Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т аймгийн Б сумын харьяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ж.М-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт байрлах монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Ж.А-н эзэмшлийн “Самсунг Галакси Эс-6 эджи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2021 оны 05 сарын 31-нд үйлдэгдсэн хэрэг юм. Хохирогч А-н гэрт орж аяга авсан. Аягыг нь буцаагаад гэрт нь оруулаад тавихдаа цэнэглэгдэж байсан гар утсыг авсан. Энэ үед хүү нь гэртээ байсан, намайг хараагүй. Маргааш нь гэртээ сэрэхэд утас нь байхгүй байсан, би утсыг нь яаснаа санахгүй байгаа юм. Хохирогч утсаа авна гээд ирэхэд нь дэлгүүрт тавьсан гэж худлаа хэлсэн. Гар утас хулгайлсанаа зөвшөөрч байна, хохирлын 120,000 төгрөгийг Ч гэдэг хүнээр шилжүүлүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би өөрийн гэр болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт гэрээсээ 2021 оны 05-р сарын 31-ний 09 цагийн орчим нөхрийн хамт 2 хүүхдээ гэртээ үлдээгээд вакцины 2-р тунгаа хийлгэхээр гарсан. Манай хүү Б гэрээс гарахдаа өөрийн гар утсыг цэнэглэж үлдээсэн байсан чинь байхгүй болсон байна, та хоёрыг өглөө гарсан хойгуур чинь Б, М 2 гэрт ирээд аяга аваад гарсан гэж нөхөр бид хоёрт том хүү Б маань хэлсэн. Манай нөхөр Б гэрээс гараад М-той уулзахад “би танай гэрт чинь хүн байхгүй байсан болохоор ороод цэнэглэж байсан утсыг чинь аваад дэлгүүрт барьцаанд тавьчихсан байгаа, маргааш аваад өгье” гэж хэлсэн гэсэн тул цагдаагийн байгууллагад өөрийн ... дугаарын утсаар Замын-Үүд цагдаагийн хэлтсийн ... дугаарын утсанд мэдэгдсэн. Би 2021 оны 04-р сард 120,000 төгрөгөөр худалдан авсан. Аваад удаагүй байгаа тул 120,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 05-р сарын 31-ний өдөр өөрийн танил М-н гэрт хамт архи уусан. Архи ууж байгаад өөрийн төрсөн дүү А-н гэрт очиж нөхөр Б-тэй хамт архи ууя гэж М бид хоёр тохироод дүүгийн гэрт нь тэдний том хүүхэд байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... М-той уулзахад “би танай гэрт чинь хүн байхгүй байсан болохоор ороод цэнэглэж байсан гар утсыг аваад дэлгүүрт барьцаанд тавьчихсан байгаа маргааш аваад өгнө гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05-р сарын 31-ний өдөр манай аав, ээж хоёр вакцин хийлгэнэ гээд өглөө  гэрээс гараад явсан. Дүү бид хоёрыг гэрт байж байхад М буюу “п” манай гэрт орж ирээд цагаан өнгийн шаазан аяганд цай хийж уугаад гэрээс гараад явсан. Тэгээд 14 цагийн орчимд аав гэрийн гадаа машинтай ирээд дүү бид хоёрыг дуудаад би гэрээс гарахдаа гар утсаа гэрийн голд хивсэн дээр байсан цахилгааны залгуурт цэнэглэж үлдээгээд гэрээ цоожлоод аавын хамт айлд очсон. Тэгээд айлд байж байгаад 17 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд гэр цоожтой хэвээрээ, хаалга нээгээд орсон чинь ээжийн надад авч өгсөн миний цэнэглэж үлдээсэн гар утас байхгүй байсан. Тэгээд гар утсаа хайгаад гэрийн баруун урд талд дутуу баригдсан шополон байшин дотор орсон чинь өглөө М ахын цай уусан аяга тэнд байсан. Тэгээд аав ээж хоёр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх“ гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/

А ХХК-ийн 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн “Самсунг Галакси эс-6 эджи” маркийн гар утсыг 120,000 төгрөгөөр үнэлсэн ТХҮ-821/1347 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 29-32/

Шүүгдэгч Ж.М нь “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суудаг“ гэсэн Замын-Үүд сумын Борхойн багийн тодорхойлолт  /хх-ийн 52/

Шүүгдэгч Ж.М-н иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэлгүй гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 53-54/

Хохирол төлбөр барагдуулсан баримт /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь архи ууж, согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт байрлах Монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, гэртээ цэнэглээд орхисон байсан иргэн Ж.А-н эзэмшлийн “Самсунг Галакси Эс-6 эджи” маркийн гар утсыг хулгайлан авч, 120,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Хүн байнга амьдрах байранд нэвтэрч бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд юмсыг нууцаар, хууль бусаар, өөрийн үйлдлийг хэнд ч мэдэгдэхгүйгээр авч байгаа идэвхитэй үйлдлийг Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэрэг гэж зохицуулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн гол шинжийг агуулж, хохирол учруулсан байх тул түүнийг “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.М нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14/, гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/, насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/,  А ХХК-ийн 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн “Самсунг галакси эс-6 эджи” маркийн гар утсыг 120,000 төгрөгөөр үнэлсэн ТХҮ-821/1347 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-32/,  хохирол төлбөр барагдуулсан гэх хохирлын баримт /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокурор яллах дүгнэлтдээ “... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч...” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  гэж дүгнэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хүн байнга амьдрах байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна. Харин “... үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Ж.М нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд юм.

Хохирогч Ж.А нь мөрдөн шалгах ажиллагаанд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120,000 төгрөгийг нэхэмжилдэг /хх-ийн 12-14/ бөгөөд шүүгдэгч Ж.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө барагдуулсан нь /хх-ийн 68/ хохирол төлбөр барагдуулсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны,  гэм буруугийн  зарчмыг баримтлан  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “ энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр,  ялын доод хэмжээний  хоёрны нэгээс багагүй ял оногдуулах “ гэж заасныг журамлан түүнд 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “ ...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу  хорих ялаас  чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж, хоих ял  шийтгүүлсэн хүнийг  өршөөлд хамруулахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.2-д “ энэ хуулийн 4.1-д заасны дагуу  ялаас өршөөн хэлтрүүлэхэд  ялтан  гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  эсхүл  нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12 дугаар зүйлийн 12.14-д “ энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу  хорих ялын эдлээгүй үлдсэн  ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход  ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд  энэ хуулийн 4.2-д заасан шаардлагыг хангасан байна” гэж тус, тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.М-н хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай,  хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг Өршөөлийн хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дахь  хэсэгт “ ... хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.../ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил  түүнээс бага  хугацаагаар хорих ял оногдуулсан... бол  хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах  ялаар солино” гэж заасны дагуу  шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар “ эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа  газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас явахыг хориглох”  зорчих эрхийг  хязгаарлах ялаар дүйцүүлэн  сольж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүний байнга амьдрах байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.М-т оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-д зааснаар шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын  хяналтад өөрийн оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Ж.М нь нэг жилийн зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              А.Ц