Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00570

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанд:

Нэхэмжлэгч: Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банкны Мөрөн 1 тооцооны төвийн зээлийн эдийн засагч ажилтай “Бөхчүүд” овогт Жигжидийн Сайнжаргал /УМ-90112338/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багт оршин суух, цэцэрлэгийн багш ажилтай “Шаргадууд” Даваанямын Оюунтуяа /РГ-62071502/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багт оршин суух, сумын Засаг даргын тамгын газарт жолооч ажилтай “Харуул” Дугарсүрэнгийн Пүрэвхүү /РГ-89072719/ нарт холбогдох

Үндсэн зээл 22.642.643 төгрөг, хүү 3.735.934.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.590.68 төгрөг, нийт 26.399.168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнжаргал, хариуцагч Д.Пүрэвхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Шаргадууд ургийн овогт Давааням овогтой Оюунтуяа, Хамтран зээлдэгч Харуул ургийн овогт Дүгэрсүрэн овогтой Пүрэвхүү нар нь Төрийн банктай 2012 оны 09 дүгээр сарын 07-нд 200000282841 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 24.700.000 /хорин дөрвөн сая долоон зуун мянган төгрөг 00 мөнгө / төгрөгийг 228 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж авсан. Манай банк зээлдэгч Давааням овогтой Оюунтуяа, Дүгэрсүрэн овогтой Пүрэвхүү нарт санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байтал банкны итгэл найдварыг алдаж үндсэн зээл болон зээлийн хүүний төлбөрийг гэрээ болон өөрийн гаргаж байсан хүсэлтэд заасан хугацаанд төлж барагдуулахгүйгээр банкийг хохироож байна. Банк зээлдэгч Давааням овогтой Оюунтуяа, Дүгэрсүрэн овогтой Пүрэвхүү нарт удаа дараа зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулах шаардлага өгч, биечлэн уулзаж, зээлийг төлж барагдуулах тодорхой хугацаа өгч байсан.

Иймд: Давааням овогтой Оюунтуяа, Дүгэрсүрэн овогтой Пүрэвхүү нараас 1. Үндсэн зээлийн төлбөр 22.642.643 төгрөг, 2. Үндсэн хүүгийн төлбөр 3.735.934.5 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 20.590.68 төгрөг, 4.Нийт төлбөр 26.399.168.5 /хорин зургаан сая гурван зуун ерэн есөн мянга нэг зуун жаран найман мянга тав/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Оюунтуяа, Д.Пүрэвхүү нар 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр орон сууцны зээлийг 8 хувийн хүүтэйгээр 24.700.000 төгрөгийн зээлд хамрагдсан юм билээ. Зээлдэгч нар нь графикийн дагуу эргэн төлөлтөө хийхгүй байгаа учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хүүгийн зогсоож шүүхэд хандсан ба шүүхэд өгснөөс хойш зээлдэгч Д.Пүрэвхүү нь 1.800.000 төгрөг хүүнд төлсөн байгаа.

Иймд одоо зээлдэгч Д.Оюунтуяа, Д.Пүрэвхүү нараас үндсэн зээлийн үлдэгдэл, хүү,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 24.599.168 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Пүрэвхүү нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Банкны зээлийн хугацаа дуусгавар болох болоогүй 2030 онд дуусах ба зээлийн хүүний төлбөр төлөх ёстой 3.735.934 төгрөгнөөс 1.800.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хийсэн. Одоо үлдэгдэл хүүний төлбөрөө хийгээд цаашид зээлийн гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Учир нь зээлдэгч надад өнөөдөр бэлнээр банканд өгөх 24 сая төгрөг байхгүй байгааг харгалзан үзэхийг банкнаас хүсэж байна.

Иймд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгааг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Оюунтуяа, Д.Пүрэвхүү нарт холбогдох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт  24.599.168 /хорин дөрвөн сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун жаран найм/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Зохигчид нь зээлийн гэрээ байгуулсан болон үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 24.599.168 төгрөг гаргуулах, төлөх талаар маргаангүй,

Харин хариуцагч Д.Пүрэвхүү нь: “....зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгааг анхаарч өгнө үү....” гэж зээлийн гэрээний хугацааны талаар маргаж байна.

Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь: “....зээлдэгч Давааням овогтой Оюунтуяа, Дүгэрсүрэн овогтой Пүрэвхүү нарт удаа дараа зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулах шаардлага өгч, биечлэн уулзаж, зээлийг төлж барагдуулах тодорхой хугацаа өгч байсан....” гэх тайлбар өгч байх боловч зээлдэгч нарт мэдэгдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж хуульд тусгайлан заажээ.    

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3.3.1 дэх заалтыг зээлдэгч Д.Оюунтуяа, Д.Пүрэвхүү нар нь зөрчсөн гэх үндэслэлээр гэрээний 3.3-т зааснаар зээлийн гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцалсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй “зээлийн гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцалсан” гэдгээ нотолж чадахгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нийт 24.599.168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч Д.Оюунтуяад шүүх хуралдааны товыг цахилгаан явуулж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагч Д.Пүрэвхүү болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь оролцуулахгүйгээр хийх талаар хүсэлт гаргаж байх тул хариуцагч Д.Оюунтуяаг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289.946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Оюунтуяа, Д.Пүрэвхүү нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 24.599.168 /хорин дөрвөн сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289.946 /хоёр зуун наян есөн мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ