Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Г.Цогдэлгэр ,

Шүүгдэгч: Э.А, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000007 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ий *******, / Регистрийн дугаар *******-тай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 7 дугаар багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Быг зодож тархи доргилт, зүүн чамархайд шарх, чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед манай гадаа Б ирээд аавынд яваад орсон тэгэхээр нь би араас нь ороод чи өчигдөр яагаад байсан бэ? гэж хэлэхэд чамайг яасан ч яадаг юм гээд намайг шууд цохисон. Тэгэхээр нь би ээжийнх нь хэвтдэг орон дээр дарж унагаагаад толгой руу нь гараараа хоёр удаа цохиод байж байтал ээж нь ард талаас хойш нь намайг татаж унагаасан тэгээд Б над руу дайраад байж байтал ах гаднаас орж ирээд Быг цааш авч салгасан тэгээд би нүүрсээ буулгах гээд гарч явахдаа орой гэхэд малаа аваад яваарай гэж хэлээд гэрээсээ гарч явсан тэгэхэд Б хана руу толгойгоороо налан хэвтэж үлдсэн. Тэгээд би 2 тонн нүүрсээ буулгачхаад чиргүүлээ залгах гээд байж байхад сумын хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаа хоёр ирээд кабин руугаа авч явж мэдүүлэг авсан.

Тэгээд би орой гэртээ ирэхэд тэр хэвтэж үлдсэн газар нь цус болцон байсан. Тэгээд би эхнэр хүүхдээсээ асуухад чамайг цохисны дараа их цус гоожсон тэгээд тогтоох гэж үзсэн чинь цус нь ерөөсөө тогтохгүй архиа уугаад сууж байхад нь цагдаа дуудсан чи байж бай гэхэд зүгээр зүгээр гээд гараад явсан. Тэгээд манай эхнэр, эгч хоёр цусыг нь цэвэрлэсэн гэсэн. Б.Б толгойдоо 6 оёдол тавиулаад 7 хоног хэвтсэн тэрний төлбөр болох 317000 төгрөгийг эмнэлэгт төлсөн баримт нь байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 81-86/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 12 сарын 19-ний өдөр дэлгүүрээс 0.75 хэмжээтэй архи аваад ******* гэдэг ахын ууж байсан. Тэгээд би архиндаа согтоод ******* ахынхаас хэзээ, хэнтэй гарсан болох талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Би архи уухаасаа өмнө эрүүл мэндийн хувьд зүгээр байсан. Би эмнэлэгт бусдад зодуулаад ирсэн байсан. Намайг зодсон гэх А гэх хүнийг танина өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 18-21/

4. Гэрч Э.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 12 сарын 19-ний өдөр аавындаа очих гээд явж байхад сумын ХААН банкны харалдаа гудамжинд Б нь толгойгоо хагалуулсан явж байхаар нь эмнэлэг дээр очоод сувилагчид хэлсэн. Тэгээд сумын цагдаа Бд хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 22-24/

5. Гэрч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 12 сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд цагдаагаас эрүүл мэндийн төвийн эрхлэгч ******* эмчид дуудлага мэдээлэл өгч би сувилагч *******ийн хамт дуудлага мэдээлэл дээр очиход хохирогч ухаантай хэвтэж байсан тэгээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амин үзүүлэлтийг үзэхэд тархины хүчил төрөгчийн хэмжээ 90-ээс дээш байхаас 71-тэй, зүрхний цохилт нь " 70-аас дээш байхаас 51-тэй, хэвтэж байсан газар нь улаан ягаан өнгөтэй өтгөндөө цус байсан тэгээд 2 цагдаа, хохирогчийн аав, сувилагчийн хамт эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод яаралтай тусламжийн хэсэг рүү оруулж бүх л эмчилгээний арга хэмжээг авч тархинд нь 6 оёдол тавьж биеийн байдлыг тогтворжуулаад стор нээгээд эмнэлгийн 2 давхарт буюу хэвтэн эмчлүүлэгчийн тасагт хэвтүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/

6. Гэрч Э.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 12 сарын 19-ний өглөө 10 цагийн үед гэртээ байж байтал манай эмэгтэй дүү болох ******* намайг Б, А хоёр зодоон хийгээд байна гэсэн тэгээд би хажуу талын гэр буюу аавын гэр лүү ортол А Быг хана руу дарцан цохиж байсан тэгээд би тэр хоёрыг салгатал Бын толгой нь хагарсан гэрийн хөшиг цус болсон байсан. Тэгээд А нүүрс буулгах гээд яваад өгсөн, Б мотоцикл унаад Аийг ална гээд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

7. Гэрч М.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 12 сарын 18-ны өдөр жаахан архи уусан бөгөөд маргааш нь 2020 оны 12 сарын 19-ний өглөө архи арай гараагүй босоод байж байтал Б гэх манай хүргэн дүү 0.5 хэмжээтэй архи авчирч ирээд бид 2 хувааж уусан. Тэгээд би гэртээ үлдээд унтаж байгаад орой сэртэл Б нь Аптангэрэлд зодуулаад эмнэлэгт очсон сураг гарсан. Б нь манайд явган ирчхээд буцаад явган явсан. Манайд ирэхдээ ямар нэг гэмтэл шарх байгаагүй, манайд хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

8.Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 12 сарын 19-ний өдөр ХААН банкны урд алхаж байхад манай хүүхэд Бын толгойноос нь цус гарсан газарт хэвтэж байхаар нь босгож толгойг нь угаах гэхэд ааш гаргаад хэвтээд байхаар нь би яваад өгсөн. Удаагүй байтал цагдаа ирээд намайг авч яваад манай хүүхэд дээр ирээд түргэн дуудаж арга хэмжээ авч толгойд нь оёдол тавьсан. Манай хүүхэд тэр өдөр мотоциклтой яваагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/

9.Гэрч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 12 сарын 19-ний өдөр Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багаар өдрийн эргүүл хийгээд хэсгийн төлөөлөгчийн хамт явж байхад ХААН банкны урд нэг хүн хөдөлгөөнгүй хэвтэж байсан тэгээд машинаас буугаад хартал толгойноос нь цус гарсан ухаангүй хэвтэж байхаар нь хэсгийн төлөөлөгч түргэн дуудаж үзүүлсэн. Харин би ухаангүй хэвтэж байсан хүнийг хараад байж байхад хохирогчийн аав нь явж байхаар нь дуудаж хүүхэд чинь ийм болцон байна танд мэдэж байгаа зүйл байна уу гэхэд ахад нь мэдэх юм алгаа хүнд л зодуулсан юм шиг байна гэсэн тэгээд төд удалгүй түргэний машин ирээд аавынх нь дээлэнд хохирогчийг хэвтүүлж өргөөд машинд хийгээд түргэн рүү явж яаралтай тусламжийн тасаг руу шилжүүлж толгойд нь оёдол тавиулж цусыг нь тогтоосон. Тус өдөр хохирогч мотоциклоор явж харагдаагүй мөн хэргийн газарт мотоцикл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн:

1. Б.Бын биед тархи доргилт, зүүн чамархайд шарх, чихэнд цус

хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..... гэх дүгнэлт /хх-ийн 52-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.А нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутагт Б.Быг зодож тархи доргилт, зүүн чамархайд шарх, чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Б, гэрч Э.Л, Э.Э, Э.А, М.Х, Б.Б, Э.Б, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Э.Аийг ялаас чөлөөлж байгаа тул түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.А нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Харин түүний эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Ад буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Э.Ад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогтой Э.Аийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогтой Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Э.А нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.А эзэмшлийн Nokia маркийн гар утас битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Nokia маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Ад буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ