Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

  Улсын яллагч: Г.Цогтмагнай,

  Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000920106 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 sдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Олхонууд овогт Отгонбаярын Цогмандах, ВК96041311 / регистрийн дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ц нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар баг “Бумбаны үзүүр” гэх газар Б.Мтой бэлчээрээс болж маргалдан улмаар харилцан зодолдож түүнийг толгойгоороо мөргөн мөн толгой тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр түүний эрүүл мэндэд тархи доргилт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч О.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн “Бумбаны үзүүр” гэх газарт малаа хариулаад явж байхад хонины сүүлд хонь хургалсан байхаар нь хургатай хонио авахаар очиход Б.М хүрч ирээд бид 2 хэсэг хугацаанд юм яриад суухад Б.М тойруугаар хэл амаар доромжлоод бид 2 хэсэг хугацаанд хугацаанд маргалдаж байгаад салаад би гэр лүүгээ явсан. Би гэртээ байх хугацаанд Б.Мын хэлсэн үгийг дотроо бодоод байсан чинь миний дургүй хүрээд гэнэт уур хүрч гэрээсээ Б.Мтой уулзахаар гарч явсан. Тухайн үед Б.М нь Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн “Бумбаны үзүүр” гэх газарт малаа хариулж явж байхад нь очоод Б.М бид 2 маргалдаж байгаад зодоон хийсэн. Б.М намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд зодсон юм. Б.М бид 2 дээр доороо орж ноцолдож байгаад би Б.Мын баруун талын хөмсөг орчим цохисон юм. Б.М миний зүүн талын шанаа хэсэгт 3-4 удаа цохисон. Бид 2 ноцолдож байхад Б.М намайг 3-4 удаа толгой руу өшиглөсөн. Б.М бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Эрүүл байсан. Би 2013 онд Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулийг барилгын өргөн мэргэжлээр төгсөөн. Би сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил хийгээгүй. 2017 оноос 2019 он хүртэл зуны улиралд хувийн уул уурхайн компанид ачааны машины жолоочоор ажиллаж байсан. Өвөл, хавраа байнгын мал дээр байдаг. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн “Бумбаны үзүүр” гэх газарт малаа хариулаад явж байхад О.Цын хоньтой манай хонь ойролцоо бэлчиж байхад О.Ц 2 малын дундуур мотоциклтэй орохоор нь би очиж мэндлэхэд О.Ц “Танай мал амьтны өвөлжөө, хаваржаа идээд тарган орсон байна” гэхээр нь би “Манай мал идэхээ идээд тарган орсон” гэж хэлээд бид хоёр өвөлжөө, хаваржаанаас болж хэрүүл маргаан хийж байгаад болиод явсан. Би малаа хариулаад явж байхад О.Ц гэр лүүгээ харьчхаад буцаад ирж уулзаад надад хэлэхдээ “Хоёулаа халз зодолдъё” гэхээр нь би “Үгүй” гэж хэлсэн. “Чи бид хоёр нэг нэгээс юу олох билээ дээ” гэж хэлээд О.Ц бид 2 маргалдаж байхад О.Ц мотоциклоос бууж ирээд миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохихоор нь би барьж авахад О.Цын дээлийн энгэр нь урагдсан. О.Ц намайг мөргөхөд би газарт унасан. Тэгсэн О.Ц миний дээр суугаад хэд хэдэн удаа миний нүүр, хамар луу цохисон. Бид 2 дээр доороо орж ноцолдож байгаад би О.Цын дээр нь гарсан боловч ноцолдож байгаад би дахиад доор нь орсон юм. Тэгээд О.Ц дахиж хэдэн хэдэн удаа цохиод бид 2 хэрүүл маргаан хийж байгаад салсан юм. Тухайн үед миний хамраас цус гарахаар нь цасаар нүүрээ угааж байхад О.Ц “Чиний бах чинь ханаж байна уу” гээд байхаар нь би юу ч дуугарахгүй чимээгүй байсан чинь О.Ц мотоциклоо асаагаад явсан. Тэгээд би малынхаа дэргэд хэсэг хугацаанд суухад толгой эргээд сонин болоод байхаар нь би гэр лүүгээ алхаж яваад гэртээ харихад эхнэр гэртээ байсан. Манай эхнэр Э.Т ээж, аав, эмнэлэг цагдаа нарт утсаар залгаад намайг “Хүнд зодуулсан” талаар хэлсэн юм байна лээ. 1500 цагийн үед байх манай гэрт эмч, цагдаа ирсний дараахан аав, ээж нар ирсэн. Эмч үзээд намайг сумын төвд очиж үзүүл гэж хэлээд явуулсан. Сумын төвд ирээд эмнэлэгт ирж үзүүлээд өвчин намдаах эм уугаад гайгүй болсон чинь гадуур хонуулсан. Тэгээд би маргааш нь аймаг руу О.Ц, ээж Д.Саран нарын хамтаар явсан. Баянхонгор аймгийн төвд рентген зураг авхуулаад мэс заслын эмчид үзүүлсэн... О.Ц өвөлжөө, хаваржааны маргаанаас болж намайг зодсон. О.Ц миний толгойг нэг удаа мөргөж, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. О.Ц бид хоёр 2020 оны намар өвөлжөө, хаваржаанаас болж маргалдаж байсан юм. Тэрнээс өөр хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. О.Ц бид 2 урьд өмнө нь цохиж, зодолдож байсан удаа байхгүй. О.Ц бид 2 ноцолдож байхдаа гараараа заамдаж аваад, түлхэхдээ хөлөөрөө нуруу хэсэгт өшиглөсөн юм. О.Ц бид 2 архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. О.Цын биед ил харагдах шарх сорви байгаагүй. О.Ц бид 2 хэрүүл маргаан хийж байхдаа би юу хэлснээ сайн санахгүй байна. Миний толгой өвдөж байна. Салгалдаг болоод байна. Өөр өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн рентген зураг, аптекаас авсан НӨАТ байгаа. Мөн Баянхонгор аймаг болон хөдөө гэрээсээ сумын төв рүү ирэхдээ шатахуун түгээх станцаас түлш, бензин авсан НӨАТ-ын 6 ширхэг баримт нийт 306.030 төгрөгийн баримт байгаа. Надад зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан арга хэмжээ авахад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал болон бусад зардлаа баримтын дагуу хохирлоо барагдуулмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42, 44-45 /

4. Гэрч Э.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Б.М нь миний нөхөр байгаа юм. Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг “Бумбаны үзүүр” гэх газарт гэртээ байсан. Манай нөхөр Б.М малдаа 1100 цагийн үед яваад 1600 цагийн үед гэртээ ирсэн. Б.Мыг хүнд зодуулсан байдалтай орж ирэхээр нь “Яасан юм вэ” гэхэд “О.Цтай зодолдсон” гэж хэлсэн. Б.М нь “Миний толгой өвдөөд байна” гэхээр нь би хадам аавд утсаар залгаад юу болсон талаар хэлсэн чинь удалгүй цагдаа, багийн эмч нар аваад гэрт ирсэн. Манай нөхөр Б.М надад хэлэхдээ “О.Ц намайг зодсон” гэж хэлсэн. Манай нөхөр Б.М гэрээсээ малдаа явахдаа ямар нэгэн шарх сорви байгаагүй. Манай нөхөр Б.М нь малдаа яваад 1600 цагийн үед гэртээ ирэхдээ баруун талын хөмсөг орчим хавдсан. Хамраас нь цус гарч хавдсан байснаас өөр мэдэгдэх шарх сорви байгаагүй. Манай нөхөр Б.М, О.Ц нар урьд өмнө нь хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Мөн цохиж, зодолдож байгаагүй. Манай нөхөр Б.М архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Эрүүл байсан...... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

5. Гэрч Ш.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Б.М нь миний төрсөн хүү байгаа юм. Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн “Бумбаны үзүүр” гэх газарт гэртээ байж байгаад 1200 цагийн үед ганцаараа машинаараа сумын төвөөс эхнэрээ авахаар яваад 1300 цагийн үед сумын төвд ирээд гадуур ажлаа эмхлүүлэхэд явж байгаад айлд очиж эхнэрээ авах гээд очсон чинь манай эхнэр “Б.М хонин дээрээ явж байгаад О.Цад зодуулсан байна” гэж хэлсэн. Манай эхнэр эмч, цагдаа нарт хэлсэн юм байна лээ. Би өөрийнхөө машинаар сумын төвөөс эхнэрээ аваад хүүгийнхээ гэрт очсон. Б.Мын гэрт нь ороход эмч цагдаа нар ирчихсэн байсан. Эмч нь Б.Мыг үзээд “Толгой нь хөдөлсөн байж магадгүй сумын төв руу авч ирнэ шүү” гэж хэлээд эмч цагдаа нар гэрээс гарч явсан. Тэгээд Б.М ээжийн хамтаар өөрийн машинаар сум төв рүү яваад эмнэлэгт ирсэн. Сумын төв эмнэлэгт очиж, эм тариа аваад айлд хоносон. Маргааш нь Б.М нь ээж болон О.Ц нарын хамтаар аймаг руу явсан. Тухайн үед Б.Мыг надад хэлэхдээ “Зүүн талын хөмсөгний орчимд цөмөрсөн байна” гэхээр нь хуруугаараа дарж үзэхэд цөмөрхий нь мэдэгдэж байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Б.М хэлэхдээ “Толгой өвдөж байна” гэж хэлсэн. Манай хүү Б.М надад хэлэхдээ “Толгой л өвдөж байна” гэж хэлсэн. 3 төрлийн эм ууж байгаа.. гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/    

6.Гэрч Л.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Баянхонгор аймгийн Галуут сумын эрүүл мэндийн төвд багийн эмчээр 6 сар ажиллаж байна. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байхад эрхлэгч эмч н.Ундармаа дарга утсаар залгаад “2 дугаар багийн нутагт хүнд зодуулсан дуудлага ирлээ. Чи цагдаагийн хамтаар яваад ир” гэж хэлсэн. Би Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн “Бумбаны үзүүр” гэх газар луу цагдаагийн хамтаар яваад Б.Мын гэрт нь очсон. Тухайн үед Б.Мын хөмсөгний яс нь цөмөрсөн, хамар нь хавдсан байснаас өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Б.Мын биеийн байдал гайгүй, үзэхэд орчиндоо харьцаатай, өөрөө хувцас хунараа өмсөөд бид нартай ярьж хөөрөөд, босож суугаад явж байсан. Зүрхний авиа тод, хэм жинг, зүрхний цохилт 1 минутад 76 удаа, даралт 110/120, 120/180, уушиг цулцангийн амьсгалтай байсан. Би Б.Мыг үзэхэд биеийн байдал хэвийн байсан учраас эмчилгээ хийгээгүй. Шууд сумын төв рүү явуулсан. Тухайн үед надтай цуг явсан цагдаа Б.Моос хэнд зодуулсан талаар асуухад Б.М хариулахдаа “О.Цтай өвөлжөө, хаваржаанаас болж хэрүүл маргаан хийж байгаад зодуулсан” гэж хэлж байсан. Би Б.Мыг үзээд тодорхойлолт бичиж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 152 дугаартай шинжээчийн:

1. Б.Мын биед тархи доргилт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй”....гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Ц нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар баг “Бумбаны үзүүр” гэх газар Б.Мтой бэлчээрээс болж маргалдан улмаар харилцан зодолдож түүнийг толгойгоороо мөргөн мөн толгой тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр түүний эрүүл мэндэд тархи доргилт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.М, гэрч Э.Т, Ш.Б, Л.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 152 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокурорын газраас шүүгдэгч О.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан ялаас чөлөөлж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ялаас чөлөөлөх ойлголт нь шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх талаар заасан бөгөөд шүүх уг ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэхдээ шүүгдэгчид тухайн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж уг ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээг хэрэглэж ойлгох нь зүйтэй юм.

Шүүх шүүгдэгч О.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Хэрэгт шүүгдэгч О.Цын “Рэдми 9” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч О.Цад буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч О.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Цыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч О.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Цад зургаан / 06 / сарын хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч О.Ц нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай..

6. Шүүгдэгч О.Ц нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч О.Цын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч О.Цад буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ