Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 92

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00260/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Г.Б-, Э.Э-, Х.Э, Э.С- нарт холбогдох 

          “Зээл, хүү, алданги 36.000.000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-ээс:

Миний бие бага охин Ж.Саранболорын танил болох Г.Б- гэх залуу охиноор минь дамжуулан “барилгын цахилгаан шат оруулж ирж байгаа, 1 сар болгоод буцаагаад өгнө, 20.000.000 төгрөг зээлээч” гэж гуйсан бөгөөд Г.Б-гийн эгч Г.Мөнх-Амгалан нь “надад хэдэн төгрөг орж ирэх ёстой тэр мөнгө ороод ирэх юм бол танд өгчихнө” гэж надтай ирж уулзсан тул би итгэж Хаан банкинд байсан өөрийн хадгаламжаа барьцаалж 20.000.000 төгрөгийн зээл авч Г.Б-д өгөхөөр тохиролцсон юм.

20.000.000  төгрөгийг  1  сарын  хугацаатай  зээлэхээр  барьцаат  зээлийн гэрээ байгуулж,   зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 57 тоот 1 өрөө байрыг барьцаалж “зээлийн болон барьцааны гэрээ” байгуулсан. Уг гэрээн дээр Э.С- гарын үсэг зурсан ба Г.Б- нь “Э.С- манай итгэмжлэгдсэн нягтлан тул гэрээ нь дээр гарын үсэг зурдаг юм” гэж байсан.

 Тухайн үед Г.Б- нь гэрээний нэмэлт нөхцөл хэсэгт “2 сараас хэтрэхгүй төлнө, илүү 10 хоног хүүгээ бодож төлнө” гэж өөрийн гараар бичиж, гарын үсэг зурсан. Мөнгийг түүний эхнэр Э.Э-ын данс руу шилжүүлсэн. Э.С- нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилчдын цалин тавих гэсэн юм, 5.000.000 төгрөг нэмээд өгчих, түрүүчийн зээлийн хүүг нэмээд 8.000.000 төгрөг болгож өгнө гээд нэмж 5.000.000 төгрөгийн зээл авсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад мөнгөө төлөхгүй байсан болохоор Г.Б-гаас “чи мөнгөө өгөөч” гэтэл ганцаараа аваагүй Г.Энхбат, Э.С- хоёртой 2 хувааж авсан гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг  огт танихгүй. Г.Б- надад Э.С- гэдэг нь “Мон-Бамбай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм, тиймээс “Мон-Бамбай” ХХК-ийн захирал Х.Энхбатын өмнөөс төлөөлж оролцдог гэж хэлсэн. 2015 оны 02 дугаар сард Х.Энхбат гэх хүн рүү утасдаж  уулзаад “байрны гэрчилгээгээ би өөрийн нэр дээр болгож авмаар байна гэсний дагуу бэлэглэлийн гэрээгээр байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Би худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авах хүсэлт гаргахад Х.Энхбат  “нотариатын зардал өндөр гарна, надад төлөх мөнгө байхгүй, Хятадаас 1 сая доллар орж ирнэ, тэгэхээр нь таны мөнгийг хамгийн түрүүнд өгнө. Эцсийн хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэж хэлсэн.  Г.Б- нь Х.Энхбатын надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байрны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг  гаргаж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1618 тоот шийдвэрээр “Г.Б-г өмчлөгчөөр тогтоож, уг байрны өмчлөгчөөр Д.Б- бүртгэснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Миний бие эдгээр хүмүүст 25.000.000 төгрөгийг барьцаатай зээлсэн боловч дээрх байдлаар мөнгө ч үгүй, барьцаа ч үгүй болж Цагдаагийн газарт шалгуулсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 20.000.000 төгрөг, түүний хүү 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл, 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг дээрх дүнгээс 39.500.000 төгрөгнөөс энэ хугацаанд хүүнд төлсөн 3.500.000 төгрөгийг хасч нийт 36.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Б-гаас:

Надтай хамтран ажиллаж байсан “Мон-Бамбай” ХХК-нд мөнгөний хэрэгцээ гарч 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.Б-ээс 20.000.000 төгрөгийг зуучилж авч өгсөн.  Энэ мөнгийг зээлэхдээ “Мон-Бамбай” ХХК-ийн нягтлан бодогч Э.С- нь Д.Б-тэй зээлийн гэрээ байгуулсан. Д.Б- нь мөнгийг шилжүүлэхдээ манай эхнэр Э-ын дансаар дамжуулж хийсэн. Энэ мөнгөнөөс 7.000.000 төгрөгийг нь өөрийн хэрэгцээнд хэрэглэхээр аваад үлдсэн мөнгийг нь Э.С-д хүлээлгэж өгсөн. Би 4.200.000 төгрөгийг увуулж, цувуулж өгсөн. Энэ мөнгийг  өгөхдөө дансаар болон бэлнээр өгч байсан. Д.Б-  энэ мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм. Одоо үлдэгдэл төлбөр 2.800.000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.000 төгрөгнөөс бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би мөнгийг хугацаанд нь төлөхийг хүсч байсан боловч миний бизнесийн үйл ажиллагаа удааширснаас болж мөнгийг нь өгч чадахгүйд хүрсэн юм. Д.Б-тэй зээлийн болон барьцааны гэрээ хийгээгүй бөгөөд намайг заавал нэмэлт нөхцлөөр гарын үсэг зур гээд шаардаад байсан болохоор  би гарын үсэг зурсан юм. Түүнээс биш би Д.Б-тэй мөнгөний гэрээ хийгээгүй юм гэжээ.

Хариуцагч Э.Э-аас:

Надад холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр миний эзэмшдэг дансанд зээлийн 20.000.000 төгрөг орсон нь үнэн боловч энэ нь намайг түүнээс мөнгө зээлсэн гэсэн үг биш. Учир нь тус хариуцагч нар хэн нь хэдэн төгрөгийн зээлийг Д.Б-ээс авсан талаар тус тусын тайлбараа өгсөн байх гэж бодож байна. Д.Б-  2 удаагийн зээлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа ба уг гэрээнд зээлдэгч нь Э.С- гэсэн байгаа болно. Ийм учраас би өөрийгөө энэ зээлтэй холбоотой маргааны хариуцагч биш гэж үзэж байгаа учраас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Энхбатаас:

Д.Б-ийн нэхэмжлэлтэй танилцахад Э.С-, Г.Б-, Э.Э-, Х.Энхбат бид нарт холбогдуулж зээлийн төлбөр нийт 36.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.Нэхэмжлэлд бичсэн байгаа Д.Б-ийн зээлүүлсэн 20.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг нь би зээлж авсан юм. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Намайг 8.000.000 төгрөг зээлснийг Д.Б- өөрөө мэдэж байгаа. Тийм учраас Дархан сумын 9 дүгээр баг, 4-4 дүгээр байрны 57 тоот орон сууц нь миний нэр дээр байсныг Д.Б- барьцаалахдаа өөрийнхөө нэр дээр болго гэж шаардсан болохоор түүний нэр дээр болгож байсан.Мөн Д.Б-т өөрийн зээлийн төлбөр 900.000 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлтэй холбоотой маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 Хариуцагч Э.С-гоос:

 Д.Б-ээс 10.000.000 төгрөг зээлсэн нь үнэн болно. Тухайн үед боломж олдоогүй өгч чадаагүй. Боломж гарахаар зээлсэн 10.000.000 төгрөгийг өгөх болно. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр:

  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Э.С-, Г.Б- нараас 26 400 000 төгрөг, хариуцагч Э.С-гоос 7 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-т олгож, 1 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Э-, Х.Энхбат нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 337000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо:

Д.Б-ээс Э.С- 20.0 сая төгрөг зээлсэн, уг мөнгийг Д.Э-ын  ХААН банкны дансаар  шилжүүлсэн,  Э.С-д   13 сая төгрөгийг  нь өгөөд  7 сая төгрөгийг би зээлсэн. Намайг  7 сая төгрөг  зээлсэнийг  Д.Б-  өөрөө зөвшөөрсөн, уг  зээлийн   хүүд  15 хувиар  тооцож  сард  1.050.000 төгрөг  авдаг   байсан,  2014 оны 12 сараас  2015 оны  3 дугаар сар хүртэл  4 сарын  хүү  4.200.000 төгрөг  төлсөн,   энэ   үйл баримт  нь  хэрэгт авагдсан нотлох баримт  буюу  хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон  байхад   Г.Б-, Э.С-, Д.Б- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж  ерөнхий дүгнэлт  хийж,   хэн  ямар үүрэг хүлээсэн  бэ  гэдэгт   хуулийн талаас нь  зөв  тайлбарлаж  чадаагүй   шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах   арга хэмжээ авахдаа   Г.Б-   миний гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн  үл хөдлөх хөрөнгийг    битүүмжилсэнийг   хууль ёсны  болсон эсэхэд   эргэлзэж байна.  Гэр бүлийн   хэн нэгний   хүлээх хариуцлагыг    гэр бүлийн бусад   хүмүүст  хариуцуулахгүй гэж   Үндсэн хуулиар   хамгаалсан байхад      миний хөрөнгийг бусдын  үүрэгт  битүүмжилж  байгаа  үйлдлийг  шүүх    нэхэмжлэгчтэй нийлж   миний  эрхийг ноцтой  зөрчиж буй   хариуцлагагүй  үйлдэл гэж   үзэж байна. Шүүхийн  шийдвэрт   хариуцагч нарын  хүлээх  үүргийг   зөв  тодорхойлоогүй   нийтэд нь  26 сая төгрөг гаргуулах гэсэн  нь  ойлгомжгүй байдлыг  үүсгэж байна.  Г.Б-  миний   төлбөрт  төлсөн мөнгийг  шүүх хасч тооцохдоо   нийт үнийн  дүнгээс  хассаныг  буруу  гэж  бодож  байна. Байртай холбоотой  асуудлын  тухайд  миний  байрыг  Д.Б-  өөрийнхөө нэр дээр шилжүүлж,  бэлэглэлийн гэрээ хийхийг  шаардсан,  түүнээс  Х.Энхбат  ах  бид  хоёрт  ямар нэг  хорт санаа  байгаагүй, тэгээд  ч  манай гэр бүлийг   байр  чөлөөл  гэж   байнга дарамталж  хөөж тууж байсан хүн нь  нэхэмжлэгч  өөрөө тийм болохоор  шүүхээр  уг  маргааныг  шийдвэрлүүлсэн. Иймд  Д.Б-ийн нэхэмжлэлтэй  хэргийг бүхэлд нь хянаж,  хуулийн дагуу   шийдвэрлэж  өгөхийг  хүсье. Би  нэхэмжлэлийн   шаардлагаас    2.800.000 төгрөг   төлөхийг зөвшөөрч бусад шаардлагыг  зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн маргаантай харилцааг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж Иргэний хуулийн зохих зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна гэж үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Д.Б- нь Г.Б- нарын нэр бүхий 4 хүнээс зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр, хүү болон алдангийн хамт нийт 35 100 000 төгрөг нэхэмжилжээ.

 Шүүх нэхэмжлэлийн хариуцагч Э.Э-, Х.Энхбат нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож Г.Б-  Э.С- нараас зээлийн хүү, алдангийг гаргуулан шийдвэрлэсэн байна.

 Хэрэгт 2 зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь  2014 оны 11 сарын 24, 12 дугаар сарын 24-нд  зээлийн  гэрээнүүдийг Э С-той байгуулж хүү болон алданги төлөхөөр тохиролцжээ.

            2014 оны 11 дүгээр сарын 24-ний  өдөр байгуулагдсан гэрээний тухайд   гэрээг Г.Б-тай тохиролцож  Э.С-той байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээг  Э.С-той бичгийн хэлбэрээр байгуулсан энэ гэрээний  үүргийг   Э.С- хариуцахаар байх бөгөөд зээлийн гэрээнд Э.С- нь Бат -Амгаланг төлөөлж байгаа талаар ямар нэгэн баримт  хэрэгт авагдаагүй байна.

Тус гэрээний нэмэлт нөхцөл гэдэгт зээлийг 2 сарын дотор багтааж төлнө хугацаа хэтрүүлвэл 10 хоногийн хүү төлнө гэж Г.Б- бичиж гарын үсэг зурсныг анхан шатны шүүх  зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулах саналыг зөвшөөрсөн гэж үзэж нийт зээлийн гэрээний үүргийн дийлэнх хэсгийг түүнээс  гаргуулан шийдвэрлэжээ.

            Гэрээний нэмэлт хэсэгт бичсэн тайлбарын агуулга нь тодорхойгүй Г.Б- тухайн гэрээний тал биш этгээд гэрээний үүргийг биелүүлэх баталгаа аль эсхүл батлан даалт гаргаж байна гэж тайлбарлах боломжгүй утга санаа нь тодорхойгүй байхад зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

            Хэдийгээр зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд нь Э.С- боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг бусад этгээдүүдээс нэхэмжилсэн Г.Б- Х.Энхбат нар нь зээлдэгч Э.С-той зээлсэн мөнгөний  хувь хэмжээгээр үүрэг гүйцэтгэх талаар маргаагүй тул тэдгээрийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Харин зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэрээгээр тохирсон хүү, алдангийг төлүүлэх асуудал нь талуудын дунд байгуулагдсан гэрээний үүргийн дагуу Э.С-д  хамааралтай  байна.

            Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн дунд хүү, алдангийн талаар ямар нэгэн тохиролцоо байхгүй байгаа тул хүү, алдангийг шүүх хуваарилах боломжгүй, Э.С- энэ талаар баримт гарган мэтгэлцээгүй хэдий ч Г.Б-, Х.Энхбат нарын зээлийн мөнгөнөөс хүү алданги тооцуулан нэхэмжлэх замаар хохирлоо барагдуулах эрхээ   хэрэгжүүлэх боломжтой.

             Иймд Э. С-гийн гэрээ байгуулж Э.Э-ын  дансаар дамжиж орж ирсэн мөнгөнөөс Г.Б- 7 сая төгрөг, Х.Энхбат 8 сая төгрөг авч зарцуулсан тул  хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд /буцааж төлсөн мөнгийг хасч/ үлдэгдэл 2.800.000 төгрөгийг Г.Б-гаас,  7.100.000 төгрөгийг Х.Энхбатаас гаргуулж зээлийн гэрээний гэрээний үүрэг  22.000.000 төгрөгөөс Х.Энхбат, Г.Б- нарын төлсөн гэх  5.100.000 төгрөгийг хасч үлдэгдэл 16.900.000 төгрөг түүний алдангийг болон  Э.С-гоос нэхэмжилсэн 7.500.000 /сүүлийн гэрээний дүн/  төгрөг нийт 22.950.000  төгрөгийг Э.С-гоос гаргуулж  шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

 Г.Б- зээл буюу хүүд 4.200.000  төгрөг төлсөн гэснийг хариуцагч 3.500 000  төгрөг төлсөн гэж маргаж байгааг  хэрэгт Д.Сарантуяа 4.200.000 төгрөгийг цувуулж бэлэн болон дансаар өгсөн гэж гэрчилснээс гадна хэргийн  57 дугаар   хуудаст авагдсан бичгийн баримтад нэхэмжлэгч Д.Б-  “ ...Г.Б- нь 2014 оны 12 дугаар сарын 25-наас  02  дугаар сарын 25-нд нийт 4 сая  500 000 төгрөг хүүд төлсөн. ... “ гэжээ.

Дээрх  бичгийн нотлох баримтыг хариуцагчийн хүсэлтээр анхан шатны шүүхийн хэргийн баримтаас гаргуулж авсан байх бөгөөд уг баримтыг тухайн хэрэгт гаргасан тайлбар гэж үзэхгүй ч тухайн маргааны агуулгад хамааралтай ач холбогдолтой байна.  

Иймд бичгийн нотлох баримтад үнэлэх боломжтой бөгөөд анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул  үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Бичгийн нотлох баримтыг шүүх архиваас хуулбарлаж өгөхдөө хуулбар үнэн гэсэн дардас дараагүй энэ талаар хүсэлт гаргаж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.  Шүүх ийнхүү хийх ёстой ажиллагааг хийгээгүйд хэргийн оролцогч буруугүй юм.

            Түүнчлэн нотлох баримтад агуулагдсан мэдээллийг нэхэмжлэгч маргаж баримтаар няцаагаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8.400.000 төгрөгийн зээлийн гэрээний талаар хариуцагч Э.С- маргаагүй шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй нэхэмжлэгч уг гэрээний гүйцэтгэлд 7.500.000 төгрөг нэхэмжилсэн  тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Хариуцагч Г.Б-  давж заалдсан гомдолдоо  нэхэмжлэлийг хангах арга хэмжээ болгож миний өмчлөлийн байрыг битүүмжилсэнд гомдолтой гэжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авахуулахаар хүсэлт гаргасан тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ дагуу шүүгч хөрөнгө битүүмжилж гаргасан захирамжийг хариуцагчид танилцуулсан / х/х 22-24, 28 хуудас / бөгөөд хариуцагч энэ талаар тус шүүхэд гомдол гаргаагүй байна.

           Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангахтай холбогдсон ажиллагааг хуулийн дагуу хийгдсэн гэж үзэн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхилоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Э.С-, Г.Б- нараас 26.400.000 төгрөг, хариуцагч Э.С-гоос 7.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-т олгож, 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Э-, Х.Энхбат нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

“Иргэний хуулийн  242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д  заасныг баримтлан хариуцагч Г.Б-гаас 2.800.000 төгрөг, Х.Энхбатаас 7.100.000 төгрөг,  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.С-гоос 22.950.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын  үлдэх хэсэг болох 2.250.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327.450 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагч Г.Б-гаас 59.750 төгрөг, Х.Энхбатаас 128.550 төгрөг,  Э.С-гоос  272.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Б-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.500 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА               

                                  ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                         О.НАРАНГЭРЭЛ