Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000090035 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Сартуул овогт Сэргэлэнгийн Батсүх, УП90051951 / регистрийн дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багт иргэн Ц.Быг гэрт нь “мотоциклоо харамлалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, толгойгоор нь байшингийн хана мөргүүлж биед нь 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би сумын хяналтын постод гарч байгаад 2020 оны 12 дугаар сарын 23-н өдрийн 12 цагийн үед буусан ба манай сумын 2 залуу болох Батмөнх, Мянган тамга гэх залуучууд таарсан ба тэр надад 1 шил архи гаргаж ирээд “Хаана уух вэ” гэхээр сумын төвд байдаг Б гэх найзындаа очсон ба Б нь тухайн үед гэртээ хүүхдүүдээ харж байсан. Тэгээд Б бид 4 тэр архийг хувааж уусан ба Батмөнх, Мянган тамга нар ууж дуусчхаад яваад тэгээд би Бын гэрээс гарч яваад дахин 1 шил архи авчраад Бын гэрт ортол гэртээ Б байхгүй байхаар нь хажуу талынхан айлд ортол Б болон М нар байсан. Тэгээд тус айлд Б бид 2 миний авчирсан архийг хувааж уучхаад би тус айлаас түрүүлж гараад Бын мотоциклийг гуйсан чинь мотоциклоо өгөөгүй ба тэрийгээ санаад Бт уурлаад Быг гараад ирэхээр нь зодсон байсан. Тухайн үед их согтолттой байсан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байгаа. Миний санаж байгаагаар нүүрэн тус газарт цохисноо санаж байна. Өөр яаж цохиж зодсоноо сайн санахгүй байгаа. Би хохирогчид учирсан хор хохирлоо нөхөн төлсөн. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна”... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед намайг 2 хүүхдээ хараад гэртээ байж байтал манай сумын олон нийтийн цагдаа болох Б гэгч 2 танихгүй хүнтэй согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай манай гэрт орж ирээд “Танайд ганц шил архи бид 3 хувааж уугаад гараад явж болох уу” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Б тэр 3 манай гэрт архи уугаад суусан ба би гэрийн гадаа хажуу айлын Намжаа гэх хүний машиныг асаах гээд гэрийн гадаа байсан. Тэгтэл Бтэй хамт ирсэн 2 залуу удалгүй манайхаас гараад явсан ба Б гэгч нь араас гарч ирсэн юм. Тэгээд Б бид 2 манай гэр лүү хамт орсон удалгүй манай эхнэр өдрийн цайндаа ирчхээд яваад өгсөн ба Б гэгч нь манайд хоол идчихээд гараад явсан юм. Би 2 хүүхдээ дагуулаад хажуу талд байдаг Намжаа гэх айлд ороод сууж байтал удалгүй Б гэгч миний араас орж ирээд 0.5 граммтай архи гаргаж ирээд Намжаа гэх айлд Б бид 2 авчирсан архийг нь хувааж уусан юм. Тэгээд Б гэгч нь Намжаагийн гэрээс гарахдаа намайг дуудсан ба араас нь гартал “Чи мотоциклоо хармалдаг хэн бэ” гээд Б гэгч гэнэт намайг толгойгоороо миний уруул болон хамрын хэсэгт 2 удаа мөргөсөн юм. Мөн миний толгойн дагз хэсгээр байшингийн хана мөргүүлээд заамдаад байж байтал Намжаагийн эхнэр болох М гэгч гэрээсээ гарч ирээд “Чи Быг яагаад зодоод байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёрыг салгасан юм. Тэгэхээр нь би айсандаа хашаанаас гараад зугтаасан ба Б гэгч миний араас хөөгөөд “Чамайг ална” гээд орилоод байсан ба би хажуу айлынхаа Намжаа гэгчийг дуудсан ба Б гэгч нь намайг хайгаад алга болчихоор нь би Намжааг хүлээгээд хашааныхаа гадаа зогсож байтал Намжаа болон манай эхнэр болох Наранмандал 2 ирсэн юм. Тэгтэл гэнэт Б гэгч урд талын хашаанаас гарч ирээд над руу дайрахаар нь би гудамж өгсөөд зугтаасан чинь Б гэгч нь Намжаагийн машиныг унаад намайг гүйцэж ирээд “Яасан их зугтаадаг юм бэ чи” гээд миний хамар луу нэг удаа толгойгоороо мөргөсөн юм. Тэгтэл Намжаа араас ирээд Бийг надаас салгасан юм. Тэгээд удалгүй сумын цагдаа ирээд Бийг аваад явсан. Өөр зүйл болоогүй. Би тухайн өдөр Бтэй 0.5 граммын “Соёрхол” нэртэй архи хамт хувааж уусан ба би жижиг хундагаар 3 удаа л уусан. Би Бэд гар хүрч цохиж зодоогүй. Харин өөрөөсөө холдуулах гээд түлхсэн юм. Би дүгнэлттэй санал нийлж байна. Ямар нэгэн гомдол санал байхгүй... Надад тус хэргийн улмаас хоёр зуун мянга /200000/ гаран мянган төгрөгийн хохирол учирсан ба тус гарсан зардлуудыг С.Бээр гаргуулж байсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин надад учирсан хор хохиролд авсан эм тариа болон явсан бензин маслоны баримтуудаа аваагүй ганц нэгхэн баримт л байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 28-29, 59 /

4. Гэрч А.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны хавьцаа байх би ажлаасаа 13:00 цагийн үед ирэхэд Б гэгч нь Дыд сууж байсан. Манай нөхөр болох Б нь тухайн үед хашаан дотор машин янзлаад зогсож байсан. Тэгээд би ажил руугаа нөхөртэйгөө бас Б нарын хамт цуг гарсан. Тэгээд ажил дээрээ ирсэн. Тухайн үед Б, Б нар нь надаас салаад явсан. Тэгээд 16:00 цагийн үед намайг ажил дээрээ байж байхад Ды эхнэр болох М нь над руу залгаад “Танай нөхөр Б хоёр хоорондоо зодолдоод байна” гэж ярьсан. Тэгээд очтол манай нөхрийн нүүр амнаас нь цус гарсан байдалтай байсан. Манай нөхөр болох Б нь эрүүл архи хэрэглээгүй байсан. Харин Б гэгч нь жаахан архи уусан байдалтай байсан. Би яг ууж байхад нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай нөхөртэй нийлж архи уусан юм шиг байна лээ. Тухайн үед би хажууд нь байгаагүй болохоор юунаас болж муудалцсан талаар болон хэн нь хэнийгээ цохисон талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан намайг ирэхэд манай нөхөр зодуулсан байдалтай байсан. Тиймээ би ажил дээрээ байсан. Дараа нь манай нөхөр болох Б нь надад юунаас болж муудалцсан талаараа ярьсан. Б гэгч нь манай нөхрөөс “Мустанг 5 маркийн мотоциклоо нэг өдөр хэрэглүүлээч” гэж гуйсан юм байна лээ. Манай нөхөр тухайн үед өгөөгүй юм байна лээ. Тийм л асуудлаас болж муудалцсан юм шиг байна лээ. Надад манай нөхөр ийм л зүйл ярьсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

5. Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хавьцаа байх намайг хүүхэдтэйгээ гэртээ байж байхад Б гэгч нь манай гэрт жаахан архи уусан байдалтай орж ирсэн. Б хүүхэдтэйгээ манай гэрт орж ирсэн. Б нь тухайн хэрэг гарсан гэх манай хашаан дотор гэр барьж амьдардаг юм. Тэгээд Б гэгч нь гаднаас архи уучихсан дээрээс нь 1 шил 0,5 граммын “Соёрхол” нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд Б, Б 2 тухайн архиа хувааж ууж дуусгачхаад хэрүүл маргаан гэр дотор огт хийгээгүй. Тэгээд нэг мэдсэн чинь гадаа хоорондоо барилцаад авсан байсан болохоор нь шууд нөхөр лүүгээ яриад тэгээд Бын эхнэр болон Н гэх хүмүүс рүү ярьсан бас цагдаа руу дуудлага өгсөн. Ийм л асуудал болсон. Манай нөхөр болох Д болон цагдаа нар ирсний дараа би гэрээсээ гарсан. Ийм л асуудал болсон.... Б гэгч нь зодуулчихсан Бын амны ойр орчмоос цус гарсан байдалтай байсан... Намайг гэрээс гарахад л Б нь цус нөж болсон байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

6. Гэрч Б.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хавьцаа байх намайг ажил дээрээ буюу 17:00 цагийн орчим манай эхнэр буюу М над руу залгаж “Манай гэрийн гадаа зодоон болоод байна” гэхээр нь би гэр лүүгээ тухайн үед шууд ажлаасаа яваад очсон. Намайг очтол Б гэдэг залуугийн нүүр амнаас нь битүү цус гоожсон байдалтай байж байсан. Тэгээд Б гэдэг залууг шууд гэрт нь оруулж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 39/

7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн:

1. Ц.Бын биед 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.. гэх дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Б нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багт иргэн Ц.Быг эрүүл мэндэд нь 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Бын “.. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед намайг 2 хүүхдээ хараад гэртээ байж байтал манай сумын олон нийтийн цагдаа болох Б гэгч 2 танихгүй хүнтэй согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай манай гэрт орж ирээд “Танайд ганц шил архи бид 3 хувааж уугаад гараад явж болох уу” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Б тэр 3 манай гэрт архи уугаад суусан ба би гэрийн гадаа хажуу айлын Намжаа гэх хүний машиныг асаах гээд гэрийн гадаа байсан. Тэгтэл Бтэй хамт ирсэн 2 залуу удалгүй манайхаас гараад явсан ба Б гэгч нь араас гарч ирсэн юм. Тэгээд Б бид 2 манай гэр лүү хамт орсон удалгүй манай эхнэр өдрийн цайндаа ирчхээд яваад өгсөн ба Б гэгч нь манайд хоол идчихээд гараад явсан юм. Би 2 хүүхдээ дагуулаад хажуу талд байдаг Намжаа гэх айлд ороод сууж байтал удалгүй Б гэгч миний араас орж ирээд 0.5 граммтай архи гаргаж ирээд Намжаа гэх айлд Б бид 2 авчирсан архийг нь хувааж уусан юм. Тэгээд Б гэгч нь Намжаагийн гэрээс гарахдаа намайг дуудсан ба араас нь гартал “Чи мотоциклоо хармалдаг хэн бэ” гээд Б гэгч гэнэт намайг толгойгоороо миний уруул болон хамрын хэсэгт 2 удаа мөргөсөн юм....” гэх мэдүүлэг,    Б.Мийн “...Тэгээд Б гэгч нь гаднаас архи уучихсан дээрээс нь 1 шил 0,5 граммын “Соёрхол” нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд Б, Б 2 тухайн архиа хувааж ууж дуусгачхаад хэрүүл маргаан гэр дотор огт хийгээгүй. Тэгээд нэг мэдсэн чинь гадаа хоорондоо барилцаад авсан байсан болохоор нь шууд нөхөр лүүгээ яриад тэгээд Бын эхнэр болон Н гэх хүмүүс рүү ярьсан бас цагдаа руу дуудлага өгсөн. Ийм л асуудал болсон. Манай нөхөр болох Д болон цагдаа нар ирсний дараа би гэрээсээ гарсан. Ийм л асуудал болсон.... Б гэгч нь зодуулчихсан Бын амны ойр орчмоос цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг болон гэрч Б.Н, Б.Доржнамжил нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Ц.Бын биед 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэх 25 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон дэгээ овогт Лувсандавгын Цэдэнжавийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Боржигон дэгээ овогт Лувсандавгын Цэдэнжавийг дөрвөн зуун тавин / ...... / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / ......0.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Цэдэнжавд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Цэдэнжав нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Л.Цэдэнжав нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Цэдэнжавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хэргийн газрын үзлэгийг хийх үед дуу дүрсний бичлэг хийсэн СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хохирогчийн 1 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Цэдэнжавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ