Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0579/З |
Дугаар | 221/МА2023/0213 |
Огноо | 2023-03-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2023/0213
Б.Б, Ч.Б, Г.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ш.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ө” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон ашигт малтмалын MV-022103 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Б, Г.Б, нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, С.Д
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Б.Б, өмгөөлөгч Ч.Д, Э.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0579/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б, Ч.Б, Г.Б нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ө” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон ашигт малтмалын MV-022103 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 26.3.2 дахь заалт, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт, 4.2.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг, мөн “Ө” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022103 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б, Г.Б нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан мөн хуулийн 26.3.1-26.3.4 дэх заалтад заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргах учиртай байтал хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэн маргаж буй 129 дүгээр шийдвэрийг гаргасан нь хуульд нийцээгүй байна. /2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан өргөдлийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн/, Мөн хариуцагч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахдаа Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх байтал Онги-таац голын сав газрын захиргаанаас санал аваагүй байх тул 129 дүгээр шийдвэр хууль зөрчиж гарсан байна” гэжээ. Дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу “Ө” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах” гэж зааснаар “Ө” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэсэн байна. Анхан шатны шүүхээс төрийн захиргааны байгууллагыг бүрдэл дутуу /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт/ өргөдлийг бүртгэж авсан нь хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Бодит нөхцөл байдал дээр 2020 оны эхээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаан хойшилж байсан бөгөөд бүрдэл дутуу гэх баримтуудыг гаргаж өгөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт зоригоос хамаарахгүй гаднын хүчин зүйлээс шалтгаалж байсан болно. Тиймээс ч “Ө” ХХК-ийн 2019 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ХХ-04-08 дугаар дүгнэлт 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, Үндэсний геологийн албаны даргын Н/29 дугаар нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай тушаал 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гарсан байна.
3.2. “Ө” ХХК-ийг хайгуулын ажлын явцад Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/59 дүгээр албан бичиг, сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, ЭБМЗ-ийн дүгнэлт, Үндэсний геологийн албаны даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай” Н/29 дүгээр тушаал зэргийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-иргэдийн Төлөөлөгчдийн Хурал заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Тодруулбал, 129 дүгээр шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт болно.
3.3. Мөн түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг зөвхөн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамааруулан дүгнэж байгаа нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.4. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэсэн дээр дурдсан зарчим, зохицуулалтуудын агуулгаас дүгнэхэд Усны тухай хууль нь Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн салшгүй нэг хэсэг байна гэж үзсэн. Гэтэл 2012 онд батлагдсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэсэн зохицуулалт орсон байх бөгөөд дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг 2005 онд хууль хэрэгжихээс өмнө олгосон байна. Мөн түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан болно. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ч хамааруулж ойлгоно.
3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэхэмжлэгч нарын субьектив эрх хөндөгдсөн буюу нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлийн тухайд шийдвэрийн 1.1-д “нэхэмжлэгч Б.Б-ны 700 м.кв газар “Ө” ХХК-ийн MV-022103 дугаар зөвшөөрлийн талбайд хамаарч буй нь тогтоогдож байна” гэжээ.
3.6. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заасан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж заасан болно.
3.7. Шийдвэрийн 2.2, 2.3, 2.5-д “Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэсэн хэм хэмжээнээс үзвэл өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан 26.3 дахь хэсэгт заасан аль нэг шийдвэрийг гаргахаар хуульчилжээ. Хуулиар тогтоосон ажлын 20 өдрийн хугацааг хэтрүүлэн 2022 онд маргаж буй 129 дугаартай шийдвэрийг гаргасан нь хуульд нийцээгүй байна” гэжээ.
3.8. Гэтэл Төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа 26.2-т заасан тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан.
3.9. Шийдвэрийн 2.7, 2.8, 2.9, 2.10-д “Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан байтал ЭБМЗ-ийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хавсаргаагүй байхад өргөдлийг бүртгэж авсан нь хууль зөрчжээ” гэжээ.
3.10. Тухайн үед буюу 2020 оны 02 дугаар сард Ковид-19 цар тахлын үе үргэлжилж байснаас үүдэн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хамаарахгүй давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан. Энэ цар тахалтай цаг үед төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас ирүүлсэн өргөдлийг буцаахгүйгээр хүлээн авч тэдэнд боломж олгон ажилласан.
Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Б-ны нэр дээр бүртгэлтэй 6222002677 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар нь гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн MV-022103 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай тул эрх нь хөндөгдсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй.
4.2. Анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1118 дугаартай шийдвэрээр Өвөрхангай аймгийн Уянга сумын “Асгатын дархад” гэх газарт ашигт малтмалын хайгуулын XҮ-010335 дугаартай хайгуулын зөвшөөрөл олгогдсон.
4.3. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэгч Б.Б-д Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2014 оны А/161 дүгээр захирамжаар “Бага өлт замын өтөг” гэх газар өвөлжөөний зориулалтаар 700 м.кв газрыг цаг хугацааны хувьд сүүлд олгосон болох нь нотлогдож байхад шүүх үүнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй.
4.4. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдсон, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан талбайд сумын Засаг дарга мэдсээр байж газар олгосон байхад шүүх дан ганц нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
4.5. Шүүхийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл Захиргааны үйл ажиллагааны зарчим, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг тус тус хангаагүй.
4.6. Б.Б нь анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн багийн нийтийн хурал дээр мэдсэн, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга Д.Б-д 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийг цуцлуулах гомдлыг гаргасан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 8/2768 дугаар хариуг ирүүлсэн, уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гээд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг.
4.7. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр “Ө” ХХК-д ашиглалтын MV-022103 дугаартай тусгай зөвшөөрлийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон.
4.8. Нэхэмжлэгч Б.Б нь “Ө” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талаар 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болсон багийн хурал дээр анх мэдсэнээс хойш 38 хоногийн дараа гомдол гаргасан нь тогтоогдож байна.
4.9. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 94 дүгээр зүйлийн 94.2-т “энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргасан” гэж заасан.
4.10. Б.Б нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацааг нөхөн сэргээхтэй холбогдсон хүсэлтийг дээд шатны буюу гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг /Ашигт малтмал, газрын тосны газар/-т гаргаж шийдвэрлүүлээгүй байна.
4.11. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэсэн заалтыг зөрчиж, шийдвэр гаргасан албан тушаалтанд өөрт нь гомдол гаргасан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
5.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Б-ны нэр дээр бүртгэлтэй 6222002677 дугаар нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар нь гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн MV-022103 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй тул эрх нь хөндөгдсөн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06/5055 дугаартай мэдээлэл хүргүүлэх албан бичигт “Өвөрхангай аймгийн Уянга сумын “Асгатын дархад” нэртэй ашигт малтмалын МV-022103 дугаартай талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хуулийн 2.1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац, бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, мөн 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хийлийн зааг, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна гээд Онги, Таац голын сав газрын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байдаг.
Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтын шаардлагыг хангасан хууль зөрчөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хэсэг болох төдийгүй захиргааны акт, гэрээг хүчингүй болгох үндэслэл болдог. Гэтэл нэхэмжлэгч Б.Б-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн, яаж зөрчигдөөд, хохироод байгаа талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй.ы
Шүүх нэхэмжлэгч Б.Б-ны газар “Ө” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай, эрх нь хөндөгдөж байна гэж хэт ерөнхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1118 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XY-010335 дугаартай хайгуулын зөвшөөрөл олгогдсон. Дээрх зөвшөөрлийг “Ч” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэх хүсэлт гаргасныг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг үндэслэн кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр “Ө” ХХК-д бүхэлд нь шилжүүлснийг бүртгэсэн.
Гэтэл нэхэмжлэгч Б.Б-д Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2014 оны А/161 дүгээр захирамжаар Бага элт замын өтөг гэх газар өвөлжөөний зориулалтаар 700 м.кв газрыг цаг хугацааны хувьд тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа олгогдсон болох нь нотлогдож байхад шүүх үүнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл Захиргааны үйл ажиллагааны зарчим, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг тус тус хангаагүй шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна
5.2 Шүүхээс үндэслэх хэсгийн 2.2 дахь хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 26.3.2 дахь заалтыг тус тус зөрчсөнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг эс зөвшөөрч байна.
“Ө” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “энэ хуулийн 24.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана” гэсний дагуу өргөдлийг гаргасан бөгөөд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон гэж үзэж байгаа.
Хэдийгээр өргөдөлд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хүлээн авсан тэмдэглэлд дурдагдаагүй ч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 02/37 тоот байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний дүгнэлтийг гаргасан байдаг.
Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 19- ний өдрийн 6/2768 дугаартай Өвөрхангай аймгийн Уянга сумын 3, 7 дугаар багийн иргэдэд хүргүүлсэн албан бичигт “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу “Ө” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан бөгөөд хавсарган ирүүлсэн материалд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгдсэн материал хавсаргагдсан талаар дурдсан байдаг.
Түүнчлэн захиргааны хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт төлөөлөгч Ч.А-гийн өгсөн тайлбарт “Маргаан бүхий акт буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ашигт ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 129 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2 дахь заалтыг үндэслэж “Ө” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Хэлтсийн дарга Д.Б ганцаараа мэдээд шийдвэрлэдэг зүйл байхгүй, бүх хэлтсээр дамжиж, хянагдаж шийдвэрлэгддэг асуудал. Өргөдөл шийдвэрлэх хугацааны хувьд ковидын улмаас бүх орон даяар онц байдлын хэмжээнд хөл хорио тавьсантай холбоотой гэсэн тайлбар хэлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалж байгаа гэж үзэх үндэслэлтэй тул шүүхээс өргөдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй” гэдгээр захиргааны актыг хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
5.3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан сав газраас санал аваагүй гэсэн нэхэмжлэгчээс гаргасан саналыг үндэслэлтэй” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06/5055 дугаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичигт “Ашигт малтмалын MV-022103 дугаартай талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй талаар дурдаж, Онги, Таац голын сав газрын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байдаг. Энэ нь Онги Таац голын сав газрын захиргаанаас огт санал аваагүй бус холбогдох материалыг авсны үндсэн дээр уг талбай давхцалгүй болох нь нотлогдсон тул тусгай зөвшөөрлийг олгосон. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаар ашиглалтын талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар гол мөрөн бохирдсон, ширгэсэн талаар нотлох баримт байхгүй байна.
Эцэст нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “Ө” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө талаар Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаартай шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл “Захиргааны акт илт хууль бус болох”, 48 дугаар зүйл “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох”, 49 дүгээр зүйл “Эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах үндэслэл”-үүд тогтоогдохгүй байна гэж үзэхээр байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хууль зүйн үндэслэлтэй, “Ө” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022103 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Б.Б, Ч.Б, Г.Б нараас “Ашигт малтмал, газрын тосны Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ө” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022103 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Асгатын дархад нэртэй 1392.01 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ө” ХХК-д олгосон бөгөөд нэхэмжлэгчээс “Ө” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон талаар 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурал дээр мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан байна.
2.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч Б.Б нь “Ө” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талаар 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болсон багийн хурал дээр анх мэдсэнээс хойш 38 хоногийн дараа гомдол гаргасан, ... Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргасан”, 94.2-т “энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан, нэхэмжлэгчээс энэ хуульд заасан хугацааг нөхөн сэргээхтэй холбогдсон хүсэлтийг дээд шатны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж шийдвэрлүүлээгүй” гэж давж заалдах гомдолдоо дурдах боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус зохицуулсан хэдий ч ашигт малтмалын маргааны хувьд заавал дээд шатны байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандсан байхыг заавал шаардахгүй буюу үүрэг болгосон зохицуулалт байхгүй.
2.5. Өөрөөр хэлбэл, нэгэнт тухайлан зохицуулсан хуулиар заавал урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан байхыг үүрэг болгож хуульчлаагүй байгаа энэ тохиолдолд шүүхээс үүрэг болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй.
2.6. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч маргаан бүхий актыг мэдсэнээсээ хойш 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад өөрт нь хандаж, хариуцагчаас 129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй талаарх хариуг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/2768 дугаар албан бичгээр өгсөн болох нь тогтоогдож байна.
2.7. Уг хариуг хүлээн аваад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүйгээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
2.8. Харин маргааны гол үндэслэлийн тухайд гуравдагч этгээдийн зүгээс ашигт малтмалын MV-022103 дугаартай талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, гол урсац бүрэлдэх эхийн хилийг зааг, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй, ... хэрэгт цугларсан баримтаар ашиглалтын талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар гол мөрөн бохирдсон, ширгэсэн талаар нотлох баримт байхгүй” гэж тайлбарлан маргажээ.
2.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06/5055 дугаар албан бичигт[1] “...ашиглалтын MV022103 дугаартай талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцалгүй” гэх боловч энэ нь дараах баримтуудаар няцаагдаж байна.
2.10. Тодруулбал, Онги-Таац голын сав газрын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр албан бичгээр[2] маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай доторх уст цэгийн мэдээллийг 2011, 2017, 2022 оны байдлаар гаргаж, байршлын зургийн хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байх төдийгүй Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 06/128 дугаар албан бичгээр “...ашиглалтын MV022103 дугаартай талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай” болох нь тогтоогдож байна.
2.11. Мөн маргаан бүхий талбайд анх 2005 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож байсан хэдий ч гуравдагч этгээд нь 2022 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан байх бөгөөд энэ хооронд буюу 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагджээ.
2.12. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж хуульчилсан ба хариуцагчаас маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Онги-Таац голын сав газрын захиргаанаас саналыг нь аваагүй болох нь Онги-Таац голын сав газрын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаар албан бичгээр[3] нотлогдож байна. Нөгөөтээгүүр 2005 онд тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн хувьд 2012 онд батлагдсан Усны тухай хууль үйлчлэх үндэслэлгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
2.13. Дээрх үйл баримтуудаас нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 129 дүгээр шийдвэр нь хууль зөрчиж гарсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн” нь зөв болжээ.
2.14. Харин ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүх “... “Ө” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг К-02 маягтын дагуу гаргасныг хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан мөн хуулийн 26.3.1-26.3.4 дэх заалтад заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргах учиртай байтал хуулиар тогтоосон ажлын 20 өдрийн хугацааг хэтрүүлэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр маргаж буй 129 дугаартай шийдвэрийг гаргасан нь хуульд нийцээгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлтийг хийж хариуцагчийг буруутгасан нь үндэслэл муутай байна.
2.15. Учир нь шүүх захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянахгүй бөгөөд гагцхүү хуулиар харьяалуулсан захиргааны тодорхой үйл ажиллагаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар дүгнэх замаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тул энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлууд үндэслэлтэй байх хэдий ч энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг, мөн “Ө” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022103 тоот тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН