Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

 

          Хариуцагч: “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга Б.Хишгээ, гишүүд-А.Гантулга,  С.Жаргалцэцэг, Д.Баярмаа, Зээлийн батлан даалтын санд холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 155,512,579.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээгээр хангуулах, Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч “Тансаг цагаан идээ” хоршоо, болон Б.Хишгээ, А.Гантулга, Д.Баярмаа, С.Жаргалцэцэг нарын бусад эд хөрөнгөөс зохих төлбөрийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурьдаж өгөхийг  хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Золбоо, хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршооны дарга Б.Хишгээ, гишүүд-А.Гантулга,  С.Жаргалцэцэг, Д.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч “Тансаг цагаан идээ хоршоо” нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ4320007181 тоот зээлийн гэрээ байгуулж, 136,400,000 төгрөгний жилийн 8 хувийн хүүтэй Чингис бондын зээлийг 4 жилийн хугацаатай авсан. Энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар БГ4320007181, БГ4320007181-А, тоот Ипотекийн гэрээ, БГ4320007181-Б тоот барьцааны гэрээг байгуулж, дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 9 дүгээр баг, партизан 23 тоот хаягт байршилтай, УБ№: Y-1307002057 дугаартай, хувийн сууц, граж, фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр баг, партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ№: Г-1307001932 дугаартай өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг 31 тоот хаягт байршилтай, УБ№ Y-1307000621 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг 31 тоот хаягт байршилтай, нэгж тайлбарын: 170701417 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх Дэнжийн хэсэгт байрлах “Тансаг цагаан идээ” хоршооны “Сайхан” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм хөрөнгө, /БГ4320007181-Б тоот барьцааны гэрээний 2.2 д заасан нийт 40 нэр төрөл бүхий 85 ширхэг тоног төхөөрөмж, машин механизмыг барьцаалсан. Зээлдэгч нар 2015 оын 06 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 155,512,579.96 төгрөгийн зээлийн өр төлбөр хуримтлагдаад байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө дутмаг байсан учраас зээлдэгч нарын хүсэлтийн дагуу батлан даалтын сантай хамтарч гэрээ байгуулсан байгаа. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу батлан даалтын санг судалж үзээд батлан даалтын сангаас батлан даалт гаргасан байгаа. Ингээд гэрээний дагуу бид нэхэмжлэлээ гаргасан. Манай банкны зүгээс зээлдэгчдээс 155,512,579.96 төгрөг, мөн шүүхийн тэмдэгтийн хураамжид төлсөн 935,512.9 төгрөгийг “Тансаг цагаан идээ” хоршоо болон хоршооны гишүүн Б.Хишгээ, А.Гантулга, Д.Баярмаа, С.Жаргалцэцэг нараас гаргуулж Голомт банкинд олгож өгнө үү. Мөн батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн үнийн дүнгийн 60 хувь буюу 81,840,000 төгрөгт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж өгнө үү. Мөн дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлагыг БГ4320007181, БГ432007181-А тоот Ипотекийн гэрээ БГ4320007181-Б тоот барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурьдаж өгнө үү. Өмнө нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй тохиолдолд зээлдэгч “Тансаг цагаан идээ хоршоо” болон иргэн Б.Хишгээ, А.Гантулга, Д.Баярмаа, С.Жаргалцэцэг нарын бусад эд хөрөнгөөс зохих төлбөрийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршооны дарга Б.Хишгээ шүүх хуралдаанд дээр гаргасан хариу тайлбартаа: ... Манай “Тансаг цагаан идээ хоршоо” Голомт банкнаас 136,400,000 төгрөгний зээл авсан. Энэ зээлээр төслийнхөө дагуу бүх тоног төхөөрөмжөө авч үйл ажиллагаагаа явуулсан. Энэ зээлийг бол “Глобал комиз” гэсэн олон улсын байгууллага бид нарыг ийм үйл ажиллагаа явуулаач гэж энэ төслийг өөрсдөө хийж, яамаар өөрсдөө хөөцөлдөж байж энэ төслийг явуулсан.  Энэ зээлийг аваад бид 01 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан. Төслийн хугацаа богино давчуу тийм учраас эргэн төлөлт нь өндөр, 2-т шинээр гарсан бүтээгдэхүүний борлуулалт муу, ингээд олон талын шалтгаанаас үндсэн зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Анх 22 хүний гишүүнтэй хоршоо байгуулагдсан, одоо гишүүд минь гарсаар 13 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Энэ төслийн хэрэгжилт явцад миний бие бүх зүйлд гардаж байшинд засвар, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт зэрэгт өөрөө гардаж хийсэн. 2013 оны 06 дугаар сараас хойш энэ ажилд өөрийн ар гэрийн ажлаа умартаж өдийг хүртэл ажиллаж ирсэн. Энэ хугацаанд янз бүрийн асуудал үүссэн. Хоршооны гишүүдийг цуглуулж хуралдаж байсан боловч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй. Тэр болгоныг өөрийн биеэр хариуцаж явж өдийг хүрсэн. Цаашид банкнаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг миний хувьд төлөхөд хүндрэлтэй байна. Надад тийм боломж байхгүй. Хоршооны бүх гишүүдийг бүрэн оролцуулах бодолтой байна. Энэ хүмүүс бол ямар ч хариуцлагагүй, бид дөрөв зөвхөн батлан дааж орсон болохоор өр төлбөр гарвал бид төлнө гэсэн асуудал яриагүй. Тэгэхлээр энэ гишүүдийг бүрэн оролцуулах саналтай байна гэв.

Хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршооны гишүүн А.Гантулга шүүх хуралдаанд дээр гаргасан хариу тайлбартаа: ... Анх 2014 онд “Глобал комиз” төслийнхөн Мандал суманд ирээд хувиараа хөдөлмөр эрхэлдэг малтай хүмүүсийг хамруулж ажил үйлчилгээ явуулж эхэлсэн. Тэрэнд хамрагдаж хэсэг хүмүүсийг бүлэг болгож ажилласан. Сүүлд нь бид 4-тэй уулзаж, та 4 сүүний брокер хийдэг хүмүүс нийлээд хоршоо байгуулаад сүүний үйлдвэр байгуулбал ашигтай юм биш үү гэсэн. Тэгээд хоршоо чинь ер нь яадаг юм бэ гэхэд хоршиж хөдөлмөрөөрөө нийлж ажиллах ёстой, хоршоо нь 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой гэсэн. Тэгэхээр нь би манай Мандал сумын хувьд их онцлогтой үхрээ саагаад ч бай, ногоогоо тариад ч бай хашаа хашаандаа орлогоо олдог ингэж хоршиж ажиллах нь хэцүү шүү, бие биенийгээ үгүйсгээд ч бай ажил нь урагшаа явахгүй байх магадлалтай, олон хүн байгаад байвал наадах чинь хэцүү гэсэн. Тэгсэн үгүй болно та нар харин олуулаа байх тусам болно гэсэн. Цаад учир нь төслийн байгууллагын ажил олон хүнийг хамруулж байх юм бол тэр ажил урагшаа явдаг учиртай байсан юм байна лээ. Тэгээд тэр хүмүүсийн шахалт шаардлага ч юм уу бид нар хоршоо үүсгэн байгуулаад Чингис бондын төслөөс сүүний үйлдвэрийн зээл гарна гээд төслийг өөрсдөө бичиж өгсөн. Хамгийн сүүлд нь гарын үсэг зурахад хоршооны дарга очиж гарын үсэг зурж болдоггүй юм байна. Заавал төлөөлөл хүмүүс байх ёстой гэж хэлсэн тэгээд бүх гишүүдийн хурал хийж, бүх гишүүдийн хурлаас бид 4 сонгогдож очиж гарын үсэг зурсан. Эцэст нь төслийн байгууллагын ажил нь урагшаа явж байдаг ард нь бид нар 136,000,000 төгрөгний зээл авсан гэдэг ч нэг төгрөг ч хувьдаа аваагүй, би хувьдаа тэр мөнгөний барааг ч хараагүй. Тэгээд нэг төгрөг ч аваагүй байж өнөөдөр мөнгө төлнө гээд шүүх хуралд орж байгаадаа гомдолтой байна. Тэр олон улсын байгууллагад маш их гомдолтой байна. Ямар ч байсан энэ зээлийг 1 иргэн гэдэг дээр өр төлбөр гаргах биш, хоршооны бүх гишүүд хурлаа хийж шийдвэр гаргаж, хоршооны бүх гишүүдэд хамруулдаг юм уу тийм саналтай байна гэв. 

Хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршооны гишүүн С.Жаргалцэцэг шүүх хуралдаанд дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би ч гэсэн мөн адил саналтай байна. Энэ хоршооны төлбөр төлөгдөхөө хүрвэл хувь хүн ганц бид дөрөв дээр биш “Тансаг цагаан идээ хоршоо” гээд байгаа учир хоршооны гишүүд болох 13 хүнд хувааж төлүүлэх саналтай байна гэв.

Хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршооны гишүүн Д.Баярмаа шүүх хуралдаанд дээр гаргасан хариу тайлбартаа: ... Миний хувьд ч гэсэн санал нэг байна. Хариуцсан бид 4 дээр биш хоршооны бүх гишүүд болох 13 хүнд төлбөрийг хувааж төлүүлэх саналтай байна. Энэ зээлийн барьцаанд манай хашаа байшин байгаа. Энийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Голомт банкны Сэлэнгэ салбараас Зээлийн батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн батлан даалтын сан, Голомт банкны Сэлэнгэ салбар, Тансаг цагаан идээ хоршоотой хамтраад 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Уг батлан даалтын гэрээгээр мөн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Голомт банкны Сэлэнгэ салбар болон Тансаг цагаан идээ хоршоо түүний тэргүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу олгогдсон 136,400,000 төгрөгний зээлийн 60 хувьд батлан даалт гаргасан. Батлан даалтын гэрээний 1.4-д батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 60 хувь байна гэж заасан. Мөн 1.6-д зээлдүүлэгч зээлийн хувиар зөрчөөд 90-ээс доошгүй хоносон байх, зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд зээлийг төлүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан тохиолдолд батлан даалтын үүргийг гүйцэтгэх талаар харилцан тохиролцоно. Зээлийн барьцаа хөрөнгийн харилцан тохиролцсон нийт үнэлгээ нь 156,960,500 төгрөг байгаа. Уг барьцаа хөрөнгөөр банкны шаардлагыг хангах бололцоотой гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн үнэ бол 155,512,579 төгрөг гэдэг барьцаа хөрөнгөнөөсөө бага дүнтэй байна. Эдгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд зээлийн батлан даалтын сангийн хариуцах дүн, үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм. Иргэний хуулийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг. Иргэний хуулийн 460.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацааны дагуу гүйцэтгээгүй эсхүл үүрэг гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон ийм тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагчаас шаардах эрхтэй байдаг. Энэ зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дуусна, хугацаа нь дуусаагүй, үүрэг гүйцэтгэж чадахгүй болох нь ил тод болоогүй. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө нь бүгд байж байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Голомт банк нэхэмжлэхдээ Тансаг цагаан идээ хоршоо болон түүний тэргүүлэгчдээс 156,5 сая төгрөгийг нийт дүнгээр нэхэмжлээд батлан даалтын сангаас 81,8 сая төгрөгийг нэхэмжилж байна гээд нэхэмжлэл дээрээ бичсэн байна. Ингээд нийт дүнгээр нэмээд үзэхээр 237,3 сая төгрөг юм шиг харагдаад байна. Иргэний хуулийн 451.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ гэрээгээр тохиролцсон бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгэхээр Тансаг цагаан идээ хоршоо бол  зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд батлан даагч хариуцлага хүлээх ийм хуулийн зохицуулалт байдаг. Тэгэхээр шууд зээлийн батлан даалтын сангаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2-рт би өмнө нь хэлсэн батлан даалтын гэрээний 1.4-д заасан үлдэгдэл дүнгээс тооцно гэсэн одоо яг үлдэгдэл дүн нь хэд гэдэг нь тодорхойгүй. Одоо бол 136,400,000  төгрөг гэж үндсэн зээлийн хэмжээ байгаа юм шиг боловч зээлдэгч зээлээ төлөхийн тулд бизнесийн орлого болон барьцаа хөрөнгө зэргээр төлдөг. Энэ эд хөрөнгөөрөө төлөхөөр хэдэн төгрөг үлдэх вэ гэдгийг бид бүхэн өнөөдөр тодорхойлох боломжгүй байна. Тийм учраас батлан даалтын сангийн хариуцах хэмжээг тодорхой болгох боломжгүй байна. Тийм учраас батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 155,512,579.96 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Зээлийн батлан даалтын санд холбогдуулан батлан даалтын гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, гэрээнд заасан хувиар зээлийн төлбөрийг гаргуулах шаардлагыг тус тус гаргасан байна.

 “Тансаг цагаан идээ” хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас нийт 155,512,579.96 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд Голомт банкны Сэлэнгэ салбар ЗГ4320007181 тоот гэрээг үндэслэл болгосон байна.

Үүнд: Голомт банкны Сэлэнгэ салбар нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Тансаг цагаан идээ” хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, Д.Баярмаа, С.Жаргалцэцэг /цаашид “Зээлдэгч” гэх/ нартай ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээ байгуулж, 136,400,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 42 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн байна.

Энэ гэрээний төлбөрт 136,400,000 төгрөгийн үндсэн зээл, 18,071,605.21 төгрөгийн үндсэн хүүгийн төлбөр, 1,040,974.75 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 155,512,579.96 төгрөг нэхэмжилсэн.

Голомт банкны Сэлэнгэ салбар нь “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нартай 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээ байгуулж, 136,400,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 42 сарын хугацаатай сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар олгохоор тохиролцсон байна.

         Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нарт холбогдуулан гаргасан хоёр дахь шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэгч БГ4320007181, БГ4320007181-А тоот гэрээнүүдийг үндэслэжээ.

       Дээрх гэрээгээр: Голомт банкны Сэлэнгэ салбар нь “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нартай

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ №: Y-1307002057 дугаартай, хувийн сууц, граж, фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр баг, партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ №: Г-1307001932 дугаартай өмчлөх эрхтэй газар.

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 31 тоот хаягт

байршилтай, УБ № Y-1307000621 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

      -Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 31 тоот хаягт байршилтай, нэгж тайлбарын: 170701417 дугаартай газар эзэмших эрх.

       -Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Дэнжийн хэсэгт байрлах “Тансаг цагаан идээ” хоршооны “Сайхан” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм хөрөнгө. /БГ4320007181-Б тоот барьцааны гэрээний 2.2 д заасан нийт 40 нэр төрөл бүхий 85 ширхэг тоног төхөөрөмж, машин механизм/ зэрэг эд хөрөнгийг барьцаалжээ.

        Дээрх эд хөрөнгийг барьцаалан 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр БГ4320007181, БГ4320007181-А тоот Ипотекийн гэрээнүүдийг байгуулж ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалсан байна.

          Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь Зээлийн батлан даалтын санд холбогдуулан батлан даалтын гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэхийг даалгаж, үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувиар тооцон зээлийн төлбөрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гарган Голомт банкны Сэлэнгэ салбар болон Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан БГД4320007181 тоот “Батлан даалтын гэрээг”-г үндэслэжээ.

БГД4320007181 тоот “Батлан даалтын гэрээг”-ний 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна” гэж заасны дагуу үүргээ биелүүлэхийг даалгуулахыг хүссэн байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Голомт банкны Сэлэнгэ салбар ЗГ4320007181 тоот гэрээгээр мөнгө зээлдүүлэх, “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх, зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрийлэгч гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар ЗГ4320007181 тоот гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээлийг олгосонд тооцно.

Голомт банкны Сэлэнгэ салбар ЗГ4320007181 тоот гэрээний дагуу 136,400,000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа   нарт бэлэн бусаар 4320007071 тоот дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Голомт банкны Сэлэнгэ салбар нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон тул ЗГ4320007181 тоот гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн гэж үзлээ.

Хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нар нь ЗГ4320007181 тоот зээлийн гэрээний талаар маргаагүй байна.

Голомт банкны Сэлэнгэ салбар гэрээнд заасан үүргээ биелүүлсэн буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон байна.

ЗГ4320007181 тоот гэрээнд заасан үүргээ Голомт банкны Сэлэнгэ салбар биелүулсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

“Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтын хүрээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулах үндэслэлтэй байх тул ЗГ4320007181 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлд 136,400,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,071,605.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,040,974.75 төгрөг нийт 155,512,579.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй байна.

Хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар нь ЗГ4320007181 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалан БГ4320007181, БГ4320007181-А, тоот Ипотекийн гэрээ, БГ4320007181-Б тоот гэрээнүүдийг байгуулсан бөгөөд уг гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулагдсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлдэгч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн байх тул зээлийн гэрээнүүдийн үүрэгт барьцаалсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасны дагуу худалдахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалсан дээрх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Зээлийн батлан даалтын сантай “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нарыг ЗГ4320007181 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг зээлдэгчтэй хамртан хариуцахаар тохиролцон 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр БДГ4320007181 тоот “Батлан даалтын гэрээг”-г Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасны дагуу байгуулсан байна.

Батлан даалтын гэрээ нь батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг буюу үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг хэлцэл юм.

Өөрөөр хэлбэр Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг юм. Иймд “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байгаа тохиолдолд түүний гүйцэтгэх үүргийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т зааснаар Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрх үүснэ.

Батлан даалтын гэрээнд “зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг Зээлдүүлэгч өөрийн журам, зааврын дагуу хангалттай авсан тохиолдолд Батлан даагчаас үүргээ гүйцэтгэнэ” гэж тохиролцсон байх ба Голомт банкны Сэлэнгэ салбар зээлдэгчээс зээл төлүүлэх хангалттай арга хэмжээ авсан, зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байгаа байдлыг нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгч ЗГ4320007181 тоот зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас болон зээлийн батлан даалтын сангаас уг үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг үндсэн зээлийн 60 хувиар тооцон гаргуулахаар аль алинаас нь давхардуулан нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй буюу үндэслэлгүй байна.

Иймд дээрх зээлийн гэрээний гүйцэтгэлийг үндсэн үүрэг гүйцэтгэгч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн батлан даалтын санд холбогдох холбогдох 81.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй тохиолдолд зээлдэгч “Тансаг цагаан идээ” хоршоо, болон иргэн Б.Хишгээ, А.Гантулга, Д.Баярмаа, С.Жаргалцэцэг нарын бусад эд хөрөнгөөс зохих төлбөрийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас 155,512,579.96 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгож, Зээлийн батлан даалтын санд холбогдох 81,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд БГ4320007181, БГ4320007181-А тоот Ипотекийн гэрээ, БГ4320007181-Б тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

          3. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч “Тансаг цагаан идээ” хоршоо, болон Б.Хишгээ, А.Гантулга, Д.Баярмаа, С.Жаргалцэцэг нарын бусад эд хөрөнгөөс зохих төлбөрийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурьдаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 932512 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас 932512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.