Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, ы

Улсын яллагч: Н.Нямдорж

 Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014000000129 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, уурхайд ажилладаг, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Ч.А,

 

Үйлдсэн хэргийн талаар

 

        Шүүгдэгч Ч.А нь 2021 оны 04 дүгээр сарын 25- 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 8-18 тоотод Д.Оийг толгой руу цохилоо гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

            Шүүгдэгч Ч.Аы мөрдөн байцаалтад өгсөн

                ...2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр найз бүсгүй Д.Оийн хамт ажлын ах Сонинбаатарынд орой 22 цагийн үед очсон. Сонинбаатар ах тал шил “Ерөөл” нэртэй 0.75 граммын хэмжээтэй архи гаргаж ирээд архинаас Д.О, Сонинбаатар бид 3 хувааж ууж байхад Д.О надаас хэрүүл нэхээд миний урдаас салаавч гаргаад янз бүрийн байдал гаргаад байхаар нь би нөгөө талын орны хөлд очоод суусан. Тэгтэл Д.О нь бие засчихаад ирье гээд гарч яваад орж ирэхдээ миний толгой руу зөөлхөн цохиод авахаар нь би чи болио, айлд хэрүүл маргаан хийгээд гэхэд “хуц, чам шиг банди амжихгүй шүү гэж хэлээд нөгөө талын орон дээр суусан. Тухайн үед миний уур хүрсэн. Тэгээд юм яриад ууж байгаад Д.Оийг одоо явъя гээд гэрээс гараад хашааны хаалга руу явж байтал намайг хэл амаар доромжлоод ар нуруу руу ганц нэг цохиод байхаар нь гэнэт уур хүрээд гараа далайсан чинь Д.Оийн нүүрэнд цохиод авсан. Тэгтэл газар давхралдаж унаад дээр доороо ороод нэлээн зууралдаж аваад Сонинбаатар ахын гэрт буцаж орсон чинь Д.Оийн шүд унасан. Нүүр ам нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

           

Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ... 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орой 21 цаг 40 минутын үед найз залуу Ч.Аы хамт Сонинбаатар гэх айлд очсон. Ч.А бид 2 очиход тал шил 0.75 граммын архи гаргаж ирэхээр нь Сонинбаатар, Ч.А бид 3 хувааж уугаад би нилээн согтсон байсан учир Ч.Ааас хэрүүл гуйсан. Тэгтэл Ч.А нь миний толгой, нүүр хэсэг рүү гараараа болон хөлөөрөө өшиглөж, миний биед гэмтэл учруулсан. Би тухайн үед архинаас нилээн уусан байсан учир яг юунаас болж маргалдсан эсэхээ санахгүй байна. Миний санаж байгаагаар би анх хэрүүл гуйсан байсан, гэлээ гэхдээ намайг ингэж зодож болохгүй. Ч.А миний толгой, нүүр лүү гараараа болон хөлөөрөө цохиж, миний дээд үүдэн шүд унасан. Мөн нэг шүд хөдөлгөөнтэй байна. Нүүр 2 талын чих хэсгээр хавдсан байдалтай байна. Миний биед их гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

           

Гэрч Ё.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ... 2021 оны 04 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед Д.О, Ч.Аы хамт ирсэн. Манай нөхрийн ууж байсан тал шил “Ерөөл” нэртэй архийг Ч.А, Д.О нар хувааж уугаад сууж байгаад Д.О бие засчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд удалгүй орж ирээд Ч.Аы толгой руу гараараа цохиход чи миний толгой руу цохилоо гээд босож ирээд хоорондоо маргалдаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарахад Д.О нүүрээ дараад сууж байсан тэр хоёрыг гэртээ оруулж ирэхэд Д.Оийн нүүр нь цус болсон байсан. Д.О шүд хөдөлсөн юм шиг байна гээд оролдоод байсан, удалгүй шүд уначихлаа гээд шүдээ бариад сууж байсан. Тэгээд Д.О нь ах руугаа утсаар ярихад, Ч.А гэх залуу гараад явсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21/

            Гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            Манай дүү Д.О орой 23 цаг 37 минутын үед миний 88310000 дугаарын утас руу залгаад уйлаад намайг хүн дээрэлхээд, зодоод байна ирээд аваадах гэхээр нь би 3-6-18 тоот хашаанд очиход Д.Оийн зүүн талын дух хавдсан, уруул нь хавдсан, үүдэн нэг шүд нь унасан, нэг шүд нь хөдөлсөн байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай дүү Д.Оийг, Ч.А гэдэг хүн зодсон гэж манай дүү болон тухайн айлын эхнэр хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 230 дугаартай

1.Д.Оийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хацар, чамархай, дээд, доод уруул, доод эрүү, хүзүү, баруун чих, дагзанд язрал, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 5% алдагдуулна.

 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 08/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн51/, депозит дансны хуулгууд /хх-ийн 53-56/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 59/,шүүгдэгч Ч.Аы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.А нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 8-18 тоотод Д.Оийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ч.Аы ...Д.О нь намайг хэл амаар доромжлоод ар нуруу руу ганц нэг цохиод байхаар нь гэнэт уур хүрээд гараа далайсан чинь Д.Оийн нүүрэнд цохиод авсан, ..Д.Оийн шүд унасан, нүүр ам нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Хохирогч Д.Оийн ..Ч.А миний толгой, нүүр лүү гараараа болон хөлөөрөө цохиж, миний дээд үүдэн шүд унасан. Мөн нэг шүд хөдөлгөөнтэй байна. Нүүр 2 талын чих хэсгээр хавдсан байдалтай байна. Миний биед их гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/       

Гэрч Ё.Сгийн....Д.Оийн нүүр нь цус болсон байсан. Д.О шүд хөдөлсөн гээд оролдоод байсан, удалгүй шүд уначихлаа гээд шүдээ бариад сууж байсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21/           

Гэрч Д.Тгийн ....Д.Оийн зүүн талын дух хавдсан, уруул нь хавдсан, үүдэн нэг шүд нь унасан, нэг шүд нь хөдөлсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 230 дугаартай ...Д.Оийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хацар, чамархай, дээд, доод уруул, доод эрүү, хүзүү, баруун чих, дагзанд язрал, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/ шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ч.А нь хохирогч Д.Оийг нүүр лүү гараараа цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ...баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хацар, чамархай, дээд, доод уруул, доод эрүү, хүзүү, баруун чих, дагзанд язрал, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 40-41/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон хохирогч Д.О, шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Ч.А нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ч.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

шүүгдэгч Ч.А нь хохирогч Д.От хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан / хх-ийн 71-72/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгч Ч.А нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд уурхайд ажилладаг, сар бүр тогтмол цалин авдаг, тодорхой орлоготой, шүүхээс оногдуулах торгуулийн ял биелэгдэх боломжтой, түүний хувийн байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, шүүгдэгч нарын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ч.Ад торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Аыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА