Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 91

 

Капитрон банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00344/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 470 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Т- овогтой Б-ын Г-,

            Хариуцагч С- овогтой Н-ийн Д- нарт холбогдох

          “Үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 19.700.454 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Н.Д-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболдоос:  

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Г-, Н.Д- нар №3006-2015/103 тоот зээлийн гэрээ байгуулж 18.500.000 төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалттай авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч Б.Г- өөрийн өмчлөлийн хувийн орон сууц, өмлөх эрхийн газар, гутлын цех, эсгийний үлйдвэр, мод хатаалгын үйлдвэр, 1812 мкв талбайтай, нэгж талбарын 80154337 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалж, зээлийн гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелээгүй байх тул үндсэн зээл 17.186.081 төгрөг, зээлийн хүү 2.071.144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 414.229 төгрөг, нотариатын зардал 29.000 төгрөг нийт 19.700.454 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г-, Н.Д- нараас:

Капитрон банктай зээлийн гэрээ байгуулж зээл авч үйл ажиллагаа явуулж эхлэх үед эдийн засгийн тогтворгүй байдал үүсч, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын эргэлтийн хөрөнгөнд доголдол үүсч зогсонги байдалд орсон тул зээлээ төлж чадахгүйд хүрч байна. Энэ нөхцөлд банкны эдийн засагчид мэдэгдсэн. Иймд Капитрон банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 17.186.081 төгрөгийг зөвшөөрч байна, бусад үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбар, хариуцагч Б.Г-, Н.Д- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Г-, Н.Д- нараас 19.700.454 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарт олгож,

            Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар харуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, ажилчин 4-р гудамж, 24 тоот, 48 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013126 дугаартай хувийн сууц, Дархан сум, 3-р баг, Ажилчин 4-р гудамж, 23 тоот, 1134 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2003003194 дугаартай өмчлөх эрхийн газар, Дархан сум, 7-р баг, 017 1-р гудамж, 1 тоот, 227,5 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017418 дугаартай гутлын цех, Дархан сум, 7-р баг, 017 1-р гудамж, 1 тоот 60 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017420 дугаартай эсгийний үйлдвэр, Дархан сум, 7-р баг Дархан сум, 7-р баг, 017 1-р гудамж, 1 тоот 180 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017419 дугаартай мод хатаалгын үйлдвэр зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Дархан сум, 7-р баг, 017 1-р гудамж, 1 тоот, 1812 мкв, талбайтай, нэгж талбарын 80154337 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 10 гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256452 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 256452 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Д- давж заалдсан гомдолдоо:

Банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулж эхлэх үед эдийн засгийн тогтворгүй байдал үүсч нийгэм даяар иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон учир зээлээ төлж чадаагүй. Зээл төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон үеэс зээлийн гэрээний дагуу гэрээ цуцлагдах ёстой байтал банк цуцлахгүй, үргэлжлүүлж хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь зээлдэгч миний хувьд маш их хохиролтой байна. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2.485.373 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Капитрон банк хариуцагч Б.Г-, Н.Д- нарт холбогдуулж үндсэн зээлийн үлдэгдэл 17.186.081 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2.071.144 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 414.229 төгрөг, нотариатын зардал 29.000 төгрөг нийт 19.700.454 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Г-, Н.Д- нар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 17.186.081 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин үндсэн хүүгийн үлдэгдэл болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл, нотариатын зардлын хамт төлөх төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчдыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна гэж дүгнээд Иргэний хуулийн 225, 227, 451, 452, 453 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэлээр шаардсан 19.700.454 төгрөгийг хариуцагчдаас гаргуулж нэхэмжлэгч Капитрон банкинд олгож, Иргэний хуулийн 102, 175 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг хариуцагч Н.Д- эс зөвшөөрч зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон үед зээлийн гэрээ цуцлагдах ёстой байтал гэрээг цуцлахгүй үргэлжлүүлж, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь зээлдэгч надад хохиролтой тул хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2.485.373 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн давж заалдсан гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр № 3006-2015/103 дугаартай зээлийн гэрээ хийгдэж тус гэрээгээр зээлдэгч нар эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 18.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлсэн байна.

Мөн өдөр 29/1-11 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулж зээлдэгч Б.Г-, Н.Д- нар өөрсдийн өмчлөл болон эзэмшлийн Үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 4 үл хөдлөх эд хөрөнгө, 2 газар, 1 хувийн сууцыг дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс Капитрон банкинд барьцаалжээ.

Зээлдэгчид зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу эхний саруудад үндсэн зээлд 1.313.919 төгрөг, хүүнд 4.174.030 төлж байгаад 2016 оны 10 дугаар сарын 18-наас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2017 оны 03 дугаар сарын 24 хүртэл нэгч төлбөр төлөөгүй болох нь хэргийн 8 дугаар талд авагдсан “Зээл, зээлийн хүүний тооцоолол”, 30 дугаар талд авагдсан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь” гэсэн баримтуудаар нотлогдох   бөгөөд зээлийн гэрээний 6.2.5-д  “...банкинд үл маргах журмаар төлөх” гэснийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Капитрон банк Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 болон талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-т зааснаар   гэрээнээс хугацааны өмнө татгалзах буюу цуцлах, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл зэргийг нэхэмжлэх эрхтэй байна.

Мөн  нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, зээлийн барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар барьцааны эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Нөгөөтэйгүүр зээлдэгч Б.Г-, Н.Д- нар Иргэний хуулийн 453 дугаар дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4, 6.2.5, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар төлөгдөөгүй зээл түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. 

Энэ талаар Иргэний хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй болохыг дурдаж байна.

Хариуцагч Н.Д- зээл төлөх чадвар муудсантай холбоотой зээлийн гэрээг цуцлах санал гаргаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар өөрөө нотлоогүй бөгөөд талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд зээлдэгчийн санаачилгаар гэрээг хугацааны өмнө цуцлахаар тохиролцоогүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд хариуцагч Н.Д-ын үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг зөвшөөрөхгүй гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.720 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Н.Д-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.720 төгрөгийгТөрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.     

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ 

                                ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                      Л.АМАРСАНАА