Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Жт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000125 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах” Эрүүл сувд” гэх нэр бүхий эмийн сан дотор сандал дээр байсан Б.Гийн эзэмшлийн I phone-6s plus маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:          

Шүүгдэгч Б.Жын мөрдөн байцаалтанд шатанд

...2021 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө би эхнэрийн хамт хөдөөнөөс сумын төв орж ирээд эхнэрээ сумын эмнэлэгт үзүүлчихээд өдрийн 13-14 цагийн үед эмнэлгийн харалдаа ар талд байдаг эмийн сангаар эхнэр бид орсон. Би лангууны хажууд байх сандал дээр гар утас байхаар нь түүнийг авч халаасандаа хийгээд эмийн сангаас гараад машиныхаа хаалганы хажуугийн халаасанд хийгээд шууд хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд хөдөө гэртээ очсон байхдаа эхнэртээ үзүүлээд эмийн сангийн сандал дээр ийм гар утас байхаар нь авсан гэж хэлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний гар утас руу нэг эмэгтэй хүн утасдаад Ж гуай та гар утас авсан бол өгчихөөч гэхээр би эмийн сангийн лангууны хажуугийн сандал дээр гар утас байхаар нь авсан гэж хэлсэн. Тэгээд Самбуу гэх айлын хүүхэд Ца гэх банди сум руу явахаар нь уг гар утсыг эмийн сангийн хүнд аваачиж өгөөрэй гээд өгч явуулсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 72-74 /,

Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би өдрийн 13 цагийн үед “Эрүүл сувд “ эмийн сандаа цэвэрлэгээ хийхдээ гар утсаа лангууны хажууд байх сандал дээр үлдээсэн. Удалгүй эмийн санд хүмүүс орж ирсэн. Би лангууныхаа араар орж худалдаа хийсэн. Би хэсэг хугацааны дараа гар утсаа сандал дээрээс авах гэтэл байхгүй байсан. Миний алдсан гар утас I phone-6s plus загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-31/,       

Гэрч    С.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* сумын 5 дугаар багт отроор мал маллаж байгаа. Б.Ж ахынхтай саахалт байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би банкнаас мөнгө авах ажилтай сум явах гэж байтал Б.Ж ах над руу утсаар залгаад би чамд нэг утас өгч явуулъя сумын эмийн сангийн Нямаад аваачаад өгчихөөрэй гэж хэлсэн. Би сум ороод эмийн сангийн Нямаа гээд эгчид нөгөө утсыг өгсөн...” гэх мэдүүлэг/ хх-ийн 34-35/,            

Насанд хүрээгүй гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...аав сумын төв орж ирснийхээ маргааш нь нэг утас олсон гээд гаргаад ирсэн. Тэр утас манай гэрт байсан. Манай саахалтын С.Ца сум явах гэж байна гэж сонсоод нөгөө утсыг эмчийн сан дээр аваачиж өгөөрэй гэж хэлээд өгчих гээд аав намайг явуулсан. Би Цад утсыг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 43/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би камерыг шүүж үзэхэд Б.Ж авсан байсан орж ирсэн цаг хугацаа нь таарч байсан. Б.Ж тэр утсыг олсон гэж ярьсан байсан. Самбуу ахын хүүхэд авч ирж өгсөн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 47/,    

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2021 оны 04 дүгээр 15-ны өдрийн 100 дугаартай “...хулгайд алдагдсан гар утасны зах зээлийн үнэ ханш 360,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 64/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 13-15/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 80/, депозит дансны хуулгууд /хх-ийн 82-86/, шүүгдэгч Б.Жын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрүүл сувд “ гэх нэр бүхий эмийн сан дотор сандал дээр байсан Б.Гийн эзэмшлийн I phone-6s plus маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Жын ...лангууны хажууд байх сандал дээр гар утас байхаар нь би түүнийг авч халаасандаа хийгээд эмийн сангаас гараад машиныхаа хаалганы хажуугийн халаасанд хийсэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 72-74 /,

Хохирогч Б.Гийн ...” Эрүүл сувд” эмийн сандаа цэвэрлэгээ хийхдээ гар утсаа лангууны хажууд байх сандал дээр үлдээсэн,..хэсэг хугацааны дараа гар утсаа сандал дээрээс авах гэтэл байхгүй байсан, алдсан гар утас I phone-6s plus загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-31/,

Гэрч С.Цын... Би сум ороод эмийн сангийн Нямаа гээд эгчид нөгөө утсыг өгсөн...” гэх мэдүүлэг/ хх-ийн 34-35/,  

Насанд хүрээгүй гэрч*******ын...аав сумын төв орж ирснийхээ маргааш нь нэг утас олсон гээд гаргаад ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 43/,

Гэрч *******гийн...Би камерыг шүүж үзэхэд Б.Ж авсан байсан...,тэр утсыг олсон гэж ярьсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 47/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-нийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр 15-ны өдрийн 100 дугаартай “...хулгайд алдагдсан гар утасны зах зээлийн үнэ ханш 360,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 64/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ж нь дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрүүл сувд “ гэх нэр бүхий эмийн сан дотор сандал дээр байсан Б.Гийн эзэмшлийн I phone-6s plus маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу өөрийн өмчийн адил эзэмшилдээ авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, түүнчлэн өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ж нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Жт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх талаар прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил , түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх...гэж , мөн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Г нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 24-31/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Жт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Жоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн зардал 30,000 төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-д олгож, шүүгдэгч Б.Жын эзэмшлийн “...Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.Жт буцаан олгож шийдвэрлэлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Жт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Жт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Жт нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Жоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30,000 төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-д олгосугай.

7. Шүүгдэгч Б.Жт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Жын эзэмшлийн “...Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.Жт буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Жт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА