Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0008

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

улсын яллагч: П.Даваасүрэн

Хохирогч: Б.Рагчаабазар

шүүгдэгчийн   өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч   О.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт  Шаавай овогт Отгоны Наранбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201625010372 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шаавай овогт Отгоны Наранбаатар,  1988 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дархан хотод төрсөн, 28 настай, эрэгтэй,  бага боловсролтой,   мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5 , эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо ХАБ-н 6  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ТА88052916

Холбогдсон хэргийн талаар:

         О.Наранбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 24-613 тоотод оршин суух Б.Рагчаабазарын байшингийн цонхоор орж мөнгөн хазаар, дунд гарын мөнгөн аяга, төмөр жадыг хулгайлж нийт 290.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч О.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед найзтайгаа архи уугаад гэртээ хариад нэг нохойг төөрүүлчихээд Доржоо гэдэг ахтай дахин нэг шил архи хувааж уусан. Тэгээд согтуудаа Рагчаабазарын гэрийн цонхыг төмрөөр хагалж ороод сэлэм, хутга, хазаар, аяга зэрэг эд зүйлийг авдраас авсан. Тэр эд зүйлээ гэртээ нэг хонуулаад маргааш нь Нарантуул зах дээр 150.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөөрөө наргиж цэнгээд дууссан. Өөр ярих зүйлгүй гэв.

         Шүүгдэгч О.Наранбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 23.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24-613 тоотод байдаг таньдаг залуу Рагчаагийн байшингийн вакум цонхыг хоёр талдаа бөөрөнхийтэй төмрөөр хагалж ороод том өрөөний бор өнгийн шүүгээнээс мөнгөн хазаар нэг ширхэг жижиг мөнгөн аяга нэг ширхэгийг аваад буцаад цонхоор нь гарч байгаад хагарсан шилний баруун талын доод өнцөгт гарынхаа бугуйны доод хэсгээ зүссэн. Тухайн үед би согтуу болохоор бууны жад авсан талаараа сайн мэдэхгүй байна. Авсан бол замдаа явж байгаад хаясан байх. Тэндээсээ гэрлүүгээ явж байгаад гэрийнхээ ойролцоо явж байсан ногоон өнгөтэй машинд жижиг мөнгөн аягыг 20.000 төгрөгөөр зарсан. Тэр хүнээ харвал танихгүй. Тэгээд гэртээ очиж хоноод өглөө эрт гараад мөнгөн хазаарыг уул руу авч гараад мөнгийг нь салгаад хазаарыг нь шатаагаад үлдээсэн. Мөнгийг нь Нарантуул зах дээр аваачаад 70.000 төгрөгөөр танихгүй хүнд зарчихсан. Архи уух мөнгө олдохгүй болохоор нь хулгай хийсэн. Рагчаа бид хоёр нэг гудамжинд байдаг найзууд гэжээ. /хх-ийн 24/

         Хохирогч Б.Рагчаабазар шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  2016 оны 01 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө манай гэрт хулгай орсон байсныг манай ах мэдээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд манай гэрт үзлэг хийж, төмрийг хурааж авсан. Манай гэрийн авдарыг цохиж эвдээд дотроос нь мөнгөн хазаар, сэлэм хоёрыг авсан байсан. Мөнгөн аягыг шүүгээнээс авсан байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй гэв.  

         Хохирогч Б.Рагчаабазар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ :2016 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө манай байшингаас эзгүй хойгуур гадна хаалганы цоож эвдээд байшингийн баруун талын цонхыг хагалаад хулгайч орж том өрөөний авдар дотор байсан мөнгөн хазаар, аяга, жад зэрэг эд зүйлийг авсан байсан. Жад тэнд байсан талаар би сайн санахгүй байна. Байшингийн цонхыг хагалж орохдоо хулгайч гараа зүссэн бололтой рам нь цус болсон байсан. Мөнгөн хазаарыг би 250.000 төгрөгөөр мөнгөн дунд гарын аягаа 100.000 төгрөгөөр, төмөр жадыг 50.000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх эд зүйл нь манай ааваас надад өвөлж ирсэн эд зүйл байгаа юм. Мөнгөн аяга бол цулгуй хуучирсан аяга юм. Мөнгөн хазаар нь онцлог шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Жад нь бууны урд хийдэг зүйл юм. Жад тэнд байсан талаар би сайн мэдэхгүй байна учир нь би хоногт нэг удаа очиж эргэдэг болохоор сайн санахгүй байна. Манай хулгай орсон гэх байшинд бараг хүн байдаггүй юм. Хамгийн сүүлд 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хулгай орсон  байшин дээрээ очиход зүгээр байсан юм. Наранбаатарыг би багаас нь танина бид нэг гудамжинд байдаг юм. Нийт хохирол болох 310.000 төгрөг өгөөд байшин засаж өгвөл гомдол санал алга гэжээ. /хх-н 15-16/

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-н 5-8/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / хх-н 13/, эд зүйлийн үнэлгээ: мөнгөн хазаар- 190.000 төгрөг, мөнгөн аяга/дунд гарын / 70.000 төгрөг, төмөр жад- 30.000 төгрөг гэж тус тус үнэлжээ./хх-н 14/

          Гэрч Х.Нарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлгийн 24-613 тоот гэртээ хүйтэн болсон учраас одоогоор хүн амьдрахгүй байгаа юм. Бид нар байрандаа байгаа юм. 2016 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр 14.00 цагийн орчимд манай хүү ирэхэд коридорын цонх хагарсан таамбарын хаалга эвдээд хулгай орсон байсан гэсэн. Гэрээс мөнгөн хазаар, мөнгөн аяга, сэлэм зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манай хүү цагдаад мэдэгдээгүй юмаа янзалчихсан гэрээ цэвэрлээд явсан байсан. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 15.00 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайхаас мөнгөн хазаар, мөнгөн аяга, жад зэрэг зүйлс алдагдсан гэжээ.  /хх-н 17/

          Гэрч Б.Базаррагчаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 13.00 цагийн орчимд шар хаданд байдаг гэртээ ирсэн. Тэгсэн байшингийн цонх хагарсан байсан. Тэгээд гэрлүү ороход гэрийн авдар онгорхой байсан. Ээждээ утсаар хэлээд би гэрээ цэвэрлэсэн. Авдраас мөнгөн хазаар, мөнгөн аяга алдагдсан байсан. Наранбаатарыг зүс танина. Манай гудамжинд байдаг юм гэжээ./хх-н 18/

          Гэрч Ц.Баттогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:О.Наранбаатар миний төрсөн хүү байгаа юм. О.Наранбаатар 1988 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Дархан хотод төрсөн. Бага насаа цэцэрлэг, ясли, эцэг эхийн гар дээр өсгөсөн. 1996 онд Дархан хотын 3 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орсон. 2004 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн. Тэгээд 79 дүгээр сургуульд зайн сургалт гэдэгт хамрагдаж сургуулиа төгсөж чадаагүй. Сургуульд сурах дургүй учраас сургуулиас гарсан. Сүүлд 2010-2012 онд сургалтын төвд хамрагдаж гагнуурчны мэргэжил эзэмшсэн. Хүүхдийн хувьд их муу зуршилтай, гэхдээ муу хүүхэд биш юм байгаа юм.Байнга гэртээ хоол ундаа хийгээд сууж л байдаг юм. Гэрээсээ гарахаараа архи уучихаад байдаг юм гэжээ. /хх-н 19/         

          О.Наранбаатарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 20-22/  

           О.Наранбаатарыг  сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н  23-25/, /хх-н 28-29/

         О.Наранбаатарын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 30/, захиргааны арга хэмжээ авагдсан баримтууд /хх-н 34-37/, зэрэг болно.

          О.Наранбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 24-613 тоотод оршин суух Б.Рагчаабазарын байшингийн цонхыг төмрөөр хагалан орж байшинд байсан авдарын тагийг төмрөөр цохиж онгойлгон дотроос нь  мөнгөн хазаар, дунд гарын мөнгөн аяга, төмөр жадыг хулгайлж нийт 290.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв

         О.Наранбаатар нь тэр өдөр архи уусан байсан учир дахин нэмээд архи  уучих мөнгө олох зорилгоор Б.Рагчаабазарын гэрийг эзгүйг мэдэж байсан учир цонхыг нь хагалан орж эд зүйлс хулгайлан авсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна.О.Наранбаатар нь хулгайлсан эд зүйлсээ Нарантуул зах дээр зарж 150.000 төгрөг болгоод уг мөнгөөрөө өөрийнх нь хэлсэнээр шоудаад дуусгасан байна.

          Иймд О.Наранбаатарын дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг   зөв тохирсон байна гэж үзээд түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч   үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2  дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлөөгүй байх тул түүний хувьд оногдох хөрөнгөнөөс нь 290.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Рагчаабазарт олгохоор шийдвэрлэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдааа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзээд тухайн зүйл хэсэгт заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

          Энэ  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 см урттай, 32 см диаметртэй нэг ширхэг дугуй бөөрөнхий хэлбэртэй эвдлэгч багажийг /төмөрийг/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгах нь зүйтэй гэж үзэв.

          Энэ  хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Ү.Наранбаатар нь    цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шаавай овогт Отгоны Наранбаатарыг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч   үйлдсэн гэм буруутай болохыг   тогтоосугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2  дэх хэсэгт зааснаар О.Наранбаатараас эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар О.Наранбаатарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

         4.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 см урттай, 32 см диаметртэй нэг ширхэг дугуй бөөрөнхий хэлбэртэй эвдлэгч багажийг /төмөрийг/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгасугай.

          5.Энэ хэрэгт  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Ү.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо ХАБ-н 6  тоотод оршин суудаг /РД:ТА88052916/ О.Наранбаатараас 290.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 24-613 тоотод оршин суух Бат-Очирын Рагчаабазарт олгосугай.

          7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Наранбаатарт цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ    авсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН