| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0137/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн
Хохирогч Э.А
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Бурмаа
Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Л.Бор
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Б, Д.Б, Л.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000092 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар ВИ94080512-тай.
2.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар *******-тай.
3.Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн , Регистрийн дугаар -тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн Д.Бгийн эзэмшлийн 3 тооны малыг / ямааг/ бэлчээр дээрээс нь хулгайлан 150000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байх иргэн Э.А ийн эзэмшлийн малаа тэжээх зориулалтаар барьж хашсан гэрээс 11 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлж 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Тухайн үед би өсгийн дээрээ бөөрөнхий хээтэй гутлыг өмссөн явсан. Одоо тэр гутал байхгүй. Хутга, алх зэргийг мэдэхгүй байна. Бор дээлтэй эрүүндээ сахалтай хүн Б байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 177-178/,
Шүүгдэгч Л.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, алх хаанаа байгааг мэдэхгүй байна. Бор дээлтэй, эрүүндээ сахалтай хүн Д.Б байгаа. Н.Бын машин хээр эвдэрсэн байна гэхээр нь Т.Дын машиныг унаж явсан. Машиныг хулгай хийх гэж унаж яваагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 184-185/
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 191-192/,
Хохирогч Э.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манайх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт мал малладаг. Энэ жил том бага нийлсэн мал 200 гаруй тооны малыг 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд авсан. Авснаасаа хойш байнга худалдааны өвс тэжээлээр тэжээсэн. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өглөө малдаа өвс тэжээлийг нь тавьж өгөх гээд очсон чинь мал хашсан байсан гэрийн гадуур гутлын мөр байхаар нь сэжиг төрөөд малаа тоолсон 10 гаран мал дутсан байсан. Хүн хардаад яахав гээд урагшаа хайсан боловч олдоогүй. Тэгээд 18 цагийн үед буцаж мал хашдаг гэрийн ойр дахин сайн эргэж тойрсон чинь нэг жижиг машины мөр өөр хээтэй гутлын мөр байсан. Тэгээд би хүн хулгай хийсэн юм гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан малаа авсан үнээрээ буюу 50.000 үнэлж байна, 10 дугаар сараас хойш өвс тэжээл авч тэжээж байсан түүний зардалд 1 ямааг 5 сар тэжээхэд 4 боодол өвс, 1 шуудай улаан хивэг орсон байна гэж дундаж үнэ гаргасан. Нийт тэжээлийн зардал, алдсан малын үнэ 1.452.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 35-36/,
Хохирогч Д.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өглөө Н.Б манайд ирсэн. Айл руу явж байна машин эвдэрчихлээ гэхээр нь машин чинь хаана байгаа юм гэхэд хээр үлдээсэн гэсэн. Тэгээд би өөрийнхөө машинаар Н.Б ын машиныг чирч ирээд манай гадаа үлдээгээд Бөмбөгөр сум руу бид хоёр явсан. Н.Быг хүргэж өгчихөөд гэртээ ирээд байж байтал саарал өнгийн машинтай Н.Б 2 хүнтэй ирсэн. Би зөрөөд Бөмбөгөр сум руу явсан. Орой ирэхэд нь машин нь байхгүй явсан байсан. Манайхаас 3 ямаа алга болсон байсан ба уг 3 ямаагаа 210,000 төгрөгөөр үнэлж байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 42-43/,
Иргэний нэхэмжлэгч Т.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдан авсан. Баянхонгор аймгаас Д.Бийн хамт Бөмбөгөр сум руу 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр очсон. Тэнд манай хадмынх байдаг мөн надад улсын дугаартай тээврийн хэрэгслээс дахин өөр Сhaser” маркийн хэрэгсэл байдаг ба түүнийг Д.Б янзлуулах гэж дагуулж явсан. Бөмбөгөр суманд очсоны дараа архи
уусан болохоор би айлд унтаад өгсөн. Миний машиныг надтай цуг явж байсан Д.Б унаад явсан байсан. Яг хэдэн цагийн үед явсан эсэхийн мэдэхгүй байна. Тэгж яваад шөнийн 03 цагийн үед буцаж ирэхдээ машиныг Л.Н унасан Н.Б, Д.Б нар цуг ирсэн. Тэр гурав архи уусан ирсэн ба өөрсдийгөө Н.Бын машин эвдэрсэн байхаар чирээд гэр лүү нь хүргэж өгчихөөд ирлээ гэсэн. Мөн машинд сэлбэг авах хэрэгтэй байна дээрээс нь бандиаг гэрт нь хүргэж өгөхгүй бол гэрийнхэн загнах байх гэхээр нь би тэгье гэж хэлээд машинаа өөрөө унаад аймаг руу гараад шөнийн 04 цагийн орчимд Баянхонгор аймаг руу дөнгөж орж ирэхэд постон дээр үлээлгээд архи уусан байна гээд машиныг журамласан. Тээврийн хэрэгслээ 1,000,000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 46-47/,
Гэрч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2021 оны 02 дугаар сарын 28-ны орой 19 цаг 30 минутын орчимд Н.Б гэх залуу нь сараал өнгийн суудлын машинтай ирээд 2 литр масло, аваад 8000 төгрөгийн шатахуун аваад явсан. Тэр үед хэдүүлээ явж байсныг мэдэхгүй Н.Б арын хаалгаар бууж масло, шатахууны мөнгөө өгөөд буцаад арын хаалгаараа орж суугаад явсан машинд 2-3 хүн байсан байх, шөнө 23 цагийн үед дахиж Н.Б нөгөө машинтайгаа ирээд 20.000 төгрөгийн шатахуун авсан тэгж ирэхдээ машинаасаа буугаагүй салхины шилээ бага зэрэг онгойлгож байгаад тооцоогоо хийгээд явсан. Н.Б масло авахдаа машинаасаа буусан тэр үед бага зэрэг архи үнэртэж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 50-51/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн... 11 тооны ямааны нийт үнэ 550,000 төгрөг, 3 тооны ямаа 150,000 төгрөгийн ....гэх дүгнэлт / хх-ийн 87/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 170-171, 178-179, 185-186/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-20/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 28-31/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 114, 120, 125/, депозит дансны хуулгууд /хх-ийн 128-131/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 133/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 134-138/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нар нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн Д.Бн эзэмшлийн 3 тооны малыг / ямааг/ бэлчээр дээрээс нь хулгайлан 150000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Д.Б, Л.Н, Н.Б нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байх иргэн Э.Аийн эзэмшлийн малаа тэжээх зориулалтаар барьж хашсан гэрээс 11 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлж 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Бын /хх-ийн 177 /,шүүгдэгч Л.Ны /хх-ийн 184/, шүүгдэгч Д.Бийн / хх-ийн 191/, хохирогч Э.Аийн /хх-ийн 35-36/, хохирогч Д.Бгийн / хх-ийн 42-43/, Иргэний нэхэмжлэгч Т.Дын /хх-ийн 46-47/, гэрч Б.Сийн /хх-ийн 50-51/, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 64 дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Шүүгдэгч нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж иргэн Д.Бн эзэмшлийн 3 тооны ямааг, иргэн Э.Аийн эзэмшлийн 11 тооны ямааг хулгайлсан буюу нийт 700000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нар нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нар нь мал хулгайлах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 02 дугаар сарын 28-наас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хохирогч Д.Б, Э.Аийн нарын нийт 14 тооны бог малыг хотноос болон бэлчээрээс нь хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор / хулгайлсан малаа хээр нядалж зөвхөн арьсыг нь өвчин авч, бусад хэсгийг нь ил задгай орхиж явсан/ бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Иймд Шүүгдэгч Н.Б, Д.Б, Л.Н нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б, Д.Б, Л.Н нарт холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Уг гэмт хэргийн хохирогч Д.Б, Э.Аийн нарын бог малыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Н.Б, Д.Б, Л.Н нар бусдын бог малыг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримтад маргаагүй, түүнчлэн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Б, Д.Б, Л.Н нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, шүүгдэгч Н.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгч Н.Б, Д.Б, Л.Н нар нь хохирогч Д.Б, Э.Аийн нарын хохирлыг барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б, Д.Б, Л.Н нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Харин хохирогч Э.А нь нотлох баримтгүйгээр 1 ямааг 5 сар тэжээхэд 4 боодол өвс, 1 шуудай улаан хивэг орсон байна гэж дундаж үнэ буюу тэжээлийн зардалд нийт 902000 төгрөгийн нэхэмжилж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Н нь 366000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Э.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас 536000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор, Л.Золжаргалын нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.... шүүгдэгч Л.Нд 2016 онд хүнд зодуулж тархины хүнд гэмтэл авч байсан, унаж татдаг болсон тул сэтгэцийн байдалд эргэлзээ төрж байгаа тул сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү,....
...яллах дүгнэлтэнд бичигдсэн хохирлын үнийн дүнг, яллах дүгнэлтийн хавсралтад зөрүүтэй бичигдсэн, хэд хичээн төгрөгийн хохирол учирсан талаар эргэлзээтэй байх тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү ... хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна.
18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь: хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилж өгсөн.
Учир нь шүүгдэгч Л.Н нь тархины хүнд гэмтэл авч байсан, унаж татдаг болсон талаар холбогдох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн боловч тухайн өвчнөөр 2016 оноос хойш эмчилгээ хийлгэж байгаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч өөрийгөө илэрхийлэх чадвартай байгаа тул сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулах шаардлагагүй ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар ял шийтгэл оногдуулах , ....түүнчлэн хохирогч Д.Б, Э.Аийн нарын бог малыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн тогтоосон ба шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн баримтыг үндэслэн хохирогч нарт учирсан хохирлыг шүүхийн хэлэлцүүлгийг явцад шийдвэрлэх боломжтой ба яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн дүнг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүнгээс зөрүүтэй бичигдсэн гэж үзэхгүй боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Н.Б, Д.Б, Л.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нарт тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан 7 ширхэг ямааны арьсыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх байх тул шинжээчийн тогтоосон үнэлгээний дагуу тээврийн хэрэгслийн үнэ болох 1300000 төгрөгийг шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нараас тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, иргэний нэхэмжлэгч Т.Дийн эзэмшлийн ...66-14 БНА улсын дугаартай Тоёата Чейзер маркийн тээврийн хэрэгсэл...,ийг, шүүгдэгч Н.Бын эзэмшлийн ... 5 ханатай монгол гэр...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Д, Н.Б нарт буцаан олгож, шүүгдэгч Л.Н, Д.Б нарын эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Б,, Д.Б, Л.Н нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Б, Л.Н, Д.Б нарт тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Н.Б, Л.Н, Д.Б нарт тус бүр оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1,300,000 төгрөгийг шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нараас тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас 536000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан 7 ширхэг ямааны арьсыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Т.Дийн эзэмшлийн ...66-14 БНА улсын дугаартай Тоёата Чейзер маркийн тээврийн хэрэгсэл...,ийг, шүүгдэгч Н.Бын эзэмшлийн ...5 ханатай монгол гэр...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Д, Н.Б нарт буцаан олгосугай.
9. Шүүгдэгч Г Д.Б, Л.Н, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б, Л.Н, Н.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА