Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0182

 

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр 07-ны өдрийн 816 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Д.Д

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Н, О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0596/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Р” ХХК-иас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

            2. Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр: Оюуны өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.5, 5.2.8, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалын хавсралтаар мэдүүлгийн 40-2018-0022571 дугаартай, улсын бүртгэлийн 40-0019872 дугаартай “Б” барааны тэмдгийг гуравдагч этгээд Л.А-д эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Магмын чулуулгаар тусгаарлах материал үйлдвэрлэх технологийг эзэмшдэг дэлхийн 10 улсын нэг нь Монгол улс юм. Иргэн Л.А энэхүү технологийн ноу-хауг хөгжүүлж, “Базальт чулуулгаас базальтвүүл чулуун хөвөн үйлдвэрлэх арга” шинжлэх ухааны бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшдэг бөгөөд 2000 оноос Монгол Улсад үйлдвэрлэж нутагшуулсан. Улмаар 2007 онд “Б” үг дүрсний хосолмол барааны тэмдгийг (40-0006808), 2019 онд дан үгэн тэмдгийг Монгол (40-0019872) болон БНХАУ (1573750)-д тус тус бүртгэлтэй, олон улсын брэнд юм. Иргэн Л.А нь “Б” барааны тэмдгийг Ниццийн 17 дугаар ангиллын “резин, каучук, тусгаарлах материал, металл бус уян хоолой, энэ ангилалд багтах бүх бараа”; 19 дүгээр ангиллын “барилгын материал (төмөр бус), барилгын металл бус хатуу хоолой, металл бус зөөврийн байшин, энэ ангилалд багтах бүх бараа”; 35 дугаар ангиллын “зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаа, энэ ангилалд багтах бүх үйлчилгээ” гэсэн бараа, үйлчилгээнд эрхийн хамгаалалт хийлгэсэн.

            3.2. 40-0019872 улсын бүртгэлийн дугаартай “Б” гэх үгийг барааны тэмдгийн бүртгэл буюу Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаал “хуулиар тусгайлан олгосон эрх”, хуульд заасан “үндэслэл”, “журам”, “хэлбэр”-ийн шаардлагыг тус тус хангасан бөгөөд тэдэнд хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд нь багтсан, хууль тогтоомжид заасан үндэслэлтэй, хуульд заасан журам хэлбэрийг баримталсан шийдвэр юм. Тодруулбал, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэсэн байх бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Монгол Улсад барааны тэмдэг, газар зүйн заалттай холбогдсон асуудлыг төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 29.1.6-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэж, гэрчилгээ олгох”, 29.1.3-д “барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцохтой холбоотой журмыг боловсруулж батлах” гэж заасан мөн иргэнээс уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад Монгол хэлээр гаргана” гэж заасны дагуу мэдүүлгээ гаргасан. Эдгээр нь Оюуны өмчийн газрын даргын барааны тэмдгийг бүртгэсэн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон.

3.3. Иймд тус шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 болон 47.1.7 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлд хамаарахгүй бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.5, 5.2.8 дахь хэсэгт заасан шалгуур бүрэн хангасан болон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр (ТРИПС) 15 дугаар зүйлийн 1-д нийцсэн хүчин төгөлдөр захиргааны акт юм.

            3.4. Анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн болон нотлох баримтыг буруу үнэлснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тухайд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна”, 6-д “...нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс энэ маргааныг гаргах шалтгаан болсон гэж тайлбарласан, тэрээр хариуцагчийн “гуравдагч этгээдийн нэр дээр 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анхдагч огноотой, улсын бүртгэлийн 40-0019872 дугаартай “Б” барааны тэмдгийг бүртгэсэн бүртгэл”-ийг илт хууль бус захиргааны актаар тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар түүнчлэн тодорхойлох нь хэсгийн 6-10-д заасан үндэслэлээр гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсаныг шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон маргаан бүхий үйл баримтад дүгнэлт өгч, маргааны зүйлийг зохицуулсан хуулийг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв” гэжээ.

Шийдвэрийг үндэслэл тус бүрээр тодруулбал:

3.4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “өөрөөр хэлбэл, зохиомол “Б” гэх барааны тэмдэг нь шууд утгаараа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар” гэж зааснаар “төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах” гэж заасан нийцээгүй, гуравдагч этгээдэд давуу байдал бий болгосон, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ байдал нь хэрэгт авагдсан” гэж хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтайгаар илтэд буруу үнэлсэн.

            Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.8-д “нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэх ойлголтыг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 3.1.14, 5 дугаар зүйлийн 5.2.8, 5.5, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 32 дугаар зүйлийн 32.1.4 болон Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журмаар тус тус хуульчилсан байхад шүүхээс тус хуулийг буруу хэрэглэсэн, мөн нотлох баримтыг буруу үнэлсэн буюу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал,

-Үндэслэл: Барааны тэмдгийг нийтэд түгээмэлд тооцох эсэх асуудал хувийн эрх зүйн асуудал бөгөөд сонирхогч этгээдийн хүсэлтээр л үүсдэг ажиллагаа юм. Зөвхөн сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийг үндэслэж аливаа барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох эсэх шийдвэрийг Маргаан шийдвэрлэх комисс гаргадаг, харин өөрөө санаачлан тогтоох эрхгүй, чиг үүрэггүй (Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.4 болон Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журмын 1 дүгээр зүйлийн 1.2 болон 2, 3, 4 дүгээр зүйл). Учир нь нийтэд түгээмэл тэмдгийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, судалгаа, баримт материал нь хүсэлт гаргагчийн бизнесийн үйл ажиллагааны буюу зөвхөн тухайн этгээдийн хүсэл зоригоос хамаарч гаргаж өгөх эсэх нь хамааралтай байдаг.

-Эрх олгосон эсэх: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.4 болон Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журмын 1 дүгээр зүйлийн 1.2, 3, 4-д барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох асуудлыг шийдвэрлэх эрхийг хөндлөнгийн хараат бус этгээд болох Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлд олгосон. Харин барааны тэмдгийн шинжээч эсхүл Оюуны өмчийн газарт хуулиар эрх олгоогүй.

 

-Журам, хэлбэр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д “барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцохтой холбоотой журмыг боловсруулж батлах” гэж заасан тусгайлсан эрхийн дагуу Оюуны өмчийн газрын дарга 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дүгээр тушаалаар “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журам”-ыг баталж захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн 3453 дугаарт 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлжээ. Тус журмын дагуу тус зөвлөлөөс нийтэд түгээмэл болсонд тооцсон шийдвэр гаргавал Оюуны өмчийн газрын дарга тушаал гаргаж барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтад оруулж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.14 болон 5.5-д заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэнэ. Эдгээр журмын болон хэлбэрийн шаардлагыг хангаж баталгаажсан тохиолдолд мөн хуулийн 8 зүйл болон Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журмын 2-5 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн шүүлтийн шатанд шинжээч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.8-д заасан үндэслэлээр тухайн тэмдгийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах эрхтэй үүснэ.

-Дээрх үндэслэлээр “Б” барааны тэмдгийг нийтэд түгээмэл тэмдэгт тооцуулах хүсэлт гаргаагүй, эрх бүхий этгээд хүлээн авч шийдвэрлээгүй, албан ёсны тогтмол хэвлэлд нийтлээгүй, мөн эдгээртэй холбоотой нэг ч баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй (шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дахь хэсэг) хэмээн буруутгаж, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан хэмээн дүгнэсэн нь алдаатай байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.1, 13.2.2, 13.2.7 гэх үндэслэлийн тухайд: Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.1-д “...”Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэж, иргэн Л.А-д эзэмших эрх олгосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн ...13.2.1, ...13.2.2, ...13.2.7 .... гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэж хуулийг буруу тайлбарлаж, дараах нотлох баримтыг буруу үнэлсэн. Тодруулбал:

3.4.2. Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэж хуульчилсан.

            -Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.1.6 болон 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 тушаалаар “Б” барааны тэмдгийг бүртгэсэн буюу хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд нь багтсан, хууль тогтоомжид заасан үндэслэлтэй, хуульд заасан журам хэлбэрийг баримталсан шийдвэр юм.

-Иргэн Л.А нь уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 12.2-т “барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ”, 12.3-д “барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ:” 12.3.1-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх”, 12.3.2-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах”, 12.3.4-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” гэсэн онцгой эрхээ хэрэгжүүлэх буюу зөрчлийг таслан зогсоолгох арга хэмжээ авхуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэсэн заалтад хамаарна.

-”Р” ХХК нь Монгол Улсын хилээр “шилэн хөвөн” импортлон оруулж ирдэг. Энэхүү “шилэн хөвөн дээрээ”"базалит” гэх шошго ашиглаж хэрэглэгчдийг төөрөгдүүлж, шударга бусаар давуу байдал олж авахаар оролцож буйг нотолсон Гаалийн ерөнхий газрын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 225-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-68 дахь тал) болон Зөрчлийн хэрэгт “Р” ХХК-ийн төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150)-ийг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарласан гэж үзлээ.

3.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “өөрөөр хэлбэл, зохиомол “Б” гэх барааны тэмдэг нь шууд утгаараа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэх заалтаар “хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” ... гэж заасан нийцээгүй, гуравдагч этгээдэд давуу байдал бий болгосон, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ байдал нь хэрэгт авагдсан” гэж хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.5 дахь заалтаар (i) “чанар”, (ii) “гарал үүсэл”, (ііі) “бусад шинж чанар” гэх нөхцөлүүдээр л “хэрэглэгчийн төөрөгдүүлэх” үндэслэл байгаа эсэхийг тусгайлан хуульчилсан байхад шүүхээс тус хуулийг буруу хэрэглэсэн буюу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал,

-Чанарын талаар төөрөгдүүлсэн эсэх: “Б” тэмдгийн хувьд хэрэглэгч төөрөгдөж, бодит байдлаас өөр төсөөлөл авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, барааны тэмдэг нь хэрэглэгчийг хууран мэхлэх бодит боломж үүссэн байхыг шаарддаг, мөн хэрэглэгч тухайн “хуурмаг” илэрхийлэлд итгэдэг, улмаар хуурамч/чанаргүй бараа, үйлчилгээг худалдан авах шийдвэр гаргахад бодитоор нөлөөлдөг байх нөхцөлийг шаарддаг.

-Гарал үүслийн талаар төөрөгдүүлсэн эсэх: Газар зүйн гарал үүсэл бүхий барааны тэмдгийн хувьд, хэрэглэгч тухайн барааг тухайн тэмдэгтэд заасан газраас гарал үүсэлтэй гэж итгэх ёстой байдаг. Дараах тохиолдлуудад барааны тэмдгийг газар зүйн гарлын талаар хэрэглэгчийг төөрөгдүүлэх болон бодит байдлаас өөр төсөөлөл төрүүлж болзошгүй тохиолдолд хамааруулдаггүй: Газар зүйн байршил нь тухайн барааны гарал үүсэлтэй холбоогүй буюу мэдүүлсэн тэмдгээр үйлдвэрлэсэн бараа нь ямар нэгэн газар нутаг, байршилтай холбоогүй байх; Газар нутгийн нэрийг бараанд ашигласнаар “тухайн барааны чанар, өвөрмөц байдал болон хэрэглэгчдэд хүлээлт” үүсгэхгүй, мөн нэмэгдүүлэхгүй байх;

            -Бусад шинж чанарын хувьд төөрөгдүүлсэн эсэх: үүнд яг ямар хуурмаг илэрхийлэл, шинж чанар байгааг, эсхүл юу нь бодит байдлаас өөр төсөөллийг хэрэглэгчид төрүүлж буйгаар тодорхойлдог.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хэрэглэгчдийг хуурч төөрөгдүүлсэн тухайд: “Р” ХХК нь Монгол Улсын хилээр “шилэн хөвөн импортлон оруулж ирдэг, энэхүү “шилэн хөвөн”-дөө “Б” гэх шошго ашигладаг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150, 225-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-68) нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Тодруулбал, иргэн Л.А-ын Монгол Улсын хэрэглэгчид болон зах зээлд таниулсан “Б” барааны тэмдгийг “Р” ХХК нь импортолсон шилэн хөвөндөө ашиглаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, шударга бусаар давуу байдал олох, улмаар энэхүү хууль бус үйлдлээ халхлах зорилгоор “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдлаа” хэмээн хууль бус үндэслэлээр маргаж буй үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнээгүй нь алдаа болсон гэж үзэж байна.

3.6. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “маргаан бүхий энэ тохиолдолд шүүх, илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй “Б” барааны тэмдгийг бүртгэсэн бүртгэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2010/ 5 дугаар зүйлийн 5.1.1-д “үсэг, тоо геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал” гэх заалтыг “Б” нь нэр томьёоны илэрхийлэл буюу нэг төрлийн барилгын дулаан тусгаарлагч бүтээгдэхүүний оноосон нэр гэж хуулийг буруу тайлбарласан, мөн нотлох баримтыг буруу үнэлсэн:

-Шинжлэх ухаан, техникийн бүхий л салбарт “Б” нэр томьёо байхгүй, мөн Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 01-ээс 45 дугаар ангиллын бараа, үйлчилгээний жагсаалтад “Б” гэх үг огт байхгүй буюу нэр томьёо биш;

            -Хэл шинжлэлийн шинжлэх ухаанд “оноосон нэр” болон “нэр үг/ерийн нэр” нь ялгаатай. Барааны тэмдэг нь утга, агуулгын хувьд “оноосон нэр”-тэй ижил;

-Иргэн Л.А 2000 оноос хойш өөрийн хөгжүүлж үйлдвэрлэсэн Ниццийн 17, 19, 35 ангиллын нэр заасан бараа, үйлчилгээгээ бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгаруулах, ялгамжтай хэрэглэх зорилгоор “Б” хэмээн оноож өгсөн оноосон нэр юм. “Б” гэх үг нь 7 үсгээс бүрдсэн зохиомол/утга илэрхийлдэггүй буюу ялгамжтай шинж чанартай үгэн тэмдэг юм.

-Хэрэв “Б” гэх үгийг Монгол хэлний үгийн санд оруулах болон нэр томьёонд оруулах тохиолдолд Монгол хэлний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7.4, 22.7.5 дахь заалтаар Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөлд тус чиг үүрэг, бүрэн эрхийг олгож хуульчилжээ;

-Иргэн Л.А-оос “Б” нь оноосон нэр болохыг, мөн ямар нэгэн хэл шинжлэл, шинжлэх ухааны нэр томьёо биш болохыг нотолсон шинжлэх ухааны 24 төрлийн эх сурвалж бүхий 2 дугаар хавтаст хэргийн 132-227 дахь талд авагдсан нотлох баримтуудыг, мөн нэхэмжлэгчээс 1 дүгээр хавтас хэргийн 17-19 дэх талд авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогддог. Шүүхээс “Б” гэх үгийг оноосон нэр гэж зөвшөөрсөн атлаа яагаад оноосон нэрийг “нэр томьёо” гэж тайлбарлаж буй үндэслэлээ огт дурдаагүй;

-ТРИПС хэлэлцээрийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “Б” тэмдэг анх 2007 онд барааны тэмдгээр бүртгэгдсэнээс хойш 15 жилийн турш ашиглалтын явцад хангалттай ялгагдах чадвартай болсон, мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг давхар хангана.

-Дээрх 1.5-д дурдсан албан ёсны бөгөөд шинжлэх ухааны эх сурвалж бүхий нотлох баримтуудыг (2 дугаар хавтаст хэргийн 132-227) үнэлээгүй атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.1, 5.1.2-т заасантай нийцээгүй гэх үндэслэлээ үндэслэх хэсгийн 10.4-д нэхэмжлэгчээс өгсөн http://.ayori.ru/catalog/47-bazalit.html гэх вэбсайт нь арилжааны зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, төлбөртэй сурталчилгаа нийтэлдэг, мэдээлэл нь үнэн зөв эсэх нь баталгаагүй, хариуцах эзэнгүй, нийтлэгч этгээдийн эрх зүйн байдал баталгаагүй буюу тодорхойгүй (дурын этгээд, нэргүйгээр, хуурамч нэр, хаягаар мэдээлэл оруулах) буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2, 38.3, 39.3-д заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.4-д дурдаж үндэслэл болгожээ.

3.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “маргаан бүхий энэ тохиолдолд шүүх, илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй “Б” барааны тэмдгийг бүртгэсэн бүртгэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн (2010) 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг” гэх заалтыг ““Б” нь тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр” гэж буруу тайлбарласан, мөн нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

-Иргэн Л.А 2000 оноос хойш хөгжүүлж үйлдвэрлэсэн бараа, Ниццийн 17, 19, 35 ангиллын нэр заасан бараа, үйлчилгээгээ бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгаруулах, ялгамжтай хэрэглэх зорилгоор “Б” хэмээн оноож өгсөн нэр юм.

-Л.А “Б” үгэн тэмдгийг 2019 онд дан үгэн тэмдгийг Монгол (40-0019872) болон БНХАУ (1573750)-д бараа, үйлчилгээний Олон улсын Ниццийн 17, 19, 35 (17-резин, каучук, тусгаарлах материал, металл бус уян хоолой, энэ ангилалд багтах бүх бараа; 19-барилгын материал (төмөр бус), барилгын металл бус хатуу хоолой, металл бус зөөврийн байшин, энэ ангилалд багтах бүх бараа; 35-зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаа, энэ ангилалд багтах бүх үйлчилгээ)-гээр ангиллын нэр заасан бараа, үйлчилгээнд эрхийн хамгаалалт хийлгэсэн. Эдгээр бараа, үйлчилгээний жагсаалт бүхэлдээ юу? Эсхүл ямар нэгэн бараа, үйлчилгээг нь “тодорхойлсон нэр” үү гэх үйл баримтад бүрэн дүгнэлт өгөөгүй. Дүгнэлт өгөөгүй бараа, үйлчилгээг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэл болон нотлох баримтаа огт дурдаагүй нь хуульд нийцээгүй;

-Ниццийн 01-ээс 45 дугаар ангиллын бараа, үйлчилгээний жагсаалтад “базалт” гэх үг, эсхүл түүнийг багтаасан тодорхойлсон нэр бүхий бараа, үйлчилгээг нэмэх тохиолдолд тус хэлэлцээрийн дагуу Дэлхийн Оюуны өмчийн байгууллагад хандана;

-Хэрэв “Б” гэх үгийг Ниццийн 17, 19, 35 ангиллын нэр заасан аль бараа, үйлчилгээг “тодорхойлсон нэр” болохыг, Монгол хэлний үгийн санд оруулах болон нэр томьёонд оруулах тохиолдолд Монгол хэлний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7.4, 22.7.5 дахь заалтаар Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөлд тус чиг үүрэг, бүрэн эрхийг олгож хуульчилжээ;

-Түүнчлэн, шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.3-д Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэр зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоолд “Р” ХХК-иас гаргасан гомдлыг Бараан тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон мэтээр бичжээ. Гэтэл тус тогтоолын үндэслэх хэсэгт “...иймд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2.5, 5.2,8, 5.2.9, 5.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, “Б” барааны тэмдгийг иргэн Л.А-д олгосон шийдвэр нь үндэслэлтэй байх тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж буруу үнэлсэн.

-Иргэн Л.А 2000 оноос хойш өөрийн хөгжүүлж, үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж буй Ниццийн 17, 19, 35 ангиллын нэр заасан бараа, үйлчилгээгээ бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгаруулах, ялгамжтай хэрэглэх зорилгоор “Б” гэх оноосон нэрийг ашигласан. Түүнчлэн ТРИПС хэлэлцээрийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “Б” тэмдэг анх 2007 онд барааны тэмдгээр бүртгэгдсэнээс хойш 15 жилийн турш ашиглалтын явцад хангалттай ялгагдах чадвартай болсон ба Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг давхар хангана.

3.8. “Б” үгэн тэмдэг нь нэр томьёо биш болохыг, мөн Ниццийн 17, 19, 35-р ангиллын тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, биш болохыг тогтоож (i). иргэн Л.А-ын мэдүүлсэн “Б” гэх үгэн тэмдгийг БНХАУ нь 1573750 дугаарт барааны тэмдгээр бүртгэж өмчлөх эрх олгосон, (ii). Канад, АНУ, ХБНГУ зэрэг улс орнууд ижил, төсөөтэй тэмдгийг бүртгэж, өмчлөх эрх олгосон баримтууд, Шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дүгээр хуудас) баримтуудыг үнэлээгүй. Харин шүүхээс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.5, 5.2.8 дахь заалтад нийцээгүй гэх тайлбарын үндэслэлээ тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “... гуравдагч этгээдэд давуу байдал бий болгосон, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ байдал нь хэрэгт авагдсан” гээд, 12.2-т “.. Оросын холбооны улсын Оюуны өмч, патент ба барааны тэмдгийн холбооны үйлчилгээний албанд бүртгүүлсэн байх бөгөөд барааны тэмдгийн хамгаалагдахгүй үг дүрс хэсэгт “базалит, ДВ” гэсэн” гэжээ. Гэтэл тус баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2, 38.3, 39.3-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн барааны тэмдгийн хамгаалалтад аваагүй үндэслэлийг дурдаагүй (өөр хэн нэгэн этгээд өмнө нь бүртгүүлчихсэн учраас татгалзсан уу гэх мэт) байхад шүүх тус баримтыг нэхэмжлэгчид ашигтайгаар дураараа зохиож/буруу үнэлсэн.

3.9. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “эдгээрээс үзвэл, “базальт”, “Б” гэх уг үгс нь хэлц болон дуудлагын хувьд шууд утгаар ойлгогдох агуулгатай, үгийн язгуур нэг. Ингэснээр дан ганц нэхэмжлэгч хуулийн этгээдийн бус өөр бусад аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс уг гарал үүсэл бүхий бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж борлуулахад нэхэмжлэгч компанид ногдуулсан зөрчил давтагдах шинжтэй, хэлбэрийн хувьд “и”, “ь” үсэг болон тэмдэгтээр ялгагдах, хэл зүйн шинжлэх ухаанд базалит гэх үг байхгүй талаар тайлбарлах авч ердийн хэрэглээнд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “...ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг" гэдэгт нийцээгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэж тодорхойлсон, энэхүү тодорхойлолтыг дангаар хэрэглэж барааны тэмдгийн “ялгагдах чадвар”-ыг тогтоох хууль зүйн эсхүл бодит боломжгүй. Харин барааны тэмдгийн ялгагдах чадвар болон түүний чадварын эрэмбийг тус хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлага, болзол нөхцөлөөр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, “Б” тэмдэг нь маргаж буй үндэслэл болох тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.5, 5.2.8 болон ТРИПС хэлэлцээрийн 15 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангасан барааны тэмдэг болохыг өмнөх хэсэгт тайлбарласан.

3.10. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д “Иймээс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “барааны тэмдгийг энэ хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн” нь мөн хуулийн 33.1-д зааснаар “барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох” үндэслэл бөгөөд нэхэмжлэгч талын Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн ...47.1.6, ...47.1.7 гэх үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй. Хариуцагч нь хувийн эрх зүйн салбарт хэн ч байсан “базальт”, “Б” гэх үгнээс үл ялгагдах дуудлага, бичиглэлтэй, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, импортоор оруулж ирэх боломжгүй, нийтийн эрх зүйн хүрээнд Оюуны өмчийн газар нь “Т” ХК-ийн барааны тэмдгийн бүртгэл хийхдээ “Б” гэх үгэнд хамгаалалт байхгүй гэж тэмдэглэсэн атлаа 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалын холбогдох хэсгээр гуравдагч этгээдэд “Б” гэх үгэнд аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт буюу барааны тэмдгийг зөвхөн нэг субъект ашиглах боломж олгосон нь түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй гэж үзнэ” гэж хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Учир нь, нэхэмжлэгч “Р” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгч “Т” ХК-иас шинжлэх ухааны нэр томьёо, тодорхойлсон нэр буюу “базальт” гэх үг ашиглахыг хориглосон, хязгаарласан гэж маргах атлаа, Монголд арилжаалах бараа бүтээгдэхүүнийхээ шошгод зөвхөн яагаад “Б” (жич: “базальт” биш)-ыг сонгож буюу иргэн Л.А-ын 20 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд зах зээл, хэрэглэгчдэд танигдсан “Б” барааны тэмдгийг ашиглаж шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох зорилгоор хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж буй үйлдлээ няцаадаггүй, яагаад сонгох боломжоо ашигладаггүй тухайгаа тайлбарладаггүй.

Иргэн Л.А 2000 оноос хойш хөгжүүлж үйлдвэрлэсэн бараа, Ниццийн 17, 19, 35 ангиллын нэр заасан бараа, үйлчилгээгээ “Б” нэрийг Монгол Улс болон БНХАУ-д барааны тэмдгээр бүртгүүлж, эрхийн хамгаалалт хийлгэсэн. Гэтэл ОХУ-ын “Т” ХК-иас Монгол Улсын Оюуны өмчийн газарт мэдүүлсэн “T Т Б” гэх тэмдгээс “Б” гэх үгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.7 дахь үндэслэлээр буюу өмнө бүртгэлтэй “Б” үгийг багтаасан гэж татгалзсан байдаг, харин “базальт” гэж татгалзаагүй.

3.11. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д “...хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон ...шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар үнэлж, ... шинээр дан үгэн “Б” гэсэн барааны тэмдгийг эзэмшүүлж бүртгэсэн нь ойлгомжгүй, агуулгын хувьд зөрчилтэй байна” 40-0019872 улсын бүртгэлийн дугаартай “Б” барааны тэмдгийг бүртгэх тухай үйл баримт, эрх зүйн харилцааны маргааныг шүүхээр шийдвэрлээгүй буюу Улсын Дээд Шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар тогтоол бүхий захиргааны маргааны зүйл биш. Үүнийг Улсын Дээд Шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар тогтоолын 19 дүгээр хэсэг “Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан, үйл баримт нь “Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагатай энэ маргаанд хамааралгүй тул хяналтын шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхгүй” гэж тогтоолын үндэслэлдээ баталгаажуулсныг илтэд буруу тайлбарлан үнэлсэн.

Маргаан бүхий захиргааны акт 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гарсан байхад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан Оюуны өмчийн тухай хуулийг буцааж хэрэглэсэн.

Иймд дээр дурдсан үндэслэлийг хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Р” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав.

3.1. Нэхэмжлэгч “Р” ХХК-иас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3.2. Маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар “Б” барааны тэмдгийг улсын бүртгэлийн 40-0019872 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байх ба нэхэмжлэгч компаниас “... “Р” ХХК нь Оросын Холбооны Улсын Хабаровск хотын “Х з “Б Д” ХК-ийн үйлдвэрлэсэн барилгын дулаалгад ашигладаг “Б” нэрийн чулуун хөвөнг Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулах үйл ажиллагааг явуулж ирсэн, ... Оюуны өмчийн газрын дарга нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаараа “Б” гэх үгийг барааны тэмдгээр улсын бүртгэлд бүртгэж, эзэмших онцгой эрхийг Л.А-д олгосноор “Р” ХХК-ийг “Б” гэх үг орсон бараа, үгийг, сав баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэх эрхгүй болгож, хэрэв хэрэглэвэл Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна, ... “Б” нэр бүхий бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан Оросын Холбооны Улсын “Т Б” гэх тэмдгийг Монгол Улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлж, уг тэмдгийг өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр ашиглаж эхэлсэн. Оюуны өмчийн газрын цахим сайтад байгаа мэдээллээс энэхүү барааны тэмдгийн бүрэлдэхүүнд орж буй “Б” үгийг оюуны өмчийн хамгаалалтгүй байхаар дурдсан. Өөрөөр хэлбэл “Б” гэх үг нь өөрөө ямар нэгэн эрхийн хамгаалалтгүй, нийтээр хэрэглэх буюу уг үгийг оюуны өмчөөр хамгаалж, улсын бүртгэлд бүртгэхгүй талаараа цахим сайтдаа байршуулсан, ... “Б” гэх үгийг өөрийн бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр ашиглахыг хориглоогүй байхад “Б” гэх үгийг эрхийн хамгаалалттай болгож, улсын бүртгэлд бүртгэсэн нь буруу” гэж тайлбарлан маргасан байна.

3.3. Анхан шатны шүүхээс “... “базальт”, “Б” гэх үгс нь хэлц болон дуудлагын хувьд шууд утгаар ойлгогдох агуулгатай, үгийн язгуур нэг. Ингэснээрээ дан ганц нэхэмжлэгч хуулийн этгээдийн бус өөр бусад хуулийн этгээдээс уг гарал үүсэл бүхий бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж борлуулахад нэхэмжлэгч компанид ногдуулсан зөрчил давтагдах шинжтэй, хэлбэрийн хувьд “и”, “ь” үсэг болон тэмдэгтээр ялгагдах, хэлзүйн шинжлэх ухаанд “Б” гэдэг үг байхгүй талаар тайлбарлах авч ердийн хэрэглээнд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэдэгт нийцээгүй, .... хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж зааснаар хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж, 5.2.8-д “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар” гэж зааснаар “төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах” гэж заасан нийцээгүй, гуравдагч этгээдэд давуу байдал бий болгосон, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3.4. Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэнгээс барилгын дулаан тусгаарлагч материалын үндсэн түүхий эд болох суурьлаг найрлагатай магмын бялхмал чулуулаг Базальтын тодорхойлолтод[1] “Базальт /хүрмэн чулуу/ нь хар бараан, хар ногоовтор өнгөтэй, маш нягт, далд талстлаг эсвэл нарийн мөхлөгт, заримдаа шигтгээлэг байх ба голлон плагиоклаз болон пироксен зэрэг эрдсүүдээс бүрдэх суурьлаг найрлагатай магмын бялхмал чулуулаг...” гэж тодорхойлсон бол “Б” хэмээх үгэнд хэл шинжлэлийн үүднээс хийсэн тайлбарт[2] “... “Б”-ийг Ц.Д, А.Л нар “Орос-Монгол толь”-доо “хүрмэн чулуу” хэмжээн орчуулсан байдаг, ... “Б” гэх үгийн тухайд, хүн төрөлхтөн “БАЗАЛЬТ” чулуунаас чулуун хөвөн гаргах аргыг нээснээс хойш дэлхийн улс орнуудад уг аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэрд ямар нэг байдлаар “БАЗАЛЬТ” гэх үгийг оруулан нэрлэдэг болсон байна, ... “Б”-ийг монгол хэлэнд сүү, талх, гурил гэх мэт бүтээгдэхүүний адил барилгын дулаан тусгаарлагч бүтээгдэхүүнийг нийтээр нэрлэж буй ерийн нэр болсон хэмжээн шууд үзэж болохгүй. Харин оноосон ерийн нэр болон хувирдгийн нэг жишээ гэж үзэх боломжтой” гэж тайлбарласан байна.

3.5. Дээрх тодорхойлолтуудаас дүгнэвэл, “БАЗАЛЬТ” гэдэг нь барилгын дулаан тусгаарлагч чулуун хөвөнг ойлгох бөгөөд гуравдагч этгээд Л.А-ын хувьд “БАЗАЛЬТ”-аар хийсэн бүтээгдэхүүнээ “Б” гэж нэрлэн барааны тэмдгээр бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл, чулуун хөвөнгөөр хийсэн барилгын дулаалгын материалаа “Б” гэж нэрлэсэн байгаа энэ тохиолдолд “Б”-ыг оноосон нэр гэж үзэхээр байна.

3.6. Мөн гуравдагч этгээдийн хувьд “Б” барааны тэмдгийг Монгол Улс төдийгүй Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бүртгүүлж, эрхийн хамгаалалт хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Оюуны өмчийн газрын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан барааны тэмдэгт тавих шаардлагыг хангасан гэж үзэж барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэснийг буруутгах, илт хууль бус гэж үзэх боломжгүй юм.

3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ https://ayori.ru/catalog/47-bazalit.html цахим хуудасны мэдээллийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, уг цахим хуудас дээрх мэдээлэл нь албан ёсны эх сурвалж болж чадах эсэх нь эргэлзээтэй бөгөөд шууд үнэн зөв, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой гэж үзэх боломжгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх сайтын мэдээллийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй гол үндэслэлээ болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх нэгэн үндэслэл болно.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Оюуны өмчийн газрын цахим хуудаст үзлэг хийсэн байх ба үзлэгийн явцад Оюуны өмчийн газрын цахим хаягаас хайлт хийхэд “Т Б”, “Б”, “Б” гэх 3 илэрч гарч ирсэн бөгөөд 1 дэх “Б” барааны тэмдгийн хувьд улсын бүртгэлийн 40-0006808 дугаарт 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхдагч огноотойгоор Л.А-ын нэр дээр эзэмших эрх нь бүртгэгдсэн бол 2 дахь “Б” барааны тэмдгийн хувьд мөн улсын бүртгэлийн 40-0019872 дугаарт 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анхдагч огноотойгоор Л.А-ын нэр дээр эзэмших эрх нь бүртгэгдсэн болох нь тогтоогджээ.

Харин “Т Б” барааны тэмдгийн хувьд улсын бүртгэлийн 40-0024524 дугаарт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн анхдагч огноотойгоор бүртгэгдсэн бөгөөд уг барааны тэмдгийн “Б” гэх үг хамгаалагдахгүй болох нь тогтоогджээ. Тодруулбал, энэ нь гуравдагч этгээд Л.А-ын нэр дээр “Б” барааны тэмдэг түрүүлж бүртгэгдсэн буюу маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар хамгаалагдсан байгаа энэ тохиолдолд “Т Б” барааны тэмдгийн “Б” гэх үг хамгаалагдах боломжгүй байхад анхан шатны шүүхээс “... “Т” ХК-ийн барааны тэмдгийн бүртгэл хийхдээ “Б” гэх үгэнд хамгаалалт байхгүйг тэмдэглэсэн атлаа 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалын холбогдох хэсгийг гуравдагч этгээдэд “Б” гэх үгэнд аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт буюу барааны тэмдгийг зөвхөн нэг субъект ашиглах боломж олгосон нь түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана”, 8.3-д “Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчаас дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд мэдүүлгийн бүрдлийг хянаж, шүүлт хийж, хуульд заасан журмын дагуу бүртгэл хийсэн байгаа энэ тохиолдолд “Б” барааны тэмдгийг гуравдагч этгээд Л.А-ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосныг илт хууль бус гэж дүгнэх боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дахь талд,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар талд,