Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 01

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Л.А-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би дуудлага худалдааны зарын дагуу газрын дуудлага худалдаанд хууль, дүрмийн дагуу оролцож ялалт байгуулсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа 2018 оны 9 дүгээр сард аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас утсаар ярьж, миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж хэлсэн. Ингэхдээ ямар үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг тайлбарлаж хэлээгүй.

Иймд би Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5 дугаар хуралдааны 5/05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Жаргалант сумын Бугат багт ТОСК-ын 120 айлын орон сууцны хойд талд байрлах 1.5 га газрыг хаус хороолол барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор баталсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5 дугаар хуралдааны 5/05 дугаар тогтоолд заасан хэлбэрээр олгоогүй тул 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/163 дугаар захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Дуудлага худалдааны дэнчингийн 150.000, дуудлага худалдааны үнэ 5.850.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг иргэн Л.А-т буцаан олгосон. Иймд иргэн Л.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Л.А-т аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/163 дугаар захирамжаар дээрх маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байдаг. Уг захирамжийг аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж заасан.

Нэхэмжлэгч Л.А-т олгогдсон газар нь 2017 оны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны 5/05 дугаар тогтоолд заасан зориулалтаар олгогдоогүй учраас аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/162 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12  дугаар сарын 24-ний өдрийн 267 дугаар тогтоолд иргэдэд эзэмшүүлэх газрын хил заагийг тогтоосон ба аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5 дугаар хуралдааны 5/05 дугаар тогтоолоор ТОСК-ийн 120 айлын зүүн талд байгаа 1.5 га газрыг хаус хорооллын зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор заасан байдаг юм.

Аймгийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгох эрхтэй учраас хууль зөрчиж газар олгогдсон учраас захирамжаа хүчингүй болгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.А Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 267 дугаар тогтоол, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож ялагч болсон Л.А-т Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/163 дугаар захирамжаар  Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэр Тоскын 120 айлын орон сууцны зүүн талд байрлах 0,4 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Улмаар Ховд аймгийн Засаг дарга уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/326 тоот  захирамжаар  хүчингүй болгож, энэ захирамжийн талаар Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3/6 дугаар албан бичгээр Л.А-т мэдэгдсэнээр маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  би уг газрыг  дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулж авсан гэж, хариуцагч уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр эзэмшүүлэхээр заасан  байхад дуудлага худалдаагаар олгосон байсан. Иймд   өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон гэж тайлбарлан маргаж байна. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “...газрын байршил нь аймаг,...ийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэжээ.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад Ховд аймаг Жаргалант сумын Бугат баг Тоскын 120 айлын хойд талд 1.5 га газрыг хаус хороолол барих зориулалтаар  төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр эзэмшүүлэхээр төлөвлөсөн нь хуулийн дээрх заалттай нийцсэн байна. 

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/163 дугаар захирамжаар  Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэр Тоскын 120 айлын орон сууцны зүүн талд байрлах 0,4 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай Л.А- эзэмшүүлсэн гэх газар нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад Ховд аймаг Жаргалант сумын Бугат баг Тоскын 120 айлын хойд талд 1.5 га газрыг хаус хороолол барих зориулалтаар  төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр эзэмшүүлэхээр төлөвлөсөн газарт багтсан болох нь шүүхээс тухайн газарт хийсэн үзлэгийн  тэмдэглэлээр  нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-ын “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар... газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ..., 33.5-д Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгохоор хуульчилсан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл  төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрын газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улсын байгууллагын буцалтгүй тусламж,  хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх  төсөл хөтөлбөрт зориулж олгохоор байна.

Гэтэл Ховд аймгийн Засаг дарга   маргаан бүхий газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хэлбэр буюу төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр биш дуудлага худалдааны хэлбэрээр  эзэмшүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох ба Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/163 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамж нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө … хүчингүй болгоно” гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ, .... газрын тухай хууль тогтоомж....., зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө .....шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нь Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчиж гаргасан “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/163 захирамжийг хүчингүй болгох бүрэн эрхтэй байна.

Иймд Ховд аймгийн Засаг дарга даргад холбогдох, Л.А-ын “Захирамж хүчингүй болгох тухай” Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар  захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ