Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Н.Нямдорж

Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000530124 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар баг 123 дугаар тоотод байх байшинд фэйсбүүк цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ч.Оийн мөрдөн байцаалтад өгсөн

...манай нөхөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын цэргийн ангид ажилладаг. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр хөдөө ажлаар яваад 2020 онь 12 дугаар сарын сүүлээр ирсэн. Тэр хугацаанд би хүүхэдтэйгээ хоёулаа байсан болохоор хүүхдийн памперсны мөнгөнөөс авахуулаад өдөр тутмын хэрэглээний мөнгө их хэрэг болдог байсан. Ажилгүй болохоор яах ч аргагүй тийм зүйл хийсэн. 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд тоглуулсан. Би фэйсбүүкээр Лайв хийж цаасан дээр тоо бичиж, 10.000 төгрөгөөс 100.000 төгрөгийн хооронд техас тоглуулдаг байсан. Нэг тоглолт дээр 2-3 хүн орж тоглодог. Илүү хүн тоглуулж байгаагүй. Нийтдээ 520.000 төгрөгийн ашиг олсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед миний “Лайв” хийхэд ашигладаг байсан гар утас байхгүй. Эвдрээд хаясан одоо олдохгүй байх. Харин хөзөр нь цаасан хөзөр байсан учраас урагдаад ашиглах аргагүй хуучраад хаясан Цаасан дээр тоо бичиж тоглуулдаг байсан. Цаас бас байхгүй хаясан байгаа. Над руу цагдаагаас ярьж байна гээд “мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэдгийг хэлсэн. Тэгээд тэрнээс хойш би нэг ч удаа тоглуулаагүй. Би Soyoloo Batnaa гэх хаягнаас зохион байгуулж байсан. Тэр нь одоо устсан байна лээ. Би өөрөө устгаагүй цаанаас нь устгасан байх. Би хүүхдийнхээ хэрэглээ болон өдөр тутмын хэрэглээнд зарцуулдаг байсан. Манай нөхөр сард 770.000 төгрөгийн цалин авдаг байсан. Тэгээд банкинд өртэй бас өөр дэл, сул зээлнээс авахуулаад тухайн сард жаахан боломжгүй болсон байсан. Би тухайн хэргийг хийсэндээ гэмшиж байна. Дахин мөрийтэй тоглоом зохион байгуулахгүй. ...”гэсэн мэдүүлэг /хх-ийн /,

 Гэрч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би өөрийн ******* дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ч.О гэх эзэмшигчтэй ******* дугаарын дансанд техас покер фэйсбүүкээр тоглохдоо өөрийн “Ваtuka” гэх фэйсбүүк нэрээр нийт 2 удаа тоглосон бөгөөд эхний тоглолтыг 50.000 төгрөгөөр тоглож, 2 дугаар дээрх модыг авсан. Харин хоёр дахь тоглолтыг 30.000 төгрөгөөр “Ваtuka” гэх нэрээр шилжүүлэн нийт 80.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг би сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн бөгөөд хэн нэгэн намайг уг шилжүүлэг хийхэд шахаж, шаардаж нөлөөлсөн хэн нэгэн байхгүй. Шилжүүлсэн мөнгөө би буцаан аваагүй. Уг мөнгө тухайн үедээ тоглоом тоглоод алдсан. Тухайн үед Soyoloo Batnaa” гэх хаяг тоглуулж байсан. Би уг хаягийг танихгүй. Миний фэйсбүүкийн найзуудын жагсаалтад байхгүй. Шууд дамжуулалтаар тоглуулж байхаар нь би орж тоглож байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга. Уг 80.000 төгрөгийг өөрөө тоглоод алдсан учраас нэхэмжлэхгүй. Надад цаашид гаргах гомдол, санал алга...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 173-174/,      

Гэрч А.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр фэйсбүүк дээр покер тоглоом тоглож үзсэн юм. Би 50.000 төгрөгөөр 1 удаа, 30.000 төгрөгөөр 1 удаа нийт 80.000 төгрөгөөр покер тоглоомын ******* дугаар данс руу шилжүүлж тоглосон юм. Би энэ мөнгийг сайн дураараа шилжүүлж тоглосон. Тэр тоглоомыг “Soyoloo Batnaa” гэх хаягаас шууд дамжуулж байсан. Би 5.000 төгрөг хожиж буцааж авсан. Хөзрөөр техас покер тоглож байсан. Надад санал, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 183-184/,         

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 03 дугаар сард онлайнаар техас нэртэй мөрийтэй тоглоом тоглохоор өөрөө сайн дураараа 300.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн мөрийтэй тоглоомыг тоглож 3 удаа хожиж 100.000 төгрөг буцааж авсан. Яг ямар хаягаас тоглож байсныг нь сайн санахгүй байна. Би тухайн хүнийг танихгүй. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 188-189/,  

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Дээрх дугаарын дансанд 10.000 төгрөг шилжүүлж байсан. Учир нь цахимаар хөзөр тоглох зорилгоор мөнгө шилжүүлэн хийсэн бөгөөд цахимаар тоглосон. Би өөрийн хүсэлтээр ******* дугаартай ХААН банкны дансанд сайн дураараа 10.000 төгрөг хийж шилжүүлсэн. Би шилжүүлж өгсөн 10.000 төгрөгөөр буцаан аваагүй. “Soyoloo Batnaa” гэж санагдаж байна, учир нь ХААН банкны эзэмшигч нь Соёлоо гэж байсан. Цахимаар хөзөр буюу покер нэртэй тоглоом тоглосон. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 178-179/,        

 Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хөдөөгүүр ажлаар явсан. Манай эхнэр гэртээ хүүхэдтэйгээ хоёулаа үлдсэн. Тэгээд намайг ирэхэд манай эхнэр надад эрүүгийн цагдаагаас над руу яриад мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна. Сумын хэсгийн төлөөлөгч дээрээ очоод мэдүүлэг өг гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд нөгөө ярьсан гээд байгаа цагдаатай нь ярихад танай эхнэр фэйсбүүк дээр Лайв хийж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж надад хэлсэн. Манай эхнэр надад тухайн үед нэг сар л тоглуулсан, хүүхдийн памперс, ойр зуурын хэрэглээний мөнгөгүй болоод гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 163-164/,      

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 92 дугаартай

...Ч.О нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ХААН банкны ******* тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаар давхардсан тоогоор 33 хүнээс 2.700.000 төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 18 хүнд 2.155.000 төгрөгийн ёндоо нэрээр /хожил/ буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 25.000 төгрөгийг төлсөн байна. Хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр дуустал хугацаанд зохион байгуулсан бөгөөд зөвхөн тоглоом тоглуулахад нийт 2.700.000 төгрөгийн орлого дансаар орж, 2.155.000 төгрөгийн зарлага дансаар гарсан байна. Ч.О нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад давхардсан тоогоор 33 хүн хамрагдсан бөгөөд ХААН банкны ******* тоот дансаар уг тоглоомыг зохион байгуулахад 2.700.000 төгрөгийн тоглоом тоглуулсан орлого орж нэг удаагийн тоглолт бүрд нэг хүн хожил авч түүнд давхардсан тоогоор 18 хүн хамрагдаж 2.155.000 төгрөгийг “ёндоо” нэрээр 18 хүнд буцаан шилжүүлсэн байна. Эдгээр бүх орлого, зарлагын гүйлгээний хураамжид 25.000 төгрөг шилжиж иргэн Ч.О нь уг тоглоомыг зохион байгуулснаар 520.000 төгрөгийн цэвэр ашиг олсон байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 197-198 /,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 9-10/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 38-42/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол / хх-ийн 44-46/, депозит дансны хуулгууд /хх-ийн 51-212, 227-230/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 223/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 224/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 225/, шүүгдэгч Ч.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125/, ,171-199/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар баг 123 дугаар тоотод байх байшинд фэйсбүүк цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Оийн / хх-ийн ,

 гэрч Э.Бын /хх-ийн 173-174/, гэрч А.Оийн /хх-ийн 183-184/, \ гэрч Б.Бгийн /хх-ийн 188-189/,гэрч Б.Бын /хх-ийн 178-179/,гэрч Б.Мын /хх-ийн 163-164/ нарын мэдүүлэг Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 92 дугаартай ...Ч.О нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ХААН банкны ******* тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаар давхардсан тоогоор 33 хүнээс 2.700.000 төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 18 хүнд 2.155.000 төгрөгийн ёндоо нэрээр /хожил/ буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 25.000 төгрөгийг төлсөн байна,...иргэн Ч.О нь уг тоглоомыг зохион байгуулснаар 520.000 төгрөгийн цэвэр ашиг олсон байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 197-198 / болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Оийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэ

Шүүгдэгч Ч.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.О нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал / ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажиллгүй, нөхөрийн орлогоороо гэр бүлийн гишүүдээ тэжээдэг / зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “ ... шүүгдэгч Ч.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Харин уг тоглоомын орлого болох 520.000 төгрөг нь шүүгдэгч Ч.Оийн хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсанаас олсон орлого болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Ч.Оээс 520,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Оийн эзэмшлийн “...А 30 маркийн гар утас...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Оийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Оийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Ч.Оээс 520,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

5.Шүүгдэгч Ч.Од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Оийн эзэмшлийн “...А 30 маркийн гар утас...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Ч.Од нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдо7л гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА