Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0256

 

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0256

Улаанбаатар хот

Ч.О-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.О

 

Нэхэмжлэгч Ч.О

Хариуцагч НЗД,

Хариуцагч: ЧГДЗД,

Хариуцагч: ЧГДГЗБА

Гуравдагч этгээд: Ц.Б,

Гуравдагч этгээд: Х.Г

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.О,

Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,

Гуравдагч этгээд Х.Г,

Гуравдагч этгээд Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2021/0016/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Огаас НЗД, ЧГДЗД, тус дүүргийн ГЗБА-д тус тус холбогдуулан “Нийслэлийн ЧГДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжийн М.Ч-д холбогдох хэсэг, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар захирамжийн Б.Г-д холбогдох хэсэг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжийн Ч.О-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ЧГДЗД-ын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсэг, НЗД-ын 2018 оны А/548 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсэг, НЗД-ын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Х.Г-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, М.Ч агсан, түүний өв залгамжлагч Ч.О-ны зөрчигдсөн эрхийг сэргээж, 544 м.кв газар эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ч.О давж заалдах гомдолдоо:

3.1. Миний аав М.Ч агсан нь 1958 оноос эхлэн тухайн үеийн хэвлэх үйлдвэрийн лагер, одоогийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Зуун модны зуслангийн 6-р гудамжны 645 тоот хаягт байрлах нэгж талбарын 18642323765682 дугаар бүхий газарт 544 м.кв газрыг хууль ёсоор, шударгаар эзэмшдэг байсан нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/2483 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг болон М.Ч, Д нарын 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ЧГДГА-д гаргасан өргөдлөөр нотлогддог. Аав М.Ч, ээж Н.Д нар нь газар эзэмших хүсэлтээ 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ЧГДГА-д гаргасан байдаг бөгөөд тус өргөдөлдөө “1958 оноос хойш зусланд гарч байгаа энэ жаахан газраа газрын хуулийн дагуу гэрээ гэрчилгээ хийж өгнө үү” гэжээ. Дээрх өгөдлөөс үзвэл миний аав М.Ч нь эзэмшил газрынхаа хэмжээг мэдэхгүй байсан бөгөөд харин олон жил эзэмшиж, ашиглаж, зуссан газраа хууль ёсоор бүртгэлжүүлэх хүсэл зоригтой байсан нь тодорхой байдаг юм. Харин газрын албаны холбогдох албан тушаалтнууд газрынх нь хэмжээ, байршил, тойм зургийг тодорхой мэдэж байсан байдаг.

3.2. Улмаар 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай ЧГДЗД-ын 153 дугаартай захирамж гарсан байдаг бөгөөд тус захирамжийн хавсралтын 129 дугаарт газрын хэмжээг “300" гэж, эрхийг “баталгаажилт” гэж тус тус бичсэн байдаг. Тус 300 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ гарснаас хойш бодит байдал дээр газар дээр нь ямар нэг өөрчлөлт ороогүй, газрын кадастрын мэдээллийн санд 544 м.кв эзэмших эрхтэйгээр М.Ч-ийн нэр дээр бүртгэлтэй байсан боловч ийнхүү бусдын эзэмшил ашиглалтад бүртгэлтэй газрыг давхцуулан ЧГДЗД-ын 2007 оны 100 дугаартай захирамжаар Б.Г гэх хүнд олгожээ. Улмаар өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа Ч.О надад 300 м.кв газар эзэмших эрх өвлөгдсөн боловч ЧГДЗД-ын 2015 оны А/58 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ 258 м.кв болгон өвлөгдсөн газрын хэмжээг багасган өөрчилсөн байдаг. ЧГДЗД-ын 2005 оны 153, 2015 оны А/58 дугаартай шийдвэрүүд нь тус тус газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллээс зөрүүтэй буюу 544 м.кв нь 300 м.кв, 300 м.кв нь 258 м.кв гэж бичилт хийсэн байх ба энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтны эрх мэдэл. албан тушаалаа урвуулан ашигласан санаатай гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш л бол захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илэрхий алдаа мөн.

3.3. Түүнчлэн Захиргааны байгууллага, албан тушаалтан иргэний шударгаар олж авсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр нөхөх олговоргүйгээр хураан авах эрх хуулиар олгогдоогүй юм. Дээрх 153 дугаартай захирамж гарснаас хойш 2 жилийн дараа 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ЧГДЗД-ын 100 дугаартай захирамж гарч хавсралтын 117 дугаарт Б-ны Г гэх хүнд М.Ч гуайн газраас тасалж авсан 246 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байдаг. Тус 2007 оны 100 дугаартай захирамж гарсныг миний бие огт мэдээгүй байсан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ц.Б-ын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарын үндсэн дээр 2021 оны 09 дүгээр сард олж мэдсэн болно. Тус захирамжийг гарах үед буюу 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд дээрх газар нь иргэн М.Ч-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан бөгөөд нэгж талбарын 18642323764670 дугаар бүхий газрыг тус 100 дугаартай захирамжийг үндэслэн талбайн хэмжээг 544 м.кв-аас 258 м.кв болгон өөрчилж, эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд үндэслэдэг. Б.Г гэх хүнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үед тухайн хүсэлт гаргасан газар нь кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй аав Ч-ийн эзэмшиж, ашиглаж байсан газартай давхардсан байхад хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзахын оронд Ч гуайн газраас булааж аваад Б.Г-д олгочихсон. Ингэхдээ гэрчилгээнд бичигдсэн 300 м.кв-аар биш 258 м.кв-аар бүртгэж газар эзэмших эрхийг удаа дараа, ноцтой зөрчсөн байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэснийг зөрчсөн. Нэг иргэнийхээ хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа газар эзэмших эрхэд хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр халдаж, нөгөөд нь олгох эрх захиргаанд олгогдоогүй.

3.4. ЧГДЗД-ын 2007 оны 100 дугаартай захирамж нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, шударга ёс, тэгш эрхийн зарчимыг бүдүүлгээр зөрчсөн, Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхэд бүдүүлгээр халдсан илт хууль бус захиргааны акт мөн. Улмаар ЧГДЗД-ын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай А/187 дугаартай захирамж гарч Б.Г-ийн газар эзэмших эрхийг Ц.Б-д шилжүүлсэн байдаг. Хэдийгээр тус захирамжаар ЧГДЗД-ын 2007 оны 100 дугаар захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх боловч тус захирамжийн үйлчлэл хүчин төгөлдөр байгаагаас миний аав М.Ч, түүний өв залгамжлагч Ч.О миний газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж байх тул ЧГДЗД-ын 2007 оны 100 дугаартай захирамжийн үйлчлэл байна гэж үзнэ. Иймд ЧГДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны едрийн 153 дугаартай захирамжийн М.Ч-д холбогдох хэсэг, 2015 оны A/58 дугаартай захирамжийн Ч.О-д холбогдох хэсгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д, мөн ЧГДЗД-ын 2007 оны 100 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байх тул ЧГДЗД-ын 2005 оны 153, 2007 оны 100, 2015 оны А/58 дугаартай захирамжуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус мөн болно.

3.5. Х.Г нь миний өмчлөлийн газраас 30 м.кв салгаж авахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба 30 м.кв газар дээр нь намайг амбаар жорлон тавьчихсан гэж шүүхэд гүтгэлэгийн шинжтэй тайлбар гаргадаг боловч энэ нь баримтаар нотлогдоогүй. Тэр газартай байшин нь 1958 оноос, мөн жорлон нь 1986 оноос байрлаж байгаа болно. Харин ч сансраас авсан зурган мэдээллээр байгаа болох нь тогтоогдсон ба 258 м.кв газарт эргэлтийн цэгүүд давхцаагүй болно. Миний аав М.Ч нь Ц.Б, Х.Г, Б.Г нарт дээрх газрыг түрээслээгүй, зараагүй, бэлэглээгүй болно. Иймд Аав агсан М.Ч-д 300 м.кв газар баталгаажуулагдсан байгаа тул түүний өв залгамжлагч болох Ч.О-д хуулийн дагуу өвлүүлж өгнө үү. 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0051 дүгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эргэн харж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

  1. Нэхэмжлэгч Ч.О-аас;

      а/ ЧГДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжийн М.Ч-д холбогдох хэсэг, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар захирамжийн Б.Г-д холбогдох хэсэг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжийн Ч.О-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

      б/ ЧГДЗД-ын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсэг, НЗД-ын2018 оны А/548 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсэг, НЗД-ын2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Х.Г-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

      в/ М.Ч агсан, түүний өв залгамжлагч Ч.О-ны зөрчигдсөн эрхийг сэргээж, 544 м.кв газар эзэмшүүлэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байна.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлсноор маргааны зүйл нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод 6 дугаар гудамжны /хөрш залгаа/ Ц.Б-ын 647 тоот ,Ч.О-ны 645 тоот, Х.Г-ийн 644 тоотын газрын хэмжээ, газрын байршлын кадастрын зураглалууд өөрчлөгдөн бүртгэгдсэнтэй холбогдуулан үүссэн хэмээн маргажээ.

4. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод 6 дугаар гудамж, 645 тоот хаягтай Ч.О-ны эзэмшил болон өмчилж авсан газрын талаар;

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн өвлөх эрхийн №008 тоот гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Газрын харилцааны албанд гаргасан өргөдөл зэргийг үндэслэн ЧГДЗД  2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжаар М.Ч /2013.10.17-ны өдөр нас барсан/-ийн Зуунмод, зусланд 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалттай  эзэмшиж байсан 300 м.кв газрын эзэмших эрхийг, түүний төрсөн охин болох нэхэмжлэгч Ч.О-д 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/58 тоот захирамжаар шилжүүлэхдээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод 6 дугаар гудамжны 645 тоотод байрших зуслангийн зориулалтай 258 м.кв талбай бүхий газар болгон багасгаж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33, 38 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

 

5. Хэрэгт авагдсан /2006 онд үйлдэгдсэн/ “544 м.кв газрын байршлын кадастрын зураг” нь үйлдсэн болон хянасан албан тушаалтны гарын үсэг болон тамга тэмдэггүй байгаа нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д заасны дагуу дүүргийн газрын албанаас боловсруулж үйлдсэн газрын хэмжээ заагийг тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэсэн баримт гэж үзэхээргүй байна.

 

6. Мөн М.Ч-ийн нэр дээр үйлдсэн кадастрын зураглалтай 544 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүй болох нь тогтоогдсон байна.

 

7. Монгол Улсын иргэнд газар эзэмшихийг хүссэн өргөдөл /2-р хх-ийн 19-20 дахь тал/, ЧГДГА-д хандсан хүсэлт зэргийг үндэслэж М.Ч-д маргаан бүхий байршилд ЧГДЗД  2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжаар 300 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасантай нийцжээ.

 

8. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн эцэг болох М.Ч нь 544 м.кв газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, хуулийн шаардлага хангаагүй газрын байршлын кадастрын зургаар үндэслэж нэхэмжлэгчээс газар эзэмших эрхтэй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. /1-р хх-ийн 9 дэх тал/,

 

9. Нэхэмжлэгч Ч.Од ЧГДЗД  2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/58 тоот захирамжаар шилжүүлж шийдвэрлэхдээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод 6 дугаар гудамжны 645 тоотод байрших зуслангийн зориулалтай 258 м.кв талбай бүхий газрын заагийг тэмдэгжүүлж, координатжуулах, нэгж талбарын дугаартай, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр кадастрын зураглалыг үйлдэж, /1-р хх-ийн 131 дэх тал/, газрын улсын бүртгэлд бүртгэсэн нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

10. Дээрх байдлуудаас үзвэл, нэхэмжлэгчид өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгдөх хөрөнгө болон газрын эрхийн хэмжээ нь 300 м.кв биш бодит нөхцөлд 258 м.кв хэмжээтэй болох нь тогтоогдсон байх бөгөөд энэхүү шийдвэрийг гаргахдаа хариуцагч нь архив мэдээллийн санд хадгалагдаж байгаа агаарын зураглалууд, газрын байршлын кадастрын зураглалыг харьцуулан үзэж, газар дээр нь очиж хэмжилт хийж, алдаатай бүртгэлийг залруулж бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна.

 

11. Хариуцагч нар нь нэхэмжлэгч болон түүний эцэг М.Ч нарын хүсэлтүүдийг хүлээн авч хянаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдгээрт газар эзэмшүүлсэн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаа эсхүл тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “ЧГДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжийн М.Ч-д холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжийн Ч.О-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

12. Нэхэмжлэгчийн хөрш залгаа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод 6 дугаар гудамж, Ц.Б-ын 647 тоот /урьд нь Б.Г эзэмшиж байсан/ Х.Г-ийн 644 тоотын газрын хэмжээ, газрын байршлын кадастрын зураг, газар эзэмших эрхийн талаар;

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2007 оны 11 дүгээр сар, 2020 оны 08 дугаар сарын архивын зурган мэдээллийг 2011, 2015, 2017 оны сансрын зурагтай давхцуулсан байдлын зураглал /1-р хх-ийн 17-21 дэх тал, 2-р хх-ийн 192-194 дэх тал/, нэхэмжлэгч Ч.О, болон Б.Г, Х.Х, гуравдагч этгээд Ц.Б, Х.Г нарын газрын эзэмшил газрын байршлын кадастрын байршлын зураглалууд, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, нэгж талбарын байршлын кадастрын зураг 2006, 2015, 2017 /1-р хх-ийн 130-133, 143-145, 165-166, 190, 2-р хх-ийн 62-64, 1-р хх-ийн 12, 76, 79-81,106 дахь тал/ шүүхийн газар дээр нь үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, газрын хувийн хэрэг зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод 6 дугаар гудамжны нэхэмжлэгчийн ойр хөрш залгаа Ц.Б-ын 647 тоот /урьд нь Б.Гэрэл эзэмшиж байсан 246 м.кв / газрын байршил хэмжээ 246 м.кв, Х.Г-ийн 644 тоот газрын байршил, хэмжээ 311 м.кв кадастрын зураглалуудыг харьцуулж үзэхэд нэхэмжлэгч Ч.О, гуравдагч этгээдийн нарын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа эзэмшил газрын байршилтай давхцалгүй байна.

 

13. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын анх зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гарсан талбайн хэмжээ, одоо ч эзэмшиж буй газрууд нь өөр хоорондоо давхцалгүй болох нь нотлогдож байна.

 

14. Дээрх байдлуудаас дүгнэвэл, иргэн Б.Г, гуравдагч этгээд Ц.Б, Х.Г нартай холбогдуулан иргэдэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжууд тэдгээр иргэдэд газар өмчлүүлсэн НЗД-ын захирамжууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, уг шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

15. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.О-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА