| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0181/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/475 |
| Огноо | 2021-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/475
2021 07 19 2021/ШЦТ/475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Прокурор Ж.Энх-Амгалан,
Яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Осор овогт Бэхбатын Б.Б, Чойжинжав овогт Лхагвын Л.Б нарт холбогдох эрүүгийн 2109000000073 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн. 1991 оны 07 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээврийн удирдлагын менежмент мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар 16 дугаар хороолол, 11 дүгээр байрны 31 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Осор овгийн Б.Б /РД................./
Монгол Улсын иргэн, 1999 оны 07 сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 22 насгай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин жолооч мзргэжилтэй, ............................. ажилтай, ам бүл 5, эцэг. эх эгч, дүү нарын хамтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг,12-17 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Баян-Соёмбо 65Б байрны 71 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, вгийн Лхагвын Л.Б /РД:..................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Б, Б.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны гадна байрлуулж тавьсан байсан хохирогч М.Галбадрахын эзэмшлийн 16-21 УБТ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдэхийг завдсан, учрах саадыг арилгах зорилгоор автомашины эд ангийг салгах, тайлж авахад амар хялбар болгохоор тусгайлан данхраад, торцоов, овтерка зэрэг зүйлсийг хэрэглэсэн, гэмт хэрэг үйлдэхдээ эд зүйлсийг ачиж зөөвөрлөхөөр урьдчилан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны баруун хойно байрлах зогсоолд байршуулсан хохирогч Э.Ариуганбуяны эзэмшлийн 34-85 УНА улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм буюу 70-71 УНП улсын дугаартай тээврийг хэрэгслийг ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны баруун хойно байрлах зогсоолд байршуулсан хохирогч М.Гансүхийн эзэмшлийн 95-45 УНЗ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм буюу 70-71 УНП улсын дугаартай тээврийг хэрэгслийг ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж 1.200.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлд маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй...гэв.
Эрүүгийн 2109000000073 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...“Би 2020 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хадам ах Идэрзулын 7071 унп улсын дугаартай тоёота приус 20 маркын хар өнгийн авто машиныг нь ажил амжуулаад өгье гэж хэлж аваад орой 21 цагийн үед гэрээс гараад явсан юм. Тэгээд гэрээс гараад шууд 100 айл руу явсан бөгөөд ажлын залуу Бат-Эрдэнийг дуудаж гаргаж ирсэн юм. Тухайн үед би машин дотор байсан лаазтай 7 ширхэг сэнгүрийг уусан байсан юм. Тэгээд Л.Б гарч ирээд машинд суусан бөгөөд би Л.Бд ахтайгаа яваад өгөөч баяр ёслол болж байна хэдэн төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд байрнуулын голоор ороод явж байхад Л.Б нь ахаа яах гэсийн бэ хэрэггүй юм бишүү би урьд нь таньд хэлсэн биздээ, би яг үнэндээ ийм зүйл хиймээргүй байна гээд намайг гэрлүү хүргэх гээд 16 рүү явсан юм. Тэгээд цайз 16-ын хойно явж бйахад нь буцаж эргүүлээд за ах нь ганцаараа ч болтугай авчихмаар байна гэрт юм хум авах хэрэгтэй байна гэж хэлээд буцаад 100 айл руу явсан юм. Тэгээд шууд хангай хотгоны зүүн талд ирээд зогссон юм. Бид хоёр машин дотор 2 цаг орчим сууж байгаад би бууж бие засаад буцаж машиндаа суугаад Бат-эрдэнийг чи хүн харж бай хүн ирвэл надад хэлээрэй гэж хэлээд би эхлээд машинаас буугаад буцаж машинд суугаад тэнд нэг цагаан өнгийн машин байна чм буугаад хүн харж байгаарай гэж хэлээд цаанаа байсан цагаан приүс 20 маркын машин дээр очсон юм. Би тухайн үед машинаас цэнхэр өнгийн үүрдэг цүнхтэй буусан бөгөөд уг уүнхэнд дорцов болон данхраад овтерка 14,13-ийн дорцов бай сан юм. Тэгээд машин доогуур орж данхаараад уг машины нүүрсэн яндангийн боолтыг тайлсан юм. Тэгээд байж байтал Л.Б ирээд хүн ирж бйана гэхээр нь чи цаашаа зугтаа гэж хэлээд би өөрийн машин доорооо үлдсэн юм. Тэгсэн нэг ах машин доогуур харчихаад яваад өгсөн тэгхээр нь би хараагүй юм байна гэж бодоод машин доороос гараад цүнхээ үүрээд оорийн машин дээр очсон чинь нэг ах зогсож байсан. Тэр ах натайг чи энэ 7071-ийн жолооч мөн үү гэхээр нь би бишээ архи пиво авна гэсэн хүн мөн үү гэж хэлчихээд цаашаа гүйгээд иргэний бүртгэлийн гудамжаар гараад ирээд Л.Бтэй таарсан юм. Тэгээд Бам-Эрдэнийг гэртээ ор ахдаа нэг барих утас гараад өгчих гэж хэлээд Л.Б надад нэг нокио маркын жижиг хар утас гаргаж өгсөн юм. Тэгээд би Бат-Эрдэний орцонд нилээн зогсож бйагаад машинруугаа очсон чинь миний машиныг ачаад аваад явчихсан байсан юм. Тэгээд буцаад Бат-Эрдэний орцонд очоод өглөө болтол байсан. Тэгээд маргааш өглөө нь машинаа байж журмын хашаагаар бөгөөд замын цагдаагийн журамын хашаан дээр байна гэдгийг нь мэдэж аваад машин авах гэж очоод цагдаа нарт баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 26-ны орой 11 цагийн орчим манай ажлын салаан дарга дэслэгч Б.Б нь 88061728 дугаарын утсаар ярихдаа “Ахын дүү гараад ирээч гэрийн чинь ойролцоо ирчихлээ” гэж ярьсан юм. Тэгэхээр нь би гэрээс гараад машинд нь орж уулзсан юм. Б.Б ах тухайн хар өнгийн 7071 гэсэн дугаарт тоёота приүс 20 маркын машинтай ганцаараа явж бйасан. Тэгсэн Б.Б ах ах нь жоохон уучихмаар байна сэтгэл санаа жоохон тиймэрхүү байна чи машин бариад өгчих гэж хэлсэн юм. Тэгхээр нв би машиныг нь бариад гэрлүү нь буюу цайз 16 руу явсан юм. Тэгсэн замдаа явж бйахдаа Б.Б нь ах нь гэрлүүгээ согтуу ормооргүй байна буцаад эргээд явья гэхээр нь буцаад 100 айлын тийшээ явсан юм явж байхад Б.Б ах зам заагаад явж бйагаад хангай хотхоны урд ирсэн юм. Тэгээд бид хоёр хангай хотхоны урд 2 цаг орчим загсан бөгөөд Б.Б машинаас буугаад бие засаад ирье гээд гарсан бөгөөд 2-3 минут болоод иргэж машинд орж ирээд хоёулаа хамт машинаас бууя гээд машинаас буугаад намайг дагуулаад хангай хотхоны зогсоол дээр очоод намайг хүн харж бай ах нь эндээс машины яндан тайлаад ирье ахад нь мөнгө төгрөгний хэрэг байна гээд надаас салаад зогсоол дээр байсан цагаан өнгийн тоёота приүс 20 маркын машин дээр очоод доогуур нь хэвтээд орсон юм. Тэгээд байж байтал нэг хүн хөөе гэж дуугархаар нь би Б.Б ах дээр очоод хүн ирж байна гэж хэлсэн чинь Б.Б ах намайг цаашаа гүй гэхээр нь би зугтааж цэнхэр өнгийн төмөр хашаа даваад явчихсан юм. Тэгээд чи шууд харьсан юм. Би өөрийн гар утсыг Б.Б ахын дотор үлдээчихсэн байсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 27-ний өдөр Б.Б ах манай гэрт ирсэн бөгөөд ахынхан машин алга байна аччихсан байна гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр манайхаас гараад Б.Б ахын машиныг журмын хашаагаар хайсан юм. Б.Б ах өчигдөр яндан хулгайлж бйахдаа хүнтэй таарчихсан гэж ярьж байсан. Би өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 12-13-ний шилжих Б.Б ахтай сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо хангай хотхоны 518 дугаар байрны баруун хойд талын шороон зогсоол дээрээс 2 ширхэг приүс 2-ийн нүүрсэн янданг хулгайлж авч байсан. Тухайн үед Б.Б 7071 унп улсын дугаартай хар өнгийн приүс 20 маркын машинтай явж байсан. Тэр орой 22-23 цагийн орчим надруу яриад гараад ирээч ах нь танай гадаа ирчихсэн байна гэж ярьсан юм. Тэгээд ярихдаа Б.Б ах авто машинб нүүрсэн яндан өндөр үнээр авдаг юм байна хоёулаа амар мөнгөтэй болор боломж байна яндан хулгайлахья би арын даана гэж ярьсан бөгөөд намайг машины жолоо бариад өгчих гээд байхаар нь хамт явсан юм. Тэгээд хулгайлсан янданг Б.Б ах машиндаа хийгээд авч явсан бөгөөд 2 хоногийн дараа яндангаа зарчихлаа нэг янданг хужаа яндан байна нөгөө янданг нь 400,000 төгрөгөөр зарчихлаа гээд надад 200,000 төгрөг авчирч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Хохирогч М.Галбадрахын “... 2020 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 02 цагийн үед 91190770 гэсэн дугаараас миний утас руу залгаж машины чинь янданг хулгайлж байна, цагдаа дуудчихсан гэж ярихаар нь хувцсаа өмсөөд гэрээс гараад машин дээрээ яваад очсон, цагдаа ирчихсэн, танихгүй нэг ах зогсож байсан, машинаа асаагаад үзсэн чинь миний машин муухай дуутай болчихсон байсан, доогуур нь онгойгоод харсан чинь яндангийн боолтыг тайлчихсан, яндан унжаад байж байсан, маргааш өглөө нь айлын хашаанд оруулж байгаад янданг нь боож янзалсан, машинаас өөр алдагдсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Ариунганбуяны “...2020 оны 12 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 34-85 УНА улсын дугаартай тоёота приус маркийн цагаан өнгийн автомашинаа Хангай хотхоны 518 дугаар байрны баруун талд ил зогсоол байрлуулж тавиад гэртээ орж унтсан, маргааш буюу 13-ны 13 цагийн үед машин дээрээ ирээд машинаа асаасан чинь зөөлөн яндан нь байхгүй болчихсон байхаар нь дуудлага өгсөн, машинаас өөр зүйл алдагдаагүй, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт байхгүй, гомдол, санал алга байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97, 99 дүгээр хуудас/,
Хохирогч М.Гансүхийн “...2020 оны 12 дугаар сарын 12-ны оройн 19 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 95-45 УНЗ улсын дугаартай тоёота приус маркийн саарал өнгийн автомашинаа Хангай хотхоны 518 дугаар байрны баруун талд ил зогсоол байрлуулж тавьсан, 13-ны 13 цагийн орчим машин дээрээ ирж машинаа асаасан чинь чанга дуутай ассан, машин доогуураа харсан чинь зөөлөн яндан нь байхгүй болчихсон байхаар нь дуудлага өгсөн, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103, 105 дугаар хуудас/,
Гэрч Ч.Цолмонбаатарын "... гэрийнхээ цонхоор юм хараад зогсож байтал гадаа машины ил зогсоол дзэр бараан хувцастай нэг залуу холхиод яваад байсан, удалгүй буцаад нэг хар өнгийн машин дээр яваад очсон, дотор нь хэсэг сууж байснаа удалгүй 2 хүн бууж ирээд нэг хүн нь үүргэвчтэй зүйл үүрчихсэн явж байснаа нэг хүн хэсэг рүү орчихоор нь 102 дугаарт дуудлага өгчхөөд гэрээсээ гараад нөгөө хоёр хүний явсан чиглэл рүү нь яваад очоод зайнаас хартал цагаан өнгийн приус 20 машиныг хазайлгачихсан доогуур нь юм хайгаад байхаар нь би дөхөж очоод юу хийгээд байгаа юм бэ гэж асуутал хойд талын цэнхэр өнгийн төмөр хашааг даваад зугтаачихсан, би нөгөө хоёр залуугийн бууж ирсэн машин руу нь яваад очтол хар өнгийн 70-71 УНН улсын дугаартай приус 20 загварын машин байсан, нөгөө хоёр хүн ирээгүй байсан, би цагдаа хүлээгээд зогсож байтал 160 см орчим өндөртэй махлагдуу бор царайтай барзгар нүүртэй том алаг нүдтэй, 30 орчим насны хар өнгийн малгайтай куртка өмссөн ногоон өнгийн нэг үүргэвч үүрсэн залуу дөхөж ирээд та архи пиво авна гэсэн үү гэж асуухаар нь үгүй гэж хэлээд чи дөнгөж сая энэ хар машинаас буугаад тэнд байсан цагаан өнгийн машин дээр байсан залуу мөн үү нааш ир дээ гэж хэлтэл үгүй үгүй би явлаа гэж хэлээд гүйгээд зугтаачихсан, тэр залууг би дахиж харвал танина, цагдаа ирэхээр нь цагаан өнгийн машин дээр яваад очтол машин доор байсан нөгөө хүний хийсэн юмнууд алга болчихсон байсан машины эзнийг нь дуудаж ирүүлээд машиныг нь асаагаад үзтэл “пар, пар” гээд сонин дуугараад байсан, тэгтэл жолооч нь яндан дуугараад байна, боолтыг нь суллачихсан юм шиг байна гэж байсан, нөгөө хоёр хүнийг тус машины янданг хулгайлах гэж оролдож байсан гэдгийг мэдсэн, ийм л зүйл болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч О.Идэрзулын "... 70-71 УНП улсын дугаартай тоёота приус 20 маркийн машины 2012 оны сүүлээр худалдан аваад одоог хүртэл унаж байгаа, хэзээг нь санахгүй байна, Б.Б нэг орой ажилтай юу гэж асуухаар нь үгүй гэж хэлэхэд машинаа өгчхөөч гэхээр нь би машинаа өгөөд явуулсан, тэгээд аав нь утасдаад надад машиныг чинь унаж яваад хэрэгт холбогдоод хураалгасан байна гэж хэлсэн, мөнгөний хэрэг гараад машинаа барьцаанд тавьж байсан, одоо бол зээл байхгүй, нэрээ шилжүүлээгүй байгаа, банк бустай ямар ч асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113 дугаар хуудас/,
Гэрч Г.Пүрэвдашийн “... 2020 оны 12 дугаар сарын 13-ны 01 цагаас 02 цагийн хооронд цонхоор өөрийн автомашинуудаа харахад усан цэнхэр юм уу цэнхэр өнгийн арын номерын гэрэл асахгүй приус 20 маркийн машинтай хоёр хүн уг зогсоол дээр байсан бөгөөд нэг хүн миний машины хойно зогсож байсан цагаан өнгийн приусны доогуур орчих шиг болсон, тэгээд нээх удалгүй гарч ирээд нөгөө цэнхэр өнгийн приус машинд хоёулаа суугаад баруун тийшээ гудамжаар ороод явсан, номер дугаарыг нь харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг
Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн “... үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр нийт 1.200.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42 дугаар хуудас/,
Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн “... 2008, 2009 онд үйлдвэрлэгдсэн тоёота приус 20 маркийн автомашины зөөлөн яндан нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр нийт 2.400.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 120 дугаар хуудас/,
Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар 2004 онд үйлдвэрлэгдсэн 70-71 УНП улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл нь 6.100.000 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн тайлан, Тайлангийн хавсралт /хх-ийн 125 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн "... үзлэгийг цааш үргэлжлүүлж ил зогсоолын голын эгнээнд гол хэсэгт байрлуулсан 34-85 УНА улсын дугаартай автомашины гадна талд явуулахад цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашин байх ба гадаргууд үүссэн шинэ гэмтэл эвдрэл байхгүй, жолооч талын хаалганы багана талын өнцгийн харалдаа газарт автомашин өргөгч багаж байрлуулсан мэт зэргэлдээ 9см X 9см 2 дахь нь мөн адил хэмжээтэй 2 ширхэг мөр байх ба гэрэл зургийн аргаар бэхжүүлэв, багана хэсгийн харалдаа газарт нягтаршсан цасан дээр хүн хөрвөөсөн мөртэй, зарим хэсгийн цас ярагдаж доод шороо гарсан, өргөгч багажийн мөр мэт зүйлээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 1 метрийн зайд зөөлөн яндан боох боолт гэх зүйл байх ба гэрэл зургаар бэхжүүлэв, уг автомашинаас ертөнцийн зүгээр зүүн тийш 7 метр орчмын зайд байх 95- 45 УНЗ улсын дугаартай тоёота приус 20 маркийн мөнгөлөг өнгийн автомашины гадна тал нэлэнхийдээ цасаар хучигдсан, автомашины зүүн хойд талын хаалганы гол баганын харалдаа газарт автомашины өргөгч багажийн мэт мөр газарт үүссэнийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв, жолоочийн эсрэг талын баганын харалдаа газарт хөрвөөсөн мөртэй, жолооч талын баганын харалдаа газарт зөөлөн яндан боох боолтын эрчилсэн төмрийг салгаж газарт хаясан, байхыг гэрэл зургийн аргаар бзхжүүлэв, ойр орчимд хяналтын камер байхгүй, харуул, манаач байхгүй, 518 дугаар байрны 3 давхар 15 тоотод оршин суугч Ганболдын Пүрэвдаштай уулзахад 2020 оны 12 дугаар сарын 13-ний 01 цагаас 02 цагийн хооронд цонхоор өөрийн автомашинуудаа харахад усан цэнхэр юм уу цэнхэр өнгийн арын номерын гэрэл асахгүй приус 20 маркийн машинтай хоёр хүн уг зогсоол дээр байсан бөгөөд миний машины ард зогсож байсан цагаан өнгийн приусны доогуур орчих шиг болсон, удалгүй нөгөө машиндаа суугаад яваад өгчихсөн гэснийг тэмдэглзлд тусгав,” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-81 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол: "...Эрүүгийн 2109000000073 дугаартай хэрэгт иргэн О.Идэрзулын өмчлөлийн 70-71 УНП улсын дугаартай хар өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл эд хөрөнгийг Баянзүрх дүүрэг “Инергитикланд” ХХК-ний ТС-13 түр саатуулах хашаанаас гаргуулж иргэн О.Идэрзулд хариуцуулж, хадгалуулахаар шилжүүлэв...” гэжээ /хх-ийн 88-92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.Б, Б.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны гадна байрлуулж тавьсан байсан хохирогч М.Галбадрахын эзэмшлийн 16-21 УБТ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдэхийг завдсан, учрах саадыг арилгах зорилгоор автомашины эд ангийг салгах, гайлах авахад амар хялбар болгохоор тусгайлан данхраад, торцоов, овтерка зэрэг зүйлсийг хэрэглэсэн, гэмт хэрэг үйлдэхдээ эд зүйлсийг ачиж зөөвөрлөхөөр урьдчилан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны баруун хойно байрлах зогсоолд байршуулсан хохирогч Э.Ариуганбуяны эзэмшлийн 34-85 УНА улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм буюу 70-71 УНП улсын дугаартай тээврийг хэрэгслийг ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны баруун хойно байрлах зогсоолд байршуулсан хохирогч М.Гансүхийн эзэмшлийн 95-45 УНЗ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм буюу 70-71 УНП улсын дугаартай тээврийг хэрэгслийг ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж 1.200.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б, Л.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч М.Галбадрахын “... 2020 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 27-нд шилжих шенийн 02 цагийн үед 91190770 гэсэн дугаараас миний утас руу залгаж машины чинь янданг хулгайлж байна, цагдаа дуудчихсан гэж ярихаар нь хувцсаа емсеед гэрээс гараад машин дээрээ яваад очсон, цагдаа ирчихсэн, танихгүй нэг ах зогсож байсан, машинаа асаагаад үзсэн чинь миний машин муухай дуутай болчихсон байсан, доогуур нь онгойгоод харсан чинь яндангийн боолтыг тайлчихсан, яндан унжаад байж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Ариунганбуяны “...2020 оны 12 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 34-85 УНА улсын дугаартай тоёота приус маркийн цагаан өнгийн автомашинаа Хангай хотхоны 518 дугаар байрны баруун талд ил зогсоол байрлуулж тавиад гэртээ орж унтсан, маргааш буюу 13-ны 13 цагийн үед машин дээрээ ирээд машинаа асаасан чинь зөөлөн яндан нь байхгүй болчихсон байхаар нь дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогч М.Гансүхийн “...2020 оны 12 дугаар сарын 12-ны оройн 19 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 95-45 УНЗ улсын дугаартай тоёота приус маркийн саарал өнгийн автомашинаа Хангай хотхоны 518 дугаар байрны баруун талд ил зогсоол байрлуулж тавьсан, 13-ны 13 цагийн орчим машин дээрээ ирж машинаа асаасан чинь чанга дуутай ассан, машин доогуураа харсан чинь зөөлөн яндан нь байхгүй болчихсон байхаар нь дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цолмонбаатарын “...чи дөнгөж сая уг хар машинаас буугаад тэнд байсан цагаан өнгийн машин дээр байсан залуу мөн үү.нааш ир дээ гэж хэлтэл үгүй үгүй би явлаа гэж хэлээд гүйгээд зугтаачихсан, тэр залууг би дахиж харвал танина, цагдаа ирэхээр нь цагаан өнгийн машин дээр яваад очтол машин доор байсан нөгөө хүний хийсэн юмнууд алга болчихсон байсан, машины эзнийг нь дуудаж ирүүлээд машиныг нь асаагаад үзтэл “пар, пар” гээд сонин дуугараад байсан, тэгтэл жолооч нь яндан дуугараад байна, боолтыг нь суллачихсан юм шиг байна гэж байсан, нөгөө хоёр хүнийг тус машины янданг хулгайлах гэж оролдож байсан гэдгийг мэдсэн, ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг, Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн дүгнэлтүүд, тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Б.Б, Л.Б нарын дээрх үйлдэл нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл байна.
Шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь автомашины эд ангийг салгах, тайлах авахад амар хялбар болгохоор тусгайлан данхраад, торцоов, овтеркийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор зориудаар ашиглаж машины янданг тайлж авч, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм буюу 70-71 УНП улсын дугаартай тээврийг хэрэгсэлд ачиж явсан байх тул түүнийг гэмт үйлдлээ түргэсгэх, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б, Л.Б нарыг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
“Хулгайлах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдлууд шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хохирогч Э.Ариунганбуян, М.Гансүх, М.Галбадрах нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн, хохирол төлсөн баримтууд хэрэгт авагдсан тул шүүгдэгч Б.Б, Л.Б нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Дашдорж нараас хэргийн зүйлчлэлийн хувьд мараагүй ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан тул 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэсэн саналыг гаргаж байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Л.Б нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан өмгөөлөгчдийн гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч тус бүрийн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь 2020 оны 12 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Л.Б нарын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул тэдгээрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 11 дүгээр байрны 31 тоот хаягт оршин суудаг болох нь хэргийн 137 дугаар хуудаст авагдсан тодорхойлолтоор тогтоогдож, шүүгдэгч Л.Б нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг Онги , төв цэнгэлдэх 3 дугаар гудамжны 305 тоотод оршин суудаг талаар тодорхойлолт хэргийн 153 дугаар хуудаст авагдсан боловч одоогоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Баян-Соёмбо 65Б байрны 71 тоотод байнга оршин сууж байгаа талаар мэдүүлж байна.
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороогоор тогтоож, шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооноос гадагш явахыг хориглох, шүүгдэгч Л.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороогоор тогтоож, шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооноос гадагш явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгтэй ба зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдлаа.
Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Л.Б нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан О.Идэрзулын эзэмшлийн 70-71 УНП улсын дугаартай хар өнгийн тоёота приус 20 загварын автомашиныг өмчлөгч О.Идэрзулд олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 6.100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Осор овогт Бэхбатын Б.Б, Чойжинжав овогт Лхагвын Л.Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Л.Б нарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороогоор,
Шүүгдэгч Л.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороогоор тус тус тогтоож, шүүгдэгч нар нь 1 (нэг) жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглосугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2. 4 дахь хэсэгт зааснаар 70-71 УНП улсын дугаартай хар өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг /6100.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг өмчлөгч О.Идэрзулд олгон, шүүгдэгч нараас тус бүр 3.050.000 /гурван сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН