| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0052/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2021-07-09 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Ц.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух гэртээ мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Х банкны ... дугаартай дансаар гүйлгээ хийж, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед орон даяар хөл хорионд байсан хүн бүр гэртээ ажилгүй байсан учир олон нийтийн сүлжээгээр ийм төрлийн цахим тоглоом хонжвор аз турших зүйлүүд явагдаад байхаар нь гэртээ зүгээр сууж байхаар ийм төрлийн тоглоом тоглуулбал яадгийн гээд тоглуулсан юм. Би А гэсэн Х банкны ... гэсэн дугаартай дансаа сүлжээнд тавьж тоглуулсан юм. Тэгээд анх тоглуулж үзсэн болохоор хүн бага учир цаашаа нээх тоглуулаагүй юм. Тэгтэл миний явуулсан цахим тоглоом нь хууль бус байсан юм билээ. Тухайн үед миний дансанд 500,000-аас 600,000 төгрөг орж гарсан байх. Тухайн үеийн юмыг сайн санахгүй байна. Өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Анхнаасаа хууль бус байсныг мэдэж байсан бол уг тоглоомыг тоглуулахгүй байсан. Би олон удаа тоглуулж ашиг олсон зүйл байхгүй. Анх удаа тоглуулаад баригдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/,
- Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 3-р баг өөрийн гэртээ байх үедээ фейсбүүк оролдож байхад “А” гэх фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхлаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад байхаар нь Х банкны ... дугаарын дансанд 04 цаг 13 минутад 25,000 төгрөгийг өөрийн ... дугаарын данснаас шилжүүлэн мөрийтэй тоглосон. Тухайн үед би мөрийтэй тоглоом тоглоод мөнгө хожоогүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк дээр хэн гэдгийг нь мэдэхгүй нэг хүн Texas poker гэх тоглоомыг 25,000 төгрөгөөр тоглуулж байсан юм. Тэгэхээр нь би өөрийн Х банкны ..., Г банкны ... дугаарын хос дансны аль нэгээс нь тухайн тоглоом зохион байгуулж байсан хүний Х банкны данс руу /дансыг нь сайн мэдэхгүй байна/ 25,000 төгрөг шилжүүлсэн юм. Ингээд би уг 25,000 төгрөгөө алдаад дахиж тоглоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Хохирогч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4-р хороо 2- хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж өөрийн гэртээ байх үедээ фейсбүүкээр “А” гэх хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхлаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад байхаар нь Х банкны ... дугаарын дансанд 25,000 төгрөгийг шилжүүлэн мөрийтэй тоглосон. Тухайн үед би мөрийтэй тоглоом тоглоод мөнгө хожоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо үйлдвэр гудамж гэртээ байх үедээ фейсбүүк оролдож байхад “А” гэх фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхлаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад байхаар нь Х банкны ... дугаарын дансанд 25,000 төгрөгийг шилжүүлэн мөрийтэй тоглосон болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 03 цагийн үед фейсбүүк орчимд утсаар юм үзэж байхад А нэртэй хаягаас Texas гээд мөнгө данс руу шилжүүлж мөрийтэй тоглоом тоглуулж байгаа гээд шууд live хийгээд ороод ирсэн. Тэгээд нэг тоглоход 25,000 төгрөгөөр тоглодог гээд орж ирсэн. Тэгээд би тэр А нэртэй Х банкны ... тоот дансанд 25,000 төгрөг хийсэн тэгээд утсаар харж тоглодог юм байна лээ. Тэрийг харж байгаад тоглосон боловч мөнгөө алдсан. Тэгээд дахиж тоглоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,
- Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4-р багт байх гэртээ байж байхдаа фейсбүүкээр юм үзээд байж байтал мөрийтэй тоглоом явуулж байсан live харсан. Ингээд уг тоглоомыг нэлээн харж байгаад тоглоод үзье гэж санаад тухайн тоглоомыг явуулж байсан А гэсэн фейсбүүкийн эзэмшигчийн гэх ... дугаарын дансанд эхлээд 5,000 төгрөг хийгээд тоглосон ба нийтдээ 5 удаа орж тоглоод 25,000 төгрөг алдсан....” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-46/,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэн /даатгуулагч/-д нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 75-79 84/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Дээрх нотлох баримтуудаар Ц.А нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Х банкны ... дугаартай дансаар гүйлгээ хийж, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Ц.А-ны уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Г-н “...Би 2020 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө “А” гэх фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхлаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад байхаар нь Х банкны ... дугаарын дансанд 04 цаг 13 минутад 25,000 төгрөгийг өөрийн ... дугаарын данснаас шилжүүлэн мөрийтэй тоглосон...”гэсэн, хохирогч Г.Э-н “... Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк дээр хэн гэдгийг нь мэдэхгүй нэг хүн Texas poker гэх тоглоомыг 25 000 төгрөгөөр тоглуулж байсан юм. Тэгэхээр нь би өөрийн Х банкны ..., Г банкны ... дугаарын хос дансны аль нэгээс нь тухайн тоглоом зохион байгуулж байсан хүний Х банкны данс руу /дансыг нь сайн мэдэхгүй байна/ 25,000 төгрөг шилжүүлсэн юм. Ингээд би уг 25,000 төгрөгөө алдаад дахиж тоглоогүй...” гэсэн, хохирогч М.Х-н“...Би 2020 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө “А” гэх хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхлаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад байхаар нь Х банкны ... дугаарын дансанд 25000 төгрөгийг шилжүүлэн мөрийтэй тоглосон. Тухайн үед би мөрийтэй тоглоом тоглоод мөнгө хожоогүй...” гэсэн, хохирогч Б.Г-н “...Би 2020 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө “А” гэх фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхлаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад байхаар нь Х банкны ... дугаарын дансанд 25,000 төгрөгийг шилжүүлэн мөрийтэй тоглосон болно...” гэсэн, хохирогч Б.М-н “... А нэртэй хаягаас Texas гээд мөнгө данс руу шилжүүлж мөрийтэй тоглоом тоглуулж байгаа гээд шууд live хийгээд ороод ирсэн. Тэгээд нэг тоглоход 25,000 төгрөгөөр тоглодог гээд орж ирсэн. Тэгээд би тэр А нэртэй Х банкны ... тоот дансанд 25,000 төгрөг хийсэн тэгээд утсаар харж тоглодог юм байна лээ. Тэрийг харж байгаад тоглосон боловч мөнгөө алдсан. Тэгээд дахиж тоглоогүй ...” гэсэн, хохирогч Б.Д “...Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4-р багт байх гэртээ байж байхдаа фейсбүүкээр юм үзээд байж байтал мөрийтэй тоглоом явуулж байсан live харсан. Ингээд уг тоглоомыг нэлээн харж байгаад тоглоод үзье гэж санаад тухайн тоглоомын явуулж байсан А гэсэн фейсбүүкийн эзэмшигчийн гэх ... дугаарын дансанд эхлээд 5,000 төгрөг хийгээд тоглосон ба нийтдээ 5 удаа орж тоглоод 25,000 төгрөг алдсан....” гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Ц.А-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А-с хохирогч Д.Г, Г.Э, М.Х, Б.Г, Б.М, Б.Д нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.А-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н