууд байсан хашаанд хашиж нэг нэгээр нь хашаан дотор барьж аваад зөөж машинд ачсан. ... Би тэр тамга, хайч, зүсийг нь ажиглаж хараагүй мэдэхгүй байна, миний мэдэж байгаагаар бол цоо, эмнэг /догшин/ адуунууд байгаагүй байх бид хоёулаа нэг нэгээр хашаанаас барьж ачихад тийм эмнэг адуу байгаагүй санагдаж байна. Тэр адуунууд ихэвчлэн морьд бага насны хязаалан, соёолон байх гэмээр үрээнүүд харагдаж байсан, би зүсийг нь сайн санахгүй байна. Тэр ачсан 10 адуунаас үлдсэн азаргатай цөөхөн хэдэн адууг ямар учиртайг нь асуухад манай дүү Тогоогийн адуу гэж хэлж байсан. Тэгээд П ах унаж явсан морио мөн ачиж машинд хамт сууж Биндэрийн Овоо гэх газар нутагладаг дүү Тогоо гэх айлаар орж цай уугаад Биндэр суманд 17 цагийн орчим ирээд Жаргал гэх хамаатан айлынх нь хашаанд 10 адууг мөн П ахын унаж явсан морины хамтаар буулгасан. ... Надад тээврийн хөлс гэж мөнгө өгөөгүй харин хотод махаа борлуулж ирээд түлшний мөнгө гэж 70.000 төгрөг өгсөн. ... Би  ямар учиртай адуу ачсан талаар мэдээгүй Биндэрийн овоо гэх газар С.П ахын аав болон дүү нар нь нутагладаг болохоор би юм бодолгүй гуйхаар нь очиж Биндэр суманд авчирч өгсөн. ... Ачиж авчирсан 10 адууг Жаргал гэх айлын хашаандаа өглөө нь махалж эхэлсэн байсан. Би тарган адууны гэдэс авах гэж өдөр очиход адуунуудаа махалж дуусч байсан. Очоод үлдсэн 1 адууг махалж өгсөн. Гэдэс авах гэсэн чинь тарган биш байхаар нь больсон. Адуу махалж байсан хүмүүс нь хамаатнууд нь байсан байх олуулаа байсан .” гэх мэдүүлэг /хх-ийн 144-146 тал/

 

Гэрч Д.Мөнхзулын өгсөн “...2019 оны 01 дүгээр сард байх өдрийг нь сайн мэдэхгүй байна. Биндэр сумын төвд гэртээ байхад Мөнхбат гэх танил ах гар утсаар залгаж П адуу махлах гэж байгаа хамт очиж туслах уу гэж асуусан. Би хийсэн ажилгүй байсан болохоор хамт очиж адуу махлах ажилд нь туслахаар болсон. Мөнхбат ахтай хамт очсон. Бид хоёр Жаргал гэх П ахын хамаатан айлын хашаанд очиход тэр хашаанд П ах гэр барьж өвөлжиж байсан. Хамт адуу махлахад П, түүний эхнэр Бурмаа, Баянжаргал, Лхагвадорж, эхнэр Жаргалмаа, Мөнхбат ах бид нар байсан санагдаж байна. Нийт 10 орчим адуу махалсан санагдаж байна. Би 3 адууг нь  махалж өгсөн. ... Бүдүүн морь, бага насны үрээ байсан санагдаж байна. ... Бараан зүсмийн үрээ, цайруу зүсмийн морь, хүрэн зүсмийн морь байсан санагдаж байна. Би адууг нь махлалцаж өгөөд гэр рүүгээ явах гэтэл Пүрэв тогоо ах надад чанаж идэх гэдэс мөн 20.000 төгрөг баярласан гээд өгсөн.” гэх мэдүүлэг./хх-ийн 153-154 дүгээр тал/

 

Гэрч Ч.Эрдэнбаярын өгсөн “...Би 2019 оны 02 сараас 03 сарын хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн Сэдэд овогтой П гэх хүнээс “Галлапер” маркийн саарал өнгөтэй автомашиныг гурван сая таван зуун мянгад бодож байнгын мод өгч худалдаж авсан. Одоо нөгөө хүндээ нэг сая төгрөг өгөх дутуу байгаа, нөгөө хүн маань нэг сая төгрөгтөө мод авна гээд байгаа одоохондоо модыг нь бэлтгэж амжаагүй байгаа. ... Тухайн автомашины бичиг надад байж байгаад 2020 оны хамраар ууланд түлээнд явж байхдаа хаяад олохгүй байгаа юм. ... Улсын дугаар нь 92-64 ХЭА гэсэн улсын дугаартай байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 158 дугаар тал/

 

Гэрч С.Төмөртогоогийн өгсөн:...Тэгээд 2019 оны 01 дүгээр сард шиг санагдаж байна, яг хэдний өдрийг нь бол санахгүй байна. Намайг хөдөө гэртээ байж байхад миний төрсөн ах болох П нь том ачааны автомашинтай өөр нэг танихгүй залуугийн хамт гэрт маань ирсэн. Тухайн үед П ах уг ачааны автомашин дээр адуунууд ачсан байсан бөгөөд би уг адуунуудыг нь тоолоогүй учир яг хичнээн тооны адуу ачиж явсан болохыг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд П ах хамт явсан залуугийнхаа хамт манай гэрт орж цай унд уучихаад манайхаас хөдлөөд явсан бөгөөд би тэр хоёрыг сум руу явж байна л гэж бодсон, тухайн үед яг хэдэн цаг болж байсан болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар харуй бүрий л болж байсан байх гэж бодож байна. ...тухайн үед П ах ачааны автомашин дээрээ ямар ч байсан нилээн хэдэн тооны адуунууд аччихсан л байсан. Би тухайн үед уг адуунуудыг нь тоолоогүй, уг адуунуудыг сайн ч ажиглаж хараагүй учир нийт хичнээн тооны, ямар зүс, тамгатай адуунууд байсан болохыг нь үнэхээр хэлж мэдэхгүй байна. ... Тухайн үед манай ах П нь надад хэлэхдээ наймаа хийгээд явж байна гэж л хэлсэн, өөр надад ямар нэгэн юм яриагүй.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 166 дугаар тал/

 

Шүүгдэгч С.Пгийн шүүх хуралдаанд өгсөн: “...гэмт хэргийн улмаас олсон орлого болон тээврийн хэрэгслийн үнийг төлнө. 10.995.917 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг

 

9. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №ШД107 дугаартай: “...  16 тооны адууны зах зээлийн үнэлгээг  11.550.000 /арван нэгэн сая таван зуун тавин мянга/  төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...  ” гэсэн дүгнэлт /хх-ийн 187-190 тал / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

 

            С.Пгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 220 хуу/

            С.П нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 215 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 234-235, 236, 238, 240, 241, 243,  хуу/

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн гаргасан “...би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан үндэслэлээр Пд холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлтэй байна. Хохирол төлсөн баримт 3 хуудас хавсаргав”  гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.П нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сард Хэнтий аймаг, Биндэр сум, Хурх багийн нутаг “Цагаан ус” гэх газарт хохирогч Л.Шын бэлчээрт байсан адуун сүргээс олон тооны мал буюу Л.Шын өмчлөлийн хас тамгатай хар азарга, хар хул гүү, ухаа халзан гүү, “д” үсгэн тамгатай хээр гүү, чандмань тамгатай хээр гүү, хүрэн цавьдар морь, цавьдар даага, саарал даага нийт 8 тооны адуу, хохирогч Л.Тын  өмчлөлийн хас тамгатай сартай хар үрээ, хар морь, хул морь, хээр үрээ, алаг үрээ нийт 5 тооны адуу, хохирогч Л.Төмөр-Очирын өмчлөлийн хар морь, цагаан хул морь, “д” үсгэн тамгатай саарал морь нийт 3 тооны адууг машин механизм буюу өөрийн эзэмшлийн 56-78 ХЭА улсын дугаартай “Hyundai Galloper” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Л.Шад 5.600.000 төгрөг, хохирогч Л.Тод  3.550.000 төгрөг, хохирогч Л.Түмэр-Очирт 2.400.000 төгрөг, нийт 11.550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэг мөн байна

Шүүгдэгч С.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.Ш, Л.Т, Л.Төмөр-Очир, гэрч Н.Жаргалмаа, Д.Мандах, Ц.Мөнхбат, Б.Лхагвадорж, Н.Бурмаа, Л.Эрдэнэбаяр, Я.Баянжаргал, Д.Мөнхзул, С.Төмөртогоо нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба шүүгдэгч хохирогч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруу, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.   

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал гаргаж, яллагдагчид 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах санал танилцуулсныг яллагдагч С.П хүлээн зөвшөөрч, уг ялыг биелүүлэхээ илэрхийлсэн байна. 

Аймгийн Прокурорын газраас С.Пгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд харшлаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон” зэрэг заалтуудыг хангасан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч С.Пд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч Л.Ш, Л.Т, Л.Төмөр-Очир нар  нь “С.Пд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай хүсэлтээ нотариатаар баталгаажуулж  өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч С.П нь гэмт хэрэг үйлдэхдээ 2 тээврийн хэрэгсэл ашигласан бөгөөд уг тээврийн хэрэгслийг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлүүлж үнийг нь тодорхойлсон ба уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч маргаангүйгээр улсын төсөвт оруулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч С.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурьдаад, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Галлопер маркийн 92-64 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.538.281 төгрөгийг, ланд круйзер прадо маркийн 56-78 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10.995.917 төгрөгийг тус тус шүүгдэгч С.Пгоос гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хян ан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С Пг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Пг  1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пд оногдуулсан  1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2021 оны 5 дугаар сарын 6, 8-ны өдрийн 31, 32 дугаартай  эд хөрөнгө / 2 тооны тээврийн хэрэгсэл болон 9 тооны үхэр/ битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Галлопер маркийн 92-64 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.538.281 төгрөгийг, ланд круйзер прадо маркийн 56-78 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10.995.917 төгрөгийг нийт 15534198 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Пд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

 

ДАРГАЛАГЧ                                                   Л.УЯНГА