| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0134/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/129 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: О.Б, түүний өмгөөлөгч Д.Мэндээ
Шүүгдэгч: Р.Ц, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004980064 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар *******-тай.
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, / Регистрийн дугаар *******-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч, Р.Ц 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5-6 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Савх гэх газарт байх Баянхонгор аймгаас Говь-Аптай аймаг чиглэлийн асфальтан замд улсын дугаартай Кран маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчин ******* овогтой Бн жолоодож ******* улсын дугаартай Хюндай Соната 7 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Б гэгч нь нас барсан буюу Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5-6 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Савх гэх газарт байх Баянхонгор аймгаас Говь-Аптай аймаг чиглэлийн асфальтан замд ******* улсын дугаартай Хюндай Соната 7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин Р.Цын жолоодож явсан 1 улсын дугаартай Кран маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Б гэгч нь нас барсан буюу Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Р.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Машины дугуйны үнэлгээ болох 200.000 төгрөг нэхэмжилж байна.. Өвөрхангай аймгаас өөрийнхөө эзэмшлийн 1 улсын дугаартай “Кран” маркийн тээврийн хэрэгслээр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ганцаараа Баянхонгор аймаг руу гарсан юм. Баянхонгор аймаг руу ирэх болсон шалтгаан гэх юм бол Бөмбөгөр суманд байсан краныг ачиж Баянхонгор аймагт авчрах гэж байсан юм. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ний шөнийн 23 цагийн орчимд тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод Бөмбөгөр сумаас Баянхонгор аймаг руу гарсан юм. Миний кабинд Д гэх эмэгтэй хүүхдийн хамт дайгдсан юм. Одоо цагийн сайн хэлж мэдэхгүй байна. Багцаагаар хэлэх юм бол үүрийн 05-06 цагийн хооронд байх гадаа гэгээ ороогүй харанхуй байсан. Осол болсон гэх газар луу ирэхэд машины их гэрэл нь бүдгэрээд эхэлсэн тэгэхээр нь хазаа хассан чинь машин унтарсан. Тэгэхэд би замын зөв урсгалаар буюу баруун гар талаа бариад явж байсан болохоор тус урсгалд машин яг унтрахгүйгээр өнхрөөд явж байсан юм. Тус газар нь эгцхэн, тэгшхэн газар байсан юм. Тэгэхээр нь өөрийнхөө явж байсан баруун гар талын урсгал руу гарч машинаа байрлуулах гэсэн чинь тус хэсгээр өндөр ховил харагдаад байхаар нь замын нөгөө талыг харсан чинь гайгүй намхан харагдаад байхаар нь тийшээ орохоор зүүн тийшээ үрүүлээ мушгиад орсон чинь өндөр ховил байхаар тоормосоо гишгээд машинаа зогсоосон. Тэгээд машины аваарыг асаачхаад буугаад дугуйнуудад нь чулуу тавиад юмнуудын шалгаж үзээд, краны ачаанд байсан тэмдэглэгээг авах гээд явж байсан чинь тас няс гэсэн дуу чимээ гарсан ба би кранд цохиулж хол шидэгдсэн байсан юм. Нэг ухаан орсон чинь машинаас нэлээн зайдуу газарт хэвтэж байсан юм. Босоод ойр орчмоо харсан чинь миний машины арын өнцгийг машин ирээд мөргөсөн байсан. Мөн тэр машины жолоочийн толгойноос нь цус гарсан машиныг тойроод гүйгээд байсан юм. Тэгээд зарим нэг хүмүүс эмнэлэгт хүргүүлсэн. Удаагүй цагдаа нар ирж шалгалтын ажиллагааг явуулсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 39, 43-44/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ц мэдүүлэхдээ: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас 1057 улсын дугаартай машинаар Баянхонгор аймаг руу явж байсан. Гарцын наахан талд унтарчихсан тэгээд шааригдаж явж байгаад зүүн тийшээ дараад замаас гаргах гэтэл замын ховилтой байхаар нь баруун тийш нь дарсан чинь хөндлөн ховил таараад зам хөндөлдөөд зогссон. Машинаасаа буугаад дугуйн доороо чулуу олж ивчихээд кузов дээрээ гарч аваарын тэмдгээ авах зуур тас гэх чимээ гарсан. Би 7 метр шидэгдсэн байсан, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Машинд хүүхэдтэй хүүхэн байсан. Явж байгаад унтарсан болохоор нь замаас гаргах санаатай дарсан чинь машин унтарсан байсан учраас ховилоо давалгүй зам хөндөлдөөд зогссон. Замд явж байхад машин гүйцэт түрүүлж байсан. Би тэгж зогсоогүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Би хоёр хүүхдийн аль болох тусалж дэмжиж амьдарна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Шүүгдэгч О.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Машиныхаа үнэлгээ болох 6.800.000 төгрөгийг нэхэмжилж байна...2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 16 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу гарсан юм. Тус тээврийн хэрэгслийг сая Улаанбаатар хотод очихдоо худалдан авсан юм. Улаанбаатар хотоос тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод төрсөн эгч /талийгаач/ Б болон түүний хоёр хүүхдийг авч гарсан юм. Талийгаачийн хувьд урд суудалд араа суугаад хоёр хүүхэд нь хойно сууж явсан юм. Улаанбаатар хотоос гараад Баянхонгор аймгийн төв рүү ирэхэд шөнийн 02 цаг болж байсан юм. Тэгээд колонк дээр зогсоод газ авчхаад хөдлөөд “Нарийны гүүр” хүртэл яваад тэнд очиж амарсан юм. Тийшээ 02 цаг өнгөрч байхад очоод 04-05 цаг хүртэл байх машинаа унтраачхаад амарсан юм. Тэгсэн талийгаач даараад байна явъя гэхээр нь машинаа асаагаад хэсэг нормалдаж сууж байгаад хөдөлсөн юм. Нарийны гүүрэнд байх айлуудад орж хоноогүй харин машин дотор унтаж амарсан юм. Тэгээд тэндээс хөдлөөд 8-10 км явсан байх. Замдаа явж байхад нэг машин зөрөхөөр нь гэрлээ ойрд шилжүүлсэн юм Ойрд шилжүүлээд буцаад хол руу шилжүүлээгүй явж байсан чинь гэнэт зам дээр хөндлөн зогсож байгаа машин харагдахаар нь тулж орж ирээд тоормос гишгэж явж байсан урсгалын нөгөө зүг рүү дараад эсрэг урсгал руу ороход зогсож байсан машины тэвшний үзүүрийг буруу талаараа мөргөж зогссон юм. Тэгээд нэг харсан чинь талийгаач машины урд талд чихэгдэж толгойноос нь цус гарсан ерөнхийдөө нас барсан байсан. Хойно сууж байсан 2 хүүхэд нь ээжийн толгойноос цус гарсан байна гээд уйлаад байсан. Нөгөө том тэрэгний жолооч болохоор цаанаас нь наашаагаа алхаад ирж байсан. Тэгээд аймгийн эмнэлэг рүү хүргүүлсэн юм. Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүгдийн зөвөөр мэдүүлсэн учир одоо нэмж хэлэх зүйл алга байна. Патрол байх би харахдаа жийп маркийн тээврийн хэрэгсэл гэж харсан юм. Тус тээврийн хэрэгсэлтэй зөрөхдөө би холын гэрэл ойр луу шилжүүлээд дөнгөж зөрөөд тухайн машинтай мөргөлдсөн юм. 78 км цагийн хурдтай явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42, 45-46, 186/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соната 7 маркийн 3970 улсын дугаартай машин аваад төрсөн эгч болон 2 хүүхдийнх нь хамт Говь-Алтай аймаг руу явж байсан. Шөнийн 04 цаг 30 минутын орчим нарийны гүүрэн орчим унтаж байгаад цааш хөдөлсөн. Явж байхад урдаас нэг жийп машин гараад ирсэн. Гэрлээ шилжүүлээд буцаагаад шилжүүлэх явцад урдаас машин орж ирээд би эсрэг урсгал руу дарсан. Машины урд хэсгээрээ мөргөлдөөд эгч нас барсан, Энэ талийгаач нь манай төрсөн эгч байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Талийгаачийн хоёр хүүхдийн тэжээн тэтгэх асуудал дээр анхаарч байгаа. 2009 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Гэм буруугаа үлээж харамсаж байна. 78км цагийн хурдтай явж байсан. Өөдөөс ирсэн машин гэрлээ шилжүүлээгүй байсан болохоор зөрөөд гараад ирэхэд тэр машин гараад ирсэн. Ямар ч анхааруулах тэмдэг тавиагүй байсан. Миний урсгалыг хаагаад хөндлөн зогссон байсан гэв.
5. Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөөний 08 цаг 30 минутад Б утсаар залгаад “Баянхонгор аймгийн нутгаар явж байгаад осолд ороод эгч газар дээрээ өнгөрчихлөө би хоёр хүүхэдтэй нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байна” гэж ярьсан байсныг бид нарт дамжуулсан юм. Би өөрөө цуг яваагүй болохоор ослын талаар тодорхой мэдэхгүй байна. Б хэлэхдээ “нөгөө жолоочийг замын хааж зогссон байсан ямар нэгэн анхааруулах ослын тэмдэгт байрлуулаагүй” гэж хэлсэн юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
6. Насанд хүрээгүй хохирогч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... .Улаанбаатар хотоос гараад осол болсон газар хүртэл тээврийн хэрэгслийг О.Б ах жолоодож явж байсан. Талийгаач ээж маань болон Б ах хоёр хоёулаа хамгаалалтын бүсээ зүүсэн байсан. Ээж, Б ах хоёр урд талын суудалд харин би арын суудалд зүүн талд, харин миний ах Б.Э арын суудлын баруун талд сууж явж байсан. Явж байхад гэнэт зам дээр Улаанбаатар хотоос болон Баянхонгор аймгаас ирж байсан урсгалыг тэр чигээр нь хаачихсан байдалтай манай ах ийн өргөдөг крантай Маяти маркийн машинтай адилхан саарал өнгийн машиныг манай сууж явсан машин урд талаараа мөргөсөн. Тэгээд манай ах Б ах машинаасаа бууж очоод нөгөө машины жолооч ахад “та яаж байгаа юм бэ” гэж хэлсэн ба манай ээж ухаан алдчихсан байсан... Тэр зам дээр зогсож байсан машины толгой хэсэг буюу хүн суудаг хэсэг нь Баянхонгор талаасаа ирэх замын хойшоогоо харчихсан, харин сүүл хэсэг нь Говь-Алтай аймгаас ирэх замын урд хэсэг рүү харчихсан яг зам дээр тэг хөндлөн хааж зогсчихсон байсан. Тэр машин бас аваарын гэрэл буюу улаан гэрлээ асаагаагүй байсан. Өглөөний 05 цагийн үед гадаа харанхуй зам дээр ямар нэгэн гэрэл асаж харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/
7. Насанд хүрээгүй хохирогч Г.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би талийгаач ээж, ах Б, дүү Э нарын хамт Баянхонгор аймгийн засмал зам дээр Говь-Алтай аймаг руу Б ахын Соната 7 маркийн саарал өнгийн машинаар явж байсан. Би машины жолоочийн урд талын суудал дээр сууж явж байсан. Би Улаанбаатар хотоос гараад унтаад явж байсан бөгөөд гэнэт сэрсэн чинь саарал өнгийн том өргөдөг крантай Маяти машины сүүл хэсгээр мөргөөд жаахан зайтай зогсчихсон байсан. Тэр Маяти машин зам дээр хөндлөн зөндөө машин явах замыг хаачихсан зогсож байсан. Тэгээд намайг сэрэхэд машины дээвэр нь авагдчихсан, урд талын шал нь бүр хойд талын суудал руу ирчихсэн байсан... Намайг сэрэхэд гадаа харанхуй байсан. Манай машины гэрэл асаалттай, харин нөгөө машины гэрэл асаагаагүй унтраалттай байсан. Машиныг манай ах Б жолоодоод явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,
8. Хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...О.Б болон талийгаач *******ы Б нь миний төрсөн эгч Балжиннямын Байгальмаагийн хүүхдүүд юм. Одоо миний асрамжид талийгаач О.Бийн хоёр хүүхэд болох Б.Э болон Б.Э нар байгаа. Дүү Б яриагаар тэд нараас сонссоноор 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүрийн 4-5 цагийн хооронд Баянхонгор аймгаас Говь-Алтай руу явж байтал зам дээр өргөн крантай маяти маркийн тээврийн хэрэгсэл зам хаагаад хөндлөн байдалтай толгой хэсэг нь хойшоогоо сүүл талынхан Говь-Алтай талаас ирэх замыг таллаад хаачихсан байдалтай байсан гэж хэлсэн. Мөн тэр маяти машин ямар нэгэн аваарын гэрэл, ачаагүй, цацруулагч ямар ч гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан гэсэн. Тэгээд дүү маань машины гэрлээ асаагаад явж байсан гэсэн. Тэгээд дүү маань машины гэрлээ асаагаад явж байгаа тэр хөндлөн зогссон машиныг очоод мөргөснөөс болоод миний дүү О.Б газар дээрээ нас барж, мөн түүний охин Б.Э нүүр, хөл нь зулгарч гэмтсэн байна лээ. Мөн дүү О.Б толгойноосоо цус алдсан гэсэн. Улмаар осол болсон гэдгийг сонсоод Улаанбаатар хотоос 5 машинаар 20 гаруй хүн Говь- Алтайд очиж, ажил явдлыг дуусгаад, осол болсон газрыг Улаанбаатар хотоос явж байхдаа очиж үзсэн. Бид нарыг осол болсон гэх газар очиход машинуудыг авчихсан байсан ба манай дүү О.Бгийн хэлснээр нөгөө машины жолооч зам хааж ямар ч тэмдэглэлгүй зогссоноос болоод осол гарчихсан. Манай дүүгийн машинаас гадна өөр машин тэр замаар зорчсон бол бас л мөргөх аюултай байдалтай байсан гэсэн. Одоогоор 2 хүүхдийн асран хамгаалагчаар байгаа албан ёсоор үрчилж аваагүй. Гомдолтой байна. Бүхэл бүтэн хүний амь аваад явлаа...гэх мэдүүлэг /хх-ийн 58-65/
9. Гэрч Х.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 10-р сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд байж байгаад Баянхонгор аймаг руу ирэхээр болоод унаа сураад Р.Ц гэх хүнд зээ бид хоёр кабинд нь суугаад хөдөлсөн. Тухайн жолоочийг урд нь таньдаггүй байсан. Машинд суугаад ерөнхийдөө унтаад явж байсан. Нэг сэрсэн чинь машин зогсчихсон байсан ба ямар учраас зогссон талаар асуухад “машин эвдэрчихлээ” гэж хэлсэн. Мөн “замын уулзварыг давсан байна” гэл үү тиймэрхүү юм яриад байсан. Тэгээд эргээд зээгээ тэврээд унтаж байсан чинь машинд “түс, тас” чимээ гараад машин бүүр хөдөлсөн юм. Машины цонхоор харахад машин ирээд мөргөсөн байсан. Сүүлд нь миний сууж явсан машинд нөгөө машинд сууж байсан 2 хүүхдийг авч ирээд суулгасан. Тэгээд бид нарыг Баянхонгор аймгийн эмнэлэг рүү хүргэж өгсөн юм. Тухайн газар багцаагаар хэлэх юм бол 20 орчим минут зогссон байх.... гэх мэдүүлэг /47-48/
10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 629 дугаартай шинжээчийн:
1. Р.Цын биед тархи доргилт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 72-73/
11. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 614 дугаартай шинжээчийн:
1. Б.Эын биед тархи доргилт, зовхи, хацар, дээд уруул, доод эрүүнд зулгаралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 77-78/
12. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 613 дугаартай:
1. О.Бн биед тархи доргилт, зүүн чамархайд шарх, баруун хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 80-81/
13. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 100 дугаартай
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Авто осол. Гавал ясны хэлбэр алдагдаж, гавлын дух яс, хуйх, тархины эдийн дутагдал бүхий ил гэмтэл. Духны хугарлаас гавлын орой ясны баруун зулай, мөн гавлын суурь ясны турк эмээл, баруун, зүүн дунд хонхрын чулуулаг ясны дагуу явж дагзны хэсэгт холбогдсон тойрог хэлбэрийн шугаман хугарал, нүүрний яс, шүд, түүшин сэртэнгийн олон нийлмэл хугарал. Их тархины эдийн голомтлог няцрал. Их, бага тархины эдийн тархмал аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуун дух, зулай, чамархай, 2 талын уушигны доод дэлбэн, үнхэлцэг хальсны гадаргуугийн цус хуралт. Өвчүү ясны хугарал. Дух, дагзанд шарх, хацар, уруул, доод эрүү, сарвуунд зулгаралт.
Дүгнэлт:
1. Талийгаач О.Бийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.
2. Талийгаач нь гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
3. Талийгаач О.Бийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаачийн цогцос хөрсөн, хөшилт болон хүүрийн толбо үүссэн зэрэг нас барсны баталгаат шинжүүд илэрсэн байна.
5. Талийгаач цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр спиртний зүйл илрээгүй болно.
6. Талийгаачийн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна... гэх дүгнэлт /хх-ийн 88-91/
14. Техникийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Содномдаржаагийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай:
1. Тухайн зам тээврийн осол нь ******* улсын дугаартай Хюндай Соната 7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* овогтой Б /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна.
2. 1 улсын дугаартай “Кран” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р.Ц /РД:*******/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Тухайн зам тээврийн осол нь ******* улсын дугаартай Хюндай Соната 7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалтыг 1 улсын дугаартай “Кран” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р.Ц /РД:*******/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
4. Зам тээврийн осол гарахад тухайн зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
5. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд ******* улсын дугаартай “Хьюндай Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* овогтой Б /РД:*******/ нь 2009 оны 09 дүгээр 13-ны өдөр жолооч болсон ба ВССЕ ангиллын 581874 дугаартай тээврийн жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
1 улсын дугаартай “Кран” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р.Ц /РД.*******/ нь 2007оны 02 дугаар сарын 07-ны жолооч болсон ба В ангиллын 1145592 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй байна....” гэх дүгнэлт /хх-ийн 93-94 /,
15. Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21/02 дугаартай:
... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн байранд Авто тээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийн инженер Д.Баттулга нь “Баянхонгор аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлийн асфальтан хучилттай замд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн осол гарч улмаар ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан *******ы Б гэгч нь нас барсан” гэх хэрэгт 1 улсын дугаартай ачааны автомашинд шинжээчийн дүгнэлт гаргахдаа мөрдөгчийн тавьсан асуултад хариулт өгөх замаар дүгнэлтийг бичив.
Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Цын жолоодож явсан Ниссан маркийн Кондор загварын 1 улсын дугаартай Япон улсад 1987 онд үйлдвэрлэгдэж 2008 оны 5 дугаар сард Монгол улсад орж ирсэн СМ87Н03962 арлын дугаартай цагаан өнгөтэй ачааны зориулалттай автомашинд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 50 минутаас 16 цаг 07 минут хүртэл V N34598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МЫ55011:2020“Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар”шинэчилсэн стандартыг мөрдлөг болгон шалгалаа.
1.Ниссан Кондор маркийн 1 улсын дугаартай ачааны автомашин нь FЕ6-Т загварын 6925 куб.см ажлын эзлэхүүнтэй дизель хөдөлгүүрээр тоноглогдсон, одометрийн заалтаар 276853 км гүйлттэй, 225/90К17хэмжээтэй дөрвөн улирлын шинэвтэр дугуйтай, бүх дугуйнуудын хээний р/н нь газарт тулах хэсгээрээ 0 мм-ээс дээш буюу тогтоосон хэмжээнээс их, хээний элэгдэл багатай, зүүн, баруун их гэрлийн холын тусгал, урд талын жижиг гэрлүүд, асахгүй байснаас гадна хойд талын бүх гэрэл, дохионууд ажиллахгүй байлаа.
Автомашиныг тус төвд ашиглагдаж байгаа ЕWJ92200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад -15.1мм/метр, урд, хойд ажлын тоормос, зогсоолын тоормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тоормосны дөрөөн дээр гишгэж, гар тоормосны хөшүүргийг татаж шалгахад, урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 9,9 кН, баруун талдаа 10.2кН, хүчний зөрүү 3.0 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 9.0 Кн, баруун талдаа 8.6 кН буюу хүчний зөрүү нь 4.5 хувь, зогсоолын тоормосны идэвхжил зүүн талын хойд дугуйнд 0.8 КН, баруун талын хойд дугуйнд 2.0 КН хүчний зөрүү нь 60.0 хувь байлаа.
2.“Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт -15.1мм/м байгаа нь стандартаар тогтоосон хэмжээ 5 мм/м-ээс их буюу урд тэнхлэгийн тохиргоо алдагдаж дэрвийлттэй болсон, урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү нь 3.0 хувь буюу 20 хувиас бага, жигд ажиллагаатай, хойд тэнхлэгийн дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү 4.5 хувь буюу стандартад заагдсан 30 хувиас тус тус бага байгаа нь урд, хойд тэнхлэгийн дугуйнуудын ажлын тоормос бүрэн ажиллагаатай болох нь тогтоогдлоо.
Харин зогсоолын тоормосны ажиллагааг стенд дээр шалгахад зүүн талын хойд дугуйн дээр тоормослоогүй, баруун хойд талын дугуйнд тоормос барьж байгаа боловч\ хүчний зөрүү ихтэй 60.0 хувь байгаа нь зогсоолын тоормосны ажиллагаа бүрэн бус байна. Жолооны хүрдийг инженерийн ур чадварт тулгуурлан эргүүлж үзэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 градусаас бага, ямар нэгэн гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байв. Дуут дохио нь ажилгүй байлаа.
Бүх дугуйнуудын хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 1.0 мм-ээс их буюу замын хөдөлгөөний дүрэмд заагдсан ачааны автомашинд тавигдах шаардлагыг хангаж байна.
Автомашины их гэрлийн хол, ойрын тусгалыг шалгахад, холын гэрэл байхгүй байгаа нь тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” МQD-ЗС загварын багажаар гэрлийн хүчийг тодорхойлох боломжгүй байв.Ойрын гэрэл, урд талын эргэх чиг заадаг гэрэл дохио нь ажиллагаатай байлаа.
Автомашины гадна талын гэрэлтүүлэх хэрэгслүүдээс холын гэрэл, урд, хойд талын оврын буюу жижиг гэрэл, ар талын эргэх чиг заадаг гэрэл дохио, тоормосны гэрэл, улсын дугаарын гэрлүүд бүгд ажилгүй болсон байлаа.
Суваг дотор орж автомашины явах ангийн ажиллагааг шалгахад тулгуур эд ангиудад ямар нэгэн гэмтэл байхгүй байв. Урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байх нь зам, тээврийн осол болсон тухайн тохиолдолд нөлөөлөхгүй.
Хэдийгээр автомашины ажлын тоормос, жолооны механизмын ажиллагаа сайн байгаа боловч гадна талын гэрэлтүүлэх хэрэгслүүд, ялангуяа оврын буюу жижиг гэрэл ажиллахгүй байх нь харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замын хөдөлгөөнд оролцох, түүнчлэн зам дээр зогсох үед жолооч дээрх гэрлүүдийг асаадаг, хэрэв эдгээр нь ажиллахгүй байвал тухайн тээврийн хэрэгсэл бусад хөдөлгөөнд оролцогчдод алсаас харагдахгүй болж зам тээврийн осолд хүргэх аюултай.
3.10-51УБН улсын дугаартай автомашин нь хамгийн сүүлд Булган аймгийн Автотээврийн төвд техникийн хяналтын үзлэгт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орж тэнцэж байжээ./Дүгнэлтийн хуудсыг хавсаргав./ Энэхүү автомашин нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тосгоны 5-60 тоотод оршин суугч ийн ийн нэр дээр бүртгэлтэй байна.
2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ниссан Кондор маркийн 10-51УБН ачааны зориулалттай автомашины ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тоормосны хэмжээ, зогсоолын тоормос, бусад нэмэлт хэрэгслүүд, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгасан шинжээчийн дүгнэлтийг 02 дугаар сарын 26-ны өдөр бичиж хүргүүлэв.
Уг автомашиныг суурин тоног төхөөрөмжөөр техникийн байдлыг шалгасан ‘Дүгнэлтийн хуудас”-1ш, Булган аймгийн Авто тээврийн төвд 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр техникийн үзлэгт орж байсан үеийн “Дүгнэлтийн хуудас"-1ш автомашины ерөнхий байдлыг 4 талаас нь авсан гэрэл зургийг тус тус хавсаргав....” гэх дүгнэлт /хх-ийн 102-104/,
16. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаар шинжээчийн:
...Эд зүйлийн нийт үнэ цэнэ 7.000.000 /Долоон сая/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 97/,
17. Техникийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар:
... Хариулт:1. Р.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн “В’ ангиллын 1145592 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
Хариулт 2. Р.Цын жолоодож явсан “Nissan Condor” маркийн /10-51УБН/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “С” ангиллын тээврийн хэрэгсэлд багтана.
Хариулт. Р.Цын жолоодож явсан “Nissan Condor " маркийн/10-51УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний жолоодох эрхийн 1145592 дугаартай “В” ангиллын үнэмлэхээс ангилал зөрүүтэй байна. Иймд Р.Цод Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.7.1-д зааснаар /Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ арга хэмжээ авах үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осол болоход Р.Цын ангилал зөрүүтэй байгаа нь осол болоход нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
Хариулт: 4. Авто тээврийн төвийн шинжээч Д.Баттулгын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан №21/02 дугаартай дүгнэлтэд “....Автомашины гадна талын гэрэлтүүлэх хэрэгслүүдээс холын гэрэл, урд, хойд, талын оврын буюу жижиг гэрэл, ар талын эргэх чиг заадаг гэрэл дохио, тоормосны гэрэл, улсын дугаарын гэрлүүд бүгд шилгүй болсон...” гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар /оролцогч нарын мэдүүлэг/ Р.Цын бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлтэй байна. Тодруулбал осол нь өөрөө гэнэтийн бөгөөд аливаа жолоочийн хариуцлага, тээврийн хэрэгслийн бүрэн бус ‘байдал зэрэг нь осол гарахад шууд нөлөөлдөг үндэслэлтэй. Р.Ц нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7-14 дэх хэсэгт заасан /Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэх заалтыг зөрчсөн байна. Хэдий Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах зөрчлийн шинжтэй үйлдэл боловч тухайн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариулт: 5. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно... гэх дүгнэлт /хх-ийн 112-113/
18. Техникийн шинжээч Д.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлтийг гаргахад эхэлж ерөнхий байдал. буюу гадна тал, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгадаг. Ингэхэд тухайн тээврийн хэрэгслийг асаасны дараа гэрэлтүүлэх хэрэгслүүдийг жолоочийн өөрөөр нь асаалгаж үзэж байж дүгнэлтийг гаргадаг. Манай дээр холын гэрлийн хүч, тусгал /хэвтээ, босоо тэнхлэгт/ зэргийг багажаар шалгаж дүгнэлтэд тусгадаг юм. Тус тээврийн хэрэгслийн холын гэрэл нь ажиллагаагүй байсан учир хүч, гэрлийн тусгалыг тусгаагүй болно. Гэрлийг хэзээнээс, ямар шалтгааны улмаас асахаа байсныг тогтоох боломжгүй /Нүдэнд ил харагдах ослын улмаас эвдрэл үүсээгүй л бол/ Тухайн Тээврийн хэрэгслийн гэрлүүд огт асахгүй байсан. Хэдий монголчлоод янзалсан ч асаж байвал дүгнэлтэд асаж байгаагаар нь тусгадаг юм. Урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байсан. Гар карданы ажиллагаа /зогсоолын тоормос/ бүрэн бүс байсан. Ерөнхийдөө дүгнэлтэд тодорхой тусгасан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/202 дугаар Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох тухай захирамж /хх-ийн 56/, талийгаачийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 57/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141-142/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 155/, Р.Цын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /хх-ийн 156/, Р.Цын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 158/, зарлагын баримт /хх-ийн 217-222/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 151/, Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Баянхангай багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 161/, шүүгдэгч О.Б хүүхэд , нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 163-164/, Хохирогч Б.Агийн гэм хорын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл /хх-ийн 204/, Өмгөөлөгч Г.Доржготов 1 хуудас нотлох баримт, өмгөөлөгч Д.Мэндээ 2 хуудас нотлох баримт тус тус гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5-6 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Савх гэх газарт байх Баянхонгор аймгаас Говь-Алтай аймаг чиглэлийн асфальтан замд улсын дугаартай Кран маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчин засмал зам дээр авто машинаа хөндлөн зогсоож байсаны улмаас уг краныг шүүгдэгч ******* овогтой Бн жолоодож явсан ******* улсын дугаартай Хюндай Соната 7 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Б гэгч нь нас барсан,
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5-6 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Савх гэх газарт байх Баянхонгор аймгаас Говь-Алтай аймаг чиглэлийн асфальтан замд ******* улсын дугаартай Хюндай Соната 7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин Р.Цын жолоодож яваад зам дээр хөндлөн зогсож байсан 1 улсын дугаартай Кран маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Б гэгч нь нас барсан үйл баримт болсон нь хохирогч Б.А, насанд хүрээгүй хохирогч Г.Э, Г.Э, хууль ёсны төлөөлөгч Б.Н, гэрч Х.Д, техникийн шинжээч Д.Баттулга нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 629, 614, 613, 100 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 14 дугаартай дүгнэлт, Авто тээврийн шинжээчийн 21/02 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Р.Ц, О.Б нарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул шүүгдэгч Р.Ц, О.Б нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус хасаж, тэдэнд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Ц нь Өвөрхангай аймгийн Уянга сумын төвд оршин суудаг бөгөөд уг оршин суух газраа өөрчлөн нүүж суухдаа энэ талаар Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээж,
Шүүгдэгч О.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд оршин суудаг бөгөөд уг оршин суух газраа өөрчлөн нүүж суухдаа энэ талаар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээж,
Уг үүрэгт хяналт тавихыг Өвөрхангай, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх тус тус хураагдаж ирээгүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахыг Өвөрхангай, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгч нар нь авто машины эвдрэлийн талаар харилцан нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид болон бие биедээ төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хэрэгт шүүгдэгч Р.Цын эзэмшлийн 1 улсын дугаартай авто машин, гар утас 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, шүүгдэгч О.Бн эзэмшлийн гар утас 1 ширхэг, 32 инчийн зурагт нэг ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч нарт тус тус буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Ц, О.Б нарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч Р.Ц, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар тус тус хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Р.Ц, О.Б нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Өвөрхангай, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.Ц, О.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч Р.Ц, О.Б нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Р.Ц, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тус тус тоолж, биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Шүүгдэгч Р.Ц, О.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Цын эзэмшлийн 1 улсын дугаартай авто машин, гар утас 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, шүүгдэгч О.Бн эзэмшлийн гар утас 1 ширхэг, 32 инчийн зурагт нэг ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч нарт тус тус буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Ц, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Ц, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ