| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00318/И |
| Дугаар | 00126 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 00126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1964 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хороо 19-р хороолол 30-р байрны 22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /ЧЖ:64121779/ Хунтайж овогт Дэнзэнгийн Баярбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1973 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны 53 тоотод оршин суух, /МЭ:73031779/ Шанадас овогт Найдангийн Баяраад холбогдох 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Баярбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, хариуцагч Н.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 2015 оны 04 дүгээр сард Чех улсаас Вольво FL загварын ачааны авто машиныг оруулж ирсэн. Тэгээд бусдад худалдахаар зар тавьсан. Түүний дагуу 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Баяраа гэдэг хүн Улаанбаатар хотод над дээр ирж уулзаад, машиныг үзэж харж, асааж явж үзчихээд эргээд яръя гэж тохиролцоод салсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь надтай дахиж холбогдоод, би их олон машин үзлээ. Өөрийн чинь машиныг авмаар байна. Үнэ хөлсөн дээрээ ярьж тохиръё гэж ярилцаж үнэ хөлсөө тохироод 25,000,000 төгрөгийг бэлнээр өгье, 4,000,000 төгрөгийг сар сард 1,000,000 төгрөгөөр цувуулж өгье гэж ярьж 29,000,000 төгрөгөнд тохирч гэрээ хийж машиныг авсан. Тухайн үед би машинаа энэ хүний нэр дээр шилжүүлэхгүй өөрийхөө нэр дээр байлгаж байгаад үлдэгдэл мөнгөө өгөөд дуусахаар нь шилжүүлье гэсэн чинь “үгүй ээ би өөрийнхөө нэр дээр авна” гээд би энэ хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд гэрээ хийж машиныг нь Сонгино хайрхан дүүргийн ачааны авто машины оношилгоогоор оруулаад бичиг баримт бүгдийг нь бүрдүүлээд машин маань өөрөө гаалийн бичиг дугаартайгаа байсан болохоор оношилгоонд оруулж тэнцсэн гэсэн бүх бичиг баримтыг аваад, автын газраас машины номерыг нь шинээр өөрийх нь нэр дээр авч өгсөн. Н.Баяраа нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бичгээр гэрээ хийсний үндсэн дээр миний эзэмшлийн Вольво FL ачааны авто машиныг 29000000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан ярьж тохиролцож Н.Баяраа нь өөрөө зөвшөөрсний үндсэн дээр тэр өдрөө 25000000 төгрөгийг төлж үлдэгдэл 4000000 төгрөгийг сар дутам 1000000 төгрөгөөр төлж 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4000000 төгрөгийг бүрэн төлж дуусгана гэсэн. Тохирсон хугацаанд үлдэгдэл 4000000 төгрөгөө төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэж ярилцаж тохиролцоод Н.Баяраа гэрээг уншиж танилцаад зөвшөөрч гарын үсэг зураад гэрээний 1 хувийг өөрөө аваад явсан. Иймд Н.Баяраагаас машин худалдаж аваад төлөөгүй үлдэгдэл 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Би 2015 оны 06 сард интернетээс машины зар хараад Д.Баярбатын машиныг сонгоод утсаар холбогдсон. Тэгээд Хас банкнаас хашаа байшингаа барьцаалж 30,000,000 төгрөгний зээл авсан. Баярбат гэдэг хүнтэй уулзаад машиныг нь очиж үзсэн. Тухайн үед машиныг авто ломбарданд тавьсан байсан. Тэгээд Улаанбаатар хотоор 2-3 хоног явж байгаад маргааш нь эргэж очоод уулзаад машиныг нь асааж үзэхэд хийн нумнаас нь хий алдаж байсан. Өөрөө ч мэдэж байгаа. Би энэ чинь ингээд хий алдаад байна гэхэд сэлбэгийг нь захиад авчираад өгч болно гэж хэлэхэд нь би ломбарданд байсан машиныг унаж үзээгүй, зүгээр л асааж үзээд л за за авъя, өгч авч байгаа юм чинь болох байлгүй гээд авахаар болоод бичиг баримтаа шилжүүлсэн. Оношилгоогоор ороход эвдрэл гэмтэл гэлгүй зүгээр л үзлэгт орсон гэсэн бичиг хийж өгсөн. Ийм эвдрэлтэй тийм машин ингэсэн машин гэдэг юм байгаагүй, зүгээр л оношилгоонд орсон нэр дээр шилжүүлж өгсөн гэсэн бичиг баримт байсан. Тэгээд нэр дээрээ шилжүүлж аваад гэрээ хийсэн. Гэрээндээ үлдэгдэл мөнгөө сар сард нэг нэг саяар нь өгнө гэсэн гэрээ хийсэн. Тухайн үед машиныг худалдаж авахдаа 29000000 төгрөгөөр гэж тохироод 25000000 төгрөгийг бэлэн өгсөн. Үлдсэн 4000000 төгрөгийг би ажил хийж байгаад өгье, авч байгаа машинд хийх юм байна гээд гэрээ хийж авсан. Тэрнээс биш алданги тооцно гэсэн гарын үсэг зурсан асуудал байгаагүй. Тэгээд надтай нэг удаа утсаар ярьсан. Машиныг аваад ажил хийх гэтэл хийн нум нь хий алдаад зүгээр зам дээр явахад мэдэгдэхгүй. Ачаа ачаад явахаар хийн нумаараа хий алдаад ачаа ачиж болохгүй байсан. Би тэгээд үүнийг яах вэ ажил хийх гэсэн чинь ингээд байна, одоохондоо мөнгө өгч чадахгүй байна, хүүхдүүдийн сургууль орох болоод байна гэсэн чинь, за за хоёулаа тэгж байгаад болно биз гээд өнгөрсөн. Сүүлд нь 10 дугаар сард бас дахиад над руу утсаар ярьсан. Тэгэхэд нь би энэ машиныг чинь би үнэндээ дийлэхгүй юм байна. Хийн нумаараа хий алдаад байна, чи өөрөө мэдэж байгаа, сэлбэгийг нь авчирч өгнө гээд өгөөгүй, ийм эвдрэлтэй машинаар чинь би юм хийж чадахгүй байна. Чи энэ машинаа буцааж ав, 25000000 төгрөгийг маань эргүүлж өгөөд машинаа буцаагаад ав. Би энэ машинд чинь хийсэн юм байгаа, тэр нь хамаагүй мөнгийг минь эргүүлж өгөөд машинаа эргүүлээд ав гэж хэлсэн чинь эхнэр нь над руу уурлаад наад машиныг чинь авч зарчихаад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би авсан машинаа юу гэж та нарт өгөх юм бэ, эхлээд мөнгөө өгөөд ав гэж би хэлсэн. Тэгсэн чинь наадахаараа баяжаарай гэж хэлчихээд утсаа салгасан ахиж надтай ерөөсөө яриагүй. Тэгээд тэрнээс хойш өөрсдөө надтай дахиж холбогдоогүй. Би ч яриагүй. Энэ машиныг аваад дугуйг нь сольсон. Хийн нум нь олдохгүй байхад нь Япон улсаас хүнээр захиулж зээлээр авахуулж, засаад мөнгийг нь төлж дуусгасан. Цахилгаан насос нь шатсан байхыг нь хайж сурч явж байж Оюу толгойд ажилладаг хүнээр АНУ-аас хамгийн хямдаар 550000 төгрөгөөр захиалуулж авсан гэх мэт хийсэн юмнууд зөндөө байгаа. Ингээд нийтдээ тодорхой тоймтой юмыг бодоход л 3230000 төгрөгний засвар энэ машинд хийсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярбат нь хариуцагч Н.Баяраад холбогдуулан авто машин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4000000 төгрөг, алданги 2000000 төгрөг бүгд 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Баяраа худалдан авсан авто машинд 3230000 төгрөгний засвар хийсэн, мөн худалдах-худалдан авах гэрээгээр алданги тооцохоор тохироогүй тул нэхэмжлэгч Д.Баярбатын нэхэмжилсэн 6000000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Баярбат, хариуцагч Н.Баяраа нар 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцож Д.Баярбатын эзэмшлийн Вольво FL загварын ачааны авто машиныг 29000000 төгрөгөөр хариуцагч Н.Баяраа худалдан авахаар болж, худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид Вольво FL загварын ачааны авто машиныг шилжүүлж, хариуцагч нь нэхэмжлэгчид бэлнээр 25000000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 4000000 төгрөгийг нь сар тутамд 1000000 төгрөг төлөн гэрээ байгуулсанаас хойш 4 сарын хугацаанд үлдэгдэл мөнгийг бүрэн төлж дуусгахаар тус тус тохиролцсон байна.
Энэ нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд энэ тал дээр маргаагүй байна.
Харин машины худалдсан гэрээний доод хэсэгт алданги тооцох талаарх заалтыг хариуцагч “гэрээгээр ингэж тохиролцоогүй, нэхэмжлэгч гэрээнд хууль бусаар засвар оруулсан тул зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа ч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр ... Хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бичгээр хийсэн “Машин худалдан авсан гэрээ”-ний доод хэсэгт бичигдсэн “Баярбат би тохирсон хугацаанд үлдэгдэл мөнгөө төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5% ийн алданги тооцоно.” гэж бичсэн бичвэр нь “Найдан овогтой Баяраа би Д.Баярбат хүү Б.Галбадрах нарын эзэмшлийн Вольво FL 2001 оны ачааны машиныг 29 сая төгрөгөөр тохирч бэлнээр 25 сая төгрөгийг төлж машинаа авсан үлдэгдэл 4 саяыг 4 сарын хугацаанд сар болгон 1 сая төгрөгөөр төлж дуусгана хугацаа 2015 оны 06 дугаар сарын 11-нээс эхэлнэ” гэсэн бичвэртэй нэг өдөр буюу тухайн цаг хугацаанд бичигдсэн эсэхийг крминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Шинжилж буй “Найдан овогтой Баяраа би Д.Баярбат хүү Б.Галбадрах нарын эзэмшлийн Вольво FL 2001 оны ачааны машиныг 29 сая төгрөгөөр тохирч бэлнээр 25 сая төгрөгийг төлж машинаа авсан үлдэгдэл 4 саяыг 4 сарын хугацаанд сар болгон 1 сая төгрөгөөр төлж дуусгана хугацаа 2015 оны 06 дугаар сарын 11-нээс эхэлнэ”, “Баярбат би тохирсон хугацаанд үлдэгдэл мөнгөө төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5% ийн алданги тооцоно. Гэрээ хийсэн.” гэсэн бичвэрүүд нь нэг хүний гараар, нэг бичигч хэрэгсэлээр бичигдээгүй байна гэсэн байх ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа Баяраа гэрээний эхний хэсгийг бичсэн харин би Баяраатай тохирч бичиж байсан балаар нь алданги тооцох заалтыг бичсэн. Баяраа зөвшөөрч гарын үсгээ зурсан гэх бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба шүүх зохигчийн хооронд үүссэн дээрхи харилцаанаас дүгнэхэд талуудын хооронд иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр заасан байна.
Гэтэл худалдагч тал болох нэхэмжлэгч Д.Баярбатын, худалдан авагч буюу хариуцагч Н.Баяраад шилжүүлсэн Вольво FL ачааны авто машин нь биет байдлын доголдолтой буюу /аккумлятор, цахилгаан хөөх помп, хийн нум/ зэрэг нь эвдэрсэн байсан нь гэрч Б.Гантулгын мэдүүлэгт: Надад тухайн машиныг хүнээс худалдаж авсаныхаа дараахан цахилгаан хөөх помп захиж байсан юм. Харин би 2015 оны 08 дугаар сарын үеэр АНУ-ын Амазоноос захиалан авчруулж өгсөн юм. Тухайн захиж авчруулсан цахилгаан хөөх помпны үнэ нь 550000 төгрөг болж байсан гэх, /ХХ-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч С.Амартүвшингийн мэдүүлэгт: Н.Баяраа ах 2015 оны 07 дугаар сарын үед Вольво FL загварын ачааны авто машины хийн нум асуухаар нь надад Хино загварын ачааны авто машины хийн нум байна. Хэрвээ харьцуулаад таарч байвал үнэ тохироод авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд Н.Баяраа ах надаас 700000 төгрөгөөр худалдаж авсан. Уг нь тухайн хийн нумны зах зээлийн ханш нь 1000000 орчим төгрөгний үнэтэй байдаг юм гэх /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч С.Батболдын мэдүүлэгт: Сар, өдрийг нь сайн санахгүй байна. 2015 оны намар Н.Баяраа манай дэлгүүрээс хоёр ширхэг аккумлятор, 2 ширхэг дугуй худалдаж авсан. Тухайн үед нийт 1800000 төгрөг болж байсан. Н.Баяраа нь мөнгөө цувуулж байгаад өгч дуусгасан гэх /ХХ-ийн 22 дугаар хуудас/ мэдүүлэг болон хэрэгт хавсаргасан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иргэний хуульд Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл худалдсан эд хөрөнгийг шилжүүлэн өгсөнөөс хойш доголдол илэрсэн бөгөөд худалдан авагч уг доголдол нь эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үед үүссэн байсан гэдгийг нотолж чадсан тохиолдолд шаардах эрхтэй байх бөгөөд хэрэгт авагдсан дээрхи гэрчүүдийн мэдүүлэг, зарлагын баримт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул хариуцагч шаардах эрхтэй ба нэхэмжлэгчээс дугуй, аккумляторын үнэ 1980000 төгрөг, хөөх помпны үнэ нь 550000 төгрөг, хийн нумны үнэ 700000 төгрөг бүгд 3230000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон машины үнээс үлдсэн 4000000 төгрөг, алданги 2000000 бүгд 6000000 төгрөг гаргуулахаас 3230000 төгрөгийг хасч, үлдэх 2770000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Н.Баяраагаас 2770000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Баярбатад олгож нэхэмжлэлийн нийт шаардлагаас 3230000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баярбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяраагаас 59270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Баярбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.