Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 211400000097 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин, жолооч мэргэжилтэй, Улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Г.Ш

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 7 дугаар гудамжны 35 тоот хашааны гадна Б.Этай “Найз охин оролдлоо” гэх шалтгаанаас болж маргалдан улмаар харилцан зодолдож Б.Эын биед зүүн чихэнд шарх, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хамар, чих, доод эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1.  Шүүгдэгч Г.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Б.Э, Т.Н, Н.Мөөгий бид 4 манай гэрийн гадаа машин дотор 2 том пиво ууж байгаад Б.Э нь Н.Мөөгий гэх хүнтэй маргалдаад байхаар нь Н.Мөөгий гэх хүнийг машины урд суудал дээр суулгаад манай найз охин Т.Н хойд талын суудал дээр Б.Эын хажууд очиж суусан. Тэгээд би Б.Эыг “Бүгдээрээ орж амаръя” гэсэн чинь Б.Э утсаараа нэг хүнтэй маргалдаад байхаар нь би утсыг булаагаад авсан юм аа. Б.Э тэгсэн чинь “Утас өг” гээд миний үгэнд орохгүй байсан. Тэгээд Б.Э нь манай найз охины толгой дээр нь гараа тавьчихсан оролдоод байхаар нь би уурлаад Б.Эыг цохисон. Машинаас Т.Н, Н.Мөөгий бид 2 буугаад гэр лүү ороод амарсан. Б.Э нь машины руль дээр суучхаад “Утас өг” гээд машин барьж явах гээд байсан. Тэгэхээр нь би түлхүүрийг булааж авсан. Тэгсэн чинь Б.Э нь миний цамцнаас намайг машин дотор сууж байгаад боосон. Тэгэхээр нь би Б.Эын нүүрэн хэсэгт жийж боолтыг нь салгасан. Тэгээд би шууд гэр лүүгээ орсон чинь Б.Э хойноос манай гэрт орж ирээд “Утас өг” гээд орилоод байсан. Тэгэхээр нь эгч ах 2 мэдчих гээд байхаар нь би утсыг нь өгсөн. Б.Э утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. Б.Этай 2003 оноос хойш найзалж байгаа. Хэрэг гардаг өдөр архи уусан байсан болохоор жоохон маргалдаж муудалцсан юм аа. Би Б.Эыг цохиж зодсон нь үнэн. Одоо хийсэн зүйлдээ их харамсаж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамтай танилцлаа. Хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлмээр байна....гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

 

  1. Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Г.Ш, Г.Шын найз охин, тэгээд нэг найз байсан. Бид 4 хамт 2 пиво уусан юм аа. Би Г.Шын найз охинтой хамт явсан хүнтэй маргалдсан юм аа. Тэгсэн чинь Г.Шын найз охинтой хамт явсан хүнийг машины урд суудал дээр суулгаад Г.Шын найз охин нь миний хойд суудал дээр суугаад удаач үгүй унтсан байсан. Г.Ш бид 2 юм ярьж сууж байгаад Г.Шын найз охин дээр гараа тавьсан байсан чинь Г.Ш “Миний найз охин дээр гараа тавилаа” гээд намайг цохисон. Тэгээд Г.Ш бид 2 маргалдаж байгаад би явах гэсэн чинь миний утас байхгүй байсан. Би Г.Шаас “Утсаа авъя” гэсэн чинь Г.Ш “Би хүний утас хулгай хийдэг хүн биш” гээд намайг чулуугаар цохисон. Цагдаад дуудлага өгөхөөс өмнө Г.Ш миний утсыг гаргаж өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа дээр ирсэн. Г.Ш бид хоёр 2003 оноос хойш найзалж байгаа манай найз байгаа юм аа. Г.Шын найз охин, найз охинтой нь хамт явж байсан охин байсан. Өөр хүн байгаагүй. Г.Ш нь миний нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөсөн. Гараараа нүүрэнд 4-5 удаа цохисон. Чулуугаар чихний дээд хэсэгт нэг удаа цохисон. Миний найз охин дээр гараа тавилаа гэж уурласан..... гэх мэдүүлэг / хх-ийн 05-06 /

  1. Гэрч Т.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Г.Ш, Б.Э, Н.Мөөгий бид 4 Г.Шын гэрийн гадаа машинд 2 том пиво ууж байгаад Б.Э нь Н.Мөөгий гэх хүнтэй маргалдаад байхаар нь Н.Мөөгий гэх хүнийг машины урд суудал дээр суулгаад би хойд талын суудал дээр Б.Эын хажууд очиж суусан. Тэгсэн чинь Б.Э намайг оролдоод байсан чинь Г.Ш4 нь уурлаад Б.Эыг цохисон. Б.Эын утсыг Г.Ш нь хаяж магадгүй гээд авсан байсан. Тэгсэн чинь Б.Э “Утас өг” гээд байсан. Г.Ш нь Б.Эын утсыг өгсөн чинь Б.Э нь цагдаа дуудсан. Г.Ш гэх хүнтэй би үерхдэг юм аа. Харин Б.Э гэх хүнтэй бол зүгээр найзууд байгаа юм аа. Би Г.Ш, Б.Э хоёрыг хоорондоо зодолдож байхыг нь харсан. Би Б.Эын хаана хэдэн удаа цохисон гэдгийг нь бол хараагүй. Хашааны гадаа маргалдаад хоорондоо зууралдаад байсан. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Г.Ш нь хөдөөнөөс орж ирээд Б.Э луу яриагүй гээд тэр 2 маргалдаж байсан. Тэгээд ямар нэгэн зүйл болоогүй салсан. Б.Э нь Г.Шын хоолойг нь шахаад байсан. Өөр гар хүрсэн зүйл байхгүй..... гэх мэдүүлэг /хх-ийн 11/

            5. Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Г.Ш, Б.Э, Т.Н бид 4 Г.Шын гэрийн гадаа машинд 2 том пиво ууж байгаад Б.Э нь надтай маргалдаад байхаар нь Г.Ш намайг урд суудал дээр суулгаад Т.Н хойд суудал дээр Б.Эын хажууд суусан. Тэгсэн чинь Б.Э нь Г.Шын найз охин болох Т.Нг хэвтэж байхад нь оролдоод Г.Ш уурлаад тэр 2 маргалдсан. Тэгэхээр нь би Т.Нтэй хамт Г.Шын гэр лүү ороод унтаад өгсөн. Т.Н бид хоёрыг унтаж байх үед Г.Ш, Б.Э хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Би Г.Ш гэх хүний найз охин болох Т.Нгийн найз. Г.Штай бол найз нөхдийн холбоотой. Харин Б.Э гэх залууг нь тэр өдөр л харсан танихгүй. Намайг гэр лүү орох үед Г.Ш, Б.Э хоёр хоорондоо маргалдаад сууж байсан...... гэх мэдүүлэг /хх-ийн 21/

            6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 193 дугаартай шинжээчийн:

1. Б.Эын биед зүүн чихэнд шарх, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хамар, чих, доод эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3.  Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

5.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 7 дугаар гудамжны 35 тоот хашааны гадна Б.Этай “Найз охин оролдлоо” гэх шалтгаанаас болж маргалдан улмаар харилцан зодолдож Б.Эын биед зүүн чихэнд шарх, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хамар, чих, доод эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Э, гэрч Т.Н, Б.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 193 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Г.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Шыг дөрвөн зуун тавин / 450./ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Шт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5 . Шүүгдэгч Г.Ш нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ