| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2017/0049/э |
| Дугаар | 624 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 624
Н.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201625012609 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Г, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хх тоотод оршин суух бүртгэлтэй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 538 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Н.Г- нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х.Г-тай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож цээж, хэвлийн битүү гэмтэл, уушги, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэсний няцрал бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас Х.Г- нь 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гэрээр эмчилгээ хийлгэж байгаад тус өдрөө Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт дээрх гэмтлийн улмаас хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Н.Г-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Г-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-ийн 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 572 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Н.Г-аас 4,224,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн төлөөлөгч Ц.Х-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ялаар шийтгэсэн. Хохирогч нас барсан, үхэлд хүргэсэн шалтгааныг зөвхөн надтай холбогдуулан шалгаж байсан. Хэргийг тал бүрээс гүйцэд тогтоож чадаагүй, эргэлзээтэй, зөрүүтэй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.
1. 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр түргэн тусламж дуудаж үзүүлсэн байдаг. Дуудлагаар очсон эмч биед ил харагдах шарх, өвчин зовиур байхгүй гээд явсан. Цохиж өшиглөх дэвсэх үед битүү гэмтэл эд эрхтэнг няцрал буюу амь насанд нь хүргэх хүртэл хүнд гэмтэл учруулсан бол биеийн гадна талд ил харагдах шарх үүсэх нь ойлгомжтой. Гэтэл дуудлагын эмчийн үзлэгээр ил харагдах шарх байхгүй, хүнд зүйл байгаагүй тул очсон эмчийн онош тавьсан гэх баримт бичигдээгүй байдаг. гэрч Б.Б-ын “7 дугаар сарын 14-ний өдөр очоод түргэн дуудаж талийгаачийг үзүүлэхэд биед ил харагдах шарх, өвчин зовиур байхгүй гэж үзээд явсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаар “биеийн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, гэмтсэн даруй болон 12-24 цаг өнгөрөхөд бүрэн тодорч илэрнэ” гэх шинжээчийн дүгнэлт зэргээс харахад хохирогч Х.Г- нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр илэрсэн гэмтлүүдийг хэзээ хаана, хэнээс авсан нь тодорхойгүй байна.
2. Түргэн тусламжийн эмч онош тавьсан гэх эмнэлгийн баримт хэргийн материалд авагдаагүй байна. Талийгаачид учирсан цээж, хэвлийн битүү гэмтэл, уушги, нойр булчирхайн эдийн няцралын улмаас үүссэн уушгины хатгал, нойр булчирхайн үхжил, олон эрхтний дутагдалд орсныг оношлох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаар “нойр булчирхай, чацархай, нарийн бүдүүн гэдэсний няцрал гэмтлийг авсан хүнд хэвлийн цочмог шинж гэж нэрлэгдэх шинж тэмдэгүүд илэрнэ. Түргэн тусламжийн дуудлагын эмч үзлэг хийгээд дээрх гэмтлийн үед илрэх хэвлийн цочмог шинж гэдгийг оношлох боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт,
шинжээч эмч О.Сарангэрэлийн “дээрх гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан” гэх мэдүүлэг,
шинжээч эмч Б.Ариунзулын “эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдахыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг зэрэг нь маш их зөрүүтэй байдаг.
3. Хохирогч Х.Г-н үхэлд хүргэсэн гэмтлийг миний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болгон нотлох гэж зөвхөн нэг хүний ярьсан буюу гэрч С.Орхоны мэдүүлгийг үндэслэл болгосон.
Гэрч С.О нь хохирогчийг гэрээсээ гараагүй гэж мэдүүлдэг боловч нас барахаасаа 1-2 хоногийн өмнө С.О согтуу явж байгаад гэрч Г.Э-тэй таарсан байдаг. Х.Г-н гэрт нь очиж толгойг нь барьж өгсөн. Дараа нь 2016 оны 7 дугаар сарын 15, 16-ны үед С.Орхон, Х.Г- нар согтуу гудамжинд таараад Х.Г- толгой бариад өг гэхээр нь би согтуу хүний толгой барихгүй гэж хэлээд барьж өгөөгүй гэх гэрч Г.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг.
Гэрч Б.Б-ын “Гэхдээ яаж цохисныг хэлж мэдэхгүй байна. Ээж энэ талаар хэлсэн гэсэн. Талийгаач надад өөрөө хэлээгүй” гэх мэдүүлэг.
Гэрч Б.Оргилболдын “Та яасан юм бэ гэж асуухад өөрөө бол юм хэлээгүй гэх мэдүүлэг зэрэг нь нэг хүний өгсөн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасантай зөрчилдөж байна. Бусад нотлох баримтыг үндэслэл болгосон нь зөвхөн С.Орхоны хэлсэн дамжмал үг яриаг хажууд нь байж харсан мэтээр ярьсан мэдүүлгийг үндэслэл болгосон.
4. Талийгаачийг бусдад зодуулж байхыг харсан, хэргийг хянаж шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байж болох гэрч Б.Г байдаг. Үүнийг хэлсэн боловч орхигдуулсан. Миний хийсэн үйлдэл хохирогчийн амь насанд хүрэх, хүнд гэмтэл учруулах үйлдэл биш байсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Хэргийн бодит байдалд нийцээгүй, шууд шалтгаант холбоотой болгож хүчээр яллах дүгнэлт үйлдэж, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Хэрэг үйлдсэн нөхцөл байдал эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульд заасан байна. Миний хийсэн үйлдлийн бодит үнэнд тохирсон ял шийтгэл оногдуулаагүй. Мөн зүйл анги өөрчлөгдөж шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн боловч оногдуулсан ял нь эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд хэргийн нөхцөл байдал, үнэн бодит байдалтай нийцүүлэн надад ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч С.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдалд эргэлзээтэй зүйлүүд байна. Гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, эх сурвалжаа зааж чадаагүй. Шүүгдэгч Н.Г- талийгаач хоёрыг зодолдож байхыг харсан хөндлөнгийн гэрч байдаггүй. Хэргийн тухайд шалгах ёстой зүйлийг шалгасан гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг хангалттай тогтоож чадаагүй эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Н.Г-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Н.Г- нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х.Г-тай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож цээж, хэвлийн битүү гэмтэл, уушги, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэсний няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан ба уг гэмтлийн улмаас Х.Г- нь 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж байгаад нас барсан болох нь:
Н.Г-т зодуулсан гэж амь хохирогч өөрөө хэлсэн, түүнд зодуулснаас хойш амь хохирогчийн бие нь муу байгаад байгаа талаар Н.Г-т хэлэн түүнд байгаа байдлыг нь харуулсан, Н.Г- цагдаад битгий хэлээрэй гэж гуйсан болохыг мэдүүлсэн амь хохирогчтой хамтран амьдрагч С.О-ы гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 20-23, 2-р хх-ийн 153-155 тал/,
Н.Г-тай хашааны банз түлээд дууслаа гэснээс болж маргалдаж, зодуулсан тухайгаа амь хохирогч хэлсэн болохыг гэрчлэн мэдүүлсэн С.Орхоны охин Б.Б-ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 24-26 тал/,
ээжийнхээ гэрт очиход амь хохирогч Х.Г-н бие нь муу хэвтэж байсан, Гааяа /Н.Г-/ зодсоноос хойш бие нь муу байгаа талаар ээж С.О нь хэлсэн талаар мэдүүлсэн Б.О-н гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/1-р хх-ийн 40-41 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1321 дугаар “...Талийгаач нь цээж хэвлийн битүү гэмтэл уушги, нойр булчирхайн эдийн няцралын улмаас уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Талийгаач нь цусны ABO системээр A2-р бүлгийн цустай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 49-51 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1498 дугаар “...Талийгаачийн биед учирсан цээж, хэвлийн битүү гэмтэл, уушги, нойр булчирхайн эдийн няцралын улмаас үүссэн уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил бүхий өөрчлөлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар тус бүртээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан дээрх цээж хэвлийн хавсарсан уушги, нойр булчирхайн няцрал гэмтлүүд нь нас барах шалтгаан болжээ. Талийгаач нь цээж, хэвлийн битүү гэмтэл, уушги, нойр булчирхайн эдийн няцралын улмаас үүссэн уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь учирсан цээж, хэвлийн битүү хавсарсан гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд, тухайлбал 2, 3, 7 хоногийн хугацаанд амьд явах боломжтой. Түргэн тусламжийн эмч Н.Золжаргал нь онош тавьсан гэх эмнэлгийн баримт хэргийн материалд авагдаагүй байна. Талийгаачид учирсан цээж, хэвлийн битүү гэмтэл, уушги, нойр булчирхайн эдийн няцралын улмаас үүссэн уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил олон эрхтний дутагдалд орсныг эмч Н.Золжаргал нь оношлох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 155-157 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 385 дугаар “...Талийгаач Х.Гантулгын биед уушги, нойр булчирхайн эдийн няцрал, цээж зүүн бугалга, тохой баруун суга, зүүн мөрний ард цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүдээс уушги, нойр булчирхайн эдийн няцрал нь үхэлд хүргэжээ. Бусад цээж, зүүн бугалга, тохой баруун суга, зүүн мөрний ард цус хуралт гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач уушги, нойр булчирхайн эдийн няцралын улмаас уушигны хатгаа, нойр булчирхайн үхжилээр нас баржээ. Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ. Шинжээч эмч Т.Амартүвшингийн гаргасан 1321 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач цээж хэвлийн битүү гэмтэл уушги, нойр булчирхайн эдийн няцрал гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд, тухайлбал 7 хоног хүртэлх хугацаанд амьд явах боломжтой. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь цохих, өшиглөх, дэвсэх үед үүсгэгдэнэ. Уушги, нойр булчирхайн няцрал гэмтэл нь цохих, өшиглөх дэвсэх үйлчлэлээр үүсч уушигны хатгаа, нойр булчирхайн үхжлээр хүндэрчээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 225-227 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “...Өмнө гаргасан шинжээчийн 1321, 1498, 385 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Нойр булчирхай, чацархай, нарийн бүдүүн гэдэсний няцрал гэмтлийг авснаас хойш бие махбодийн дотоод хордлого давших хэлбэрээр явагдах бөгөөд олон эрхтэний дутагдал үүсч үхэлд хүрэх эмгэг жамын явц эмнэлгийн тусламж аваагүй нөхцөлд 48 цагаас дээш хугацаагаар үргэлжилж болно. Хэдий хугацаанд үргэлжлэх нь гэмтлийн байрлал, хэмжээ, хувь хүний бие махбодийн онцлог байдал, хэрэглэж буй хүнс, хоол зэргээс хамааран харилцан адилгүй байна. Нойр булчирхай, чацархай, нарийн бүдүүн гэдэсний няцрал гэмтлийг авсан хүнд “хэвлийн цочмог шинж” гэж нэрлэгдэх шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд: хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, бөөлжилтийн дараа дотор онгойхгүй дахин дахин бөөлжих, хоолонд дургүй болох, цусны даралт буурах, арьс салст өнгөц шарлах, хэвлийн булчин чангарах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Биеийн зөөлөн эдийн гэмтэл цус хуралт гэмтсэн даруй болон 12-24 цаг өнгөрөхөд бүрэн тодорч илэрнэ. Талийгаач уушги, нойр булчирхайн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, тохой, баруун суга, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл авсан байх ба биеийн байдал дотоод хордлого гүнзгийрч олон эрхтэний дутагдал үүсэх хүртэл идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийж явах, ярих, суух, унтах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой ба хүн тус бүрт харилцан адилгүй цаг хугацаагаар явагдана. Талийгаачийн гэмтэл цохих, өшиглөх, дэвсэх үед үүсгэгдэнэ. Талийгаач 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр цээж, хэвлийн битүү гэмтэл, уушги, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэсний няцрал гэмтлийг аваад 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нас барах боломжтой. Түргэн тусламжийн дуудлагын эмч үзлэг хийгээд дээрх гэмтлийн үед илрэх “хэвлийн цочмог шинж” гэдгийг оношлох боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 129-134 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хэрэгт цуглуулагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх “Н.Г- нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х.Г-тай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож түүний биед хүнд гэмтэл учруулсан ба уг гэмтлийн улмаас Х.Г- нь 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж байгаад нас барсан...” үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Н.Г-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-т оногдуулсан “8 жилийн хугацаагаар хорих ял” нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ийн гаргасан “...гэмт хэргийг би үйлдээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Н.Г-ийг үйлдлийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийхдээ тус гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээнээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ хөнгөрч түүний эрх зүйн байдал дээрдэж байгаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөрдөн байцаалтад Н.Г-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт яллагдагчаар татаж /1-р хх-ийн 79 тал/ байсан ба 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн үндэслэлээр Н.Г-ийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн гэмт хэрэгт яллагдагчаар татсан /2-р хх-ийн 183 тал/ байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс “...Н.Г-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргээр зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан “...арваас дээш арван таван жилийн хугацаагаар хорих ял...” шийтгэснээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн гэмт хэргээр зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэнд нийцэж байна...” гэсэн зөвтгөсөн дүгнэлтийг хийж байна.
Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х- /ээж нь/-ийн сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээс анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан 4,224,000 төгрөгийг Н.Г-аас гаргуулахаар шийдвэрлэсэнтэй шүүгдэгч Н.Г- иргэний хариуцагчийн хувьд маргаагүй ба ингэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЧМАНДАХ