Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Х,

Улсын яллагч Г.М,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 1,  Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх, Х овогт Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Замын-Үүд сумын 5 дугаар багт улаан өнгийн “Х” маркийн улсын дугааргүй мотоциклийг завших зорилгогүйгээр, Э.Н-н зөвшөөрөлгүйгээр авч яван 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Э.Н нь бүтэн 5 сар ажилласан цалинг өгөхгүй бага мөнгө өгөхөөр нь барьцаанд нь “Х” маркийн мотоциклийг авсан. Би уг мотоциклийг унаад Хөвсгөл сум руу явсан. Хөвсгөл сумын хавирга гэдэг газарт Э гэх залуугийн гэрт нь мал маллаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 15-нд сүлжээ ороод Э.Н-тэй ярьсан чинь чамайг цагдаад өгсөн, чи мотоцикл авчирч өгвөл гомдлоо буцаагаад авчихна гэхээр нь би өөрийн биеэр 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирж Э.Н-тэй уулзсан.  Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа... Цалин 300,000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөхгүй болохоор нь авсан. Цалинг маань өгөхөөр өгнө гэж бодож авсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 45-46/,

- Хохирогч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай хүүгийн үхэр малаа хураахдаа унаж эдэлдэг “Х” маркийн улаан өнгийн мотоциклоо хулгайд алдсан. 2020 оны 11 дүгээр сарын эхээр манай фермд мал маллаж эхэлсэн. Тухайн үед би жирэмсэн болсон байсан ба Б гэж хүн бид хоёр бие биедээ таалагдан миний хүүхдийг төрүүлэн хамтдаа өсгөхөөр тохиролцож манай гэрийн малыг маллаж байсан. 2021 оны 02 дугаар сард миний хүүхэд зулбахаар нь бид хоёр хамт амьдрахаа болиод тухайн сараас хойших цалинг тооцож нэг сарын 500,000 төгрөгийн цалин өгөхөөр үгсэн тохиролцсон. Тэгээд 2021 оны 02 дугаар сар болон 03 дугаар сарын цалинг Б-ны өөрийнх нь зарцуулсан урсгал зардлыг хасаад нийт 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 700,000 төгрөг Б урсгал зардалд тооцогдон олгосон. Б миний эд хөрөнгийг зөвшөөрөл авалгүйгээр аваад явсан. Гэхдээ хулгайлан авч явахынхаа өмнөх өдөр Д.Б “ямаа самнахаар явлаа, илүү ашигтай байна, мотоциклийг чинь унаад явлаа шүү” гэж надад хэлэхээр нь би “юу яриад байгаа юм, мал маллах мотоциклгүй болчихно” гэж хэлж байсан. Би тухайн  үед Замын-Үүд суманд өөрийн “Ц” гэх дэлгүүрийг ажиллуулж байсан ба Д.Б манай үхрийн фермд ганцаараа байсан. Тэгэхээр нь би сандраад маргааш нь үхрийн ферм рүүгээ очтол мотоцикл алга болсон, мөн Д.Б байхгүй байсан. Надад учирсан хохирлыг барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Д.Б гэж хүнийг танина, 2020 оны 10 дугаар сард танилцсан. Үүнээс хойш ах дүүгийн холбоотой байгаа. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Ер нь их даруухан, үг дуу цөөтэй хүн, ажилд сайн, мал хуй сайн мэддэг, ер нь давгүй залуу даа. Д.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ нэг их уугаад байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ унтчихдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- “А” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэд: “...2018 онд хятад улсад үйлдвэрлэгдсэн “Х” маркийн мотоцикл нь 2021 оны 05 дугаар сарын байдлаар  600,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 /,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаар Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Э.Н-г цалин хөлсөө өгөөгүй гэж түүний “Х” маркийн улсын дугааргүй мотоциклийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Д.Б уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Э.Н-н “...2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай хүүгийн үхэр малаа хураахдаа унаж эдэлдэг “Х” маркийн улаан өнгийн мотоциклоо хулгайд алдсан... Д.Б миний эд хөрөнгийг зөвшөөрөл авалгүйгээр аваад явсан. Гэхдээ хулгайлан авч явахынхаа өмнөх өдөр Д.Б “ямаа самнахаар явлаа, илүү ашигтай байна, мотоциклыг чинь унаад явлаа шүү” гэж надад хэлэхээр нь би “юу яриад байгаа юм, мал маллах мотоциклгүй болчихно” гэж хэлж байсан. Би тухайн үед Замын-Үүд суманд өөрийн “Ц” гэх дэлгүүрийг ажиллуулж байсан ба Д.Б манай үхрийн фермд ганцаараа байсан. Тэгэхээр нь би сандраад маргааш нь үхрийн ферм рүүгээ очтол мотоцикл алга болсон, мөн Д.Б байхгүй байсан...” гэсэн мэдүүлгүүд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Д.Б-г авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б-с хохирогч Э.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, авсан мотоциклоо өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 450,000 /дөрвөн тавин мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.Н