| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00537/И |
| Дугаар | 00537 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 00537
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2017/00537 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 19-03 тоотод оршин суух, РЭ61090565 дугаар регистртэй, Өвөр тогоруутан овогт Аюушжавын Алтангэрэлийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2017/00436/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч А.Алтангэрэл нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд 10 дугаар анги төгсөж, 1980 оноос эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуйн үйлчилгээний комбинатад дагалдан оёдолчноор ажилд орсон. Түүнээс хойш тус байгууллагадаа оёдолчноор тасралтгүй ажиллаж байсан. 1990 онд өмч хувьчлал явагдаж “Өлзий утас” хоршоолол болж байгуулагдахад мөн тэнд 1995 он хүртэл үргэлжлүүлэн ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн зэргийн шалгалт өгч, зэрэг ахиулан ажиллаж байсан. Зэргийн шалгалтыг 3-4 жил оёдолчноор ажиллаж байгаад өгч, тэнцсэн тохиолдолд зэрэг ахиж ажилладаг байсан. Тухайн үед авч байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, миний анх 1980 онд ажилд орсон тушаал олдохгүй зэрэг байдлаас шалтгаалан ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул миний Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагалдан оёдолчин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Алтангэрэл нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Алтангэрэл Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагалдан оёдолчин, оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “1. НААҮ-ийн яамны байнгын курст оёдолчны мэргэжил олгохоор Аюушжавын Алтангэрэлийг суралцуулсугай. 2. А.Алтангэрэлд ирэх очих замын зардлыг тооцож олгохыг санхүү /н.Галсанцэрэн/-д зөвшөөрсүгэй” гэх бичилттэй “Курст суралцуулах тухай” №02 дугаартай тушаалын архивын хуулбар, 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “1. Доорх ажилчдын 1983 оны ээлжийн амралтыг 9-р сарын 1-нээс эхлэн тогтоосон хоногоор тооцож олгосугай... 15. Аюушжавын Алтангэрэл-оёдлын ажлын 18 хоног...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” №142 дугаартай тушаалын архивын хуулбар, 1984 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Доорх нэр бүхий ажилчдыг 1984 оны ээлжийн амралтыг 5-р сарын нэгнээс эхлэн тогтоосон хоногоор тооцож олгосугай... Аюушжавын Алтангэрэл оёдолчин, ажлын 18 хоног...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” №73 дугаартай тушаалын архивын хуулбар, 1986 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Дараахь ажилчин албан хаагчдын 1986 оны ээлжийн амралтыг 5-р сарын 15-наас эхлэн тогтоосон хоногоор олгосугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” №91 дугаартай тушаалын архивын хуулбар болон тус тушаалын “овог нэр: Аюушжавын Алтангэрэл, албан тушаал: оёдолчин, амралтын хоног: 18 хоног, нэмэгдэл хоног =...” гэх бичилттэй хавсралтын нэрийн жагсаалтын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “1. Оёдлын 1-р цехийн оёдолчин Аюушжав овогтой Алтангэрэл нярай хүүхдээ асрах чөлөө олгохыг хүсэж материалаа бүрдүүлж ирүүлсэн учир 1989 оны 8 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 26-ныг хүртэл чөлөө олгосугай...” гэх бичилттэй “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” Б-284 дугаартай тушаалын архивын хуулбар,
НААҮ-ний яамны байнгын курсын захиргаанаас олгосон “байнгын курсийн захиргааны 1983 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр тушаалаар захиалга, хувцас оёдолчин мэргэжлээр хоёрдугаар зэрэг олгов”, “1988 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 129 дүгээр тушаалаар оёдолчны гуравдугаар зэрэг олгов” гэх бичилттэй мэргэжлийн зэргийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, А.Алтангэрэлийн 1983 оноос 1986 оны үнэлэлт “сайн” гэх бичилттэй Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний тайлан авах хуудас, 1980 он, 1981 он, 1982 онд Ахуйн үйлчилгээний хамт олонтой авахуулсан гэрэл зургууд,
Гэрч Д.Цэцэгмаагийн “...А.Алтангэрэл бид хоёр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчин хийж байсан. А.Алтангэрэл нь 1980 оны 3, 4 сарын үед орж ирж ажиллаж байсан. Эхлээд дагалдангаар орж 21 хоног ажиллаад, жинхэлдэг, тэгээд оёдлын зэрэг авдаг байсан. 1991 он хүртэл хамт ажиллаж байсан... Тасрахгүй ажиллаж байсан... Оёлдлын 1, 2 дугаар цехтэй байсан. Бид 1 дүгээр цехэд ажилладаг байсан. 2 ээлжтэй байсан. Дандаа хувцасны захиалгаар оёдог байсан. Захиалга өгсөн хүмүүсийн хэмжээг авч бэлэн хувцас оёдог байсан... Би 1980 оноос 1983 онд Алтангэрэлийн ээлжинд оёдлын мастер хийж байсан юм... Би 1976 оноос оёдолчноор эхлэн ажиллаж байсан. 1980-1983 онд оёдлын ээлжийн мастер хийж байсан. 1991 он хүртэл оёдолчноор тасрахгүй ажилласан. А.Алтангэрэл бид нэг ээлжинд гарч ажилладаг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Тунгалагийн “...Би өөрөө 1977 онд төгсөж ирээд ажилласан. Надаас хойш Ахуйн үйлчилгээнд орж ирж ажилласан... 1979 онд 10 дугаар анги төгсөөд тэгээд сургуульд яваагүй дагалдангаар орж ажилласан юм... Бэлэн хувцас захиалгын хувцас оёдог байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өвөр тогоруутан овогт Аюушжавын Алтангэрэлийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагалдан оёдолчин, оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА