Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Ө,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн И суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Дорноговь аймаг Иххэт сумын 3 дугаар багт бүртгэлтэй, одоо Хэнтий аймгийн Баян-Өндөр суманд оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, Б овгийн О.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.Б нь 2020 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн Чулуутын нуур гэх газраас иргэн Б.Г-н эзэмшлийн хул азаргатай 9 буюу олон тооны малыг цагаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикл ашиглан хулгайлж, 7,450,000/ долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн 2020 оны  05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар  аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн цэргийн 0184 дүгээр ангийн эзэмшлийн  аж ахуйн  адуунаас дөрвөлжин хүрээн дотор 17 гэсэн тамгатай  шүдлэн насны хүрэн зүсмийн, хонгор зүсмийн, хүрэн буурал зүсмийн нийт 3 тооны адууг буюу олон тооны малыг өөрийн эзэмшлийн цагаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикл ашиглан хулгайлж, 1,811,400 /нэг сая намайн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд: 2020 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Улаанбадрах суманд С гэдэг найзындаа очсон. Очоод 2 хоног говьтой танилцаж байгаад буцсан. Буцахдаа би Г гэдэг хүний хул азаргатай 9 тооны адууг тууж явсан нь үнэн. Тууж явж байгаад Хэнтий аймгийн Баянбүрд суманд малыг нь малладаг байсан Э ахынд аваачсан.  Аваачаад удалгүй адууг алдаад, буцаад олоход хул азарга чононд хазуулсан болов уу гэж би бодсон. Хүзүү хэсэгтээ шарх болсон байсан. Тэгээд авч ирээд гадаанаа нэлээн хэд хоног байлгасан. Ердөөсөө хоол ундаа ч идээгүй, болж өгөхгүй байсан. Тэгээд би Хэнтий аймгийн Дадал сум руу 650,000 төгрөгөөр өгсөн. Би 10 дугаар сарын сүүлээр хул азаргыг өгсөн. 11 дүгээр сарын дундуур Г гэдэг хүнтэй холбоо бариад 12 дугаар сарын дундуур Б гэдэг хүн ирж 7 тооны адууг авсан. 1 унага нь алга болоод буцаад олоход байхгүй болсон байсан. Тэрийг би бол чононд бариулсан болов уу гэж бодож байна. 2020 оны 05 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 0184-р ангийн аж ахуйн албанаас хүрэн буурал үрээ, хонгор үрээ, хүрэн зүсмийн 3 үрээг бэлчээрт байхад нь авсан. Аваад цагаан өнгийн Мустанг-5 мотоциклоор туугаад Хэнтий аймгийн Баянбүрд сумын Э гэдэг ахынд очсон. Очоод адууг тэнд нь ижилсүүлээд байлгасан. 2021 оны 06 дугаар сард хилийн 0184-р ангиас ирж 3 адуугаа авсан... Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг барагдуулна...” гэсэн  мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Миний монгол тамгатай хул азаргатай 9 тооны адуу Дорноговь аймаг Хөвсгөл сумын 1 дүгээр баг Бор хамар гэх газар байдаг ба 2020 оны 08 дугаар сард байсан тухайн газар ба 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр адуугаа хайн Дорноговь аймаг Улаанбадрах сум 1 дүгээр баг Чулуутын нуур гэх газар очиход хул азаргатай адуу маань байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдөр 2 хоногийн хугацаанд адуугаа хайж тухайн Чулуутын нуур гэх газраас хааш хаашаагаа 40-45 км газарт хайхад олдоогүй. 2020 оны 10 дугаар сарын 21-нд адуугаа үзэх гээд Чулуутын нуур луу явсан. Нуурын зүүнтэй ногоо цагаа ихтэй болохоор тийшээ явж үзсэн. Нуур луу очиход байхгүй болохоор нь С-д очсон. Тэгэхэд С байсан, асуухад тогтворгүй байдлаар мэдэхгүй байна, үзэж хараагүй гэхэд нь за за гээд найзынхаараа 2, 3 хоног хоноглоод Улаанбадрахын эргэн тойронд хайсан боловч олддоггүй. Тэгээд манай найз болох С.И гэдэг залуу энэ хавьд хөлөрсөн адуу орж ирээд тараагдчихлаа. Тэрний сураг ажгийг гарга. Тэрийг тууж явсан хүн аваад явчих шиг боллоо гэсэн. Тэгээд яваад үзсэн чинь эзэд нь тодорхой С, Х, У гэдэг хүмүүс зарсан байна гээд, азаргыг нь нухаад Хөвсгөл суманд аваачаад зарчихсан юм байна. Нөгөө адуунуудыг нь нэг нэгээр нь тараасан байна гэж хэлсэн. Тэгж сураг сонсоод манай хүргэн очиж С-тай уулзахад би аваагүй, мэдэхгүй гээд гүрийгээд байсан. Тэгээд Х-г М-с ирэхээр нь цохилдуулаад С чамайг авсан гэж байна гэхэд би аваагүй С авсан. Нөгөө адуу чинь зорьсон газраа очоод тамга тэмдгээ даруулсан байна гэж хэлсэн. Он жав цэрэг нь аваад явсан юм шиг байна лээ гэсэн. Тэгээд С-н аавд нь хэлээд Б-тай холбогдъё гээд, адуу мал авч ирж өг гэсэн чинь  авч ирж өгцгөөсөн. Тэгээд 2 адуу нь байхгүй байна. Орных нь юмыг өгье гээд байна, азарга байна гэж Б ярьж байсан. Би болно гэхэд ах нь гээд нэг хүн согтуу янз бүрийн юм яриад байна гэхээр нь би хэл амтай юм хэрэггүй гээд аваагүй... Үнэлгээгээр 2,750,000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Адууны удам угшлыг нь үзэхгүйгээр үнэлсэн. Би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн мөрдөгчид... Хохирлоо барагдуулаагүй. Хохирлын хэмжээ нь миний бензин тосны зардал 300, 400 км явж өчнөөн энэ хүний араас хөөцөлдсөн. Азарга, унагаа адуугаар нь төлүүлээд явсан зардлаа бас авмаар байна. Дунджаар бензин тосонд 1,000,000 төгрөг гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Онгон сумын 0184-р ангид ажилтай 2020 оны хавар 5 дугаар сарын орчимд манай ангийн 1 дүгээр заставын адуун сүргээс 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайд алдагдсан. Манай 1 дүгээр заставын адуу “Дөрвөлжин хүрээтэй хүрээн дотор талд 17 гэсэн тамгатай адуунууд байдаг. Тухайн үед алга болсон адууны зүс нь хонгор шүдлэн үрээ, хүрэн шүдлэн үрээ, будан шүдлэн үрээ зэрэг 3 тооны адуу бэлчээр дээрээсээ алдагдсан. Манай анги адууныхаа зөв талын нэг гуя болон ташаан толгойн аль нэг дээр нь дөрвөлжин хүрээтэй 17 гэсэн тамга дардаг. Уг алдсан адуунуудын нэг гуя болон ташаан тогойн аль нэг хэсэгт тамгалсан. Би алдагдсан гурван тооны адуугаа ангийн дансанд тусгагдсан үнээр үнэлж байна. Манай ангийн дансанд авагдсан үнэ нэг шүдлэн адууг 800,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тийм болохоор алдсан 3 тооны адуугаа 2,400,000 төгрөгөөр үнэлж байна. Төрийн өмч хөрөнгө болохоор ингэж үнэлсэн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-133/,

- Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр миний ... дугаар утас руу ... дугаар утсаар залгаж “Танай нутаг усыг үзье” гэж хэлээд орой 19 цагийн орчим Дорноговь аймаг Улаанбадрах сум 1 дүгээр баг Чулуутын нууранд байх манай гэрт ирсэн ба 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр надтай хамт манай адуунд явсан ба тэр өдөр адуугаа олоогүй тэгээд маргааш нь адуугаа олоод 8 тооны унага тамгалчхаад байж байтал орой 19 цагийн орчимд манай аавын хоног хураалттай би явахгүй бол болохгүй гэж хэлээд Чулуутын нуурны урд талд би гаргаж өгчхөөд буцсан тэгээд маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр миний ... дугаар утас руу ... дугаар утсаар залгаж “танай гэрийн баруун хойд талд байсан хул азаргатай 9 тооны адууг би  Дорноговь аймгийн Сайншанд сумаас хойш 20 гаран километрийн зайд байрлах гүүрэн доогуур гаргасан” гэж хэлсэн ба “Чи юу яриад байгаа юм бэ наад асуудлаа чи өөрөө хариуцаарай” гэж хэлсэн ба тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа миний ... дугаар утас руу ... дугаар утсаар дахин залгаж “Хэнтий аймгийн Баянмөнх суманд ирчихсэн байна нөгөө адуунуудаа хараад гаргасан” гэж хэлсэн тэгээд тэрнээс хойш би О.Б-тай яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

-Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 16-17-ны хавьцаа Дорноговь аймаг Сайншанд сумаас Улаанбадрах сум 1 дүгээр баг Овооны ус гэх газарт байрлах гэртээ ирж хоночхоод маргааш нь Чулуутын нуурны  урд байрлах Б ахынд буун адуу сурахад Б гэх шар царайтай, жижигхэн биетэй, туранхай залуу Б буюу С-н шинэ цэрэг гэх залуу ирсэн байсан. Мөн Дорноговь аймаг Хатанбулаг сумын харьяат Х гэх залуу ирсэн байсан. Тэгээд тэр өдрөө Б ахын адууг нь тамгалж өгчхөөд орой 19 цагийн орчимд Б нутаг буцлаа гээд Б, Х бид 3 Чулуутын нуурны урд дээрээс Б-д зам заан гаргаж өгчхөөд буцсан. Би О.Б-г хаанахыг гэдгийг сайн мэдэхгүй ...Би 2020 оны 09 сард юу авч явсан талаар мэдээгүй харин 2021 оны 01 сард О.Б-г хул азаргатай 9 тооны адууг Хэнтий аймаг Баянмөнх суманд аваачсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

-Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “... О.Б нь 2020 оны 09 дүгээр сард хул азаргатай 9 тооны адуу туун авчирсан бөгөөд тухайн үед би юун адуу болох талаар асуухад “Манай найз 500 гаруй адуутай надад энэ 9 адууг хямдхан зарсан юм аа мөнгөтэй болохоороо мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Хул азарга нь намар 10 дугаар сард хүзүү хэсэгтээ чононд уруулсан байсан бөгөөд амьтан тамлаад яах вэ гээд О.Б нь бэлтгэлд өгсөн. Хэнтий аймгийн Дархан сумын малын ченж Ц гэх залууд 650,000 төгрөгөөр зарсан. 2020 оны 10 дугаар сарын эхээр О.Б нь 3 хоног адуунд явсан бөгөөд 3 дахь хоног дээрээ тууж ирсэн. Тэгэхэд байхгүй байсан. Үлдсэн хүрэн буурал, гүү хээр унагатай, хүрэн халзан гүү хонгор унагатай, хул гүү, 2 хонгор гүү нийт 7 тооны адуу манай адуун дотор байгаа... О.Б нь 2020 оны 06 дугаар сарын дундуур хүрэн буурал зүсмийн шүдлэн үрээ, дөрвөлжин хүрээн дотор 17 гэсэн тамгатай, хонгор зүсмийн шүдлэн үрээ дөрвөлжин хүрээн дотор 17 гэсэн тамгатай, хүрэн зүсмийн үрээ дөрвөлжин хүрээн дотор 17 гэсэн тамгатай 3 үрээ авчирсан. Хаанаас авчирсан талаар асуухад манай найз надад бэлэглэсэн юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36, 122/,

- Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би О.Б-г 2020 оны 09 дүгээр сард Дорноговь аймаг Улаанбадрах суманд Б гэх айлд ирэхэд нь анх танилцсан. Тухайн үед О.Б нь Б ахын гэрт 2-3 хоночхоод орой нар шингэж байхад “аавын ажил явдалтай” гэж хэлээд явахад нь С, Т бид 3 Чулуутын нуурны урд талаас гаргаж өгчхөөд явсан. Би О.Б-г тухайн 9 тооны адууг хулгайлсан талаар ерөөсөө мэдээгүй байж байгаад сүүлд нь сарыг нь санахгүй байна С-тай Хөвсгөл суманд таарахад надад “О.Б нь хул азаргатай 9 тооны адуу хулгайлсан байна” гэж надад хэлэхэд нь би мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай хүүгийн цэргийн найз гэсэн О.Б гээд жижигхэн биетэй шар залуу мотоциклтой ирчихсэн байсан манайд 2 хоноод буцсан, сүүлд нь Б.Г адуу алга болсон хэрэг болж Б.Г нь адуугаа сураад давхиад байсан, манай тэр хавьд байсан гэсэн түүний адуунуудыг харж байгаагүй, гэтэл сүүлдээ манай хүү Б.С-г авсан гээд загнаж зандраад хий хоосон хардаад байгаа сурагтай байсан. Миний хүү уг хэрэгт оролцоогүй, харин манайд ирсэн тэр цэргийн найз нь  гэсэн О.Б гэх залуу буцахдаа 9 адууг авч явсан болж таарсан, энэ үеэс Б.Г нь "танай хүүхэд дагуулж ирсэн, та нар мэдэж байгаа танайд ирсэн би тэр хүнийг чинь танихгүй, хангайд очоод адуу мал үхлээ өвлийн хүйтэнд Говийн мал тэр айхтар цастай зудтай хүйтэн газар үхэж байгаа” гээд өдөр, шөнөгүй утасдаад загнаад байхаар нь би Дорноговь аймгаас машин хөлслөөд эрэл сурал болж явсаар О.Б-н байгаа гэх газарт очиход Э гэх айл байсан бөгөөд О.Б нь тухайн айлдаа байгаагүй хаана байгаа нь тодорхойгүй алга болчихсон байсан тэгээд би 7 адууг нь ачиж ирсэн 2 дутуу байсныг нь Э “мэдэхгүй, та нар өөрсдөө Б-аа учраас ол” гэж хэлж байсан. Тэгээд 7 тооны адуу ачиж Б.Г-д авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн /,

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/,

- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 22-25,91-94/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-45/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-57/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 86-88/,

- Прокурорын 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 5/22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 90/, 

-  “Л” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 136-145/,

- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0184 дүгээр ангийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 38 дугаар “алдагдсан 3 тооны адууг Хэнтий аймгийн Баянмөнх сумаас авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн албан бичиг /хх-ийн 162/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-100/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтын лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 101-103/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2-4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаар О.Б нь 2020 оны 09 сард иргэн Б.Г-н хул азаргатай 9 тооны адууг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Чулуутын нуур гэх газарт бэлчиж байхад, 2020 оны 05 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн аж ахуйн  адуунаас 3 тооны адууг Сүхбаатар  аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн  нутаг дэвсгэрт бэлчиж байхад  нь өөрийн эзэмшлийн цагийн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоор тууж Хэнтий аймгийн Баянмөнх сумын Э-нд аваачсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч О.Б-н уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Г-н “...Миний монгол тамгатай хул азаргатай 9 тооны адуу Дорноговь аймаг Хөвсгөл сумын 1 дүгээр баг Бор хамар гэх газар байдаг. 2020 оны 08 дугаар сард тухайн газар байсан ба 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр адуугаа хайн Дорноговь аймаг Улаанбадрах сум 1 дүгээр баг Чулуутын нуур гэх газар очиход хул азаргатай адуу маань байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдөр 2 хоногийн хугацаанд адуугаа хайж тухайн Чулуутын нуур гэх газраас хааш хаашаагаа 40-45 км газарт хайхад олдоогүй...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Б-н “... Би Онгон сумын 0184-р ангид ... ажилтай 2020 оны хавар 5 дугаар сарын орчимд манай ангийн 1 дүгээр заставын адуун сүргээс 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайд алдагдсан. Манай 1 дүгээр заставын адуу “Дөрвөлжин хүрээтэй хүрээн дотор талд 17 шүдлэн үрээ, хүрэн шүдлэн үрээ, будан шүдлэн үрээ зэрэг 3 тооны адуу бэлчээр дээрээсээ алдагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.С-н“ ...О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр миний ... дугаар утас руу ... дугаар утсаар залгаж “танай гэрийн баруун хойд талд байсан хул азаргатай 9 тооны адууг би  Дорноговь аймгийн Сайншанд сумаас хойш 20 гаран километрийн зайд байрлах гүүрэн доогуур гаргасан” гэж хэлсэн ба “Чи юу яриад байгаа юм бэ наад асуудлаа чи өөрөө хариуцаарай” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа миний ... дугаар утас руу ... дугаар утсаар дахин залгаж “Хэнтий аймгийн Баянмөнх суманд ирчихсэн байна нөгөө адуунуудаа хараад гаргасан” гэж хэлсэн тэгээд тэрнээс хойш би О.Б-тай яриагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Т “...2021 оны 01 дүгээр сард О.Б-г хул азаргатай 9 тооны адуу авч явсан талаар Б ахаас сонссон, хул азаргатай 9 тооны адууг О.Б нь Хэнтий аймаг Баянмөнх суманд аваачсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Э-н “...О.Б нь 2020 оны 09 дүгээр сард хул азаргатай 9 тооны адуу туун авчирсан бөгөөд тухайн үед би юун адуу болох талаар асуухад “Манай найз 500 гаруй адуутай надад энэ 9 адууг хямдхан зарсан юм аа мөнгөтэй болохоороо мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Хул азарга нь намар 10 дугаар сард хүзүү хэсэгтээ чононд уруулсан байсан бөгөөд амьтан тамлаад яах вэ гээд О.Б нь бэлтгэлд өгсөн. Хэнтий аймгийн Дархан сумын малын ченж Ц гэх залууд 650 000 төгрөгөөр зарсан. 2020 оны 10 дугаар сарын эхээр О.Б нь 3 хоног адуунд явсан бөгөөд 3 дахь хоног дээрээ тууж ирсэн... О.Б нь 2020 оны 06 сарын дундуур хүрэн буурал зүсмийн шүдлэн үрээ, дөрвөлжин хүрээн дотор 17 гэсэн тамгатай, хонгор зүсмийн шүдлэн үрээ дөрвөлжин хүрээн дотор 17 гэсэн тамгатай,  хүрэн зүсмийн үрээ дөрвөлжин хүрээн дотор 17 гэсэн тамгатай 3 үрээ авчирсан. Хаанаас авчирсан талаар асуухад манай найз надад бэлэглэсэн юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Х “...Би О.Б-г 2020 оны 09 дүгээр сард Дорноговь аймаг Улаанбадрах суманд Б гэх айлд ирэхэд нь анх танилцсан. Тухайн үед О.Б нь Б ахын гэрт 2-3 хоночхоод орой нар шингэж байхад “аавын ажил явдалтай” гэж хэлээд явахад нь С, Т бид 3 Чулуутын нуурны урд талаас гаргаж өгчхөөд явсан. Би О.Б-г тухайн 9 тооны адууг хулгайлсан талаар ерөөсөө мэдээгүй байж байгаад сүүлд нь сарыг нь санахгүй байна С-тай Хөвсгөл суманд таарахад надад “О.Б нь хул азаргатай 9 тооны адуу хулгайлсан байна” гэж надад хэлэхэд нь би мэдсэн...”  гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-н “...Дорноговь аймгаас машин хөлсөөд эрэл сурал болж явсаар О.Б-н байгаа гэх газарт очиход Э гэх айл байсан бөгөөд О.Б нь тухайн айлдаа байгаагүй хаана байгаа нь тодорхойгүй алга болчихсон байсан тэгээд би 7 адууг нь ачиж ирсэн 2 дутуу байсныг нь Э нь “мэдэхгүй, та нар өөрсдөө Б-гаа учраас ол” гэж хэлж байсан тэгээд 7 тооны адуу ачиж Б.Г-д авчирч өгсөн...” гэсэн мэдүүлгүүд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй болон түүний насны байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялаас 3 жилийн хугацаагаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1,225,000 төгрөгний үнэтэй улсын дугааргүй цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/22 дугаартай тогтоолоор битүүмжилсэн байх бөгөөд битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Хилийн 0184 дүгээр ангийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар албан бичигт  “алдагдсан 3 тооны адууг Хэнтий аймгийн Баянмөнх сумаас авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул Хилийн 0184 дүгээр ангийн хохирол төлбөрийг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч Д.Г нь “адуугаа хайж явсан бензин тосны зардалд 1,000,000 төгрөг, мөнгийг нь өгөх боломжгүй бол 2 тооны охин адуугаар төлүүлэх хүсэлтэй байна...” гэх бөгөөд “А” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээгээр азарга 2,500,000 төгрөг, унага 250,000 төгрөг гэж үнэлсэн байх тул 2,750,000 төгрөгийг шүүгдэгч О.Б-с гаргуулан хохирогч Б.Г-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага болох бензин тосны зардалд 1,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй тул 1,000,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Г нь адууг адуугаар нь авна гэх боловч шүүгдэгчид өгөх адуу байхгүй гэх тул хохирлын үнэлгээгээр тооцож гаргах нь зүйтэй гэж үзсэн болно. Мөн хохирогч Б.Г үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч “А” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээтэй мөрдөн шалгах ажиллагаанд танилцаад зөвшөөрөхгүй гэж бичсэн байсан ба дахин үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй тул шүүх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм. Иймд үнэлгээг үндэслэн хохирлыг шийдвэрлэв.    

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж заасны дагуу мөн хуулийн 12.14, 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,  шүүгдэгч хохирогч Б.Г-д хохирол төлбөр барагдуулаагүй тул гурван сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б овогт О.Б-г 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч О.Б-н өмчлөлийн цагаан өнгийн Мустанг 5 маркийн 1,225,000 төгрөгийн үнэтэй мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгосугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч О.Б-с 2,750,000 төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Сайншанд сум Дорноговь аймгийн Сайншанд сум 2-р багт оршин суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд суманд түр оршин суух хохирогч Х боржигон овогт Б.Г-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар сарын 7.2, 12 дугаар зүйлийн 12.12-т зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг түүний оршин суух Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас өөр орон нутаг руу явахыг хориглож, 3 /гурван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

8. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.14, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Б-д уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг 3 /гурван/ сарын хугацаагаар арилгах үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үндсэн хугацааны 1  /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн дээрх үүрэг хүлээлгэх арга хэмжээг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.Н