Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/000

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

 Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000710068 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, урьд Баянзүрх дүүргийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар биечлэн эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 01 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан, Л.Ц,

 

Үйлдсэн хэргийн талаар

 

            Шүүгдэгч Л.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Энх-Номун” зочид буудалд О.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Цын мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн үед дүүтэйгээ уулзах гээд Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Энх- Номун” зочид буудал дээр ирэхэд манай дүү байхгүй хүүхэд болох Дорждагва байсан. Тэгээд би тухайн үед архи уусан байсан болохоор өрөөнд ороод хүлээж байя нуруу өвдөөд бие засмаар байна гэж хэлтэл хүүхэд 2 давхарт өрөө онгойлгож өгсөн. Тэр өрөөнд нь ороод хэвтэж байтал унтчихсан байсан нэг мэдэхэд хүмүүс дуугараад эхлэхээр нь сэрээд гар утсаараа ярих гэтэл миний утас байхгүй байсан өрөөнөөс гарахад хажуу талын өрөөний хаалганы гадна нэг дээлтэй хүн байсан очтол өрөөнд бас нэг хүн сууж байхаар нь тэр дээлтэй залууд миний утас алга болчихлоо гэж хэлчихээд доош нэг давхар руу буугаад жижүүр хүүг байна уу гээд үзтэл байхгүй байсан гадагшаа гарах гэтэл буудлын хаалга цоожтой байхаар нь би хажуу талд байх сандал дээр суугаад байж байтал өндөр дүү залуу гарч ирээд намайг юу гээд байгаа юм гээд миний хувцастай намайг боогоод эхэлсэн. Тэгтэл хаалга онгойгоод хүүхэд ирээд намайг тавиулсан. Тэгээд би сууж байгаад баруун гараараа нөгөө өндөр нөхрийг хойш нь нэг удаа савсан тэгэхэд хөнгөн шүргэх төдий юм болсон. Тэгээд дүү дээш миний өрөө руу гарснаа таны утас өрөөнд байна гэж хэлсэн тэгээд утсаа авсан. Би тухайн үед бол архи бага зэрэг л хэрэглэсэн байсан… гэх мэдүүлэг / хх-ийн 84 /

 

 Хохирогч О.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...16 цаг өнгөрч байхад гадуур архи ууж байгаад 1 дүгээр багт байрлах “ Энх-Номун” зочид буудалд хонох зорилготой орсон. Тэгтэл хүн байхгүй байхаар нь дээшээ шатаар гараад 2 давхарт гарахад 208 тоотод согтуу хүн байхаар нь цааш алхаад 207 тоот өрөөнд орсон. Тэнд архи уугаад байж байхад одоо миний шүдийг цохьсон ах 2 удаа орж ирээд би буудлын эзэн нь байна чи зайл гэхээр нь буудлын ресейпшн нь байхгүй байна мөнгөө төлнө гэж хэлсэн. 3 дахь удаагаа манай өрөөнд орж ирээд хэрүүл нэхээд миний шүд руу цохьсон тэгтэл нэг доод шүд унасан тэгээд өрөөнөөс гараад доошоо үүдний хэсэг руу орохоор нь би гадагшаа гарч тамхи авах гэтэл тэр ах чи буудлын мөнгөө өгөөгүй байж юу яриад байгаа юм гэхээр нь би тэр ахыг үүдний сандал хэсэгт суулгаад боосон тэгээд байж байтал хаалга дуугараад хүн орж ирсэн тэгтэл тэр ах дахин миний шүд руу гараараа саваад цохьсон тэгтэл 2 дахь шүд унасан... гэх мэдүүлэг / хх-ийн25-30/,    

 

 Гэрч Д.Цы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 .. найз Сын хамт 12 цагийн үед зах дээр таараад гуанзанд орж хоол идчихээд захаар явж байгаад “Энх-номун” буудалд 0.5 литрийн шилтэй архи, 1 ширхэг кола ундаатай аваад нэг өрөөнд ороод ууж байтал нэг хөгшин ах орж ирээд утас алга болчихлоо гээд өмнөөс нь хэрэлдэхэд О.Сүх-Очрыг гараараа нэг удаа цохиж авснаа эргэж гарч яваад буцаж орж ирээд О.Сын тайлаад тавьсан байсан гутлыг аваад шүд, ам руу нь цохиход О.С шүд уначихлаа гээд амнаас нь цус гараад амаа дараад тонгойход тэр ах өрөөнөөс гараад доошоо буугаад зугтаахад О.С араас нь дагаж буугаад доод давхарт барьж аваад цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 Гэрч Н.Дорждагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

             ...би буудлын өрөөнүүдээ цэвэрлүүлэхээр ирсэн. Манай хамаатны Л.Ц ах 208 тоот өрөөнд согтуу унтаж байсан. Тэгээд Л.Ц ахыг согтуу байсан болохоор унтаж байг гэж бодоод буудлаас гараад буудлыг өөр хүнгүй гэж бодоод цоожлоод явчихаад 19 цагийн үед буудал руу ортол Л.Ц ахыг нэг өндөр залуу хоолойг нь боомилсон байдалтай байсан. Би үүдний гэрлийг асаагаад хартал манай ах сандал дээр сууж байгаад намайг хараад тухайн хүний нүүр хэсэгт гарынхаа ар хэсгээр шүргэх шиг болсон...” гэх мэдүүлэг / хх –ийн 41-44/,

 

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №84 дугаар шинжээчийн

            1.О.Сүх- Очирын биед баруун, зүүн 1 дүгээр шүдний булгаралт, баруун доод 2 дугаар шүдний сулрал, доод уруулд язрал, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

            3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 10 хувиар алдагдуулна.

            5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хх-ийн 55-56/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 06-08/, депозит дансны хуулгууд /хх-ийн 75-78/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 80/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 83/, шүүгдэгч Л.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/,тзэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Энх-Номун” зочид буудалд О.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Цын мөрдөн байцаалт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн / хх-ийн 84-85 / хохирогч О.Сын /хх-ийн 25-30/ ,гэрч Д.Цы /хх-ийн 37-38/,гэрч Н.Дорждагвын / хх –ийн 41-44/, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №84 дугаар шинжээчийн дүгнэлт / хх-ийн 55-56/ , шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бусад бчигийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Л.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Л.Ц нь хохирогч О.Сыг цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед баруун, зүүн 1 дүгээр шүдний булгаралт, баруун доод 2 дугаар шүдний сулрал, доод уруулд язрал, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 55-56/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

 

            Хэрэг учрал болсон хохирогч О.С, шүүгдэгч Л.Ц нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохин зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Ц нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

            Шүүгдэгч Л.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч О.С нь Л.Цын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр 400000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Ц нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал болон болон шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой буюу Баянхонгор сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажилтай, сард 1100000 төгрөгийн цалин авдаг буюу тогтмол орлоготой, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Л.Цт торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ

 

Шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалах, хохирогч О.Сын шүд 1 ширхэгийг устгуулахаар шүүхийн тамгын газар даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Цыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Цт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4.Шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалах, хохирогч О.Сын шүд 1 ширхэгийг устгуулахаар шүүхийн тамгын газар даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Цт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА