Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00121

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг, Намаг 4 тоотод оршин суух, /МИ:81060803, утас:88366080, 99823987/ Модчин овогт Даяндоржийн Эрдэнэбулагт холбогдох 3,153,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн  авч иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “НИК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Д.Эрдэнэбулаг нь “НИК” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах шатахуун түгээх станцад амраагч түгээгчээр ажиллаж байхдаа нийт 4,203,000 төгрөгийн борлуулалтын орлого дутаасан бөгөөд үүнээсээ 500,000 төгрөг болон 550,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Д.Эрдэнэбулагийн энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн №06 тоот Тогтоолоор ЭХЕА-ийн 72 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Иймд Д.Эрдэнэбулагаас 3,153,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэбулаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлого дутаасан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 3,153,000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн 3,153,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Эрдэнэбулаг маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.            

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн 3,153,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Эрдэнэбулаг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65398 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбулагаас 32699 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 32699 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “НИК” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.