| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0133/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014002830071 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар;*******;
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 932 дугаар шийдвэрээр 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.Бд олгуулахаар шийдвэрлэснийг 2009 оны 12 дугаар сараас 2011 оны 06 дугаар сар хүртэл төлж дүр эсгэсэн, мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багт оршин суух хаягаа 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хасалт хийлгэж өөрчлөх зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Сын мөрдөн байцаалтад өгсөн
....Би Б.Б эмэгтэйгээ гэр бүл болоод нэг охинтой болсон. Бид 2 гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан. Охиныг эхнэр Б.Б нь авч өсгөхөөр болж би охин *******д сар болгон мөнгөн тэтгэлэг өгөхөөр болж би өөрийнхөө 4 ханатай гэрийг Б.Бд өгсөн. Би Б.Бгаас гэрлэлтээ цуцлуулж Говь-Алтай аймгийн Бигэр суманд гар аргаар алт олборлож байгаад сүүлд Төв аймгийн Заамар суманд суурьшиж амьдрах болсон. Би өөрийн охин С.Чанцалдуламд 2 жил гаруй сар болгон тэтгэмжийг төлж байгаад Б.Бтай дахин холбоо барьж 2 уулаа дахин нийлж амьдрах талаар хэлж Төв аймгийн Заамар суманд авчирч амьдрах гэсэн боловч таарч тохирохгүй улмаас салсан тэрнээс хойш би Төв аймгийн Заамар суманд эхнэр хүүхэдтэй бол тэндээ суурьшиж ажиллаж амьдрах болсон. Яагаад хүүхдийн тэтгэлгийн мөнгийг төлөөгүй гэхээр нь тухайн үедээ мөнгө боломж байхгүй хүүхдийг тэтгэлгийн мөнгийг шилжүүлэхээр нь уг мөнгийг Б.Б нь хүүхдэд зарцуулахгүй өөрөө хэрэглээд байхаар нь хүүхдийн мөнгийг төлөхөө больсон. Би Улаанбаатар хотод байх үедээ барилгын ажил хийхээр болж суух хаягаа Баянхонгор аймагт байх аав Соор шилжүүлэг хийлгэсэн ажил хийх зорилгоор оршин суух хаягаа өөрчилсөн юм. Тухайн үед би албан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэгдээгүй мэдэгдэх ёстой гэж мэдээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 70-71, 101-102/,
Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн
....Би С.Стой 2004 онд гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. Тэгтэл алтанд яваад байна гээд өөр орон нутаг руу яваад өөр эхнэр хүүхэдтэй болоод бид хоёр 2009 онд салаад Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 932 дугаар шийдвэрээр нөхөр ******* нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн ба хүүхдийн тэтгэлгээс 2009 оны 12 дугаар сараас 2011 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд 878.900 төгрөг төлсөн түүнээс хойш хүүхдийн тэтгэлэг төлөөгүй өдий хүрч байгаа. Одоо С.Сыг хаана байгааг нь би мэдэхгүй байна. Аав ээжээс нь асуухаар хаана байгааг нь мэдэхгүй гэсэн. Төв аймагт байгаа гэж дуулдсан жилийн өмнө нэг ярьж байсан тэрнээс хойш би яриагүй өдийг хүрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Гэрч А.Згийн өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг 932 дугаар шийдвэрээр ******* нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад С.С нь Улсын бүртгэлийн байгууллагад оршин суух хаягаа бүртгүүлээгүй хаана байгаа нь тодорхойгүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. С.С нь Б.Бд өгөх байсан хүүхдийн тэтгэлгээс 2009 оны 12 сараас 2011 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд 878.900 төгрөг төлсөн ба 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 12.975.600 төгрөгийн хүүхдийн тэтгэлгийн хуримтлал үүссэн байх тул цагдаагийн байгууллагад хандсан. С.Стой ерөөсөө холбоо бариагүй хаана байгаа нь тодорхойгүй байна. Надад С.Сын гүйцэтгэх баримт бичиг байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6/,
Гэрч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манай хүү С.С нь 2010 онд эхнэрээсээ салаад Говь-Алтай аймаг руу алтанд явснаас хойш дахин Баянхонгор аймагт ирээгүй. Тэрнээс хойш бид нартай дахин холбоо бариагүй ирж уулзаагүй өдий хүрч байна. 2013 онд байх сар өдрийг нь сайн санахгүй байна. Би хүү С.Сын хаягийг Улаанбаатар хот руу хөөцөлдөж байгаад шилжүүлж өгсөн. С.С надтай холбоо бариад Улаанбаатар хот руу шилжүүлээд өгөөч гэхээр нь би шилжүүлгийг хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хх –ийн 46-48/,
Гэрч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Манай төрсөн ах С.С нь Б.Б гэх хүнтэй гэр бүл болоод нэг охинтой болоод амьдарч байгаад салж шүүхээр ах С.С нь хүүхдэдээ сар болгон тэтгэмж өгөхөөр шүүгчийн захирамж гарсан. Тэгтэл сар болгон өгөх мөнгөө өгөхгүй шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн. 2010 оноос хойш уулзаж холбоо бариагүй. 2014 онд Төв аймгийн Заамар суманд байдаг сураг дуулсан одоо хаана байгааг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,
Гэрч Г.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...С.С бид хоёр 2014 оноос хойш амьдарч байна. 2016 оны хавар 04, 05-р сарын үед С.Сын салсан эхнэр Б.Б С.Стой утсаар яриад шүүхээр тогтоосон хүүхдийн мөнгөө төлөх талаар ярьж байсан. Тэгээд би мэдсэн. 2020 оны 10 дугаар сард цагдаагаас С.Сыг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн гэсэн бичиг ирж байсан гээд Цагдаатай очоод уулзаад ирлээ гэж хэлж байсан. С.С хэлэхдээ хүүхдэдээ мөнгө төгрөг явуулахаар ээж Б.Б нь өөртөө зарцуулчихдаг хүүхдэд өгдөггүй. Б.Б өөрөө өөр хүнтэй гэр бүл болоод суусан, миний охин С.Чанцалдуламыг хайхардаггүй, хамаатны айлуудаар нь байлгадаг, сургуульд сурдаггүй, би охиноо өөр дээрээ авч өсгөмөөр байна гэж ярьдаг байсан. С.С охиноо өөр дээрээ авч өсгөмөөр байна гээд 2016 онд салсан эхнэр Б.Бтайгаа утсаар ярихаар охиноо өгөхгүй гээд өгдөггүй. С.С нь жоохон цочмог ууртай ба тэрнээс элдэв зан ааш байхгүй. Архийг хааяа нэг баяр ёслолын үеэр хэрэглэдэг. Тамхийг бол татдаг хүн байгаа юм. Миний зүгээс С.Сыг хүүхдийнхээ тэтгэлгийн мөнгийг төлөх, мөнгө төгрөг явуулах гэхэд нь дургүйцдэг, хориглодог зүйл байхгүй. С.С өөрөө мөнгө төгрөг явуулахаар охинд өгөхгүй Б.Б өөртөө зарцуулчихдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 62-63/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материалууд / хх-ийн 104-134/, шүүгдэгч С.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 137/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 138/, депозит дансны хуулгууд /хх-ийн 140-146,171-199/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч С.С нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 932 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд зориуд саад учруулах зорилгоор оршин суугаа хаягаа өөрчилсөн, шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Сыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Цаашид хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолоор гэмт хэргийн хохирогчоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүрэгтэй байгууллага буюу Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гомдол гаргаснаар тогтоох, харин иргэн Б.Б нь шүүхийн шийдвэрээс санаатайгаар зайлсхийх гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага тавьж байгаа хүн учраас түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоож байвал зохино.
Шүүгдэгч С.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэ
Шүүгдэгч С.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.С нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “ ... шүүгдэгч С.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан "... учруулсан хохирлыг нөхөн төлөө илэрхийлсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт С.Слыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Сыг нэг /01/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сд эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг /01/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
5.Шүүгдэгч С.Сд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Сд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА