Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1982 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ухааны багш мэргэжилтэй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С сумын 7 дугаар багийн 3-р хэсгийн багш нарын 29-р байрны 1-12 тоотод оршин суух, /НБ:82122401/ Тайж овогт Зандаагийн Нгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хотод 1975 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, хөгжлийн гудамжны 1-21 тоотод оршин суух, /ЦЗ:75012171/ Агуут овогт Буяндэлгэрийн Ст холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч З.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: … Миний бие нь Б.Стай 1995 онд анх танилцсан. Улмаар бид 1996 оноос эхлэн үерхэж байгаад 2001 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2001 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин С.Хулан, 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүү С.Сэлэнгэсайхан нар мэндэлсэн. Амьдрах хугацаанд гэр бүлийн үл ойлголцол зөрчил маргаан ихээхэн гардаг байсан боловч үр хүүхдүүдээ бодоод тэсэж тэвчин амьдарсаар ирсэн. Үл ойлголцлын гол шалтгаан нь Б.С учир утгагүй хэнтэй ч хамаагүй хардаж сэрдэн заримдаа бүр гар хүрэх тохиолдол нэг бус удаа гарч байсан. Тухайн үедээ гомдсон ч уучлаад л өнгөрдөг байсан. Эцэс сүүлд нь бодоод байхад өөрөө янз бүрийн авгай хүүхнүүдтэй орооцолдон наргиж цэнгэж араар тавих тохиолдол нэг бус удаа гарч намайг сэтгэл санаа болон, эрүүл мэндээр хохироох явдал цөөнгүй гарч байсан. Тэгсэн хэдий боловч ингэж байгаад болих байх, өөрчлөгдөх байх, үр хүүхдээ бодох байх, төрийн байгууллагад ажилладаг юм чинь нэр төрийг нь бодсоор ирсэн. Гэр бүлийн харилцаа маань 2013 онд Б.С Сэлэнгэ аймагт ажиллах болсноор хардаж сэрдэх нь улам их болж үл ойлголцол, үзэл бодол таарахаа больж 2014 оны 02 дугаар сард тодорхой бус учир шалтгаанаар гэрээсээ явсанаар тус тусдаа амьдрах болсон. Бид энэ талаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2001 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин С.Хулан, 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү С.Сэлэнгэсайхан нарыг миний асрамжинд үлдээж, хуулийн дагуу эцэг Б.Саас тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь З.Нтай 1995 онд анх танилцсан. Улмаар бид 1996 оноос эхлэн үерхэж байгаад 2001 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2001 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин С.Хулан, 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүү С.Сэлэнгэсайхан нар мэндэлсэн. Амьдрах хугацаанд гэр бүлийн үл ойлголцол гардаг байсан. Одоо Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Н, хариуцагч Б.Ст холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч З.Н, хариуцагч Б.С нар нь 1995 онд танилцаж, гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2001 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин С.Хулан, 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүү С.Сэлэнгэсайхан нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-н 3-4-р тал/, 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэрлэлтийн №66 дугаартай гэрчилгээний хуулбар /ХХ-н 5-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, нэхэмжлэгч З.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, талуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг уулзалтын явцад гаргасан нь цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй болсон тул шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна /ХХ-н 10-р тал/. Гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд З.Н, Б.С нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Мөн Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан 2001 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин С.Хулан, 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү С.Сэлэнгэсайхан нарыг эх З.Нгийн асрамжинд үлдээж эцэг Б.Саас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Тайж овогт Зандаагийн Н, Агуут овогт Буяндэлгэрийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д  зааснаар 2001  оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин С.Хулан, 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү С.Сэлэнгэсайхан нарыг эх З.Нгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2001  оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин С.Хулан, 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү С.Сэлэнгэсайхан нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Саас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дуьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч З.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  З.Нд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Саас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардах нэхэмжлэлийн 01 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21.470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.

7. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн нэг хувийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн тасагт хүргүүлэхийг Шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.