Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил

 Нарийн бичгийн дарга: Р.ЦогД

Шүүгдэгч: Ү.Д нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ү.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000132 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

                Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 11 ний өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ү.Д,

Үйлдсэн хэргийн талаар

            Шүүгдэгч Ү.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг Дээд жаргалант гэх газарт байх өөрийн гэртээ согтуурсан үедээ Ж.Бтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамар, чамархайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

            Шүүгдэгч Ү.Дийн мөрдөн байцаалтад өгсөн

            ...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед манай гэрт манай хоёр найз 1 шил архитай ирсэн. Манайд хоол идээд Ж.Б ахынд орж бас хоол идээд орой боллоо гээд тэр хоёр хүн явсан. Ж.Б ахын гэрт бид хоёр 1 шил архи уугаад манайд орж 1 шил архи уусан. Ж.Б ах намайг хэл амаар доромжлоод шүлсээ хаяад миний шилэн хүзүүнээс бариад түлхэхээр нь нэг удаа нүү рүү нь цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 97-98/,

           

Хохирогч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...2021 оны 04 дүгээр сарын 05-ны орой би малдаа явчихаад гэртээ ирээд байж байтал Ү.Д манайд айлчин ирлээ гээд ороод ир гэж намайг дуудсан. Ү.Дийнд ороход 2 танихгүй хүнтэй архи задалсан сууж байсан. Би архинаас нь хувааж уусан. Би гэрийн хажуугаар тарсан байсан үхрээ хурааж ирж тугалаа уячихаад эхнэр Ж.Лгийн хамт Ү.Дийнд орсон. Ү.Д дахин нэг шил архи задалсан бид хэд хувааж уусан. Би согтсон байсан учраас юу болсон талаар сайн санахгүй байна. Ү.Дтэй маргаад байх шиг байсан юунаас болж маргаан үүссэнийг би сайн санахгүй байна. Би өмнө Ү.Дтэй маргаж зодолдож байсан зүйл байхгүй. Айл саахалт байдаг хүмүүс байгаа юм. Би шөнө 01 цагийн үед Ү.Дтэй маргалдаад дүү О.Аынх руугаа алхаж өглөө гэгээ орчихсон байхад очсон. Би О.Аынд очоод М.Га гэж хүнд би Ү.Дт зодуулчихлаа гэж хэлж байсан. Уурандаа О.Аынх руу алхсан юм шиг байна. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, хамар хэсэгт халцарсан. Биед өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25/,

           

Гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 11 цагийн үед манай төрсөн дүү Ж.Оэ над руу утсаар яриад Ж.Б ах хүнд зодуулаад нүд нь хавдсан, нүүр хэсэг нь цус болсон байдалтай явган хүрээд ирлээ цагдаа дуудаад өгөөч гээд над руу ярьсан. Манай дүү Ж.Оэ над руу ярихдаа Ү.Д гэж хүн зодсон гэж байна гэж хэлсэн. Ж.Б манайд ирэхдээ айлынхаа Ү.Д гэж хүнтэй маргалдаад ийм зүйл болчихлоо гэж хэлсэн байсан. Манай дүү над руу ярихдаа гэрээсээ гараад шөнөжингөө алхаад хүрээд ирсэн гэж хэлсэн. Ж.Б надад тодорхой зүйл яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36/,

           

Гэрч В.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манайд Чулуундорж эхнэртэйгээ ирсэн. Орой нь Ж.Б орж ирээд тэр хэд 1 шил архи хувааж уусан. Бид хэд бөөндөө Ж.Б ахынд орж хоол унд идчихээд байж байтал Ж.Б ах нэг шил архи задалсан тэр архийг нь бид хэд бүгдээрээ хувааж уусан. Ж.Б ах тугалаа уячихаад манайд орж ирсэн. Чулуундорж эхнэртэйгээ яваад өгсөн. Тэр хоёр мотоциклтой явж байгаа гээд архи уухгүй байсан. Ж.Б, Ү.Д хоёр үлдээд нэг шил архи хувааж ууж байтал Ж.Б ах агсам согтуу тавиад Ү.Дийг хэл амаар доромжлоод шүлсээ нулимаад байсан Ү.Д боль та гэсэн чинь шилэн хүзүүдээд авсан. Ү.Д цохиод авсан чинь хамраас нь цус гарсан. Ү.Д баруун талын гараараа нэг цохьсон.Ү.Дийн биед гэмтэл шарх үүсээгүй. Архи нилээн уусан байсан тухайн үед тавтиргүй үйлдэл гаргаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

           

Гэрч Ө.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...өглөө 09 цагийн үед гэртээ байж байтал Ж.Б ах нүүр хэсэг нь цус болсон байдалтай алхаад хүрээд ирсэн. Ү.Д гэж хүнд зодуулсан гэж хэлсэн. Архи уусан гэсэн зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47/,

           

Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ... 10 цагийн үед хониндоо явчихаад гэртээ иртэл манай ах Ж.Б хүнд зодуулсан байдалтай ирсэн байсан. Би нүүр гарынх нь цусыг цэвэрлэж өгсөн. М.Гад Ж.Б ах хэлэхдээ Ү.Д гэх хүнд зодуулсан гэж хэлсэн байсан. Архи үнэртэхгүй байсан. Би уусан байсан гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,

           

Гэрч О.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ... өглөө 09 цагийн үед манай хадам ах Ж.Б нүүр ам нь цус болсон би үхлээ гээд явган алхаад хүрээд ирсэн. М.Га надад хэлэхдээ Ж.Б ах Ү.Дт зодуулсан гэж хэлсэн. Нилээн даарсан байдалтай, нүүр хэсэг нь цус болсон, нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Архи уусан гэх зүйл ажиглагдаагүй. Их даарсан гэмээр байсан. Ж.Б ахыг Ү.Д гэдэг хүн архи ууж байгаад зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,

           

Гэрч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...Ж.Б нь өглөө 09 цагийн үед нүүр, ам, гар нь цус болсон байдалтай манайд хүрээд ирсэн. Би юу болсон талаар асуухад Ж.Б ах би Ү.Дт зодуулчихаад шөнө алхсаар байгаад танайд хүрээд ирлээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

           

Гэрч Ж.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай хотны Ү.Д гэж айлд хоёр хүн ирсэн. Ж.Б малдаа яваад орой ирээд Ү.Дийн гэрт орсон. Намайг гэртээ байж байтал Ж.Б, Ү.Д эхнэртэйгээ ирсэн хоёр хүн ороод ирсэн, би хоол унд хийж өгсөн. Манайх нэг шил архи задалж өгсөн. Тэр архийг Ү.Д, Ж.Б хоёр хуваагаад уусан. Ү.Дийнд ирсэн хоёр хүн манайхаас гараад яваад өгсөн. Ж.Б үхрээ хурааж ирээд тугалаа уячихаад Ү.Дийнд орсон байсан. Манай охин Б.Д хэлэхдээ Ү.Д ах аавыг цохиод аав шөнө явчихсан гэж хэлсэн. Маргааш нь нутгийн хүмүүс рүүгээ залгаж Ж.Бийг асуутал хүмүүс мэдэхгүй гээд байсан. Үдээс хойш О.Аынд байна гэж сураг гарсан,....Ж.Бийн нүд хавдаж хөхөрсөн байсан,...Ү.Д, Ж.Б хоёр өмнө нь хоорондоо маргалдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

           

 

Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай хотны Ү.Д гэж айлд хоёр хүн ирсэн байсан. Тэр өдөр манай малын ээлж байсан аав үдээс хойш малдаа яваад ирсэн. Ү.Д ахынд ирсэн байсан хоёр хүн манайд орж ирэн хоол унд идэж уучихаад яваад өгсөн. Аав үхэртээ явж тугалаа уячихаад Ү.Д ахынд ороод нилээн удсан, би гэртээ байж байтал аавын дуу гараад байхаар нь би гараад Ү.Д ахынх руу алхаж байтал аав урдаас гараад ирсэн. Би аавыг дагуулаад гэртээ орсон, удалгүй гараад явчихсан. Би ойрхон айлд очоод унтсан юм байх гэж бодсон чинь Үхэгт байдаг О.А ахынд очсон байсан. Би урдаас нь очтол Ү.Д намайг зодчихлоо гээд нүүр нь цус болсон, нэг нүд нь нилээн хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Юунаас болж маргасныг би мэдэхгүй байна. Нилээн согтуу л юм шиг байсан. Ү.Д ахын эхнэр байсан өөр хүн байгаагүй. Айлчилж ирсэн хоёр хүн нь эрт явсан байсан. Аав шөнийн 24 цагийн үед гэрээс гараад явсан алхаад О.А ахынд очсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69/

 

Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...Ж.Бийн биед учирсан гэмтлүүд нэг цаг хугацаанд учирсан тул гэмтлийн зэргийг нийтээр нь тогтоосон. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ж.Бийн биед учирсан 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хүний нүүрний хэсгүүд хоорондоо маш ойрхон байрлалтай байдаг учраас нэг удаагийн үйлчлэлээр зовхи, дух, хамар, чамархай хэсгүүдэд давхар гэмтэл үүсэх боломжтой байдаг. Гэхдээ энэ нь ямар байрлалаас болон ямар зүйлийн үйлчлэл нөлөөлснөөс хамаараад харилцан адилгүй байдаг. Зүүн нүд рүү цохисны улмаас үүссэн цус хуралт нь баруун нүд рүү тархах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90/

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 207 дугаартай

            1.Ж.Бийн биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамар, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 80- 81/,

 

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 16/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 100/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 101/, депозит дансны хуулгууд /хх-ийн 107/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 109/, шүүгдэгч Ү.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ү.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг Дээд жаргалант гэх газарт байх өөрийн гэртээ согтуурсан үедээ Ж.Бтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ү.Дийн / хх-ийн 97-98/, хохирогч Ж.Бийн/ хх-ийн 23-25/,гэрч Ж.Бын /хх-ийн 35-36/, гэрч В.Нийн / хх-ийн 42-43/, гэрч Ө.Шийн /хх-ийн 46-47/,гэрч Ж.Оийн /хх-ийн 50-52/,гэрч О.Аын /хх-ийн 55-57/, гэрч М.Гын /хх-ийн 60-61/,гэрч Ж.Лгийн /хх-ийн 64-65/, гэрч Б.Дгийн / хх-ийн 68-69/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн № 207дугаар шинжээч дүгнэлт /хх-ийн 80-81/ шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ү.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ү.Д нь хохирогч Ж.Бийн нүүр лүү цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... Ж.Бийн биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамар, чамархайд зулгаралт гэмтэл хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 80-81/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

 

            Хэрэг учрал болсон хохирогч Ж.Б, шүүгдэгч Ү.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохин зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Ү.Д нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг торгох ял биелэгдсэн, дуусгавар болсон талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.05.16-ны өдрийн №16 тоот албан бичиг хэрэгт авагдсан болно.

Шүүгдэгч Ү.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Ж.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ү.Д нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ү.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, шүүгдэгч нарын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ү.Дт торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ү.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ү.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэрлэгт овогт Ү.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ү.Дийг дөрвөн зуун тавин тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ү.Дт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ү.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ү.Дт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч Ү.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ү.Дт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА