| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0050/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгч Б.Э, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.Э, Д овогт Б.Н нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, охины хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Б.Э,
Монгол Улсын иргэн, Д аймгийн А суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Б.Н-тэй бүлэглэж 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотын гадна талд иргэн Э.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь Б.Э-тай бүлэглэж 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотын гадна талд иргэн Э.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Э.Д нь Б.Н-тэй маргалдаж муудалцаад байрны гадна талд гараад хоорондоо муудалцаж зууралдаж эхэлсэн, тухайн үед харанхуй байсан бөгөөд нэг нэгнийгээ ална гээд зодолдож цохилцоод байх шиг байсан яг хэн нь хэнийгээ хэрхэн цохиж байгааг тодорхой хараагүй, ер нь бол түрүүлж эхэлсэн нь Д өөрөө байсан, тэгээд тэд зодолдоод салахгүй байхаар нь би Д-ний нуруун тус газарт нь 2 удаа цохисон чинь салаад эргээд хоорондоо маргалдаад Д “ална” гээд дайраад ирэхлээр нь дахин зодоон үүсгэхгүй гээд би дундуур нь ороод Д-г цааш нь түлхсэн чинь Д нь унахдаа зүүн тохойгоороо бетон шал ирмэг дээр унаад гараа гэмтээсэн, тэгээд Д "ёо ёо” гээд тухайн асуудал зогссон. Тэгээд Ч бид нар түүнтэй хамт эмнэлэг дээр очсон. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа... Эмчилгээ хийлгэсэн тэрний төлбөрийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,
- Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би Ч-н гэрийн гадаа Э.Д-тэй маргалдсан. Э.Д нь Ч-н гэрт байхдаа над руу томроод дээгүүрх хувцсаа тайлаад булчингаа гаргаад цээжээ чангалаад “би зодолддог хүн шүү” гээд байсан. Тэгээд би “айлд яах юм бэ? гээд гаръя” гэсэн чинь үүдний хэсэгт очоод намайг түлхсэн чинь гэрлийн унтраалга дарагдсан, би тухайн үед тавчиктай байсан учраас уурлаад түрүүлээд гарсан чинь “хөөе чи байж бай” гээд араас орцонд гарч ирээд намайг заамдаад “гаръя гаръя” гээд намайг заамдсан чигээрээ 2 давхраас доошоо буугаад орцны үүдэнд гарсан, тэгээд би түүнд хандан “яагаад байгаа юм бэ?” гэсэн чинь Э.Д нь надаас өндөр болохоор дээрээс духаараа мөргөсөн, тэгэхлээр нь би “зүгээр байгаарай” гэсэн чинь миний нүүр лүү цохих үед нь би бултаад би зөрүүлээд Э.Д-ий толгой, нүүрэн тус газарт нь баруун гараараа 2, 3 удаа цохисон чинь эргээд над руу дайраад байсан тэгтэл Э дундуур ороод салгасан чинь эргээд над руу дайраад байсан, тэгтэл Э нь түүнд хандан “чи одоо яах гээд байгаа юм бэ?” гээд Э Э.Д-г түлхсэн чинь боржур замын хашлаган дээр зүүн тохойгоороо унасан зүүн гар нь эвгүй болсон тэгээд түүнийг эмнэлэг дагуулж явсан юм. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа...Эм тарианых нь мөнгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/,
- Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тухайн өдөр өөрийн найз Ч-д оройн хоол идэхээр бас ойрд уулзаагүй хамт жаахан юм ярьж суухаар найзындаа очсон юм. Тэгээд Ч-нд ороход Ч эхнэр хүүхэдтэйгээ байсан. Ч-тэй хамт лаазтай ... нэртэй 0,5 гр пиво уусан тэгтэл Ч-нд найзууд нь гээд танихгүй 3 залуу Ч-н гэрт орж ирсэн бид нар хамт нэг ширээнд сууж Ч-тэй юм ярьж байсан юм. Тэгтэл Ч-н эхнэр нэг шил архи гаргаж ирээд найз нартаа өг гэж хэлээд тэр архийг Ч задлаад архи тойруулсан би тэр архинаас нь уугаагүй тэгтэл гаднаас орж ирсэн 3 залуугийн нэг нь над руу хараад байхаар нь чи яагаад над руу муухай хараад байгаа юм гэж хэлсэн чинь Э гэх залуу нь чи ямар их шивээстэй юм бэ шивээснээс чинь айна гэж бодоо юу гэж хэлсэн залуу нь гарах уу гэхээр нь би гарсан миний араас Э гэх залуу нь гарч ирээд бид хоёр байрны шатан дээр Э бид хоёр учир зүйгээ ололцоод буцаад Ч-н гэрт орсон тэгтэл Э-т хандан чи юундаа айгаад байгаа юм гарах уу гэхээр нь за тэгвэл гарч учраа ольё гэж хэлээд Ч-н гэрээс гарсан чинь миний араас хэн нь цохсоныг мэдээгүй толгойн хэсэгт цохисон байрнаас гарч гадаа үүдэнд унасан. Тэгтэл харанхуй байсан учир хэн нь цохиод байсан талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан энэ тэндээс хөл гар орж ирэн зодсон би газар унасан байсан тэгтэл замын хажуу талын хаалт боржур хашлаганд миний гарыг хавсарган хөлөөрөө цохисон яг хэн нь зодсон талаар сайн мэдэхгүй ямар ч байсан хоёр хүн байсан байхаа би чанга орилоод болиоч ээ гэсэн чинь тэр хоёр зугтаагаад яваад өгсөн манай найз Ч гэрээсээ гарч ирэн зодоон салгасан. Ч бид 2 буцаад Ч-н гэрт орж түргэн дуудсан чинь дуудлага ихтэй байна ирэх боломжгүй байна та нар унаатай бол хүрээд ир гэхээр нь Ч бид хоёр явган алхаад сумын эмнэлэгт очиж үзүүлсэн мөн зураг авхуулсан мэсийн эмч ирж үзээд миний зүүн гарны тохой хэсэгт цус хуралт үүссэн байна гээд хурсан цусыг соруулж авч эмнэлэгт хэвтүүлсэн тэр шөнөө хагалгаанд оруулж болохгүй жаахан хавдар буулгах хэрэгтэй байна гээд маргааш нь шөнийн 05 цагт хагалгаанд орсон. Би Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах М эмнэлэгт үзүүлэн 5-6 хоног гадуур шархаа цэвэрлүүлж боолт хийлгэсэн...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 6-7, 94/,
- Гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байхад Д гэж миний найз гэрт ирээд бид хоёр шилтэй пиво ууж байсан чинь миний ... гэсэн утас руу Э гэх залуу залгаад найз ажил төрөл нь сайн уу ярих ажил байна уулзах зав байна уу гэхээр нь орой болсон байна маргааш болох уу гэсэн чинь үгүй яг одоо уулзмаар байна гэхээр нь би за за тэгвэл яваад ирээ гэсэн чинь нээх удалгүй манай гэрийн хаалгыг тогшсон. Тэгээд би хаалгаа тайлж өгтөл Э нь Г, Н гэх хоёр залуутай орж ирсэн. Тэгээд би цай хийж өгөөд л тэд нар цай ууж хэсэг зуур юм ярьж байгаад Д бид хоёрын ууж байсан пивоноос хийж өгч хамт хувааж ууж байсан чинь гэнэтхэн Д Н-г чи ямар муухай хардаг юм бэ гэсэн чинь Н чам руу муухай харахаар яадгийн гээд Д хэлсэн тэгтэл тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Д-ний хажуунаас Э гараараа цохиж байсан. Тэгээд манай эхнэр уурлаад айлд орж ирчхээд зодолдоод байдаг ямар хаашаа хүмүүс вэ тийм л зодолдох гээд байвал гэрээс гарч гадаа зодолд яв гээд гэрээс хөөсөн. Тэр 4 хамт манай гэрээс гарсан би тэд нарын араас гарсан чинь Н үүдний довжоон дээр Д-ий араас хөлөөрөө өшиглөж унагасан байрны гадаа Э, Н хоёр Д-г нийлээд газар унагаж зодож байсан би очоод салгасан чинь манай эхнэр та нарыг цагдаа дуудаад өглөө шүү гэж хэлсэн чинь Д-г зодохоо больсон харин Г зодоонд оролцоогүй манай гэрт муудалцаад зодолдоод эхлэх үед гэрээс гараад шууд зугтаагаад яваад өгсөн Н, Э хоёр Д-г зодоод яваад өгөхөөр нь би Д-г босгож түргэн тусламж дуудсан тэгтэл эмнэлэг очих боломжгүй байна та нар өөрсдөө яваад ир гэхээр нь Д-г аваад эмнэлэгт хүргэж өгсөн тэгээд Д-г сахиж шөнийн 4 цаг өнгөртөл байсан Д-ий ах эгч нар нь ирж юу болсон талаар надаас асуусан тэгээд Д-г зодсон гэх Э, Н хоёрыг утсаар нь дуудаж эмнэлэг дээр ирүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би зодоон болдог өдөр найз Н, Э хоёртой байсан нь үнэн бид гурав Ч гэх залуугийнд орсон орох болсон шалтгаан нь надтай хамт явсан Э, Н хоёр Ч-тэй ажил яримаар байна гэсэн тэгээд би дагаад ортол Ч нь эхнэр хүүхдийн хамт мөн бас нэг танихгүй залуутай хамт пиво уугаад сууж байсан тэгтэл Ч-н найз гэх хоёр гар нь дүүрэн шивээстэй залуу муухай хараад дуугүй сууж байсан тэгтэл гэнэт манай найз Н, Э хоёртой тэр Д гэх залуу маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би тэдний гэрээс удалгүй гараад явсан намайг гарснаас хойш манай хоёр найз Н, Э хоёр Д-тэй маргалдсан эсэхийг мэдэхгүй байна би урд нь янз бүрийн хэрүүл маргаан болохоор шууд гараад явчихдаг манай найзууд хүртэл мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04/131 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Э.Д-ий биед гэмтэл учирсан байна.
2. Э.Д-ий биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хүзүү орчмоор зулгаралт, зүүн тохойн үе орчмын зөөлөн эдийн няцрал сулралт, үе орчмын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Э.Д-ий биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41/,
- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-63/,
- Б.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 64-69/,
- Б.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70-73/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Б.Э, Б.Н нар нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... байрны гадаа Э.Д-г зодож, биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хүзүү орчмоор зулгаралт, зүүн тохойн үе орчмын зөөлөн эдийн няцрал сулралт, үе орчмын цус хуралт гэмтлүүд учруулсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Э, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Э, Б.Н нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э, Б.Н нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Э.Д-ий “...Ч-н гэрээс гарсан чинь миний араас хэн нь цохсоныг мэдээгүй толгойн хэсэгт цохисон байрнаас гарч гадаа үүдэнд унасан. Тэгтэл харанхуй байсан учир хэн нь цохиод байсан талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан энэ тэндээс хөл гар орж ирэн зодсон би газар унасан байсан тэгтэл замын хажуу талын хаалт боржуур хашлаганд миний гарыг хавсарган хөлөөрөө цохисон яг хэн нь зодсон талаар сайн мэдэхгүй ямар ч байсан хоёр хүн байсан байхаа би чанга орилоод болиоч ээ гэсэн чинь тэр хоёр зугтаагаад яваад өгсөн манай найз Ч гэрээсээ гарч ирэн зодоон салгасан...” гэсэн, гэрч Г.Ч “... би 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байхад Д гэж миний найз гэрт ирээд бид хоёр шилтэй пиво ууж байсан чинь... Э нь Г, Н гэх хоёр залуутай орж ирсэн...гэнэтхэн Д Н-г чи ямар муухай хардаг юм бэ гэсэн чинь Н чам руу муухай хархаар яадгийн гээд Д хэлсэн тэгтэл тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Д-ний хажуугаас Э гараараа цохиж байсан... Н үүдний довжоон дээр Д-ий араас хөлөөрөө өшиглөж унагасан байрны гадаа Э, Н хоёр Д-г нийлээд газар унагаж зодож байсан тэгээд би очоод салгасан чинь...Д-г зодохоо больсон...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 04/131 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Э, Б.Н нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Д нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б.Э, Д овогт Б.Н нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Б.Э, Д овогт Б.Н нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Н нарт тус бүр оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н