Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Иргэдийн төлөөлөгч Р.Цогтбаатар

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Цид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000005 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар *******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар       

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-7-757 тоотод хашаанд Б.Ютай маргалдаж улмаар түүний цээжний зүүн хажуу талын далны доод хэсэгт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор сумын 6 -7-757 тоотод С.Ор, *******, Б.Ю, эхнэр Р.М нартай архи уусан. Б.Ю, С.Ор нар гэрт ноцолдож барилцаж аваад байхаар боль зайл гэж хэлсэн. Тэгтэл Б.Ю хаана хэний нутагт ирж хүн хөөгөөд байгаа юм гэж хэлээд гэрээс гарахдаа манай гэрийн хаалга өшиглөж хаалга эвдсэн. Тэр үед би уурлаж хаалга үүд эвдсэн гэж хэлж маргалдаж бид хоёр зодоон хийсэн. Б.Ютай зодоон хийж байхад С.Ор надтай маргалдаж тэр хоёр нийлж миний өмсөж явсан пудволк урж хаясан. Би зайл гэж хэлээд гэртээ орох гэж явж байхад миний араас Б.Ю барилгын пасадны төмөр авч цохьсон. Би Б.Юыг хутгална шүү гэж хэлээд гэртээ орж хутга авч гарч ирэхэд миний өөдөөс нөгөө төмрөөр цохих гэсэн би тэр үед Б.Юыг хутгалчихсан..." гэх мэдүүлэг / хх-ийн 135-136/,         

Хохирогч Б.Юын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр найз С.Ор утсаар залгаж намайг хүрээд ир гэсэн. Би хаана байгааг асууж, засмалтай гудамжны урд Арван мянгатад байх Хэнтий аймгийн гаралтай Б.Ц гэх хүний гэрт очсон. Б.Цийн гэрт түүний эхнэр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй, найз С.Ор, түүний эхнэр , мөн нэг танихгүй залуу бид 6 байсан. Б.Цийн гэрт бид нар архи ууж байхад С.Ор тэр танихгүй залуутай маргалдсан тэгж байхад тэр танихгүй залуу явахаар болж машинтайгаа явахад араас нь Б.Ц юм шидсэн. Би тухайн үед тэнд байсан хүмүүсийг бодвол арай бага согтолттой байсан бөгөөд Б.Цид хандаж боль гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлж орилж хашгираад бид хоёрын дунд маргаан болсон. Тэгтэл Б.Ц чамайг би алж чадна шүү, хутгалчих юм уу гэхээр нь би харъя гэж хэлтэл гэрт ороод хутга барьж гарч ирээд миний зүүн талын дал доод хэсэгт хутгалсан. Тухайн үед намайг энэ Б.Ц шууд хутгалж байгаа юм чинь алж мэдэх юм байна гэж бодоод С.Орын эхнэр ******* нь Б.Цийг барьж авч би тэндээс шууд зугтаасан. Тэгж явж байгаад Г.Бтай таарч эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/,    

Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тамхи авахаар дэлгүүр дээр машинтайгаа зогсож байхад Б.Ю гэх хүн би хутгалуулчихлаа одоо үхэх нь гэж цус болчихсон байдалтай ирсэн. Би Б.Юыг суулгаж нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очсон. Тэгээд юу болсон талаар асуухад надад дэлгүүрийн харалдаа гарч ирсэн гудамжинд намайг хутгалсан, мөн миний машин тэр айлын хашаанд байгаа талаар хэлсэн өөр зүйл хэлээгүй. Би тухайн өдрийн жижүүрийн мөрдөгчөөр гарч байсан цагдаагийн дэслэгч Д.Бат-Оргилд ******* улсын дугаартай автомашин зогсож байгаа болно айлын хашаанд хүн хутгалуулсан байна хайж олоод хэргийн газарт хамгаалалт ав гэж хэлсэн. Б.Юын цээжний зүүн хэсгээр цус болчихсон биеийн байдал хүнд байх шиг байсан...” гэх мэдүүлэг/ 1 хх-ийн 36-37

Гэрч С.Орын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Б.Цийн гэрт би, манай эхнэр *******, Б.Ц, эхнэр Р.М, найз Б.Ю бид тав архи уусан. Би архи тойруулж байхад Б.Ю намайг архи жоохон ихээр хийж явуулж байна гэж хэлсэн. Тэр үед Б.Ц уурлаж манайхаас зайл гэхэд Б.Ю чи намайг манай нутгаас хөөдөг хэн юм гэж хэлж тэр хоёр маргалдсан. Би Б.Юыг авч гэрээс гарахад бид хоёрын араас Б.Ц нүүрс авч шидсэн. Тэгээд Б.Ц, Б.Ю хоёр барилцаж авсан эхнэр би боль гэж хэлээд Б.Цийн шар өнгийн пудволкоос зулгаахад зайл пизда минь гэж хэлээд намайг түлхэж би тэр хоёрыг үлдээгээд гэрийн урд хэсэгт очсон. Тэр хоёр хашааны үүд хэсэгт маргалдаад барилцаж авчихсан байгаа харагдсан. Манай эхнэр ******* гэрээс гарч ирээд тэр хоёр дээр очсон би хөл гар муутай байж гэрт ор гэж хэлээд дагуулж гэрт орсон. Б.Ю намайг хутгалчихлаа гэж хэлээд орилсон. Би гэрийн зүүн талаар тойрч гарч ирээд хашааны хойд талын хаалгаар гарч зугтаасан тухайн үед Б.Юыг хутгалж байгаа юм чинь намайг ч алж мэдэх юм байна гэж бодсон. Би хутгалсан хутгыг хараагүй, хэзээ хутга авч гарсныг мэдээгүй нүүрс авч шидээд Б.Ю бид хоёрын араас гарч ирэхдээ хутга барьж гарсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41-42/,        

Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчим манай эгч орж ирээд манай ах Б.Юыг хутгалуулсан байдалтай эмнэлэг дээр ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид нар эмнэлэг дээр ирэхэд манай ах зүүн талын далны доод хэсэгт хутгалуулсан байдалтай өөрөө юм ярих чадваргүй, ёолсон байдалтай байсан. Эмч биеийн байдал хүнд дотуур цус алдалттай байгаа талаар хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 63-64/,  

Гэрч Р.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай гэрт Б.Ю, С.Ор гэх залуу хоёр маргалдаад орон дээр нэгийгээ дарж аваад байхаар нь нөхөр Б.Ц пизда нар минь болиоч хэнийг доромжлоод байгаа юм гар гэж хэлсэн. Тухайн үед гэрийн хаалга түгжээтэй байхад Б.Ю, С.Ор нар түгжээг мулталж гэрээс гарч явсан. Манай хүн зуухны хажууд байсан жижиг нүүрс авч шидсэн боловч тэр оноогүй. Тэгээд араас нь Б.Ц гарсан гадаа ноцолдоод байгаа чимээ гараад байсан. Тэгтэл нөхөр Б.Ц гаднаас шар пудволкны урд хэсэг урагдсан, арын хэсэгтэйгээ орж ирэхээр нь би яасан юм гэхэд Б.Ю, С.Ор нар миний хувцсыг урчихлаа гэж хэлсэн. Тэгээд махан дээр байсан бор өнгийн модон иштэй хутга авч гарсан. Би яах гэхэд юм хэлээгүй шууд гараад явсан удалгүй орж ирээд би хүн хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 48-49/

Шинжээч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Б.Юын биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг удаагийн хатгалтаар, мэс заслын тэмдэглэлээр харахад цээжний зүүн хажуу суганы арын шугамаар 8, 9 дүгээр хавирга завсраар орж зүүн уушигны доод дэлбэн, өрц, дэлүү, ходоодны тараагуур болон хураагуур судсыг гэмтээсэн баруун доош чиглэлтэй явсан ир үзүүртэй зүйлийн мөр тэмдэглэгдсэн байна..." гэх мэдүүлэг /1 хх-ийн122-123/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай

1.Б.Юын биед цээжний зүүн хажуу хэсгээр нэвтэрч зүүн уушигны доод дэлбэн өрц, дэлүү, ходоодны тараагуур болон хураагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, гэмтэл тогтоогдлоо. Уг шархны улмаас дэлүүг авах мэс засал хийгджээ.

2.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.Эдгээр гэмтлүүд нь тухайн учирсан үедээ амь насанд аюултай гэмтэл болно.

4.Дэлүүг тайрч авсан нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад тогтонги 30 хувь нөлөөлнө.

5.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно... гэх дүгнэлт / хх-ийн 116/,         

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 39-40 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 03-10/, эд хөрөнгө битүүмжилсэн, прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-24/, эмчлүүлэгчийн карт / хх-ийн 67-113/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 140-143/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 145/, иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 146/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 151/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-7-757 тоотод хашаанд Б.Ютай маргалдаж улмаар түүний цээжний зүүн хажуу талын далны доод хэсэгт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Цийн / хх-ийн 135-136/, хохирогч Б.Юын /хх-ийн 28-31/, гэрч Г.Бгийн / 1 хх-ийн 36-37/,гэрч С.Орын /1 хх-ийн 41-42/, гэрч Б.Угийн / 1 хх-ийн 63-64/, гэрч Р.Мын / 1 хх-ийн 48-49/ нарын мэдүүлгүүд

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар....Б.Юын биед цээжний зүүн хажуу хэсгээр нэвтэрч зүүн уушигны доод дэлбэн өрц, дэлүү, ходоодны тараагуур болон хураагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, гэмтэл тогтоогдлоо,...амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 116-117/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бчигийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар газраас шүүгдэгч Б.Цид холбогдуулан яллах дүгнэлт, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-7-757 тоотод хашаанд Б.Ютай маргалдаж улмаар түүний цээжний зүүн хажуу талын далны доод хэсэгт зэвсэг буюу хутгаар хутгалж , эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Ц нь зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн Б.Юын цээжний зүүн хажуу талын далны доод хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг авсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан үйлдэл нь чиглэсэн идэвхтэй, санаатай үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Ю нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.360.000 төгрөг бэлнээр авсан, шүүгдэгч Б.Цоос нэхэмжлэх зүйлгүй, нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.Цид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Б.Юын цээжний зүүн хажуу талын далны доод хэсэгт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Цийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Бор нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Цид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хохирогч гомдолтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн зарчмыг баримтлан шүүхээс шүүгдэгч Б.Цийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хангагдсан гэж үзэн шүүгдэгчид 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 5 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Цийн эзэмшлийн “...5 ханатай монгол гэр...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Цид буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, дээд хэсгээрээ хар өнгийн, доод хэсгээрээ хөх өнгийн, ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, шар өнгийн даавуун тасархай 2 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга, хүрэн иштэй тонгорог хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт Б.Цийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт Б.Цийг гурван / 3 / жил / 4 / дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Цид оногдуулсан гурван / 3 / жил дөрвөн / 4 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Цийн эзэмшлийн “...5 ханатай монгол гэр...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Цид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, дээд хэсгээрээ хар өнгийн, доод хэсгээрээ хөх өнгийн, ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, шар өнгийн даавуун тасархай 2 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга, хүрэн иштэй тонгорог хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ