| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/129 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0146/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Шт холбогдох 2139000000125 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1960 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар багт оршин суух /Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Ганга дэлгүүрийн хашаанд түр оршин суудаг/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хар дэл овгийн Нгийн Ш регистрийн дугаар /СИ60040712/;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Ганга дэлгүүрийн хашаанд байх өөрийн гэртэй иргэн Ж.Пийг харанхуй шөнө явах гэлээ гэх шалтгаанаар төмөр таягаар Ж.Пийн 2 хөл рүү ээлжилж цохисны улмаас баруун гуяны дунд, дээд хэсэг, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ж.Пийн өгсөн:... 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед гэртээ байж байхад манай охин О охиноо хүргэж өгнө гээд машинтайгаа ирсэн юм. Тэгээд Оыг хүүхдээ хүргэж өгнө гэхээр нь Оын машинд сууж яваад Оын ажлын гадаа буусан юм, тэндээс таньдаг өвгөн Шынхаар хэсье гэж бодоод Шт цэргийн баярын ганц юм аваад очъё гэж бодоод замаараа дэлгүүр орж 0.5 граммын "Хараа" нэртэй архи аваад Шынд очсон. Шынх Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ганга" дэлгүүрийн хашаанд байдаг юм. Тэгээд Шынд ороход Ш ганцаараа гэртээ сууж байсан. Тэгээд бид хоёр ойр зуурын юм яриад цэргийн баярын мэнд гээд би авч очсон архиа гаргаж өгөөд бид хоёр хувааж уусан. Тэгээд миний авч очсон архи дууссан, тэгсэн Ш хоёулаа гарч хүнтэй уулзъя гэсэн, тэгэхээр нь би О руу залгаад бид хоёрыг нэг газар луу хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд Шын хашаагаар хойшоо гарч яваад Оын ажлын гадаа уулзаад Оын машинаар бид хоёр хойшоо "Эрдэнэ" гээд буудал руу хүргүүлсэн, О ч хүргэж өгчихөөд яваад өгсөн...Ш ноолуур авч байгаа хүнтэй уулзана гэж ороод удалгүй гарч ирсэн, тэгэхдээ Ш нэг дөрвөлжин шилтэй архитай гарч ирсэн, би тэр архиных нь нэрийг мэдэхгүй байна. Тэгээд буудлын үүднээс такси бариад буцаад Шынд ирсэн. Тэгээд нөгөө дөрвөлжин шилтэй архиа задлаад талд нь ортол уусан, тэгээд би ч согтоод орных нь наана суугаагаараа унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн Шын эхнэр нь ирчихсэн байсан. Ш намайг сугадаж өргөснөө зуухныхаа баруун талд гаргаснаа намайг шалтгаангүй хөл рүү 2-3 удаа өшиглөхөөр нь чи яаж байгаа юм бэ, хэдий архи уусан ч чамайг ямар үйлдэл гаргаж байгааг чинь мэдэж байгаа шүү гэж хэлэхэд Ш орныхоо наана байсан төмөр таягийг авснаа миний хоёр хөл рүү таягаараа 5 удаа цохисон би хэдэн удаа цохисныг нь мэдэж байсан. Тэгээд тухайн үед миний хөл өвдөөд харья гэж бодоод тэднийхээс гарсан, тэгээд нэг мэдсэн гэртээ ирчихсэн байсан...Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Б.Оын өгсөн:...орой 18 цагийн үед аавыг авах гээд Шынх руу ороход аав зүүн талынх нь орны наана орыг нь түшээд суугаагаараа унтаж байсан, харин Ш ах урд талынх нь орон дээр унтаж байсан. Тэгэхээр нь энэ хоёр уучихаад унтаж байгаа юм байна даа гэж бодчихоод аавыг сэрээлгүй тэднийхээс гарч яваад шууд гэртээ ирсэн. Тэгээд орой 20 цагийн үед шиг санаж байна Ш ахын эхнэр нь залгаад аав чинь харья гээд байна гэж хэлсэн. Тэгээд би шууд машинтайгаа аавыг авах гээд Ш ахын хашааны гадаа ирэхэд аав хашааны хайсан дээр доошоо тонгойгоод сууж байсан. Тэгээд аавыг сугадаж машинд оруулж суулгаад гэрт нь авчирч унтуулсан. Тэгээд маргааш би 14 цагийн үед ажлаасаа ирэхэд аав орон дотроо хэвтэж байхаар нь аавыг шартаад байгаа юм уу гэсэн чинь аав хөл өвдөөд босож чаддаггүй, Ш өчигдөр таягаараа цохьчихсон гэж хэлэхээр нь хөлийг нь харсан чинь хоёр хөл нь бүдүүн гуя болон шилбээрээ юу ч үгүй хөхөрчихсөн байхаар нь Ш ах руу залгаад та чинь хамт архи уучихаад нэгнийхээ хөлийг яагаад хөх няц болтол цохиж байгаа юм гэхэд хохь чинь пизда минь гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Л.Аийн өгсөн:... ажлаа тараад 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгэхэд Ш, П хоёр архи уучихсан байдалтай, П нь орны наана тонгойгоод унтаж байх шиг байсан. Тэгсэн манай хүн Пийг сугадаад зуухны баруун талд хэвтүүлсэн чинь П нь унтахгүй явлаа гэсэн чинь, манай хүн түрүүн охин чинь ирээд авч явах гэсэн яваагүй байж одоо харанхуй шөнө хаашаа явах гээд байгаа юм гээд уурласан уу яасан, Пийг барьж байсан таягаараа хөл рүү нь цохиод байхаар нь хөөе чи настай хүнийг чирч гулдачаад, төмрөөр цохиод байхдаа яадаг юм, үхээд өгвөл яах юм, унтахгүй байгаа хүнийг явуулахгүй цохиод байх юм, битгий хүн цохиод бай охиныг нь дуудаад өгөөд явуулъя гэж хэлээд би охин руу залгаад аав чинь явна гээд байна ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд П охиныгоо ирэхээс өмнө гараад явчихсан...Намайг харахад эхлээд Пийн хөл рүү нь хэдэн удаа өшиглөөд барьж байсан таягаараа цохисон, би яг хэдэн удаа цохисныг нь бол мэдэхгүй байна, хоёр хөлийнх нь бүдүүн гуяны орчимд л цохиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 178 дугаартай дүгнэлт:
1.2.Ж.Пийн биед баруун гуяны дунд, дээд хэсэг, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6.Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуу /
Яллагдагч Н.Шын өгсөн:... Тэгээд Төрөөгийн өгсөн дөрвөлжин шилтэй архийг П бид хоёр хувааж уугаад суусан. Тэгээд архи ч нэлээн доогуур болж байсан. Тэгсэн П орны наана суугаагаараа унтаад өгсөн, тэр үед манай хүн ажлаасаа ирчихсэн байсан. Тэгээд Пид зуухны хажуугаар гудас дэвсээд унтуулах гэсэн П унтахгүй явна гээд байхаар нь гэрт байсан таягаараа хөл рүү нь хэдэн удаа цохисон юм, тэгэхдээ яг хөлийнх нь хаана хэдэн удаа цохисноо санахгүй байна, би тухайн үед нэлээн согтсон байсан. Тэгээд орой жоохон архи гараад ухаан ороход П манайд байхгүй гараад явчихсан байсан. Маргааш нь эхнэрийн хэлж байгаагаар манай хүн Пийн охин руу залгаад аавыгаа ирж ав гэж хэлсэн гэсэн. Тэгээд дараахан нь охин нь ирж авсан байх. Пийг зуухны наагуур ор засаад унтуулах гэсэн манай хүн унтаж өгөхгүй болохоор нь би согтуудаа таягаараа цохьчихсоноо бол хальт санаж байгаа, харин өшиглөснөө бол санахгүй байгаа...орны толгойны төмрөөр хийсэн гар хийцийн таяг байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/
80.4 см урттай, 11 см бариултай төмөр таягийг эд мөрийн баримтаар хураан авахыг зөвшөөрсөн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 07 хуу/
Н.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 хуу/
Н.Ш нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт түр оршин суудаг болохыг тодорхойлсон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 109 дугаартай албан бичиг /хх-ийн 62 хуу
Н.Шын нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67, 68 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Шт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчим согтуурсан үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Ганга дэлгүүрийн хашаанд байх өөрийн гэртээ хохирогч Ж.Птой маргалдан өшиглөх, төмөр таягаар цохих зэргээр зодсоны улмаас баруун гуяны дунд, дээд хэсэг, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.П, гэрч Л.А, Б.О нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Ш нь хохирогч Ж.Пийг зодсоны улмаас түүний биед учирсан баруун гуяны дунд, дээд хэсэг, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Н.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.П нь мэдүүлэг өгөхдөө “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг харгалзан гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 80.4 см урттай 11 см бариултай төмөр таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар дэл овгийн Нгийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Ш нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Ш нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 80.4 см урттай 11 см бариултай төмөр таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ