Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: 1974 онын 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Сансарын №98 тоотод оршин суух, Сартуул овогт Чадраабалын Мэндээ /МИ:74032109, утас:99490940/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1970 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Нарийн даваа гэх газар оршин суух, Боржигин овогт Зүгээрбайн Баасансүрэн /МИ:70042919, утас: 88661817/-д холбогдох

 

Ч.Мэндээгийн нэхэмжлэлтэй З.Баасансүрэнгийн хууль бус эзэмшлээс ЗИЛ-131 маркын 78-92 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай, З.Баасансүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй Ч.Мэндээ, Д.Сугар нараас 7821177 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Мэндээ, Д.Сугар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, С.Оюунцэцэг, хариуцагч З.Баасансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, гэрч У.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Мэндээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай ээж хөдөөнөөс ирээд би гадуур хамт явж байгаад орой 16 цагийн үед гэртээ иртэл хашаанд байсан “78-92” СБА улсын дугаартай Зил-131 авто машин маань байхгүй байсан. Тэгэхээр нь би нөхрөө намайг байхгүй байх хойгуур ирээд аваад гарсан юм байх гэж бодоод байж байсан. Гэтэл нөхөр маань 17  цаг өнгөрч байхад гэртээ ирээд машинаа яасан юм бэ гэхээр нь чи аваад гараагүй юм уу гэхэд үгүй гэсэн. Тэгээд бүр гайхаад ах дүү нараасаа аваад гарсан юм уу гэж асуухад үгүй гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдтэл хүрээд ир гэсэн. Тэгээд цагдаа дээр очоод машинаа яаж авсан нөхцөл байдлаа хэлсэн. Тэгээд цагдаа хэн авч явсан байх боломжтой вэ гээд Баасансүрэнгийнх рүү утсаар холбогдоход Баасансүрэнгийн эхнэр нь тиймээ бид энэ айлд очоод 2, 3 цаг хүлээгээд гэрт нь хүн ирээгүй, энэ айл манайхаас 8500000 төгрөг зээлээд мөнгөө өгсөн ч гэсэн ашигаа өгөхгүй байгаа. Тийм учраас бид нар машиныг нь хүнээр бариулаад аваад ирсэн. Манай нөхөр адуундаа явсан байна гэж цагдаад хэлсэн байсан. Гэтэл цагдаа за энэ хүн чинь хажууд байна, та энэ хүнтэйгээ утсаар яриад учраа ол гэсэн. Тэгээд Сугартай Баасансүрэнгийн эхнэр нь утсаар ярихдаа учир зүггүй загнаад, нилээн доромжилсон. Тэгээд цагдаа утсаа салгаад та мөнгөний маргаантай учраас шүүхэд иргэний журмаар нэхэмжлэлээ гарга гэсэн. Тухайн үед манай нөхөр хагалгаанд орсон байсан учир би нэг хэсэгтээ хөөцөлдөж явж чадаагүй. Одоо би Баасансүрэнгээс “78-92” СБА улсын дугаартай Зил-131 маркийн машинаа авмаар байна. Нөхөр бид хоёр Баасансүрэнгээс мөнгө зээлэхийн хувьд зээлсэн, зээлсэн мөнгөө ч төлсөн. Баасансүрэнтэй хамтарч ажиллах талаар ерөөсөө ярилцаж тохиролцоогүй, мөнгө зээлэхдээ хүү алданги тооцно гэж ярилцаагүй. Бид нар энэ хүмүүсийн тайлбартаа бичээд байгаа шиг тийм их мөнгө олоогүй. Самарт явсан ч гэсэн ерөөсөө тийм их ашиг олоогүй, бид нар тайлбар дээр чинь бичсэн байгаа шиг хэзээ ч тийм 4 тонн самартай ирж байгаагүй. Бид нар үнэхээр тэгэж их мөнгө олоод самарт яваад байсан бол ядаж дансандаа 1000 төгрөгтэй байна биз дээ. Баасансүрэнгийн эхнэрийх нь дүү Гантулга гэдэг хүн самарт цуг явж бүх тооцоог нь хийж байсан гээд байгаад энэ хүмүүс бодвол чи цуг яваад тооцоог нь сайтар харж бай гэсэн юм шиг байгаа юм. Анхнаасаа ингэнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан юм шиг байна. Би тэр хүнээрээ самрынхаа тооцоог хийлгэж байгаагүй. Одоо би “78-92” СБА улсын дугаартай Зил-131 маркийн машинаа З.Баасансүрэнгээс нэхэмжилж байна гэв.

      Хариуцагч З.Баасансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... 2016 оны намар 10 дугаар сарын эхээр Д.Сугар нь манайд ирээд хүмүүс самарт яваад байна. Машин авч самарт явах гэсэн юм мөнгө зээлүүлээч гэсэн. Бид мөнгөгүй гэж хэлэхэд дахин дахин манайхаар ирээд самарт явбал ийм ийм ашигтай байна гээд машин хамтарч авъя ашигаа 50% -иар хуваая гэхээр нь бидэнд машин хэрэггүй гэж хэлээд тоохгүй байтал Д.Сугар нь дахин ирээд та хоёр мөнгө зээлчих тэгээд самарт явж олсон гарсан ашигаа бүгдийг хуваая гээд байхаар тухайн үед малын тэжээл авах гэж 3500000 төгрөг байна гэхэд дахиад 5000000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь мөнгөгүй гэхэд танайх банкнаас зээл авчих л даа мал ахуйтай юм чинь. Манайх зээл авах боломжгүй байна гээд байсан. Тухайн үед манайх хүнд зээл аваад өгчихсөн нөгөө хүн маань бас мөнгөө гүйцэд төлөхгүй байгаа тэгэхээр хэцүү байна гэж манай эхнэр хэлэхэд Д.Сугар нь би ямар тэр хүн шиг чинь хоосон хүн биш гаднаас туугаад явсан ч үхэр байна. Би найдвартай гэж хэлээд эхнэр бид хоёроос гуйж байгаад банкнаас зээл авахуулахаар болж банкны хүнийг өөрөө дагуулж ирээд 5 сая төгрөгийн зээл авахуулахаар болсон. Ингээд манайх нийт 8500000 төгрөг гаргаж Зил-131 машин авахаар болж Сугар эхнэртэйгээ, би эхнэртэйгээ бид 4 ярилцан Сугар бид 2 самарт явахаар болж, самарт явж ирээд 8500000 төгрөгөө төлж дуусгаад үлдсэн бүх ашигаа хуваахаар болсон. Гэтэл Д.Сугар нь 4 удаа самарт явсан боловч 8500000 төгрөгийг хэл амтай өгч дуусаад ашиг гэж бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. Ашигаа бодъё, тооцоо хийе гэхээр уурлаад утсаа авахгүй нилээн хэл ам болсон ба нилээн ч хугацаа өнгөрсөн. Иймд бид хэл амаа ойлголцохгүй байсан ба сүүлдээ Сугар нь энэ машинаа аваад яв гэж очихоор хашгираад байхаар нь арга буюу машиныг очиж гэрээс нь авч явсан. Д.Сугар нь хэлсэн амандаа хүрээгүй, ярьж тохирсоноо мартан даанч хуншгүй зан гаргаж байсан. Бид урьдийн танилууд уг нь хэн хэнийгээ мэдэх хүмүүс байгаа юм. Би Сугарт их тусалж байсан. Сугар нь та надад миний ээж, ааваас илүү туслах юм даа гээд уйлаад хэлж байсан. Би Зил-131 машин авах гээд 20 жил мөрөөдсөн, миний мөрөөдлийг биелүүлж өгсөн та хоёр гээд хэлж байсан хүн шүү дээ. Гэтэл манайх хүнд зүгээр машин авч өгөөд, энэ Сугар гэж айлынхыг зүгээр тэжээх ёстой юм уу. Д.Сугар бид хоёр бүгдийг ярьж өөрсдөө шийдэж анх тохирсон. Гэтэл ямар ч гэмгүй айлын гаднаас машиныг нь аваад явсан мэтээр нэхэмжлэл гаргасан нь дэндүү ичмээр юм. Миний гаргасан зардал хохиролыг нөхөн төлчих юм бол би Зил 131 машиныг нь буцааж өгнө. Түүнээс биш өгөхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Д.Сугарын самарт явсан ашгийн тооцоог гаргаж дараах байдлаар нэхэмжилж байна.

Нэг. Д.Сугар нь самарт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яваад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Энэ явалтанд нь би цуг явсан. Ингэж явахдаа 4730 кг самартай ирсэн. Самрын үнэ энэ үед 1 кг нь 4650 төгрөг байсан. Самраа зараад 21994500 төгрөг болсон үүнийг 2 хуваахад 10997250 төгрөг болсон. Үүнээс гарсан зардал 3 сая /үүнд бензин, хүнс, бусад зардал/, надад машин авахад зээлсэн 5 сая төгрөг өгсөн. Ингээд 10997250 төгрөгнөөс гарсан зардал 8000000 төгрөгөө хасахаар 2997250 төгрөг үлдэж байгаа ба үүнийгээ 2 хуваахаар 1498625 төгрөг надад өгөх байсан. Би Сугараас эм тариа авах гэсэн юм гэж гуйгаад 100000 төгрөг авсан өөр ямар ч мөнгө аваагүй.

Хоёр. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр яваад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн. Ирэхдээ 4500 кг самартай ирсэн. Самрын үнэ 1кг нь 3650 төгрөг байсан. Самраа зараад 16425000 төгрөг болсон үүнийг 16425000 хоёр хуваахаар 8212500 төгрөг болсон. Үүнээс гарсан зардал 3 сая /үүнд бензин, хүнс, бусад зардал/ надад мөн машин авахад зээлсэн 3500000 сая төгрөг өгсөн, мөн машины эвдрэл гарсан тул 1000000 төгрөг зарцуулсан. Ингээд 712500 төгрөг үлдэж байгаа ба үүнийгээ 2 хуваахаар 356250 төгрөг надад өгөх байсан.

Гурав. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр самарт явсан. Ингэж явахдаа 2 отог гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эхний отог буусан. 4000 кг самартай ирсэн. Нэг отог нь үлдсэн. Самрын үнэ 1кг нь 3200 төгрөг байсан. Самраа зараад 12800000 төгрөг болсон үүнийг хоёр хуваахаар 6400000 төгрөг болсон, үүнээс Сугар нөгөө хүнтэйгээ ашгаа хуваахад 3200000 төгрөг болсон. Үүнийгээ надтай хуваахад 1600000 төгрөг надад өгөх байсан.

 

 

Дөрөв. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сүүлийн отог ирсэн. 4700кг самартай ирсэн ба Самрын үнэ 3600 төгрөг байсан. Энэ самрыг зараад 16920000 төгрөг болсон ба энэ мөнгөө хоёр хуваахад 8460000 төгрөг болсон ба зардал 3 сая төгрөгөө хасахад 5460000 төгрөг үүнийг  хоёр хуваахад 2730000 төгрөг болж байгаа ба 2730000 төгрөг надад оногдох ёстой боловч надад энэ олон удаа явахад нэг ч төгрөг өгөөгүй дээрх мөнгийг нэмж тооцвол самрын ашиг багаар бодоход 6184875 төгрөг болох ёстой үүн дээрээ банкнаас зээлсэн 5 сая төгрөгийн 2 сарын хүү 636302 төгрөг, тухайн үед тэжээлийн үнэ өссөн тул үнийн зөрүү 1000000 төгрөг бүгд 7821177 төгрөг болж байгаа. Үүнийг Д.Сугар, Ч.Мэндээ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд Ч.Мэндээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... З.Баасансүрэнгээс мөнгө зээлж машин авсан нь үнэн. Гэхдээ Баасансүрэнгийн ярьж байгаа шиг дахин дахин очоод байсан юм байхгүй. Харин З.Баасансүрэнг манайд ирэхэд нь бид хоёр машин авч самарт явах гэж байгаа гэтэл мөнгө бага байна банкнаас зээл авах гэсэн удах юм шиг байна гэж ярьсан. Тэгэхэд З.Баасансүрэн тийм ашигтай байгаа юм бол хурдан яваачээ манайх банкнаас зээл авах гээд бүх материалаа бүрдүүлээд өгчихсөн авахад бэлэн болчихсон байгаа тэр мөнгийг авах уу гэсэн. Бид хоёр баярлаад ямар сайн хүмүүс вэ гээд 8500000 төгрөг авсан. Аль болох хурдан буцааж өгөх гээд самарт яваад ирсэн өдөртөө л мөнгийг нь өгч дуусгаж байсан. Ямар ч хэл ам гаргаж байгаагүй. Мөнгөө өгөх үедээ ашиг орлого хуваах талаар ярьж тохирсон зүйл огт байхгүй. Хэрэв тэр үедээ ашиг орлогоо хуваах талаараа хэлсэн бол би энэ мөнгийг авахгүй байсан. Удсан ч гэсэн өөрийнхөө зээлийг банкнаас гаргуулаад машинаа авах байсан. Уул явна самарт явна гэдэг тийм амархан ажил биш.Тэр олон хүний амь насыг дааж дээр нь хол газар маш их эрсдэл гаргаж явдаг. Ийм байж энэ айлын өмнөөс нь юу гэж самарт явна гэх вэ дээ. Биднийг машинаа өөрсдөө өгч явуулсан мэтээр хэлж байна. Тийм юм огт болоогүй. Манайх ууланд хүнээ орхичихоод ирсэн байсан. Зөвшөөрлөө авах гээд Замын цагдаагийн газар өнжсөн. Энэ хооронд Зил-131 машин авч явчихаад өөрсдийн буруутай үйлдэлээ хаацайлах санаатай худал хэлж байна. Би машин алга гээд цагдаад хандахад З.Баасансүрэнгийн эхнэр нь гэрт нь очоод 2 цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь гадаа байсан машинийг нь хүнээр асаалгаад бариулаад ирсэн. Манай нөхөр алга байна. Адуундаа явчихсан гэж цагдаад хэлж байсан. Машин авч явахдаа хажуугаар нь байсан бензин хийдэг 200 л- н 2 поошиг, Зил 131 машиний 4 ш дугуйны гинж, том жижиг 2 домкрат, бүх түлхүүр багаж, бонго машин дээр байсан ямааны арьсан дах, гэрт байсан дөш гэх зүйлүүдийг ачаад З.Баасансүрэнгийн дүү гэх хүнээр бариулаад явсан байсан. Бид үүнийг эдгээр хүмүүс манайхаас бүлэглэн хулгай хийсэн гэж үзэж байна. Энэ хүмүүс манайхаас мөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Бидэнтэй З.Баасансүрэн ашиг орлого хуваах, банкны хүү төлөх, алданги алдагдал барагдуулах талаар ярьж тохирсон зүйл огт байхгүй тул үндэслэлгүй зүйл гэж бодож байна. Харин З.Баасансүрэн нь манай машинийг авч яваад 2-3 удаа самарт явж, мод хийгээд мөнгө олоод байгаа мөртлөө манайхаас мөнгө нэхээд байгааг нь гайхаж байна. Манайхыг самарт яваад сард багаар бодоход 10 сая төгрөг олсон тухай маш тодорхой тооцоог З.Баасансүрэн гаргажээ. Манайх энэ мөнгийг Зил-131 машинаараа ажил хийж олсон.З.Баасансүрэнгийн хууль бусаар манай машинийг авч явсанаас болж 2017 оны 2 дугаар сарын 10-наас 2017 оны 4 дүгээр сарын 10-ныг хүртэлх 2 сарын хугацаанд би 20 сая төгрөг олох боломжоо алдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд Д.Сугар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... З.Баасансүрэн нь машин авч явахдаа бидэнд хэлж ярьсан зүйл огт байхгүй. Самарт явъя, ашигаа хуваая гэж огт яриагүй. Бүгд худлаа. Банкнаас Зил-131 машин худалдаж авах зорилгоор зээл авахуулаагүй. Банк, банкны ажилтан миний хэлсэн ярьснаар зээл өгнө гэж байхгүй. Баасансүрэнд энэ машинаа аваад яв гэж хашгирах нь битгий хэл уулзаа ч үгүй. Хүний машиныг эзэнд нь мэдэгдэлгүй гэрийн гаднаас нь авч явчихаад, буцаад гүтгэж байгаад гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Мэндээ нь хариуцагч З.Баасансүрэнгийн хууль бус эзэмшлээс Зил-131 маркын 78-92 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай, З.Баасансүрэн нь сөрөг нэхэмжлэлээр Ч.Мэндээ, Д.Сугар нараас самар түүж борлуулсаны ашиг 7821177 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

Хариуцагч З.Баасансүрэн нь Ч.Мэндээ, Д.Сугар нарт 3500000 төгрөгийг бэлнээр, 5000000 төгрөгийг Төрийн банкны Зүүнхараа салбараас зээлж нийт 8500000 төгрөг өгсөн болох нь зохигч нарын тайлбараар тогтоогдож байх ба уг 8500000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард Ч.Мэндээ, Д.Сугар нар нь З.Баасансүрэнд төлж барагдуулсан байна. Энэ үйл баримт дээр зохигч хэн аль нь маргаагүй.

Мөн “78-92” СБА улсын дугаартай Зил-131 маркын тээврийн хэрэгсэл нь  Даваасүрэн овогтой Сугарын өмч мөн болох нь №01424751 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч У.Нямдаваа шүүх хуралдаан дээр гаргасан “... 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11000000 төгрөгөөр Д.Сугар гэдэг хүнд Зил-131 маркын машинаа худалдсан нь үнэн...” гэх мэдүүлэг. Л.Даваажаргал, Д.Сугар нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны 50/2-676 дугаартай албан бичигтэй 78-92 СБА улсын дугаартай Зил 131 маркын тээврийн хэрэгсэл нь Л.Даваажаргалын эзэмшилд байдаг гэх цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Харин “78-92” СБА улсын дугаартай Зил-131 маркын тээврийн хэрэгсэл нь хариуцагч Зүгээрбай овогтой Баасансүрэнгийн өмч мөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч З.Баасансүрэнгийн хууль бус эзэмшлээс Зил-131 маркийн “78-92” СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлж нэхэмжлэгч Ч.Мэндээд олгож шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

З.Баасансүрэн нь сөрөг нэхэмжлэл гарган Д.Сугартай самар түүж олсон ашигаа тэнцүү хуваахаар тохирч би 8500000 төгрөг Д.Сугарт өгч Зил-131 маркын ачааны авто машин худалдаж аваад самарт явсан, гэтэл Д.Сугар самар борлуулсан ашиг надад огт өгөөгүй тул самар түүж борлуулсанаас олсон ашигийн 50-н хувь буюу нийт 7821177 төгрөгийг Ч.Мэндээ, Д.Сугар нараас нэхэмжилж байна гэжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээний харилцааг зохицуулсан байна. Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” 476.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж тус тус заажээ.

З.Баасансүрэн, Д.Сугар нар нь анхнаасаа самар түүж борлуулан ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар амаар тохиролцож, хамтран хэрэгжүүлэх ажлыг  “...З.Баасансүрэн нь Д.Сугарт самарт явахад хэрэглэх Зил-131 маркын ачааны авто машин худалдан авахад нь хөрөнгө оруулалт хэлбэрээр 8500000 төгрөг өгч, Д.Сугар нь мөнгө нэмж нийт 11000000 төгрөгөөр Зил-131 машин худалдан авч, Д.Сугар нь уг машинаар уулнаас самар түүж бэлтгэн зарж борлуулах, ашигаа тэнцүү хуваах...” гэсэн хэлбэрээр тодорхойлж, талууд уг ажилд ямар байдлаар оролцох ёстойгоо тохиролцсон байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох: Г.Гантулгийн мэдүүлэгт: ... З.Баасансүрэн ахын эхнэр болох Уртнасан эгч надад нэг удаа Баасансүрэн ах чинь Д.Сугартай хамтран Зил-131 маркын авто машин худалдаж аваад самарт явах гэж байгаа юм. Тэгээд ашгаа тэнцүү хуваана гэж ярьж байсан гэх. Гэрч О.Дорждэрэмийн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр З.Баасансүрэн, Д.Сугар хоёр нийлж Зил-131 маркын машин худалдаж аваад самранд яваад олсон ашгаа тэнцүү хувааж авах гэж байгаа талаар З.Баасансүрэнгийн эхнэр Уртнасангаас сонсож мэдсэн гэх. Гэрч Г.Батбаярын  мэдүүлэгт: ... 2016 оны 10 дугаар сард З.Баасансүрэн, Д.Сугар хоёр нийлж Зил-131 маркын машин худалдаж аваад самранд яваад олсон ашгаа тэнцүү хувааж авах гэж байгаа талаар З.Баасансүрэнгийн эхнэр Уртнасангаас сонсож мэдсэн гэх, гэрч Н.Батхишигийн мэдүүлэгт: ... 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баасансүрэн, Сугар хоёр нийлж Зил-131 маркын машин худалдаж аваад самранд яваад олсон ашгаа тэнцүү хувааж авах гэж байгаа талаар Баасансүрэнгээс өөрөөс нь сонсож мэдсэн гэх, гэрч С.Оюунчимэгийн мэдүүлэгт: ... 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Унага тамгалах үеэр Баасансүрэнгийн гэрт нь очиход түүний эхнэр Уртнасан надад хандаж.. Сугартай хамтарч Зил-131 маркын авто машин авах гэж байгаа,  тэр машинаараа самарт явна, олсон ашгаа тэнцүү хуваана гэж хэлж байсан гэх, гэрч О.Дорждэрэмийн мэдүүлэгт: ... 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баасансүрэн, Сугар хоёр нийлж Зил-131 маркын машин худалдаж аваад самранд яваад олсон ашгаа тэнцүү хувааж авах гэж байгаа талаар Баасансүрэнгийн эхнэр Уртнасангаас сонсож мэдсэн гэх гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Д.Сугар, Ч.Мэндээ нарын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Ч.Ганболдын мэдүүлэгт: ... Би уг нь 2016 оны 10 дугаар сарын үеэр Д.Сугар, З.Баасансүрэн нартай хамт самарт явсан юм. Нийтдээ Д.Сугартай хамт 3 удаа, З.Баасансүрэнтэй 1 удаа тус тус самарт хамт явсан. Тухайн үед Д.Сугар, З.Баасансүрэн нар нь ашиг хуваах талаар ярьж байгаагүй гэх мэдүүлэг, гэрч Д.Баярмаагийн мэдүүлэгт: ... Д.Сугар, З.Баасансүрэн нар самарын ашиг хуваах талаар ярьж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна гэж мэдүүлж байгаа боловч эдгээр нь дээрхи бусад гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдаж байна гэж үзлээ.

 

З.Баасансүрэн нь самарт явах тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор Төрийн банкны Зүүнхараа салбараас 5000000 төгрөг зээлж авсан болох нь: 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №16/121 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байх тул З.Баасансүрэнгээс банкинд төлсөн хоёр сарын эргэн төлөлт бүгд 636302 төгрөгийг Ч.Мэндээ Д.Сугар нараас гаргуулж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, харин самрын ашиг 6184875 төгрөг, малын тэжээлийн үнийн зөрүү 1000000 төгрөг нийт 7184875 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч З.Баасансүрэнгийн хууль бус эзэмшлээс /арлын дугаар 69063580, хөдөлгүүрийн дугаар 103460/ Зил-131 маркийн “78-92” СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлж нэхэмжлэгч Ч.Мэндээд олгосугай.

2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн нийт шаардлагаас Ч.Мэндээ, Д.Сугар нараас 636302 төгрөгийг гаргуулж З.Баасансүрэнд олгож, үлдсэн 7184875 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 503 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Мэндээгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190950 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Баасансүрэнгээс 190950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мэндээд олгож, З.Баасансүрэнгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 141000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Ч.Мэндээ, Д.Сугар нараас 19739 төгрөгийг гаргуулж З.Баасансүрэнд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.