Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00571

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00571

Хөвсгөл аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, РФ66060766 дугаар регистртэй, эмэгтэй, Мандшир овогт Рэнчиндоржийн Гантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, РФ90012796 дугаар регистртэй, эрэгтэй, Дархинт овогт Лхагвасүрэнгийн Бямбаахүүд холбогдох

Гэм хорын хохирол 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2017/00499/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр унадаг дугуйгаа унаж ажилдаа очоод ажлын байрныхаа гадаа /Засаг даргын тамгын газар/ хашаа налуулан тавьсан байсан. Миний дугуй Япон улсад үйлдвэрлэсэн, сайн чанарын дугуй байсан. Энэ үед тус сумын 4 дүгээр багийн иргэн Лхагвасүрэн овогтой Бямбаахүү нь ачааны портер машинтайгаа Засаг даргын тамгын газрын гадаа ирж, машинаа унтраалгүй, гар тоормозоо татаагүй зэрэг жолоочийн хариуцлагагүйн улмаас болж уг машин нь уруу газар өнхөрч ирээд миний дугуй болон Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Хургаан Оюунбаатарын мотоцикль, мөн албан газрын хашааг хамтад нь дайрч миний дугуйг эвдэлсэн. Энэ үйлдлийг тэр өдөр жижүүрээр ажиллаж байсан Бямба-Очирын Түмэндэмбэрэл /утас 89678709/, мотоциклио эвдэлүүлсэн Х.Оюунбаатар /утас 88751188/ нар гэрчилнэ. Миний унадаг дугуй цаашид унах боломжгүй болсон ба хоёр обудтай дугуй, гар, данхрад, урд дугуйны ац нь хойшоогоо эвдэрсэн, рам нь гажсан зэрэг эвдрэлүүд үүссэн. Тэр үед иргэн Л.Бямбаахүүгээс 150.000 төгрөг нэхсэн боловч өгөөгүй, дараа нь сумын хэсгийн төлөөлөгч М.Энхболдод өргөдөл өгсөн. Гэвч мөн л мөнгө байхгүй гээд өнгөрөөсөн. Ингээд би өөрөө 2015 оны 08 сард Улаанбаатар хотын Нарантуул зах дээрээс Япон дугуйны сэлбэг хайсан боловч олдоогүй ба дугуйны үнэ ханшийг судлахад 2015 онд 1.200.000-1.500.000 төгрөгийн ханштай байсан. Иймд би Япон улсад үйлдвэрлэсэн унадаг дугуйгаа 1.200.000 төгрөгөөр үнэлж иргэн Л.Бямбаахүүгээс нэхэмжилж байна. Иргэн Х.Оюунбаатарын мотоциклийн хохирлыг барагдуулсан боловч өнөөдрийг хүртэл надтай нэг ч удаа уулзаж хохирлыг барагдуулах санаачлага гаргаагүй 2  жил болж байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Иймд хариуцагч Л.Бямбаахүүгээс 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Бямбаахүү шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2 жилийн өмнө иргэн Гантуяа эгчийн дугуйг дайрсан нь үнэн. Би санаатайгаар дайраагүй, 79-18 УНГ супер Пронтер машинаа сумын Засаг даргын тамгын газрын гадаа тавьсан боловч өнхөрч очоод дайрсан нь үнэн. Дайрсаны улмаас унадаг дугуйны урд, хоёр дугуй сэнсэрч гажсан нь үнэн, өөр хүнд гэмтэл гараагүй. Би эвдэрсэн юмыг нь янзалж өгнө гэсэн боловч шинэ дугуй авна гээд байгаа. Миний хувьд урд, хойд хоёр дугуйг нь л авч өгөх боломжтой байна. Аль эсвэл 150.000 төгрөг өгч болно гэжээ.

Нэхэмжлэгч Р.Гантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Бямбаахүүгээс 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Л.Бямбаахүүтэй ярилцаж, надад 150.000 төгрөгийг даруй хугацаанд төлж барагдуулна гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1.050.000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, Л.Бямбаахүүгээс 150.000 төгрөгийг авахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Гантуяа нь хариуцагч Л.Бямбаахүүд холбогдуулан гэм хорын хохиролд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Гантуяа нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч Л.Бямбаахүү 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.350 төгрөгийн тал хувь болох 16.675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Бямбаахүүгээс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 5.150 төгрөгийн тал хувь 2.575 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Р.Гантуяад олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Гантуяагийн нэхэмжлэлтэй Л.Бямбаахүүд холбогдох гэм хорын хохирол 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн зохигчид 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  74  дүгээр  зүйлийн  74.5,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгөөс 16.675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Бямбаахүүгээс 2.575 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Р.Гантуяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Б.ОТГОНБЯМБА