Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил,

Шүүгдэгч: Ц.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000142 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******гийн *******, / Регистрийн дугаар: *******-тай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ш нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг 1 дүгээр баг Дэрсэн буудал гэх газар Н.Хыг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи наад хүүхнээ аваад манайхаас зайл” гэж хэлсний улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2021 оны 05 дугаар сарын 05-ны өглөө Н.Х ахын гэрт очоод 08-10 цаг хүртэл ямаа самналцаж байгаад 11-12 цагийн үед Х ахын гэрийнхэнтэй хамт машинаар нь Баянговь сумын төв явж байтал замд О мотоциклийнх нь дугуй хагарсан байхаар нь зогсож аваад сумын төв орж олгой, бусад сэлбэг аваад хамт мотоцикл дээр нь ирээд янзалж өгөөд Ог машинд суулгаад би мотоциклийг нь унаад Х ахын гэрт ирээд хоол идээд байж байтал Х ах “Боргио” нэртэй 1 ширхэг 2.5 литрийн пиво гаргаж ирээд О, Х ах бид гурав уусан. С 2 удаал уусан байх. Х ах гарчхаад орж ирэхдээ над руу харж “наад алцгар хүүхнээ аваад манайхаас зайл” гэхээр нь би гараараа цохиод “та ч арчаагүй хүн юм даа” гэж хэлээд Ог хүргэж өгөхөөр аваад явсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ш мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч Н.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ш, манай эхнэр хүүхэд бид хэд хөдөөнөөс сумын төв орчхоод буцаж явтал замд манай ойролцоо байх ******* мотоциклийн дугуй нь хагарчихсан шуурганд байж байсныг шинэ олгой тавьж янзалж өгөөд, Ц.Шаар мотоциклийг нь унуулаад манай гэрт очсон. Манай гэрт очиж хоол идэж байгаад гэрт байсан 1 ширхэг 2.5 л “Боргио” пиво-г хувааж уугаад дуусаж байх үеэс хойш юм санахгүй байна. Нэг мэдэхэд хавирга өвдөөд, нүүр, толгой хэсэг хавдаж, хөхөрсөн байдалтай орондоо хэвтэж байсан. Намайг хэн цохисон талаар мэдэхгүй байгаа. Манай ах, хадам ээж, эхнэр нар намайг Ш зодож танхайрсан талаар надад хэлсэн..... гэх мэдүүлэг / хх-ийн 7,10 /

4. Гэрч О.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай гэр бүлээрээ сумаас гараад гэр лүүгээ явж байтал замд О дугуй нь хагарчихсан байж байсныг манай нөхөр, Ц.Ш хоёр дугуйг нь янзалж өгөөд гэр лүүгээ яв гэхэд “би Х ахынхаар орчхоод явна” гэхээр нь бид хэд “тэг тэг” гээд хамт манайд ирээд хоол идээд дууссаны дараа О, “Х ахад гээд” 1 шил 0.5 граммын шилтэй “Ерөөл” нэртэй архи гаргаж өгснийг Ц.Ш, О, Х нар хувааж уусан. Дараа нь 1 ширхэг 2.5 литрийн савтай том “Боргио” нэртэй пиво-г хувааж уугаад дууссаны дараа би гадаа байж байтал манай нөхөр араас гарч ирээд “орох уу” гэхээр нь би “байж байгаад орно” гэхэд “за за би орлоо” гээд түрүүлээд гэр лүү орсон. Удалгүй гэрт хүн маргалдах чимээ гарахаар нь гэрт ортол манай нөхөр улаан нүүртэй болчихсон байсан. Намайг гэрт орох үед Ц.Ш надтай хэрүүл хийж байгаад мотоциклоо унаад яваад өгсөн. Би яг чихээр сонсоогүй. Гаднаас орж ирэх үед хадам ах, ээж хоёр “Х Шыг наад хүүхнээ аваад манайхаас зайл” гэж хэлснээс болж маргалдсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12/

5. Гэрч Ч.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай хүүхдүүд сум яваад ирэхдээ 1 мотоциклтой хүнтэй хамт ирсэн. Ирээд хоол унд идээд, архи уугаад байгаа бололтой байсан. Би тухайн үед гадаа мал хотлуулаад явж байсан. Гэрт орж ирээд удаагүй байхад маргалдаад байхаар нь салгах гэхэд хөлөө Шын өвдгөнд санаандгүй цохисон. Тэгээд орон дээр суугаад харахад манай хүргэн хамраас нь цус гоожоод нүүр нь улаан болчихсон байсан. Тэрнээс өөр зүйл байхгүй. Ш манай хүргэн рүү дайрахдаа “ чи ер нь юу юм бэ? Би чамайг ална шүү” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/

6.Гэрч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай дүү Х Шыг “чи наад хүүхнээ аваад манайхаас зайл” гэж хэлтэл Ш шууд босож ирээд гараараа нүүрэнд нь цохиод, тонгойж байх үед нь өшиглөөд “чамайг ална шүү” гээд дайрсан. Гараараа нэг удаа, хөлөөрөө нэг удаа цохисон. Би яг биеийн аль хэсэгт цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан нүүрнээс нь цус гоожсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16/

7.Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн:

1. Н.Хын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 25/,

8. Их эмч Б.Пүрэвжаргалын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн:

...Баруун нүд хөхөрсөн, хавдартай, зүүн талын хамрын дээд хэсэгт 1 сантиметр орчим зулгарсан шархтай, зүүн хацрын хэсэгт 1 сантиметр орчим зулгарсан, зүсэгдсэн өнгөц шархтай, зүүн эрүүний хэсэгт 2 сантиметр орчим 2 шархтай зодуулсан байдалтай байсан. Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй... гэх тодорхойлолт /хх-ийн 26/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Ш нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянговь сумын “Хэлтгий булаг” 1 дүгээр баг Дэрсэн буудал гэх газар Н.Хыг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи наад хүүхнээ аваад манайхаас зайл” гэж хэлсний улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай үйл баримт болсон нь хохирогч Н.Х, гэрч О.С, Ч.О, Н.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 36 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ш нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Харин шүүгдэгч Ц.Шын эзэмшлийн S-6 маркийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Шт хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ц.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Шыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Шт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.Ш нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ц.Шын эзэмшлийн S-6 маркийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Шт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ