Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 93

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00952/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 417 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Б овогтой Б-ын Д-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Б овогтой И-ын Д-,

Хариуцагч  Хас банкны Дархан-Уул аймаг дахь салбарт холбогдох,

          “2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн 1600000738-01 дугаартай ипотекийн гэрээнд оруулах өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дархан сумын 15-р баг, Мангиртын 3-р хэсэг, 22 дугаар бракны 01 тоот 108 м2 талбайтай брак байр, Ү-2003006118 улсын дугаарт бүртгэгдсэн, Г-2003002233 улсын дугаарт бүртгэгдсэн 760 м2  талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Б.Чинбатын эзэмшилд буцаан олгох” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.Д-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нараас:

Миний хүү Б.Чинбат нь 2004 оноос эхлэн сэтгэл, мэдрэлийн өвчин тусч өөрийгөө хянах, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, бусдын асаргаанд байдаг. Б.Чинбатын эхнэр И.Д- нь ээж, ах, дүү нарт нь мэдэгдэлгүйгээр өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалж зээлийн гэрээ байгуулан өвчтэй байгаа хүнийг банкруу дагуулан явж гарын үсэг зуруулсан байсан.

Иймд эрх зүйн чадамжгүй хүнтэй гэрээ хийсэн Хас банкны зээлийн гэрээ, ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг Б.Чинбатын эзэмшилд шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Д-аас:

Би нөхөр Б.Чинбаттай 1996 оноос хойш хамт амьдарсан. 2000 оноос эхлэн нойргүйдэж өвдөж эхэлсэн. Хавар, намар өвчин нь хөдөлдөг улирлын чанартай өвчин юм. Өрхийн хэрэглээнд Хас банкнаас 20.000.000 төгрөг авч, ээж, ах, дүү нарт хэлэхгүйгээр банкны барьцаанд тавьсан нь үнэн. Банк зээлээ төлөөгүй үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үл хөдлөх эд хөрөнгө банкны өмчлөлд шилжсэн. Нөхөр Б.Чинбат өвчтэй байсан тул зээлийн гэрээ болон ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалангаас:

2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Дуудлага худалдаа явуулахад үл хөдлөх эд хөрөнгө зарагдаагүй тул хуулийн дагуу Хас банкны мэдэлд шилжсэн. Үүнийг төлбөр төлөгч тал зөвшөөрсөн. Банкны өмчлөлд хөрөнгө шилжээд 8 сар болж байна. Манай банкнаас 8 удаа дээрхи хөрөнгийг барьцаалж зээл авч байсан манай байнгын харилцагч юм. 2014 онд авсан зээлээ төлж чадаагүй нь тухайн үед бид өвчтэй эсэх талаар мэдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 417 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар Б.Д-гийн нэхэмжлэлтэй И.Д-, Хас банкинд холбогдох 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн 1600000738-01 дугаартай ипотекийн гэрээнд оруулах өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Дархан сумын 15-р баг, Мангиртын 3-р хэсэг, 22 дугаар брак байрны 01 тоот 108 м2 талбайтай брак байр, Ү-2003006118 улсын дугаарт бүртгэгдсэн, Г-2003002233 улсын дугаарт бүртгэгдсэн 760 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Б.Чинбатын эзэмшилд буцаан олгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Д- давж заалдсан гомдолдоо:

Миний хүү Б.Чинбатыг сэтгэцийн өвчтэйг мэдсээр байж хариуцагч И.Д-  эм өгч  улмаар Дархан-Уул аймаг дахь Хас банкинд дагуулан очиж зээлийн гэрээ болон ипотекийн гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Б.Чинбатыг сэтгэцийн өвчтэй байхдаа Хас банктай гэрээ хийснийг И.Д-, гэрч Ц.Оюунчимэг эмч гэрчилж байна. Анхан шатны шүүх сэтгэцийн өвчтэй талаар эмнэлгийн оношлогоо хүсэлт гараагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Д- хариуцагч И.Д-, Хас банкинд холбогдуулж тэдгээрийн хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн барьцаанд тавьсан хувийн байр, газрыг Б.Чинбатын эзэмшилд буцаан олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагч И.Д- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хамтран хариуцагчаар хэрэгт оролцсон Хас банк нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

Нэхэмжлэгч Б.Д- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ энэ зээлийн болон барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчаар  оролцсон Б.Чинбат нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн хийсэн  үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй бөгөөд хэлцэл хийгдэх үед иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй байсан гэж тайлбарласан  болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч Б.Д- эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулахаар давж заалдсан гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал:

Нэхэмжлэгч Б.Д- нэхэмжлэлээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэгт үндсэн гэрээ буюу 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1600000738-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ нотлох баримтаар авагдаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “... зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ..., ... хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасныг зөрчсөн.

 Түүнчлэн үндсэн гэрээ нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байхад түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн.

 Хас банк хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоор 2016 дны 07 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр хүсэлт гаргагчийг шууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

 Мөн нэхэмжлэгч Б.Д-гээс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хас банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Эдгээр зөрчлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн болон хэргийн оролцогчийн хүсэлтээр оролцож буй Хас банкны эрх зүйн байдал тодорхойгүй болсон.

 Хэргийн 32 дугаар талд авагдсан Хас банкнаас Б.Энх-Амгаланд олгосон 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн  107/606 дугаартай итгэмжлэл, 43 дугаар талд авагдсан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07/685 дугаартай итгэмжлэлүүд нь Хас банкны нэхэмжлэлтэй зээлийн төлбөр төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт нэхэмжлэгчийн эрх, үүргийн дагуу оролцохоор олгогдсон байхад итгэмжлэгдэгч Б.Энх-Амгалан энэ хэрэгт хариуцагчаар оролцсон нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл дээрх итгэмжлэлүүд нь өөр хэрэгт олгогдсон итгэмжлэл гэж үзнэ.

Эдгээр зөрчлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой алдаанууд бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвтгөх хуулийн боломжгүй тул эдгээр зөрчлүүдийг зөвтгүүлж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож,  анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ 

                                ШҮҮГЧИД                                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                    Л.АМАРСАНАА