Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Ц.Г,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газарт сэлгэж ажиллаж буй Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.С-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт С.С,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт иргэн Д.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутгаар эрүүний доод хэсэгт нь зүсэж, биед нь эрүүний доод хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 06 дугаар сарын 29-ний өглөө эрт ... тоотод байх гэртээ ээжийн 2 авдрыг ухаж байгаад 0.5 гр-ын 1, 0.75 гр-ын 1 шил нийт 2 шил архи олсон. Тэгээд архинд жаахан дуртай болохоороо найз нараа дуудаж хувааж ууя гэж бодоод дотны найз нар болох Б, Д, Т, З нарыг утсаар нь дуудсан. Тэд ч нэг их удалгүй, ар араасаа ирсэн. Бид 5 нийлж нөгөө 2 шил архийг яаралгүй, юм ярингаа бараг өдөржин бага багаар уусан. Би жаахан согтоод нойр хүрээд эхэлсэн. Зүүрмэглээд орон дээр хэвтэж байхад Б бид 2 үлдээд бусад нь явцгаасан. Тэгээд унтах унтахгүй 2-ын хооронд хэвтэж байхдаа Б-тай маргаад ч байгаа юм шиг нэг л орон гаран байдалтай байж байгаад яагаад ч юм сийлбэрийнхээ хутгаар Б-ны эрүүнд зүсчихсэн. Бид 2 айхтар тэгж маргалдаж муудалцаагүй, ямар ч байсан би Б-ны эрүүнд зүсчихсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гадагшаа явсан найз нар маань гэрт хүрээд ирсэн ба би Б-ны эрүүг сийлбэрийнхээ хутгаар зүссэнээ хэлсэн. Тэгээд л цагдаа, эмнэлэг дуудсан даа. Би согтуудаа найз Б-хаа эрүүнд өөрийн сийлбэрийн хутгаар зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг төвөгт холбогдохгүй байх болно. Би урьд нь ямар нэгэн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Жаахан архинд дуртай, хамааралтай хүн, тэгээд л архины хар хор нөлөөлөөд найздаа мэс хүргэчихлээ... Эмчилгээнд нь 50,000 төгрөг өгсөн. Надаас өөр мөнгө төгрөг нэхээгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 49/,

- Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний 11 цагийн үед найз С-н гэрт очсон. Тэднийх Замын-Үүд сум 5 дугаар багт байдаг юм. Намайг С-нд очиход С-с гадна найз нар болох З, Д, Т нар байж байсан ба 1 шил 0,5 гр-ын Е архи ууж байсан. Би тэдэнтэй нэгдэж архи уусан. Архи дуусаад бид нар орж гараад, зарим нь хөзөр тоглоод тэгсгээд байж байтал ахиад 1 шил 0,75 гр-ын Е архи гараад ирчихсэн тойруулж эхэлсэн. Найз нар гарч ороод яваад байсан болохоор би нэг нь л авчирсан байх гэж бодсон, асууж тодруулаагүй. Ингээд бүгдээрээ энэ архийг хувааж ууж дуусгасан ба цагийг нь мэдэхгүй байна, үдийн хойно С согтоод орон дээрээ унтаад өгсөн. Харин З, Д, Т нар гараад явсан. Д АТМ-ээс мөнгө авна гэж байсан. Би С-н хөлд суугаад үлдсэн. Ингээд С унтаагүй юм шиг байхаар нь би түүнтэй Т-г гэрээсээ хөөсөн байна лээ шүү, ахиж тийм зан битгий гаргаарай, муу ч бидний найз шүү энэ тэр гээд ойр зуурын зүйл ярьсан. С сонсож байгаа үгүй нь мэдэгдэхгүй, надтай юм ярихгүй байсан. Тэгтэл гэнэт С өндийх шиг болсноо зүүн гараараа миний нүүрний урдуур савсан. Эрүүнд юм шүргэх шиг болохоор нь зүүн гар луу нь хартал сийлбэрийнхээ төмөр иштэй богино хутгыг барьчихсан байсан. Миний эрүүнээс цус учиргүй гараад эхэлсэн ба би гараараа дарж яаж байна аа чи, яагаад намайг ингэж байгаа юм гэж асуусан. С өөдөөс гөлөрчхөөд юм ойлгож байгаа шинжгүй, дуугүй суугаад байсан. Буцаад унтах гээд ч байгаа юм уу, нүд нь анилдаад, эсвэл унтаад ч байгаа юм уу нэг тиймэрхүү царайлчхаад гараараа тулаад суугаад байсан. Тэгэхээр нь би согтуу болохоор сэрж чадахгүй, юу болсныг ойлгож өгөхгүй байна даа гэж бодсон. Тэрнээс С ухаан санаа зүв зүгээр, эрүүл хүн. Миний эрүүнээс цус гараад байсан тул би тогтоох гэж алчуураар дарж, угааж хэсэг үзсэн. Ердөө тогтож өгөхгүй л байсан. Ингээд байж байхад С орон дээрээ суучихсан, илт шал согтуу байгаа нь мэдэгдсэн. 19 цаг болох гэж байхад Д, Т 2 гаднаас ирсэн ба яачихсан юм бэ гэхээр нь би болсон зүйлийг хэлсэн. Удаагүй хойноос нь З орж ирж байсан. Д миний эрүүг үзчихээд эмнэлэг явахгүй бол болохгүй гээд утсаар яриад байсан. Хэсэг хугацааны дараа эмнэлэг ирээд намайг авч явсан ба миний эрүүнд оёдол тавина гэхээр нь би айгаад эсэргүүцсэн. Тэр үед нэг цагдаа ирээд надад тайлбарлаж би эрүүндээ оёдол тавиулсан. Тэгээд намайг хүлээж авах хүн байхгүй болохоор эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн... нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд ажлаас буусан ба гэртээ харих замдаа ... тоотод байх найз С-н гэрээр орсон. С өглөө эрт намайг ажлаас буухаас өмнө над руу залгаад гэрт 2 шил архи байна, ирж 100 татаад амарвал амраарай гэсэн юм. Би ч 100 татчихаад гэртээ хариад амарчихъя гэж бодоод С-н гэрт очсон. Тэднийд очиход С-с гадна найз нар болох З, Т нар байсан. Ингээд С авдраасаа шууд 1 шил 0.5 гр-ын Е архи гаргаж ирсэн ба тэрийг нь бид нар аажуухан тайван ууж эхэлсэн. 11 цаг болох гэж байхад бас нэг найз болох Б гаднаас ирсэн ба бид нарын ууж байсан архинаас хувааж ууж дуусгасан. Хэсэг байж байгаад үдийн алдад С ахиад авдраасаа 1 шил О.75 гр-ын Е архи гаргаж ирсэн ба тэрийг нь бас бид нар юм ярингаа тайван уугаад дуусгасан. Тэгээд би машины тос масло солиулах ажилтай байсан ба сольж өгөх хүн нь мөнгийг нь бэлнээр авна гээд байсан болохоор АТМ-ээс мөнгийг нь эртхэн авах гээд С-с явсан. Надтай цуг З, Т нар гараад З гэрлүүгээ салаад явсан, Т надтай цуг гадуур явсан. С бид нарыг гарахаас өмнө орон дээрээ гараад хэвтчихсэн байсан ба Б-тай гэртээ үлдсэн. Б С-н хөлийнх нь тэнд суугаад үлдсэн. Тэгээд би 19 цаг болох гэж байхад Т-тай буцаад С-н гэрт иртэл С орон дээрээ суучихсан, хойд талын буйдан дээр Б эрүү ам нь цус болчихсон сууж байсан. Би юу болов, яачих ваа гэтэл Б зүгээр сууж байсан чинь С гэнэт босч ирээд сийлбэрийнхээ хутгаар эрүү зүсчихлээ гэсэн. Яагаад тэгж байгаа юм гэхэд Б мэдэхгүй гэсэн. Харин С юу ч дуугарахгүй л суугаад байсан. Энэ үед З гаднаас орж ирсэн. Тэгээд С-н гэрт нэлээн цус гойжсон байхаар нь би Б-ны эрүүгээ дарсан алчуурыг авч үзтэл цус нь тогтоогүй гойжсон хэвээр байхаар нь эмнэлэг, цагдаад хэлсэн дээр гээд С-н дүүгийнх нь охин руу залгаж энд юу болсон талаар хэлсэн. Ингээд удалгүй С-н дүүгийн охин болох У ирсэн ба эмнэлэг ч ирсэн. Эмч Б-г үзээд эмнэлэг авч явж оёдол тавина гээд аваад явсан. Тэгтэл цагдаа нар ирээд З, Т, С бид 4-ийг эрүүлжүүлэхэд хонуулж архийг чинь гарахаар асуудлыг нягталж шалгана гээд авч явж эрүүлжүүлэхэд хийсэн. Уг нь бид нарын согтолт гайгүй байсан л даа. Тэгээд эрүүлжүүлэхэд байж байхад Б-ны эрүүнд оёдол тавьчихсан гээд бас эрүүлжүүлэхэд оруулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

- Гэрч Ж.З мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2021 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед манай гэрийн зүүнтээ ойрхон ... тоотод байх найз С-нд орсон. С өөрөө над руу залгаж найзад нь 2 шил хадгалсан архи байна хүрээд ирээч гэхээр нь очсон. Намайг очиход С ганцаараа байсан удалгүй Т ирээд араас нь Д орж ирсэн. Ингээд С авдраасаа 1 шил 0.5 гр-ын Е архи гаргаж ирээд тэрийг нь бид нар тайван ууж эхэлсэн ба нэг их удаагүй цагийн дараа Б гаднаас орж ирсэн. Тэгээд хамтдаа ууж байсан архиа хувааж ууж дуусгасан. Нэлээн хугацаа өнгөрсний дараа үдийн үед С ахиад авдраасаа 1 шил 0.75 гр-ын Е архи гаргаж ирсэн ба тэрийг нь бас бид нар юм ярингаа уугаад дуусгасан. Архи дуусаад С орон дээрээ гараад хэвтээд өгсөн ба хөлд нь Б сууж үлдээд бусад нь ажилтай гээд явцгаасан. Би гараад гэрлүүгээ явсан, харин Д, Т 2 хаашаа явсныг нь анзаараагүй. Бид нарын  согтолт тун гайгүй байсан. Тэгээд би гэртээ байж байгаад 19 цагийн үед буцаад С-н гэрт очтол С орон дээрээ суучихсан, хойд буйдан дээр Б энгэр заам, ам хамар нь цус болчихсон, эрүүг нь Д алчуураар дарчихсан, газар шал нь нэлээн цустай тийм байдалтай байсан. Т ирчихсэн бололтой хажуугаар гаднаас орж ирээд цус мусыг нь арчаад байсан. Юу болчиховоо гэж би тэднээс асуутал Б С намайг зүгээр байхад сийлбэрийн хутгаар ширвээд эрүү зүсчихлээ гэсэн. Та 2 зодолдсон юм уу, яасан юм гэхэд Б үгүй, зодолдож маргаагүй, гэнэт л босож ирээд зүсчихсэн гэж хариулсан. С болохоор юу ч хэлэхгүй суугаад байсан. Д болохоор би бас сая орж ирлээ, тэгсэн чинь ингэчихсэн байх юм, эмнэлэг явахгүй бол болохгүй ээ гэж байсан. Одоо яах вэ гэтэл гаднаас С-н дүүгийн охин ороод ирсэн. Д ийм юм болчихсон байна гэж дуудсан юм билээ. С дүү охиноо хараад би хүн алах шахлаа ш дээ гээд учиргүй уйлаад орилсон. Тэгтэл удаагүй эмнэлэг ч ирсэн ба эмч Б-г үзээд эмнэлэг авч явж оёдол тавихгүй бол болохгүй гээд аваад явсан. Цагдаа нар араас нь ирээд Д, Т, С бид 4-ийг авч яван эрүүлжүүлэхэд оруулж, маргааш архийг чинь гарахаар шалгана гэсэн. Дараа нь Б эрүүндээ оёдол тавиулчхаад эрүүлжүүлэхэд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

- Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед ... тоотод байх найз С-н гэрт очсон. Дэлгүүрээс тамхи авчихаад ойрхон болохоор нь ороод гаръя гэж бодоод очсон. Намайг очиход С-с гадна найз З байсан. Миний араас бас найз Д ороод ирсэн. Гэнэт найзууд цуглалаа даа гэж л бодсон. С гэрийнхээ авдраасаа хадгалчихсан байсан юм гээд 1 шил 0.5 гр-ын Е архи гаргаж ирсэн ба тэрийг нь бид нар бага багаар юм ярингаа ууж эхэлсэн ба бас нэг их удаагүй найз Б хүрээд ирсэн. Хамтдаа архиа хувааж ууж дуусгасан. Тэгээд байж байтал С ахиад авдраасаа 1 шил 0.75 гр-ын Е архи гаргаж ирсэн ба тэрийг нь бас бид нар бас юм ярингаа нэг их яаралгүй уугаад дуусгасан. 16 цагийн үед Д 2-уулаа АТМ-ээс мөнгө аваад ирье гээд хамт гарсан. З ч бас гэр лүүгээ явлаа гээд гарсан. С гэртээ унтах гээд орон дээрээ гараад хэвтчихсэн байсан ба Б хөлийнх нь тэнд орон дээр суугаад үлдсэн. Тэгээд Д бид хоёр 19 цагийн үед буцаад С-нд иртэл С орон дээрээ суучихсан, гэрийн шал нэлээн цус болчихсон, хойд талын буйдан дээр Б-ны эрүү ам нь цус болчихсон, дараад сууж байсан. Би юу болов, хэн ингэв гэхэд Б С өндийж ирээд сийлбэрийнхээ хутгаар эрүү зүсчихлээ гэсэн. Яагаад, та 2 муудалцсан юм гэхэд Б үгүй, наадах чинь зүүдэлсэн байхаа гэж хэлсэн. С-с асуухаар ухаарч өгөхгүй байгаа бололтой юу ч дуугарахгүй л суугаад байсан. Д Б-ны шархыг үзээд ингэж байж болохгүй, эмнэлэгт хэлэх хэрэгтэй гээд С-н дүү охин руу утсаар залгаад хүрээд ир, энд ийм зүйл болсон байна, эмнэлэг, цагдаад дуудлага өгчхөөрэй гэж хэлсэн. Энэ үед З ирсэн. Удаагүй С-н дүүгийн охин болох У ирсэн ба С би найзыгаа алах шахлаа гээд орь дуу тавиад байсан. Бид нарын согтолт тухайн үед их гайгүй байсан л даа. Тэгээд түргэн ирж эмч Б-г үзээд эмнэлэг авч явж оёдол тавина гээд аваад явсан. Цагдаа нар бас ирээд З, Д, С бид 4-ийг авч яваад эрүүлжүүлэхэд оруулсан. Эрүүлжүүлэхэд байж байхад Б эрүүнд оёдол тавиулчихсан гээд ирж эрүүлжүүлэхэд орсон. Ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

- Гэрч М.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг 2021 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цаг өнгөрч байхад миний утас руу С ахын найз Д ах залгаад С Б-ны эрүүг хутгаар зүсчихсэн байна, хурдан хүрээд ир, эмнэлэг дуудаарай гэсэн. Би тэр дор нь эмнэлэг рүү дуудлага өгсөн. Манай гэр ойрхон тул би С ахынд гүйгээд очтол С ах орон дээрээ суучихсан, С ахын баруун талд 2 эрэгтэй хүн, хойд талын буйдан дээр 1 эрэгтэй хүн, түүний урд газар эрүү, ам нь цус болчихсон 1 эрэгтэй хүн сууж байсан. Тэд бүгдээрээ согтуу байсан. С ахынд байсан тэр хүмүүсийг би бага зэрэг танина, С-р л эргэлдээд байдаг хүмүүс. Тэгээд би юу болсон бэ гэж асуухад С ах нэлээн айсан байдалтай ах нь Б-ны эрүүг зүсчихлээ гээд уйлсан. Та яасан гэж ийм зүйл хийж байгаа юм бэ гэхэд Б намайг зодох гээд байсан юмаа, одоо ах нь яана аа гээд уйлаад байсан. Хажуугаас нь Д ах С, Б 2-ыг үлдээгээд бид 3 дэлгүүр орчхоод ирсэн чинь ийм юм болчхож, дэрэн доороо байсан сийлбэрийн хутгыг гаргаж ирээд зүссэн гэнэ гэж хэлж байсан. Ингээд удаагүй эмнэлэг ирсэн ба цагдаад мэдэгдээрэй, энэ хүнийг эмнэлэг рүү авч явж оёдол тавина гээд Б ахыг аваад явсан. Би ч цагдаа руу залгаж дуудлага өгсөн ба цагдаа нар ирээд шалгаад бүгдийг нь аваад явсан. Бас цагдаа нар үзлэг хийж байхдаа ширээн доороос Б ахын сийлбэрийн хутгыг олж хурааж аваад явсан. Б ахын эрүүний доор хэсэгт хөндлөн зүссэн байсан ба нэлээн цус гарсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04/140 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.Б-ны эрүүний доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно....” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, харилцах дансны харилцагчийн хуулга  /хх-ийн 53-54, 57-61,/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар С.С нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэртээ Д.Б, Х.Д, О.Т, Ж.З нарын хамт архи уусан, улмаар Д.Б-ны эрүүний доод хэсгийг хутгаар зүсэж, эрүүний доод хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч С.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Б-ны “...Би С-н хөлд суугаад үлдсэн. Ингээд С унтаагүй юм шиг байхаар нь би түүнтэй Т-г гэрээсээ хөөсөн байна лээ шүү, ахиж тийм зан битгий гаргаарай, муу ч бидний найз шүү энэ тэр гээд ойр зуурын зүйл ярьсан. С сонсож байгаа үгүй нь мэдэгдэхгүй, надтай юм ярихгүй байсан. Тэгтэл гэнэт С өндийх шиг болсноо зүүн гараараа миний нүүрний урдуур савсан. Эрүүнд юм шүргэх шиг болохоор нь зүүн гар луу нь хартал сийлбэрийнхээ төмөр иштэй богино хутгыг барьчихсан байсан. Миний эрүүнээс цус учиргүй гараад эхэлсэн ба би гараараа дарж яаж байна аа чи, яагаад намайг ингэж байгаа юм гэж асуусан. С өөдөөс гөлөрчхөөд юм ойлгож байгаа шинжгүй, дуугүй суугаад байсан...”гэсэн, гэрч Х.Д “...19 цаг болох гэж байхад Т-тай буцаад С-н гэрт иртэл С орон дээрээ суучихсан, хойд талын буйдан дээр Б эрүү ам нь цус болчихсон сууж байсан. Би юу болов, яачхав аа гэтэл Б зүгээр сууж байсан чинь С гэнэт босож ирээд сийлбэрийнхээ хутгаар эрүү зүсчихлээ гэсэн. Яагаад тэгж байгаа юм гэхэд Б мэдэхгүй гэсэн. Харин С юу ч дуугарахгүй л суугаад байсан...” гэсэн, гэрч Ж.З-н “...Би гэртээ байж байгаад 19 цагийн үед буцаад С-н гэрт очтол С орон дээрээ суучихсан, хойд буйдан дээр Б энгэр заам, ам хамар нь цус болчихсон, эрүүг нь Д алчуураар дарчихсан, газар шал нь нилээн цустай тийм байдалтай байсан. Юу болчихсон юм бэ гэж би тэднээс асуутал Б С намайг зүгээр байхад сийлбэрийн хутгаар ширвээд эрүү зүсчихлээ...” гэсэн, гэрч О.Т “...С гэртээ унтах гээд орон дээрээ гараад хэвтчихсэн байсан ба Б хөлийнх нь тэнд орон дээр суугаад үлдсэн. Д бид хоёр 19 цагийн үед буцаад С-нд иртэл С орон дээрээ суучихсан, гэрийн шал нэлээн цус болчихсон, хойд талын буйдан дээр Б-ны эрүү ам нь цус болчихсон, дараад сууж байсан. Би юу болов, хэн ингэв гэхэд Б С өндийж ирээд сийлбэрийнхээ хутгаар эрүү зүсчихлээ гэсэн...” гэсэн, гэрч М.У “...Манай гэр ойрхон тул би С ахынд гүйгээд очтол С ах орон дээрээ суучихсан, С ахын баруун талд 2 эрэгтэй хүн, хойд талын буйдан дээр 1 эрэгтэй хүн, түүний урд газар эрүү, ам нь цус болчихсон 1 эрэгтэй хүн сууж байсан. Тэд бүгдээрээ согтуу байсан... Тэгээд би юу болсон бэ гэж асуухад С ах нэлээн айсан байдалтай ах нь Б-ны эрүүг зүсчихлээ гээд уйлсан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04/140 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.С-с хохирогч Д.Б нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай төмөр хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт С.С-г долоон зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай төмөр хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.Н