Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2017/00082/И |
Дугаар | 00136 |
Огноо | 2017-04-12 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 00136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1979 оны 03 дугаар сарын 26-нд төрсөн, 38 настай, эмэгтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Ахуйн үйлчилгээний 1 тоотод оршин суух, /МЗ:79032621/ Боржигин овогт Ишцогийн Нын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1977 оны 12 дугаар сарын 15-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 8 дугаар байрны №119 тоотод оршин суух, /МЗ:77121576/ Боржигон овогт Баяраагийн Гд холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Н, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Б.Гтай 2000 онд гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Хатанзориг, 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин Хулан нар төрсөн. Гэр бүлийн хамтын амьдралын эхний жилүүдэд бид бусдын адил сайхан амьдарч байсан боловч Б.Г нь Зүүнхараагийн Вагон депод ажилд орсон үеэс эхлэн архи ихээр уудаг болж улмаар бидний дунд хэрүүл маргаан их гардаг болсон. Сүүлдээ Б.Гантулгын ааш авир нь маш их эвдэрч, согтуудаа юу хэлсэн, хийснээ мэддэггүй, удаа дараа хүч хэрэглэдэг болсон тул би арга буюу 2014 оны 8 дугаар сард 2 хүүхдээ дагуулан гэрээсээ явж, тусдаа амьдарсан. Би Б.Гантулгыг бага ч гэсэн ойлгож, ухаарах байх, араас ирж уучлалт гуйна гэж бодож энэ алхмыг хийсэн боловч Б.Г ирээгүй, одоо өөр хүнтэй хамт амьдарч гэр бүл болсон байсан. Өмнө нь эвлэрүүлэн зуучлагчид энэ асуудлаараа хандаж байсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Г.Хатанзориг, охин Г.Хулан нарыг эх И.Н миний асрамжинд үлдээж, эцэг Б.Гас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь И.Нтай 2000 онд гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Хатанзориг, 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин Хулан нар төрсөн. Бид 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Н, хариуцагч Б.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч И.Н, хариуцагч Б.Г нар нь 2000 онд танилцаж, гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Хатанзориг, 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин Хулан нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 7-р тал/, 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-н 6-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, нэхэмжлэгч И.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид эвлэрэхгүй нь нэгэнт тодорхой болсон байна. /ХХ-н 9-р тал/ Гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд И.Н, Б.Г нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Хатанзориг, 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Хулан нарыг эх И.Нын асрамжинд үлдээж, эцэг Б.Гас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Г нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа эд хөрөнгийн зохих хувийг гаргуулах талаар дурьдаж байсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эд хөрөнгийн маргаангүй гэсэн тул зохигч эд хөрөнгийн маргаангүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн Б.Гас ИХШХШТХуульд зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Боржигин овогт Ишцогийн Н, Боржигон овогт Баяраагийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Г.Хатанзориг, 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Хулан нарыг эх И.Нын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Хуланг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Г.Хатанзориг, 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Хулан нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Гас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч И.Нын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Нд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Гас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардах нэхэмжлэлийн 01 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21.470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
7. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн нэг хувийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн тасагт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.