Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/463

 

 

 

 

 

 

 

 

  2021         07          08                                 2021/ШЦТ/463

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч Э.А, Д.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхбатын Э.А, Иөншөөнбүү овгийн Долгормаагийн Д.Б нарт холбогдох эрүүгийн 2009027080360 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 ээж, дүү нарын хамт, ............... 11 дүгээр хороо, Овоотын 1-20 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Энхбатын Э.А, /РД:М............/,

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 ээж, дүү, охины хамт, ................ 18 дугаар хороо 53-473 тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Иөншөөнбүү овгийн Долгормаагийн Д.Б, /РД:............/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Митинг баарны гадна Д.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Митинг баарны гадна Э.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2009027080360 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Аийн хохирогчоор өгсөн “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг бааранд найз Өнөрцэцэгтэй цуг пиво ууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Д.Бгийн найз шар үстэй эмэгтэй найз нь намайг үхсэнээ хараад байгаа юм бэ, гичий, ал минь гэж хэлээд намайг үсдээд доошоо дарсан. Тэгэхэд хамгаалагч нь хүрч ирээд намайг салгасан. Гадаа гараад таксинд суух гээд хүлээгээд зогсож байхад Бүжээ гарч ирээд над руу орилоод таксинд суучихсан байсан намайг үсдээд чирч гаргаж ирээд миний үснээс зулгаагаад намайг чирээд бид хоёр зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Бгийн хохирогчоор “...Би 2020 оны 10 дугаар сарын 28-29- нд шилжих шөнө найз нарын хамт талбайн урд талын бааранд орсон. Тэгээд шөнийн 05 цаг өнгөрч байх үед баарнаас гарах гэж явж байгаад хар өнгийн өмдтэй, халимаг үстэй эмэгтэйтэй маргалдсан. Халимаг үстэй эмэгтэйтэй хоорондоо маргалдаж байгаад зодолдсон. Халимаг үстэй эмэгтэй намайг миний өмнө үерхэж байсан Энхтүвшингийн дэвсгэр энэ тэр гэж хэлсэнээс болоод би тэр эмэгтэйтэй маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04- ний өдрийн 12580 дугаартай дүгнэлт:

1. Д.Бгийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, хамар, шанаа, эрүү, хоолой, тохой зэрэгт шалбаралт, цус хуралт, зулгаралт, зүүн гарын 2 хурууны хумс хууларч унасан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04- ний өдрийн 12475 дугаартай дүгнэлт:

1. Э.Аийн биед духанд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Э.Аринтунгалагийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/

Д.Бгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Э.А нь 2020 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Митинг баарны гадна Д.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.Аийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Бгийн “...шөнийн 05 цаг өнгөрч байх үед баарнаас гарах гэж явж байгаад хар өнгийн өмдтэй, халимаг үстэй эмэгтэйтэй маргалдсан. Халимаг үстэй эмэгтэйтэй хоорондоо маргалдаж байгаад зодолдсон. Халимаг үстэй эмэгтэй нь миний өмнө үерхэж байсан Энхтүвшингийн дэвсгэр энэ тэр гэж хэлсэнээс болоод би тэр эмэгтэйтэй маргалдсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04- ний өдрийн 12580 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,  

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Митинг баарны гадна Э.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.Аийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Аийн “...Д.Бгийн найз шар үстэй эмэгтэй найз нь намайг үхсэнээ хараад байгаа юм бэ, гичий, ал минь гэж хэлээд намайг үсдээд доошоо дарсан. Тэгэхэд хамгаалагч нь хүрч ирээд намайг салгасан. Гадаа гараад таксинд суух гээд хүлээгээд зогсож байхад Бүжээ гарч ирээд над руу орилоод таксинд суучихсан байсан намайг үсдээд чирч гаргаж ирээд миний үснээс зулгаагаад намайг чирээд бид хоёр зодолдсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04- ний өдрийн 12475 дугаартай дүгнэлт  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А, Д.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, шүүгдэгч нар нь хүнийг зодож Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.А, Д.Б нарыг бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй байдлыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.А, Д.Б нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 / гурван зуун тавин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Э.А, Д.Б нарын хувийн байдал болон цалин орлогогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор буюу шүүгдэгч  Э.Ат 350 /гурван зуун тавин/ цаг, шүүгдэгч Д.Бд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Э.А, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2   дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Энхбатын Э.Аийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Иөншөөнбүү овгийн Долгормаагийн Д.Бг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Д.Бг 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4  дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Э.А, шүүгдэгч Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, шүүгдэгч Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН