Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Б.Ц, Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Цэд, мөн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000010115 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: *******-тай. 

2.Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар:*******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар баг 17 дугаар гудамжны 17 тоотод Гыг зодож цээжний зүүн X, ХI-р хавирганы хугарал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Мөн 2020 оны 11 дүгээр сарын 25-наас 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-49-325 тоотод байх Б.А ийн гэрт иргэн Б.Гын толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 2 дугаар гудамжны 12 тоотод байх Г.Оын гэрт иргэн Б.Гын толгойн тус газар нь гутлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Ц.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... Б.Гыг зоддог байсан. 2020 оны 10 дугаар сард маргаад би Б.Гыг зодсон хавирга эвгүй болсон байна гэж хэлж байсан. Дараа нь 12 сард гэж санагдаж байна эмнэлэгт хэвтэхээс нь өмнө нэг зодоод нүдийг нь хөхрүүлсэн...Би Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт өглөө үүрээр 06 цагийн үед ирсэн. Тэгээд шууд Б.Гтой утсаар яриад уулзаж бид хоёр Жаргалант зочид буудалд руу ороод тэнд унтаж байгаад өглөө 09 цагийн үед дэлгүүр онгойхоор нь Жаргалант зочид буудлын хажуу талын дэлгүүр лүү ороод 2 шил архи аваад хувааж уусан. Тэр өдөр би Б.Гтой маргалдаж байснаа санаж байна өөр зүйл санахгүй байгаа. Маргааш нь Б.Г миний хавирга л эвгүй болчихлоо гэхээр нь би яасан юм гэхэд чи өчигдөр намайг зодсон гэж хэлсэн би эмийн сангаас өвчин намдаах эм авч ирээд Б.Год өгсөн. Жаргалант зочид буудалд 2 хоног байсан. Б.Гын хавирга нь өвдөөд чанга дуугарч чадахгүй байсан.Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа Б.Гтой уулзаад бие чинь яаж байна гэж асуухад гайгүй байна өвдөөд байхаар нь бариач дээр очиж бариулсан чинь хавирга хугарсан байна гэж надад хэлсэн ямар бариач дээр очиж үзүүлсэн гэдгийг нь мэдэхгүй.Би Б.Гыг зодсон үнэн. Хэрэг гардаг өдөр Б.Г бид хоёр хоёулаа согтуу байсан тэгээд маргалдаад би Б.Гын нүдэнд цохисон..” гэх мэдүүлэг/ 2 хх-ийн 156-158, 167- 170, 178-180/,           

Шүүгдэгч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай нөхөр баруун талын орны тэнд очиж суугаад хөнжил сөхөөд хараад байхаар нь би хэн юм гэхэд Н инээгээд танай нөхөрт бэлэг өгдөг хүүхэн л байна гэж хэлсэн. Тэгээд цаанаас Б.Г босож ирээд чи юу гээд байгаа юм гээд Нтэй маргасан тэгэхээр нь би Б.Гыг чи байнга архи дарс уугаад явж байх юм наад архи уух мөнгөөрөө өвчнөө эмчлүүлээч гэж хэлэхэд Б.Г надад өвчин байхгүй чи л өөрөө өвчин өгсөн байх гэхээр нь би уур хүрээд газарт байсан нэг гутлыг аваад шидэхэд Б.Г толгой хагалчихлаа гэж орилоод над руу бас юм шидсэн тэгэхээр нь би гараад явсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 173-174/,          

Хохирогч Б.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байхад талийгаач өглөөгүүр 11 цагийн үед 1 нүд нь хөхөрсөн орж ирэхээр нь чи наад нүдээ яасан юм гэж асуухад Ц.Т зодоод гэж хэлсэн. Маргааш нь би юу болж байгаа бол гэж бодоод гэр лүү нь ороход нэлээн бие нь өвдсөн байдалтай байхаар нь би түргэн дуудаад үзүүлэхэд түргэний эмч даралт нь 200 гарсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр эмч даралтны эм өгөөд тариа хийж өгөөд явсан. Тэрнээс хойш 2 өдөр дараалан түргэн дуудсан. Сүүлдээ би өөрөө талийгаачийг эмнэлэг дээр авч ороод эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр өдрөө Цагдаагийн байгууллагад манай охиныг Ц.Т гэдэг хүн зодсон байна гэж гомдол гаргасан. Тэрнээс хойш талийгаач 9 хоног эмнэлэгт хэвтээд 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой гэртээ хоол хийнэ гээд байж байсан 2 хоносон...Харин 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай ач Одбаатар нь ээж рүү нөгөө Ц.Т нь залгаад байсан тэгээд л уулзах гээд гараад явах шиг боллоо гэж хэлсэн. Би бол Ц.Тыг зодсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 229-236/,

Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2020 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдөр Ц.Т, *******, 4 бид уулзаад гэх хүүхнийд бид 4 хамт архи уусан. Би архи ууж байгаад тасарсан байсан. Тэгээд унтаж байгаад сэрсэн чинь миний бүх бие хүрэвтэр болсон нүд хөхрөөд хавдсан байсан. Өглөө босоод гэр лүүгээ явах гэсэн чинь Ц.Т нь намайг нүүрээ гайгүй болгочихоод гэр лүүгээ яв ийм нүүр амтай гэртээ очвол ээж чинь цагдаад нь өгчих нь гээд намайг гэдэг хүүхнийхээс гаргахгүй, гэр лүү явуулахгүй байсан. Би тэгээд 3-4 хонож байгаад гэртээ ирсэн...Нуруу, нүд хавирга, баруун гарын эрхий хуруу зэрэг байнга өвдөж байна. 2020 оны 10 дугаар сард Ц.Ттай уулзаад байж байсан чинь намайг бас зодоод миний 3 хавирга, 2 хуруу зэргийг хугалж гэмтэж байсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 240-241/,

Гэрч С.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б. Г гэртээ ирсэн юм урд өдөр нь гадуур хоносон байсан. Гэртээ орж ирэхдээ бие нь нэлээн муу, зүүн талынх нь нүд хөхөрсөн орж ирсэн. Тэгээд ээж Б.Э нь яасан юм гэж асуухад Ц.Т зодсон гэж хэлж байсан. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эмнэлэгт хэвтүүлсэн..." гэх мэдүүлэг /2 хх-ийн 4-6/,         

Гэрч Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Намайг очиход Б.Гын зүүн духан дээр нь шалбараад бондойгоод хавдсан байсан, харин нүд нь зүгээр байсан...Бөндөгийн гэрт ороход Б.Ц, Б.Г хоёр хоорондоо маргалдаад Б.Ц нь Б.Г эгч рүү гутал авч шидэж байгаа харагдсан тэгээд бид нар больё гээд гэрээс гарсан . Тэгээд маргааш нь Б.Ц над руу 10 цагийн үед залгаад би өчигдөр Б.Гын толгой руу гутал шидээд толгойг нь хагалчихсан цагдаад өгнө гээд байсан гайгүй байгаа чи очоод нэг хараад хэлээрэй гэж байсан...Б.Г эгчийн зүүн талын дух нь бондойгоод хавдаад хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 8-11/,       

Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай гэрт нөхөр , Ц.Т, манай ээж бид хэд байсан. Орой 23 цагийн орчимд Ц.Тын гар утас нь дуугараад аваад ярьсан. Бид хэд тоглож байх хугацаанд түүний гар утас нь 3-4 удаа дуугарсан ба тэр бүх дуудлагад нь утсаа аваад ярьсан. Хамгийн сүүлд утсаа аваад ярьсны дараа сая утсаар ярьсан хүн манай найз охин байгаа Хөх толгойд айлд байна хоёулаа явчихаад ирье гээд манай нөхрийн машинтай орой 23 цаг өнгөрч байхад манайхаас явсан. Тэр хоёр нилээн удаж байгаад 01 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Хүн ирэхээр нь өндийгөөд босох гэсэн чинь манай хүн яах юм хэвтэж бай би цай хийгээд өгчихье гэж хэлэхээр нь би босоогүй. Ц.Тын найз охин нь гэх эмэгтэй хүн цуг ирсэн байсан...Нэг талынх нь нүд нь байх хөхөрсөн битүү хавдсан байсан. Юуны улмаас хэзээ тийм болсон талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 18-19/,  

Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Анх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт Б.Г нь Мэндбаяр гэх залуутай орж ирэхдээ баруун талынх нь нүд байхаа хөхөрсөн байхаар нь би нүдээ яасан гэж асуухад Ц.Т цохисон гэж хэлж байсан. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед орж ирэхдээ дух нь овойгоод хавдаад хөхөрсөн орж ирэхээр нь би яасан гэхэд өчигдөр Бөндөгийн гэрт байж байхад , Ц, Н, Д нар орж ирсэн. Б.Ц нөхөртэйгөө хардаад намайг гутлаар толгой руу цохьсон гэж байсан...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 27-28 /  

Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Ирэх болгонд хүнд нүдүүлсэн байдаг юм уу нүүр ам нь хавдсан явж байдаг. Тэгэхээр нь чи одоо хаашаа юм дандаа нүдүүлсэн явж байхын хэн чамайг ингэдэг юм гэхэд тухайн үед нэрийг хэлж байсан боловч санахгүй байна найз залуудаа цохиулсан гэж байсан...Тэгэхэд Б.Гын дух нь хамар луугаа орсон нэлэнхийдээ хавдсан, нүд нь хөхөрсөн байсан. Би харахдаа нүд нь хөхрөөд удсан хуучин гэж харсан юм. Харин дух нь болохоор шинэ гэмээр хавдсан байхаар нь наад нүд чинь яасан гэхэд нүдээ найз залуудаа цохиулсан гэж хэлсэн. Харин духаа болохоор Б.Цэд гутлаар цохиулсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 33-35/,     

Гэрч Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Архийг уугаад сууж байхад Б.Г манай эхнэр Б.Цтэй маргасан би өөрөө тасарсан байсан болохоор сайн санадаггүй. Маргааш нь манай эхнэр надад хэлэхдээ Б.Г руу гутал шидээд толгойг нь хагалаад хаясан гайгүй байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 37-38/           

Насанд хүрээгүй гэрч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай ээж Б.Г нь 11 цагийн үед гэртээ орж ирсэн. Зүүн талынх нь нүд нь хөхөрсөн байхаар нь би яасан юм гэхэд манай ээж Ц.Т цохисон гэж хэлж байсан...Дараа нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цаг өнгөрч байхад манай ээж Б. Г нь гэртээ эрүүл, архи уугаагүй орж ирсэн. Орж ирэхдээ өмнө нь гэрээсээ гарахдаа өмссөн байсан хувцсаа солиод өөр хувцас өмссөн, 2 нүд нь 2 удаа хөхөрсөн, дух нь овойгоод хавдсан байсан.Зүүн талынх нь нүд нь эмнэлгээс гарахдаа зүгээр байсан юм тэгсэн бүр аймар хөхөрчихөөд орж ирсэн. 2020 оны 11 дүгээр сард ээж гэртээ ирэхдээ хавиргаа хугалуулсан гээд алхаж чадахгүй юм ирж байсан. Ц.Т зодсон гэж хэлж байсан. Бас хэзээ билээ сайн санахгүй байна хөл нь доголсон ирсэн бас л Ц.Т зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 43-44/,       

Гэрч Ц.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Г нь ганцаараа архи уугаагүй эрүүл 14 цагийн үед манай гэрт ирсэн...Ирэхдээ 2 нүд нь хөхөрсөн дух нь хавдсан ирсэн. Би яасан юм гэж асуухад Мазуухай буюу Дын эхнэр зодсон. Намайг хэвтэж байхад Дын эхнэр гэнэт гутал барьж ирээд гутлаар нүүр лүү цохиод байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 50-52/,

Гэрч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...ийнд очоод хадам ээжийнхэн гэрт ороход хадам ээж нь гээд нэг хөгшин настай эмэгтэй мөн эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. ийн хадам ээжийн нурууг нь барьж өгсөн тэгтэл тухайн гэрт байсан эмэгтэй толгой, хавирга өвдөөд байна урьд шөнө манай нөхөр толгой руу цохиод хавирга руу өшиглөсөн мөн толгой их өвдөж байна та бариад өгөөч гэж хэлэхээр нь тухайн эмэгтэйн толгойг нь бариад дараа зүүн талын хавиргыг нь барьж өгсөн... намайг явахад гэрт байсан эрэгтэйг нь Ц.Т гэж хэлсэн харин бариулсан эмэгтэйн нэрийг нь хэлээгүй. Бариулсан гэх эмэгтэй Б.Гын хувьд эхлээд толгойг нь барихад манай нөхөр Ц.Т гараараа урьд шөнө 2-3 удаа толгой руу цохьсон, толгой өвдөөд байна гэж хэлэхээр нь толгойг нь барьсан, ямар нэгэн хавдсан зүйл мэдэгдээгүй толгой нь хөдөлсөн байсан тэгээд цуг явсан залууг танай нөхөр үү гэж асуухад манай гэж зааж хэлж байхаар нь энэ нөхөр нь зодсон юм байна гэж бодсон. Харин нурууг нь барихад гар хүргэхгүй ёолоод байсан, зүүн талын далны доод хэсгийн 2 хавирга хугарсан, нужигнаж дуугарч байсан нөхөр шөнө зодоод өшиглөсөн гэж ярьж байсан, би хавирганы хугарсан хэсэгт нь бага зэрэг бариа хийсэн өөрөө бол амьсгаа авч болохгүй байна гэж хэлж байсан, хавирганы хугарсан хэсэгт бартай лент нааж өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 59-60/,           

Гэрч Т.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2020 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд А гэх найзындаа байсан. Ц.Т, А, Б.Г бид 4 авч ирсэн архиа хувааж уучихаад амрах гэж байхад Ц.Т Б.Г 2 маргалдаад тэгээд сүүлдээ Ц.Т Б.Гыг цохиж аваад байхаар нь А бид хоёр салгаад одоо боль гээд бид 4 амарсан...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 84-85/,

Баянхонгор  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай

1. Талийгаач Б.Гын цогцост их тархины 2 тал бөмбөлөгийн хажуугийн ховдлын урд, хойд болон доод эвэр 3,4-р ховдол, дунд тархи гүүр, уртавтар тархи, бага тархины эдийн доторх цусан хураа 70 грамм их, бага тархины аалзан хальсны доорх болон хатуу хальсны нэвчмэл цус харвалт. Толгойн хуйхны дотор гадаргуун дух, зулай хэсгийн цус хуралт, цээжний зүүн Х,Х1-р хавирганы хуучин хугарал, дух, зовхи, цээжинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх их тархины 2 тал бөмбөлөгийн хажуугийн ховдлын урд, хойд болон доод эвэр, 3,4-р ховдол, дунд тархи, гүүр тархи, бага тархины эдийн доторх цусан хураа 70 грамм. Их, бага тархины аалзсан хальсны доорх болон хатуу хальсны нэвчмэл цус харвалт. Толгойн хуйхны дотор гадаргуун зулай хэсгийн цус хуралт гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд учирсан байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, зовхи, дух, цээжний зулгаралт, цус хуралт гэмтэл нь нас барахаас 5-7 хоногийн өмнө учирсан байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн Х,Х1-р хавирганы хугарлын үүсэн цаг хугацааг тогтоох боломжгүй ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

4. Талийгаач Б.Гын цогцост хийсэн шүүх шинжилгээний задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.Талийгаачийн цус болон цөс, шээсэнд хийсэн химийн шинжилгээгээр спирт илрээгүй болно.

6. Талийгаач цус нь О ( I)бүлгийн харьяалалтай байна.

7. Талийгаачийн цогцост хийсэн 2020.12.23-ны өдрийн 15 12цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 6-10 цаг болсон байх боломжтой байна ..” гэх дүгнэлт/2 хх-ийн 115-118/,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчидийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаартай

2.2...Их тархины 2 тал бөмбөлөгийн хажуугийн ховдол, 3,4-р ховдол, дунд тархины гүүр, уртавтар тархи, бага тархины эдийн доторх цусан хураа, их бага тархины аалзан хальсны доорх болон хатуу хальсны нэвчмэл цус харвалт нь тархины цус хомсролын шалтгаантай үүссэн байх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Толгойн дух, зулайн хуйхны цус хуралт, духны зулгаралт, цус хуралт, 2 нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжний зүүн 10,11-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/ 2 хх-ийн 131-139/,  

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 02 дугаар шинжээчийн

1.Б.Гын биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Б.Гын 2020.12.05-ны өдрийн № 12020 тоот өвчний түүхэнд хавирга хугарсан талаар тусгагдаагүй байна....” гэх дүгнэлт /2 хх-ийн 147-148/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 17-18, 21-22/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 37/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 39-47/, өвчний түүх / хх-ийн191-221/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 182, 184/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 183, 185/, депозит дансны хуулгууд /хх-ийн 187-191/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 199-200, 212/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар баг 17 дугаар гудамжны 17 тоотод Гыг зодож цээжний зүүн X, ХI-р хавирганы хугарал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 25-наас 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-49-325 тоотод байх Б.Аийн гэрт иргэн Б.Гын толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-2-12 тоотод байх Г.Оын гэрт иргэн Б.Гын толгойн тус газар нь гутлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч Ц.Тын / 2хх-ийн 156-158, 167-170,178-180/, шүүгдэгч Б.Цийн / хх-ийн 173-174/,хохирогч Б.Эы /1 хх-ийн 229-236/, хохирогч Б.Гын /1 хх-ийн 240-241/,гэрч С.Жын /2 хх-ийн 4-6/,гэрч Нгийн /2-р хх-ийн 8-11/,гэрч Д.Бийн /2 хх-ийн 18-19/,гэрч Б.Цгийн /2 хх-ийн 27-28 / ,гэрч Д.Дгийн /2 хх-ийн 33-35/,гэрч Дын /2 хх-ийн 37-38/,насанд хүрээгүй гэрч Г.Хын /2 хх-ийн 43-44/,гэрч Ц.Аийн /2 хх-ийн 50-52/,гэрч Т.Бгийн /2 хх-ийн 59-60/,гэрч Т.Ггийн /2 хх-ийн 84-85/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчидийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 02 дугаар шинжээчийн /2 хх-ийн 115-118, 131-139, 147-148/ гэх дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр талийгаач Б.Г, шүүгдэгч Ц.Т нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Ц.Т нь талийгаач гараараа нь цохиж зодсон, шүүгдэгч Б.Ц нь талийгаачийг гутлаараа толгой руу нь цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Т нь талийгаач Б.Гын биед... толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, зовхи, дух, цээжний зулгаралт, цус хуралт гэмтэл , мөн зүүн Х,Х1-р хавирганы хугарал гэмтэл учруулсан бөгөөд гэмтлийн хөнгөн, хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 114-115/

Шүүгдэгч Б.Ц нь талийгаач Б.Гын биед...... биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 147-148/ авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн хүндэвтэр гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Талийгаач Б.Гын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч , хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Ц нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн, шүүгдэгч Ц.Т нь 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Т, Б.Ц нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэний хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

Хохирогч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Т, Б.Ц нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Э нь цаашид сэтгэл санааны хохирол болон бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Ц.Т, Б.Ц нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т, Б.Ц нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн шүүгдэгч Б.Ц нь ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, одоогоор жирэмсний хяналтанд байдаг, 27-28 долоо хоногтой/ недель/ болох нь Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн эхийн хөтөч карт зэргээр тогтоогдож байгаа ба шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, харин шүүгдэгч Ц.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт ноогдох хөрөнгөгүй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5-р багт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянхонгор суманд оршин суудаг гэх бөгөөд оршин суух тодорхой хаяггүй, тэдгээрийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Цэд торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Тд тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Тын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүггдэгч Б.Ц, Ц.Т нарын эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Тын 2020 оны 12 дугаар сарын 23-наас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож элдэх ялаас хасч тооцлоо.

Шүүгдэгч Ц.Т, Б.Ц нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч Ц.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Цийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Тыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Цэд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Т шүүхээс оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Тын 2020 оны 12 дугаар сарын 23-наас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож элдэх ялаас хасч тооцсугай.

8.Хохирогч Б.Э нь цаашид сэтгэл санааны хохирол болон бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9.Шүүгдэгч Ц.Т, Б.Ц нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Цэрэнчимэг , Ц.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ц. Ц.Т нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА