Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Төв аймгийн Угтаал цайдам суманд 1943 онд төрсөн, 74 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун-Өлөнтийн №45 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, /РД:МЗ:43012608/ Боржигин овогт Шархүүгийн Бадамсүрэнгийн гаргасан хүсэлттэй, 

 

Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт  гаргагч Ш.Бадамсүрэн

                                Нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ш.Бадамсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь 1943 онд Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн. 1959 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1967 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Аж үйлдвэрийн яамны харъяа, Савхин гутлын үйлдвэрийн ажлын гутлын 133-р цехэд нормчноор ажилласан. Тухайн үед надад хөдөлмөрийн дэвтэр байсан боловч 1966 оны үерт устаж үгүй болсон. Одоо энэ үеийн ажиллаж байсан жил тэтгэвэрт ороогүй байгаа бөгөөд ажилласан жилээ бүрэн гүйцэт тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд намайг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Аж үйлдвэрийн яамны харъяа, Савхин гутлын үйлдвэрийн ажлын гутлын 133-р цехэд 1959 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1967 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ш.Бадамсүрэнгийн  хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хүсэлт гаргагч Ш.Бадамсүрэн нь тухайн үеийн нэрээр Аж үйлдвэрийн яамны харъяа, Савхин гутлын үйлдвэрийн ажлын гутлын 133-р цехэд 1959 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1967 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Нормчноор ажиллаж байсан нь 1959 онд хамт олноороо авахуулж байсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4 дүгээр хуудас/, БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны харъяа Маршал Чойбалсангийн нэрэмжит Хөдөлмөрийн гавъяаны Одон тэмдэгт Аж үйлдвэрийн комбинатыг төгссөн Мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн 8 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Д.Самдан, З.Алтмаа, Д.Батчулуун нарын тодорхойлолт, гэрч З.Алтмаа, Д.Батчулуун нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Ш.Бадамсүрэнг Аж үйлдвэрийн яамны харъяа, Савхин гутлын үйлдвэрийн ажлын гутлын 133-р цехэд 1959 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1967 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага  болгон

                                               

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Шархүүгийн Бадамсүрэнг Аж үйлдвэрийн яамны харъяа, Савхин гутлын үйлдвэрийн ажлын гутлын 133-р цехэд 1959 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1967 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш.Бадамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.